| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0017/Э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2020-05-13 |
| Зүйл хэсэг | 17.8.1., |
| Улсын яллагч | Х.Ө |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 05 сарын 13 өдөр
Дугаар 126
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Ө,
шүүгдэгчийн өмгөөлөгч К ,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013001160096 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1995 оны 4 дүгээр сарын 01-ний өдөрБӨ аймгийнБ суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, ам бүл 5, эцэг эх, ах нарын хамт амьдардаг, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,БӨ аймгийнБ сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , РД: БГ95******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч А нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны оройБӨ аймгийнБ сумын 1 дүгээр багийн иргэн, тус сумын 3 дугаар багт оршин суудаг А ийн өвсний хашаанд байсан өвсийг өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас санаатай гал тавьж шатааж устган бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч А мэдүүлэхдээ: Миний бие 2 машин өвс шатаасан хэрэг үйлдсэн маань үнэн. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 600.000 төгрөг төлж өгсөн, үлдсэн 600.000 төгрөгийг 2020 оны 5 сарын 30-ны өдөр төлж өгөхөөр гарын баримт үйлдэж өгсөн. Бид хоёр хоорондоо эвлэрсэн. 600.000 төгрөгийг өгөх үед дахин ийм хэрэг үйлдэхгүй гэж уучлалт гуйсан ба хохирогч намайг уучилсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001160096 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
2. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 21-29 дүгээр хуудас/,
3. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
4. Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 32 дугаар хуудас/,
5. Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
6. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
7. Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
8. ШинжээчБӨ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч А гийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/08 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
8. ШинжээчБӨ аймаг дахь “Мөнх эстимэйт” ХХК-ний үнэлгээчин К ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 20/023 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
9. Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
10. Шүүгдэгч А ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 72 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 85 дугаар хуудас/, хохирогч А ийн шүүгдэгч А аас 600.000 төгрөг төлүүлж авсан тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн гарын баримт болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
1. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч А нь 2020 оны 3 дугаар сарын 07-ны оройБӨ аймгийнБ сумын 1 дүгээр багийн иргэн, тус сумын 3 дугаар багт оршин суудаг А ийн өвсний хашаанд байсан өвсийг өмнө үүссэн таарамжгүй харьцааны улмаас санаатай гал тавьж шатааж устган бага хэмжээнээс дээш хохирол учруулсан ггэмт хэрэг үйлдсэн болох нь:
- Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 5-8 дугаар хуудас/,
- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны орой 19 цагийн үед байсан байх ба эхнэр Н ийн хамтаар хашаанд байсан үхэрт өвс өгч, тугал оруулж гэртээ ороод гутлаа тайлах гэж сууж байхад миний төрсөн дүү болох Т гаднаас орж ирж, “Ах, өвсний хашаанд байсан өвс шатаж байна” гэсэн. Тэгээд бид бүгд “битгий тоглоод бай” гэхэд тэр “нээрээ” гэж хэлээд би гадаа гартал хашааны үүдэнд байсан үхрүүд цочиж наашаа ирж байсан ба би гадаа өвсний хашаанд ойртож очтол гал нэлээд авсан дүрэлзэж асаж байв. Тэгээд миний бие цагдаагийн байгууллага болон онцгой байдлын байгууллагад дуудлага өгөв. Миний бие өвсний хашаанд байсан өвсийг гадны нөлөөтэй шатсан гэж үзэж байна. Учир нь манай дүү бид хоёулаа тамхи татдаггүй бөгөөд уг хэрэгт манай хөрш болох А ыг сэжиглэж байна.
