Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 08 өдөр

Дугаар 121

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга Е,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ф,

хохирогч Т , М ,

шүүгдэгчийн өмгөөлөгч С ,

шүүгдэгч С  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 1913001700117 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 8, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, яс үндэс казах, бага боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, малчин, БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, С , регистрийн дугаар БГ85******.

Шүүгдэгч С ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С  согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Муссо  загварын 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а/, 3.4 б/, 12.1, 12.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Б ийн амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Хохирогч М  мэдүүлэхдээ: ...3.100.000 төгрөгийн хохирлыг төлүүлж авсан. Одоо С оос нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэв.

Хохирогч Т  мэдүүлэхдээ: ...нэхэмжлэх зүйлгүй, гомдол санал байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 1913001700117 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-9 дүгээр хуудас/,

2. Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 10-15 дугаар хуудас/,

3. Амь хохирогч Б ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 16-19 дүгээр хуудас/,

4. Иргэн Т н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 23-25 дугаар хуудас/,

5. Муссо загварын 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 33-36 дугаар хуудас/,

6. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 167 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 67 дугаар хуудас/,

7. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 168 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 73-74 дүгээр хуудас/,

8. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай шинжээчийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 77-78 дугаар хуудас/,

9. БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б ын 2019 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 86 дугаар хуудас/,

10. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 90-91, 93 дугаар хуудас/, 

11. Шинжээч Авто тээврийн үндэсний төвийн БӨ аймаг дахь тээвэр зохицуулагч ажилтай Ж ийн 2019 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-99 дүгээр хуудас/,

12. Хохирогч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 47-51 дүгээр хуудас/,

13. Хохирогч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 53-56 дугаар хуудас/,

14. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,

15. Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 105-106 дугаар хуудас/,

16. БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 211 дугаартай шүүгдэгч С ын хувийн болон зан байдлыг тодорхойлсон албан бичиг /1 дүгээр хавтасны 116 дугаар хуудас/,

17. Шүүгдэгч С ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтасны 111 дүгээр хуудас/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 117 дугаар хуудас/,

18. Шүүгдэгч С ын хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар,  хохирол төлсөн баримтууд /1 дүгээр хавтасны 122-133, 237 дугаар хуудас/,

19. Яллагдагч С ын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн өвчний түүх /1 дүгээр хавтасны 135-151, 179-180, 204-207 дугаар хуудас/,

20. БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, гэм судлалын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай магадалгаа /1 дүгээр хавтасны 154 дүгээр хуудас/,  

21. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шинжээч нарын 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 213 дугаартай шүүх сэтгэцийн 12 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 213-216 дугаар хуудас/,

22. Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1/343 дугаартай албан бичиг /1 дүгээр хавтасны 236 дугаар хуудас/,

23. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг  судлалын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай дүгнэлт болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч С  согтуурсан үедээ 2019 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр БӨ аймгийн Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Муссо загварын 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а/ ...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 дэх заалтын б/ “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн ...онцлог, замын нөхцөлийг ...харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Б ийн амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хэргийн газарт үзлэг хийсэн “...үзлэгийг үргэлжлүүлэн онхолдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийхэд 64-86 БӨА улсын дугаартай “Муссо” маркийн хар өнгийн машин байх ба машины дөрвөн дугуй дээшээ харсан байдалтай, машины хамар урагшаа харсан” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 5-9 дүгээр хуудас/,

- Зам тээрийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 10-15 дугаар хуудас/,

- Амь хохирогч Б ийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 16-19 дүгээр хуудас/,

- Иргэн Т н биед үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 23-25 дугаар хуудас/,

- Муссо загварын 64-86 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 33-36 дугаар хуудас/,

- БӨ аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 167 дугаартай “Иргэн Т гийн биед дух, баруун талын хацар, баруун талын тохой, баруун талын сарвууны гадаа хэсгүүдэд олон тооны тав тогтсон зулгарсан зулгаралт, нурууны баруун талын хэсэгт хөх ягаан өнгийн цус хуралт, цээжний хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 67 дугаар хуудас/

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 168 дугаартай “Иргэн С ын гавал тархины хавсарсан гэмтэл, тархины дунд зэргийн няцрал, зулай чамархай баруун талын хацарны ясыг хамарсан хугарал, духны хэсгийн хатуу хальсан доорх цус хуралт, 2 талын уушгины няцрал, зүүн талын дал, 7,8,9 дүгээр хавиргуудын далд хугарал, дагзны хэсэгт зулгарсан шарх, дух, баруун талын хацар, хэвлийн баруун доод хэсгүүдэд зулгарсан зулгаралт, хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3, 3.1.12-т зааснаар амь биед аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,

