| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0112/Э |
| Дугаар | 124 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., 27.10.2.3., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 124
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Е,
орчуулагч, хэлмэрч А,
улсын яллагч Ө ,
хохирогч Е ,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А ,
хохирогчийн өмгөөлөгч Б ,
шүүгдэгчийн өмгөөлөгч К,
шүүгдэгч З нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын Ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З д холбогдох эрүүгийн 2013000760084 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 7 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 5, аав, ээж, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн У сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд нь ял шийтгүүлж байгаагүй, З , регистрийн дугаар БК89******.
Шүүгдэгч З нь БӨ аймгийн У сумын 5 дугаар баг /Б х баг/-ийн нутаг дэвсгэрт 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр УАЗ-31512 маркийн 72-81 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1, 11.14, 12.3, 3.7-ийн “а” хэсэгт заасан заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Т ийн жолоодож явсан Мустанг-5 маркийн 07-39 БӨЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, уг мотоциклийн жолооч Т ийн эрүүл мэндэд хүнд, мотоциклд сундалж явсан иргэн Е ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч З мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгнө. Б х багаас ирж байхад гэрэл цохиж мөргөлдсөн асуудал гарсан гэв.
Хохирогч Е мэдүүлэхдээ: 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр осолд өртсөн. Тухайн авто ослоос болж миний нэг хөл8 хүүхдийн маань хөл олон газраас хугарсан. Үүнээс болж бид хоёр Улаанбаатар хот явж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал болгож нийт 10.152.865 төгрөгийг төлүүлж авсан. Зуха бид нараас ирж уучлалт гуйж байгаагүй. Бид нар утсаар ярих юм бол ярьдаг. Өөр үед ярьдаггүй. Хүүхэд маань эдгэрч хөл дээрээ босох хүртэл би эдгээр хүмүүсээс салахгүй. Одоо З гаас миний өөрийн өнгөрсөн 3 сарын хугацаанд олох байсан орлого сарын 420.000 төгрөгөөр тооцож 1.260.000 төгрөг, хүү Т ийн 3 сарын олох байсан орлого 420.000 төгрөгөөр тооцож 1.260.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, А өвчтөн Т ийг байнга асран хамгаалж, сахиж байгаа тул түүний энэ 2 сард олох байсан орлого болох нийт 840.000 төгрөгийг тус тус гаргуулж өгнө үү гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А мэдүүлэхдээ: Миний бие Т ийн хууль ёсны төлөөлөгчөөр оролцож байна.Би Т болон Е нарыг Улаанбаатар хот руу авч явж эмчилгээ хийлгэж ирсэн. Т өөрөө босож чадахгүй. Одоо хүртэл хэвтрийн байдалтай байгаа. Эхнэр нь асарч байгаа. Бие засах болон хөдөлгөхөд хүмүүсийн тусламжтай хөдөлдөг. Өөрөө бие дааж явж чадахгүй. Өөрсдийнхөө мөрөөр амьдарч байсан. З гийн буруутай үйлдлээс болж эрүүл мэндээрээ хохирч байна. Тухайн үед би өөрөө Улаанбаатар хот руу эмчилгээнд авч явж эмчлүүлээд ирсэн. Эмчилгээнд гарсан зардлыг төлж өгсөн. Т одоо ажилгүй гэрт хэвтэж байгаа. Тийм учраас ажилгүй байсан хугацааны цалин болон сэтгэл санааны хохирлыг нэхэмжлэх болно гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000760084 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. 3ам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 6-17 дугаар хуудас/,
2. Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
3. Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас/,
4. Гэрч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
5. Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
6. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
7. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
8. Шинжээч БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч М ийн зам тээврийн ослын талаар гаргасан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/,
9. Яллагдагч З гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/,
