Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 125

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ф,

хохирогч А ,

шүүгдэгчийн өмгөөлөгч К ,

шүүгдэгч Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж д холбогдох эрүүгийн 2013001000134 дугаартай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2020 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 3 дугаар сарын 20-ны өдөр төрсөн, 32 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, БӨ аймгийн Өлгий сумын 6 дугаар багт оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, ял шийтгэлгүй, Ж , регистрийн дугаар БЭ88******.

Шүүгдэгч Ж  2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр эхнэр нь А ийг “танай гэрийнхэн зээлдэж авсан мөнгийг яаралтай явуулсангүй” хэмээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гар, хөл рүү нь өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Ж  мэдүүлэхдээ: Би урьд нь Казахстан улсад явж байхад А ийн төрхөмд буюу хадмынханд 150.000 төгрөгийг зээлээр өгсөн юм. Казахстан улсаас ирсний дараа миний мотоцикл эвдэрсэн. Манай гэр аймгийн төвөөс хол байдаг учир мотоциклээ хурдан хугацаанд засаж авах санаатай эхнэр болох А д танайх мөнгө төгрөг явуулахгүй юм уу гэж хэлсэн. Тухайн өдөр зодож, цохиогүй зүгээр л түлхсэн. А  үг даахгүй жоохон юм хэлэхээр л төрхөм лүүгээ яваад өгдөг. Маргааш нь ирэхэд чи өчигдөр хаалга саваад гараад явсан биз дээ яах гэж ирсэн бэ гэж хэлсэн. Тэрнээс болж Цагдаагийн байгууллагад хандаж ийм том асуудал болсон гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

Хохирогч А  мэдүүлэхдээ: Мөнгөний асуудлаас болж зодсон. Хөлөөрөө өшиглөж, нударгаараа цохисон. Хөлөөрөө хэдэн удаа өшиглөсөн талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан нэлээн олон удаа өшиглөсөн. Гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001000134 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/,

2. Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 26-38 дугаар хуудас/,

3. Яллагдагч Ж ийн үйлдсэн зөрчлийн талаар цагдаагийн байгууллагын цахим бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 43-45 дугаар хуудас/,

4. Насанд хүрээгүй гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

5. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

6. Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж  2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр эхнэр нь А ийг “танай гэрийнхэн зээлдэж авсан мөнгийг яаралтай явуулсангүй” хэмээн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн гар, хөл рүү нь өшиглөн зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Ж  мотоцикл эвдэрчихлээ гэж байн байн үглээд байхаар нь би чиний мотоциклийг эвдээгүй шүү гэж хэлэхэд танай гэрийнхэн мөнгө явуулсангүй гэж хэрэлдээд байсан. Би ээжээс 20.000 төгрөг гуйсан ба ээж явуулна гэж хэлээд явуулахын хооронд Ж  үглээд байсан юм. Түүнээс болоод улам хэрэлдээд Ж  миний гар, хөлөөрөө нийлээд олон удаа өшиглөсөн юм. Мөн 2016 оны зун намайг зодож, эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 61-64 дүгээр хуудас/

- Гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээний маягт, аюулын зэргийн үнэлгээний маягт /хавтаст хэргийн 26-38 дугаар хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би он, сар, өдрийг нь мэдэхгүй байна, шөнийн 22 цагийн үед аав ээжийн толгой руу нь гараараа 2-3 удаа цохиод, хөл рүү өшиглөсөн юм, зүүн талын хөл нь юм шиг санагдаж байна. Маргааш нь ээж гэртээ харьчихсан. Ээжийг явсны дараа дүү бид хоёр аавтай цуг Н  өвөөгийн гэр рүү явчихсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 65 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Б гийн  2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 102 дугаартай: “1.Иргэн А ийн баруун гарын шуу, зүүн талын гуя, шилбэний хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

 3. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 4. Ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй. 5. Дээрх гэмтэл нь бусдад зодуулснаас үүсэх боломжтой гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 67-68 дугаар хуудас/,