- БӨ аймгийн Шүүх шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн 42 дугаартай “...иргэн С ын биенээс авсан гэх Н87532944 дугаартай хуруу шилтэй цус нь шинжилгээнд бүрэн тэнцэнэ. Иргэн С ын цусанд 1.6% промилли этилийн спирт илэрч байна. Иргэн С  нь тухайн үед дунд зэргийн согтолттой байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 73-74 дүгээр хуудас/,

- Замын цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн ахлах дэслэгч Б ын 2019 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 04 дугаартай “Жолооч С  нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөн байна. Үүнд; 1. 3.7 а-д зааснаар согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно”, 3.4 б-д зааснаар “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д зааснаар “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т зааснаар “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Жолооч С  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан заалтыг зөрчин уруу газар, замын нөхцөл байдалд тээврийн хэрэгслийнхээ хурдыг тохируулаагүй, аюултай нөхцөл байдал үүсгэсэн нь осол гарах шалтгаан болсон байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 86 дугаар хуудас/

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2019 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 12 дугаартай “Талийгаач Б  нь баруун талын чамархайн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, уртавтар тархи, бага тархины зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт, дух, хэвлий бүсэлхийн хэсгүүдийн зулгарсан шарх, зулгаралт зэрэг гэмтэл тогтоогдлоо.

Дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр зам тээврийн ослын үед учрах боломжтой.

Талийгаач Б  баруун талын чамархайн зулай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, уртавтар тархи, бага тархины зөөлөн бүрхүүл доор тархмал цус харвалт зэрэг гэмтлүүдээс болж амьсгал, зүрх судасны төв дарангуйлагдаж нас баржээ” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 90-91, 93 дугаар хуудас/, 

- Шинжээч Авто тээврийн үндэсний төвийн БӨ аймаг дахь тээвэр зохицуулагч ажилтай Ж ийн 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн “Муссо маркийн 6486 БӨА улсын дугаартай автомашин нь их хэмжээний эвдрэл гэмтэлтэй байна. Муссо маркийн 6486 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл гэмтлүүд нь онхолдсоны улмаас үүссэн байна. Муссо маркийн 6486 БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл д үүссэн эвдрэл гэмтэл нь тухайн ослын улмаас үүссэн байна...” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 98-99 дүгээр хуудас/,

- Хохирогч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...хэрэг болох өдөр талийгаач тэр өдрийн орой нь “гэр лүүгээ явна, хүргээд өгөөч” гээд жолоочоос гуйсан гэж сонссон. Миний мэдэж байгаагаар талийгаачийн эхнэр, хүүхэд нь Б сумын 1 дүгээр баг, Хатуу гэх газарт манай өвөлжөөнд байсан ба тэр өдөр талийгаач эхнэртэйгээ утсаар ярьсан байсан. Талийгаачийн ажил явдалд өөрөөсөө нэг адуу, 6 хонь гаргасан, мөн дээрээс нь хүнсэнд болон талийгаачийн оршуулгын газрын хавтанд гээд нийт 3.100.000 төгрөг гарсан ба уг мөнгийг С оор бүрэн барагдуулж авсан, одоо нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 47-51 дүгээр хуудас/,