10. Хохирлын тооцооны баримтууд /хавтаст хэргийн 88-102 дугаар хуудас/,
11. БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн ахлах мөрдөгчийн 2020 оны 3 дугаар сарын 18-ны өдөр бичсэн “...хохирогч Т нь оронд хэвтэж байсан ба ямар нэгэн зүйл ярихгүй, юм асуухаар хариулахгүй, давсганд катетер тавьсан байдалтай, цаашаа хараад хэвтээд байсан” тухай магадалгаа,
12. Хохирогчийн Е ийн шүүхийн шатанд хохирол нийт 5.120.000 төгрөг гаргуулах тухай хүсэлт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч З гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Шүүгдэгч З нь БӨ аймгийн У сумын 5 дугаар баг /Б х баг/-ийн нутаг дэвсгэрт 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр УАЗ-31512 маркийн 72-81 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтад заасан “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.14 дэх заалтад заасан “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, 12.3 дахь заалтад заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7-ийн “а” хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Т ийн жолоодож явсан Мустанг-5 маркийн 07-39 БӨЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, уг мотоциклийн жолооч Т ийн эрүүл мэндэд хүнд, мотоциклд сундалж явсан иргэн Е ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- 3ам тээврийн хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 6-17 дугаар хуудас/,
- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 20-22 дугаар хуудас/,
- Хохирогч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б х багийн төвөөс дээшээ явж А өвөлжөөний орчмын тал газраар явж байхад урдаас гэрэл харагдсан ба хурдтай явж байсан тул хүү Т т болгоомжтой яваарай, урд ирж байгаа тээврийн хэрэгсэл хурдтай ирж байгаа шүү гэж хэлж амжаагүй байхад бидний мотоциклыг дайрч мөргөсөн...”,
“...миний бие зовууртай байна, босож явж чадахгүй, хэвтрийн дэглэм сахиж байна. Зүүн талын хөлний гуя орчмоор хугарсан хот руу эмчилгээнд яваад ирсэн... Т маань огт ярьж чадахгүй байсан. Одоо байхгүй, мэдэхгүй, санахгүй байна гэж бага багаар ярьж байна. Хэрэг явдлын талаар огт санахгүй байна гэж хэлсэн. Мэдүүлэг өгч чадахгүй байна” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 24-33 дугаар хуудас/,
- Гэрч Х н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б х уулаас доошоо явж байхад урдаас уруудаж ирж явсан мотоциклийн гэрэл тод харагдсан. Тэгээд би хүү Зухад замаас цаашаа гараад зай тавьж өгөөрэй, мотоциклтэй хүн ирж явна гэж хэлээд урагшаа харахад нөгөө мотоцикл ирж манай машины урд хэсгээр мөргөлдсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
- Гэрч Е ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Б х уулын ойролцоо замаас доошоо явж байхад урдаас уруудаж ирж явсан мотоциклийн жолооч ирж мөргөлдсөн. Тухайн үед урдаас нэлээн зайтай, мотоциклийн тод гэрэл харагдах шиг болсон ба удалгүй ирээд машины урд хэсгээр мөргөлдсөн” гэх мэдүүлэг / хавтаст хэргийн 40-41 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албан шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 91 дугаартай: "1. Иргэн Т ийн биед хавсарсан гэмтэл, тархины битүү хүнд гэмтэл, тархины эдийн няцрал, зүүн дунд чөмөгний доод хэсгийн ил хугарал, зүүн дунд чөмөгний эргүүлгийн битүү хугарал, баруун дунд чөмөгний доод хэсгийн битүү хугарал, зүүн шилбэ ясны хугарал, аарцаг ясны хугарал, дэлүүний няцралттай шок зэрэг гэмтэл тогтоогдлоо.
2. Иргэн Т ийн дээрх гэмтэл нь амь насанд аюултай, амь тэнссэн байдалтай, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.2.1-2.2.2 заалтыг агуулах гэмтлийн хүнд зэрэгт хамаарах гэмтэл болно.
3. Иргэн Т ийн дээрх гэмтэл нь 1-10 хоног үүссэн гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно.
4. Иргэн Т ийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд удаан нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн 92 дугаартай: “1. Иргэн Е ийн биед зүүн дунд чөмөгний 1/3 хэсэгт сэлтэрсэн зөрөөтэй хугаралттай гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь хатуу зүйлийн үйлчлэлээр үүссэн болно.