- Яллагдагч Ж ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний эхнэр болох Ө  2011 онд охин бид хоёрыг орхиод Казахстан Улс руу явсан. Түүнийг явсны дараагаас буюу 2015 оноос эхлэн би А тэй хамтран амьдарч эхэлсэн ба бидний дундаас хүү болох Н  төрсөн юм. 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр А  бид хоёр хоорондоо үл ойлголцож хэрүүл эхэлсэн, цаг нийлээд оройтсон үед байсан юм шиг санагдаж байна. Бид хоёр маргалдаж байгаад А ийн гарны булчин хэсгүүд нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл А  цагдаад дуудлага өгчихсөн юм. Болсон асуудал энэ. Би А ийн хөл рүү нь өшиглөсөн асуудал гараагүй. Одоогоос 2-3 жилийн өмнө байсан байх, А ийг зодоод цагдаагийн байгууллагад шалгагдаад хэргийг прокурорын шатнаас хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн юм. Бид хоёр байнга хэрэлдэж маргалдаад байдаггүй юм, хааяа гэр бүлийн асуудлаас болоод маргалддаг маань үнэн юм. Миний эмээ 02 дугаар сарын 15-ны өдөр нас бараад эмээгийн ажил явдалд оролцоод 7 хоногийг нь өнгөрөөгөөд 03 дугаар сарын 02-ны өдөр Улаанбаатар хот руу очиж Дундговь аймгийн нэг уурхайд ажиллаж байгаад ирсэн. Ажиллаж байсан газрынхаа нэрийг нь болоод аль сум гэдгийг нь би мэдэхгүй байна. Уг жоншны уурхайд ажиллаж байхад цагдаагийн газраас намайг дуудуулсан тул хүрч ирсэн. Би А ээс уучлал гуйж бид хоёр хоорондоо сайн дураараа эвлэрсэн тул хэргийг хурдан хугацаанд хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 74-75 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж  нь эхнэр болох А ийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргахгүй, хэргийн зүйлчлэлийг зөвшөөрч байна гэсэн тайлбарыг гаргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Ж ийн хохирогч болох эхнэр А ийн эрүүл мэндэд “баруун гарын шуу, зүүн талын гуя, шилбэний хэсгүүдэд хөх ягаан өнгийн цус хуралт, зөөлөн эдийн няцрал” бүхий хөнгөн гэмтэл учруулсан, мөн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасан гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрээс хохирогчийг бие махбодын хүчирхийлэлд оруулж гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

БӨ аймаг дахь Цагдаагийн газрын эрх бүхий албан тушаалтнаас гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч А д асуулт тавьж, Аюулын зэргийн үнэлгээг тогтооход эрсдэлийн түвшин “бага” гарчээ. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хооронд гарсан ахуйн шинжтэй маргаан нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Шүүгдэгч Ж ийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А ийн эрүүл мэндэд учирсан хохирол нь Хууль зүйн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн А/216/422 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар баталсан “Гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1 дэх хэсэгт заасан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах нь мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгч, хохирогч нар нь сайн дураараа эвлэрч, хохирогчийн зүгээс хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгч Ж ийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлагын талаар.

Шүүгдэгч Ж т холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулан хэргийг прокурорт шилжүүлсний дараа шүүгдэгч Ж  нь хохирогч А тэй сайн дураараа эвлэрч, хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж өгөх талаар хүсэлтээ бичгээр гаргасан байна.

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 50 дугаартай саналд яллагдагч Ж т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 460 нэгж буюу 460.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг яллагдагч Ж  хүлээн зөвшөөрч гарын үсгээ зуржээ /хавтаст хэргийн 28 дугаар хуудас/.

Прокуророос хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа хяналтаа хуульд заасан журмаар хэрэгжүүлсэн бөгөөд шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянаад шүүгдэгч Ж т холбогдох эрүүгийн хэргийг мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийг 460 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 төгрөгөөр торгож, 5 сарын дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

4. Бусад асуудлаар.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйгүй байна.

Шүүгдэгч Ж т урьд нь хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ийг 460 /дөрвөн зуун жар/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 460.000 (дөрвөн зуун жаран мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сар буюу 150 хоногийн дотор боломжит хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Ж  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг,  38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд Ж т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