- Хохирогч Т гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шавар ачсан газраас хөдлөөд бидний антены харуулын байр луу засмал замаар яваад морины бариа луу гарах уулзвараар гараад зүүн тийш уул руу бидний байр луу яваад манай байрнаас доошоо уулын бэлд хүрэлгүй тал газарт дахин зогссон. Тэнд зогсоод үлдсэн тал пивыг уусан. Тус пивоноос жолооч, талийгаач хоёр ууж дуусгаад пивоны савыг хаясан. Тэгээд байр луугаа хөдлөх гэж байтал талийгаач Б  нь “би гэр лүүгээ явна” гэж хэлэхэд нь би “бид хоёр байраа эзэнгүй үлдээж болохгүй шүү дээ” гэхэд жолооч бас “та хоёр ажлын  газраа эзэнгүй үлдээж болохгүй" гэж хэлэхэд талийгаач” үгүй би гэр лүүгээ явна, чи мэдэх үү, би чиний дарга байна, би ажлаа мэдэж байна” гэж надад хэлэхээр нь би жолоочид “та бид хоёрыг хүндэлбэл антены байранд хүргээд өгчих” гэж хэлсэн. Тэр үед жолооч “за тэгвэл та хоёрыг антены байранд хүргээд өгье” гэж хэлээд хөдлөөд эхэлж байтал талийгаач Б  нь “үгүй би гэр лүүгээ явна, намайг гэрт минь хүргээд өгчих” гэж хэлэхэд жолооч шууд аймгийн төв рүү чигээрээ шороон замаар хөдөлсөн. Тэр үед жолооч нийлээн хурдтай явсан бөгөөд шороон замаар яваад даваа хүртэл хурдтай давааны дээр ирээд даваа даваад дошоо уруудангуут машиныг сул тавьсан. Тэгж байтал жолооч нь үндсэн шороон замаас баруун тийш гараад хэсэг яваад тас түс болж, нэг мэдэхэд хүүхдийн нэг нь байсан ба би тэр хүүхдийг машинаас авч гарсан. Машинаас нэг хүүхдийг авч гарахад гадна талд нөгөө нэг хүүхэд нь уйлаад зогсож байсан. Харин жолооч, талийгаач хоёр онхолдсон машины зүүн талд газарт ухаангүй хэвтэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрт ойртож чадалгүй, хоёр хүүхдийг аваад осол болсон газрын ойролцоо Айтуган гэх хүний өвөлжөө рүү очоод осолд орсон тухай хэлсэн. Надад мөнгө төгрөгийн хохирол учраагүй, нэхэмжлэх зүйл, санал гомдолгүй болно” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 53-56 дугаар хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэгээд С  машинаасаа бууж ирээд миний машинд ирэхээр нь би жолооч талын хаалганы цонхыг буулгаад ямар ажлаар явж байгаа талаар асуухад жорлонгийн нүх ухсан чинь доороос нь мөс гарлаа гэж хэлж байсан ба миний машинд сууж байсан Б , Т  нарт хандаад “та хоёр надад нүх ухалцахгүй юм уу” гэж хэлэхэд тэр хоёр “өчигдөр зав гарсангүй” гэж хариулсан. Тэр үед жолооч С  нь “би шар шавар ачихаар явж байна, та хоёр туслаадах” гэж хэлээд нөгөө хоёрыг машиндаа суулгаж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 60-61 дүгээр хуудас/,

- Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 04 сарын 06-ны өдөр Б сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт өөрийнхөө Муссо маркийн хар өнгийн 64-86 БӨА улсын дугаартай машинаа согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ жолоодон зам тээврийн осол гаргасны улмаас зорчиж явсан Б  нь нас барж, иргэн Т н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан юм. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, Би анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Осолд орж хүндээр гэмтсэний улмаас миний баруун талын нүдний хараа өөрчлөгдөж муудан, чихний сонсгол муудсан юм. Миний хувьд хохирогчоос удаа дараа уучлалт гуйж, бодит хохирлыг нь бүрэн барагдуулж өгсөн зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, надад хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү" гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 105-106 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц, гэм судлалын 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 13 дугаартай “С  нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн хувьд ямар нэгэн өвчингүй эрүүл байсан. ...Одоогийн сэтгэцийн байдал эрүүл байна. С  нь ямар нэгэн сэтгэцийн өвчингүй, хэрэг хариуцах чадвартай. С  нь асуусан асуудлын зөвөөр ойлгох, зөвөөр мэдүүлэг өгөх чадвартай  ” гэх магадалгаа /1 дүгээр хавтасны 154 дүгээр хуудас/,  

- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг  судлалын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай “...8.С  нь хэрэг хариуцах чадвартай байна. 9. С  нь мэдүүлэг өгөх чадвартай байна” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С ыг согтуурсан үедээ автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар, хохирогч нараас гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй,

шүүгдэгч С  мөрдөн шалгах ажиллагаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн боловч шүүх хуралдаанд гэм буруугийн талаар мэдүүлээгүй, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С ын гэм буруугийн талаар маргахгүй, шүүгдэгчийг болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хэмээн тайлбарласан болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.