2. Иргэн Е ийн дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан сарниулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3 заалтыг агуулах гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах гэмтэл болно.
3. Иргэн Е ийн дээрх гэмтэл нь 1-10 хоногт үүссэн гэмтэл нь цөм нэг хугацаанд үүссэн, шинэ гэмтэл болно.
4. Иргэн Е ийн биед үүссэн гэмтэл нь ерөнхий хөдөлмөрлөхөд удаан нөлөөлөх болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 44-45 дугаар хуудас/,
- Шинжээч БӨ аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч М ийн зам тээврийн ослын талаар гарсан 2020 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн 02 дугаартай: “Уаз-31512 маркийн 7281 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З нь Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнд:
1. “Уаз-31512” маркийн 7281БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч З нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д зааснаар эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно гэсэн заалтыг зөрчсөн байна.
2. Замын хөдөлгөөний дүрмийн 11.14-д заасан жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байна.
3. Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчиж зогсоох арга хэмжээ аваагүй байна.
4. Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а” хэсэгт заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон.
“Мустанг-5” маркийн 07-З9БӨЗ улсын дугаартай мотоциклийн жолооч Т нь Замын хөдөлгөөний дүрмийн доорх зүйл заалтыг зөрчсөн байна. Үүнд:
1. 3амын хөдөлгөөний дүрмийн 3.7-ийн “а” хэсэгт заасан тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно гэсэн заалтыг зөрчиж эрхийн үнэмлэхгүй тээврийн хэрэгсэл жолоодсон” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодож автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар,
хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогчийн өмгөөлөгч нараас шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, үйлдсэн хэрэгтээ гэмшихгүй байгаа, мөн хохирлыг бүрэн гаргуулж өгөхөөр,
шүүгдэгч З гаас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З гийн гэм буруугийн талаар маргахгүй хэмээн тайлбарласан болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан байна.
Шүүгдэгч З нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй автотээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1 дэх заалтад заасан “эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.6, 5.11.а, 5.11.6 тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүйн зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно”, 11.14 дэх заалтад заасан “жолооч урдаа яваа тээврийн хэрэгсэл хурдаа хасах буюу зогсоход түүнийг мөргөхгүй, хажуу дахь тээврийн хэрэгслийг шүргэхгүй байх хэмжээний хоорондын болон хажуугийн зайг хөдөлгөөний хурдаас хамааруулан сонгож явна”, 12.3 дахь заалтад заасан “жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 3.7-ийн “а” хэсэгт заасан “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, иргэн Т ийн жолоодож явсан Мустанг-5 маркийн 07-39 БӨЗ улсын дугаартай мотоциклийг мөргөж, уг мотоциклийн жолооч Т ийн эрүүл мэндэд хүнд, мотоциклд сундалж явсан иргэн Е ийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх ба БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч З гийн гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч З гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй байдал, мөн хайхрамжгүй, хариуцлагагүй байдал шууд нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч З гийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Т ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.2.1-2.2.2-т заасан хүнд зэргийн гэмтэлд, хохирогч Е ийн эрүүл мэндэд учирсан хохирол дээрх журмын 2.3-т заасан хүндэвтэр гэмтэлд тус тус хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч З гаас хохирогч Т , Е нарын бодит хохирол, хор уршигт нийт үнийн дүнгээр 10.152.865 төгрөгийг төлж өгсөн болох нь шүүгдэгч З , хохирогч Е нарын мэдүүлгээр тогтоогдож байна.
