| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0114/Э |
| Дугаар | 122 |
| Огноо | 2020-05-11 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 11 өдөр
Дугаар 122
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
улсын яллагч Б,
шүүгдэгч С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С д холбогдох эрүүгийн 2013000000133 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1989 оны 5 дугаар сарын 22-ны өдөр төрсөн, 30 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг, дээд боловсролтой, төрийн захиргааны удирдлагын менежмент мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Өлгий сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, С , регистрийн дугаар БА89******.
Шүүгдэгч С 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагаас оройн 19 цагийн хооронд БӨ аймгийн Ө сумын 5 дугаар багт байрлах Цагдаагийн 20 айлын орон сууцны 03 тоот гэртээ эхнэр Ө ийг гэр бүлийн хүчирхийлэлд автуулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч С мэдүүлэхдээ: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013000000133 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/,
2. Гэрч В гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
3. Шүүгдэгч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
4. Хохирогч Ө ийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 180 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/,
5. Хохирогч Ө ийг цохисон гэх утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч С 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдрийн 14 цагаас оройн 19 цагийн хооронд БӨ аймгийн Өлгий сумын 5 дугаар багт байрлах Цагдаагийн 20 айлын орон сууцны 03 тоот гэртээ эхнэр Ө ийг гэр бүлийн хүчирхийлэлд автуулж зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Хохирогч Ө ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр 14 цагийн үед нөхөр С бид 2 гэртээ байсан бөгөөд надаас уучлалт гуйж хоёулаа хот руу явъя гэж хэлсэнд би явахгүй ээ гэж хэлсэн. Тэгвэл би хот руу явлаа чи надад мөнгө өг гэхэд би С д 300.000 төгрөгийг данс руу нь шилжүүлж өгсөнд дахиж 200.000 төгрөг өг гэсэнд би чадахгүй, одоо бүх зүйл дууссан, одоо хоёулаа салъя гэсэн энэ үед нөхөр С намайг гараараа, түлхүүрээр, гар утсаар гэх мэт зүйлсээр цохисон мөн миний толгойноос үсдэж, миний хоолойноос боосон, мөн миний хажууд өөрийгөө боосон, намайг гэрээсээ гарах гэхэд гаргахгүй гэрийн дотор талаас түгжээд түлхүүрээ авчихсан гэх мэтээр орой 19 цаг хүртэл янз бүрээр миний биед халдсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 16-18 дугаар хуудас/
- Гэрч В гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Гэхдээ хүмүүсээс С эхнэрээ зодсон байна гэх утгатай зүйлс сонссон юм. Манай ажлын хүмүүс тиймэрхүү зүйл ярьж байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 20 дугаар хуудас/,
- Шүүгдэгч С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...тэгтэл Ө авраарай, туслаарай гэж цонхоор орилж, балконоос үсрэх гэхээр нь би түүнийг болиулж гарнаас нь барьж авсан, тэр үед цаг 14 цаг болж байсан ба оройн 20 цаг хүртэл хоорондоо ноцолдсон, сүүлдээ би ядарсан. Ө би хоёр 5 цаг орчим ноцолдоод би дургүй хүрээд гартаа барьж байсан А50 маркийн гар утсаар зүүн талын гарын булчингийн хэсэгт цохитол уг гар утасны дэлгэц хагарсан ба хацарт нь хоёр удаа баруун гараараа алгадсан. ...Би Ө ийг алгадангуут Ө том өрөөний буйдангийн урд талын хивсэн дээр унасан. Тэр үеэр тархи нь хөдөлсөн юм шиг байна лээ“ гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-33 дугаар хуудас/,
- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Х ын 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 180 дугаартай: “1. Иргэн Ө ийн биед тархины доргилттой, хамрын нуруунд битүү хавдартай, баруун ба зүүн нүдний доод зовхинд хавдартай, цус хуралттай, баруун ба зүүн хацарт хавдартай, доод эрүүний зүүг ба баруун талд доод эрүүнд арын буланд хавдартай, цус хуралттай, хүзүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн бугалганд, баруун ба үггэ мөрөнд, зүүн ба баруун мөрөнд хэмжээтэй хах ягаан туяатай цус хуралттай, баруун гуянд шархтай, баруун ба зүүн гарын зөв гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн шууны гадна гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай зөөлөн эдийн бэртэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн, шинэ гэмтэл байна. Бүх гэмтэл нь 1-10 хоногт үүсэн шинэ гэмтэл болно.
3. Ерөнхий хөдөлмөрлөх чадварт алдалтад нөлөөлөхгүй болно.
4. Иргэн Ө ийн биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг түр алдагдуулах, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2,4 заалтыг агуулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 24-25 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С нь эхнэр болох Х.Ө ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч С ын хохирогч болох эхнэр Ө ийн эрүүл мэндэд “тархины доргилттой, хамрын нуруунд битүү хавдартай, баруун ба зүүн нүдний доод зовхинд хавдартай, цус хуралттай, баруун ба зүүн хацарт хавдартай, доод эрүүний зүүг ба баруун талд доод эрүүнд арын буланд хавдартай, цус хуралттай, хүзүүний баруун талд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн бугалганд, баруун ба үггэ мөрөнд, зүүн ба баруун мөрөнд хэмжээтэй хах ягаан туяатай цус хуралттай, баруун гуянд шархтай, баруун ба зүүн гарын зөв гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай, баруун ба зүүн шууны гадна гадаргууд хөх ягаан туяатай цус хуралттай зөөлөн эдийн бэртэл” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрээс хохирогчийг бие махбодын хүчирхийлэлд оруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн нь гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч Ө т асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “дунд” гарчээ.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.
Гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь шүүгдэгч, хохирогч нарын хооронд гарсан ахуйн шинжтэй маргаан нөлөөлсөн гэж үзлээ.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Шүүгдэгч С ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Ө ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн байцаалтын явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч С ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Эрүүгийн хариуцлагын талаар.
Шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч С нь хохирогч Ө тэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн 48 дугаартай саналд яллагдагч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 450 нэгж буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч С хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/.
Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч С д холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгож, 3 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
4. Бусад асуудлаар.
Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.
Шүүгдэгч С д урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 сар буюу 90 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт шүүгдэгч С нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд С д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