Шүүгдэгч С  нь согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан “...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 3.4 б-д заасан “хамгаалах бүсээр тоноглосон автомашин жолоодохдоо хамгаалах бүс хэрэглэх, хамгаалах бүсийг хэрэглээгүй зорчигч тээвэрлэхгүй байх”, 12.1-д заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн ...онцлог, замын нөхцөлийг ...харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.”, 12.3-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг тус тус зөрчсөний улмаас түүний жолоодон явсан автомашин онхолдож, зорчигч Б ийн амь нас хохирсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч С ын гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч С ын согтуурсан болон хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ. 

2.Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С ын үйлдсэн гэмт хэргийн улмаас иргэн Б ийн амь нас хохирсон байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчоор тогтоогдсон талийгаачийн эцэг нь болох М  хор уршиг 3.100.000 төгрөгийг шүүгдэгчээс төлүүлж авсан тул шүүхийн хэлэлцүүлэгт нэхэмжлэх зүйлгүй, мөн хохирогч Т  нэхэмжлэх зүйлгүй гэж тус тус мэдүүлсэн тул шүүгдэгч С ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. 

3.Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, хор уршгийг төлж өгсөн, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар түүнд оногдуулах хорих ялыг багасгаж 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад ангид эдлүүлэх тухай дүгнэлтийг,

Хохирогч М , Т  нараас эрүүгийн хариуцлагын талаар тусгайлан гаргах санал хүсэлт байхгүй,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч С ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан, шинжээчийн дүгнэлтээр шүүгдэгч С  “Тархины гэмтлийн шалтгаант тархи эмгэгшил /F07.2/” гэх сэтгэцийн онош тогтоогдсон бөгөөд цаашид харьяа аймгийн мэдрэлийн эмчийн хяналтад эмийн эмчилгээ хийлгэж хувийн дэглэм баримталсан тохиолдолд эдгэрэх боломжтой, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлага байхгүй гэж үзсэн. Шүүгдэгч С  хичнээн хэрэг хариуцах чадвартай гэж үзсэн боловч хэрэг хариуцах чадвар нь 60 хувь, хэрэг хариуцах чадваргүй байдал нь 40 хувьтай байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэтгэцийн эмгэг, оюун ухааны хомсдолын улмаас өөрийн үйлдлийн бодит шинж чанар, аюултай байдлыг ухамсарлах, удирдан жолоодох чадваргүй болсныг хэрэг хариуцах чадваргүйд тооцно.” гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч С  сэтгэцийн эмгэгтэй болох нь тогтоогдсон тул Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн шүүгдэгч С ыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгөх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.    

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хэрэг хариуцах чадвартай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж хуульчилсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2020 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн 438 дугаартай дүгнэлтээс үзэхэд шүүгдэгч С  нь хэрэг хариуцах чадвартай болох нь тогтоогдсон тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүгдэгчийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, ар гэрийн хүмүүст хүлээлгэж өгөх тухай дүгнэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.   

Шүүхээс шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх нь шүүхэд үүрэг болгосон хуулийн заалт биш бөгөөд шүүхийн эрх хэмжээний хүрээнд хэрэглэгдэх хэм хэмжээ юм. Шүүхээс шүүгдэгч С  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчсөний улмаас иргэн Б ийн амь насыг хохироосон, нөхөн сэргээгдэхгүй хохирол учруулсан нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн шүүгдэгчид 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах тухай дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж үзсэн бөгөөд шүүгдэгч С д хорих ял биечлэн эдлүүлэх нь эрүүгийн хариуцлагын “цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх” зорилгод бүрэн нийцнэ үзлээ.

Эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэрэг нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.  Шүүгдэгч С д оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх хорих ялыг мөн өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүгдэгч С  хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолох нь зүйтэй. 

Шүүхээс шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзсан болно.

4.Бусад асуудлаар.

Тус хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хураан ирүүлсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч С  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгчийн иргэний цахим үнэмлэх болон эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн С ын нэр дээр 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн өвчний картыг шүүгдэгчид буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар тогтоолд дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. С ыг автотээврийн хэрэгслийн жолооч согтуурсан үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас иргэн Б ийн амь нас хохирсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хасаж, 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан 2 (хоёр) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 6 (зургаа) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч С  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн шүүгдэгч С ын иргэний цахим үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэхийг, мөн шүүгдэгчийн өмгөөлөгчөөс нотлох баримтаар гаргаж өгсөн С ын нэр дээр 2019 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр нээсэн өвчний картыг шүүгдэгчид буцаан олгохыг тус тус шүүгчийн туслах Х д даалгасугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч С д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