Мөн шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Е ээс 3 сарын хугацаанд олох байсан орлого 1.260.000 төгрөгийг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А гаас Т ийн 3 сарын хугацаанд олох байсан орлого 1.260.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 2.000.000 төгрөг, Т ийн эхнэр Ж.А ийн /хохирогч Т ийг асран халамжилж байгаа/ олох байсан орлого 840.000 төгрөгийг тус тус шүүгдэгч З гаас гаргуулахыг хүсжээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч З гаас 1.500.000 төгрөгийг сэтгэл санааны хохиролд тооцож, хохирогч Т т сайн дураараа төлж өгнө гэж мэдүүлснийг үндэслэн Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчээс 1.500.000 төгрөг гаргуулан хохирогч Т т олгох нь зүйтэй гэж үзлээ. Харин Иргэний хуулийн 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж хуульчилсан тул хохирогч Т ийн сэтгэл санааны хохирлын үлдэх хэсэг болох 500.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулахыг хүссэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, 505 дугаар зүйлийн 505.1 дэх “Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувиллын газар сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй.”, мөн зүйлийн 505.2 дахь хэсэгт “Гэм хор учруулах үед хохирогч цалин хөлс, орлогогүй байсан бол тэрээр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс багагүй хэмжээний нөхөн төлбөр шаардах эрхтэй.” гэж тус тус хуульчилсан байна.
Хавтаст хэрэгт авагдсан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон бусад нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Т , Е нар нь эрхэлсэн тодорхой ажилгүй бөгөөд 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр зам тээврийн осолд өртөж олох орлогогүй болсон нь тогтоогдсон тул Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож, шүүгдэгч З гаас олох байсан орлого 1.260.000 /3 сар х 420.000 төгрөг/ төгрөгийг гаргуулан хохирогч Е т, олох байсан орлого 1.260.000 /3 сар х 420.000 төгрөг/ төгрөгийг гаргуулан хохирогч Т т тус тус олгохоор шийдвэрлэв.
Харин эрүүгийн хавтаст хэрэгт хохирогч Т ийг өвчтэй байх хугацаанд эхнэр Ж.А асран хамгаалж байгаа нотлох баримт авагдаагүй тул эрүүгийн хэргийн хамт шийдвэрлэх боломжгүйн улмаас хэлэлцэхгүй орхиж, энэхүү нэхэмжлэлийн хэсгийг цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл хамтад нь холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх тухай дүгнэлтийг,
Хохирогчийн өмгөөлөгчөөс улсын яллагчийн санал нэг байгаа, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас хохирлыг төлүүлж өгөх тухай,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч З хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжилсэн мөнгийг төлж өгөхөө илэрхийлж байгаа, мөн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирол төлсөн байдал, хохирогчийн буруутай үйл ажиллагаа бас нөлөөлсөн зэрэг нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч өөрөө татаж унах өвчтэй хүн, хөдөлмөрийн чадвараа алдсаны тэтгэмжийн мөнгөөр болон ажил хөдөлмөр хийж хохирлыг төлнө гэж байна. Иймд хохирогч нарын хохирлыг барагдуулах боломжоор хангаж, шүүгдэгч З д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэх арга хэмжээ авч өгөх дүгнэлтийг гаргаж тус тус мэтгэлцсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч З гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүгдэгч З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нарт учруулсан хохирлыг төлж өгсөн зэргийг Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т тус тус заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ. Мөн шүүгдэгч З гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч З д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршиг, нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг төлж барагдуулсан болон нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал зэрэг нөхцөл байдал тус бүрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгч З д хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссэн хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасан “оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Мөн шүүгдэгч З д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулж байна.
4. Бусад асуудлаар.
Энэ хэрэгт шүүгдэгч З цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч З г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн автотээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч З гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад заасныг баримтлан шүүгдэгч З д оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 3 /гурав/ жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг БӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч З д тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол мөн зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хэрэгт ял оногдуулахыг сануулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч З д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 (гурав) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.2, 230 дугаар зүйлийн 230.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан шүүгдэгч З гаас 1.260.000 төгрөг гаргуулан хохирогч Е т, 2.760.000 төгрөг гаргуулан хохирогч Т т тус тус олгож, хохирогч Т ийн иргэний нэхэмжлэлээс сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг гаргуулахыг хүссэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Т ийн эхнэр Ж.А ийн олох байсан орлого 840.000 төгрөг гаргуулахыг хүссэнийг хэлэлцэхгүй орхисугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар нь цаашид шүүгдэгч З гаас нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг дурдсугай.
8. Шүүгдэгч З энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч З д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч З д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