...А оос өвсний үнэ 1.200.000 төгрөг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 21-29 дүгээр хуудас/,
- Гэрч Х гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 3ил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй юм. А Б сумын Бугын гол гэх газарт өөрийн хадлангийн газартай. Тэрээр 2019 оны 8 дугаар сарын сүүлээр буюу хадлангийн үеэр надад 3ил-130 маркийн машинаараа хадлангаасБ сум руу өвс хүргэж өгөөч гэхээр нь би түүний хадлангийн газарт очсон. Намайг очиход тэрээр мөн 3ил-130 маркийн машинтай С /К / гэх залууг дуудсан байсан. С бид хоёр машинаараа өвсийг нь ачижБ сумын 3 дугаар багт байрладаг гэрийнхэн хашаанд буулгаж өгөөд би яваад өгсөн юм. Намайг явсны дараа С машинаараа дахиад нэг удаа явж өвс буулгаж өгсөн гэж хэлж байсан. Тэгэхэд А Б сумын 3 дугаар багт байрладаг гэрийн хашаандаа 3ил-130 маркийн машинаар 3 машин өвс буулгасан. 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдөр А ийн өвсний хашаанд байсан өвсийг нь хөрш айлын залуу шатаасан байна гэж сонссон” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 32-р хуудас/,
- Гэрч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 3ил-130 маркийн тээврийн хэрэгсэлтэй юм. А Б сумын Бугын гол гэх газарт өөрийн хадлангийн газартай. Тэрээр 2019 оны 08 дугаар сарын сүүлээр буюу хадлангийн үеэр надад 3ил-130 маркийн машинаараа хадлангаасБ сум руу өвс хүргэж өгөөч гэхээр нь би түүний хадлангийн газарт очсон. А Зил-130 маркийн машинтай Х гэх хүнийг мөн дуудаж Х бид хоёр хоёр Зил-130 машинаар зэрэг, нэг удаа явж түүнийБ сумын 3 дугаар багт шинээр барьсан байшингийнхан хашаанд буулгаж өгөөд, Х явсны дараа би машинаараа дахиад нэг удаа явж уг хашаанд өвс буулгаж өгсөн юм. Тэгэхэд би өөрийн машинаараа 2 , Х машинаараа 1, нийт 3 машин өвс буулгаж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,
- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...А 2019 оны намар хадлангийн үеэр 3ил-130 маркийн машинаар 3 машин өвс буулгасан. С гэх хүний машинаар хоёр машин, өөр нэг нэрийг мэдэхгүй хүний машинаар нэг машин өвс буулгасан. А энэ жил хашаандаа 4 үнээ тэжээсэн ба уг 4 үнээ нь бүгдээрээ тугалтай байсан. Түүний уг үнээнүүд нь бүгдээрээ сарлаг үхрүүд байсан ба тэрээр үхрээ ихэнхдээ бэлчээрт гаргадаг байсан. Түүний өвсний хашаанд байсан өвс нь уг хашааны өндрөөс гарч харагдаж байдаг байсан. Миний баримжаалснаар өвс нь шатахаас өмнө түүний хашаанд хоёр гаруй машин өвс байсан байх” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,
- Гэрч Ж гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 3 дугаар сарын 07-ны өдөр орой 19 цагийн үед байх А ийн өвсний хашаанд байсан өвс нь шатсан. Тэр үед би аймгаас гэртээ ирж машинаасаа бууж байсан ба А ийн хашаанаас их хэмжээгээр утаа гарч байхыг нь харж тэдний хашаанд яваад очсон. Намайг тэдний хашаанд очиход А ийн хашаанд буюу өвсний хашаанд байсан өвс нь шатаж байсан ба А аймгийн Онцгой байдлын газарт утсаар холбогдож дуудлага өгч байсан. ...Миний баримжаагаар А ийн өвс нь шатахаас өмнө түүний өвсний хашаанд хоёр гаруй машин буюу Зил-130 маркийн машинаар хоёр машин өвс байсан байх гэж бодож байна” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37 дугаар хуудас/,
- ШинжээчБӨ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн хяналтын улсын байцаагч А гийн 2020 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 03/08 дугаартай: “1. Гал түймэр гадны нөлөөтэй байж болзошгүй.
2. Тухайн гал гарсан газар хүрэлцэн очиход унтраах ажиллагаа явагдаж задаргаа хийгдсэн тул хаанаас тархсаныг тогтоох боломжгүй болно.
3. Гадны нөлөөтэй гал тавьсан байж болзошгүй их хэмжээний бензин үнэртэж байсан ба батлах боломжгүй болно.
4. Хэргийн газрын үзлэг хийхэд гал түймэр болгоомжгүй байдлаас гарсан үндэслэл байхгүй болно.
5. Тухайн гал гарсан газар нь хувь хүн иргэний өвсний хашаа байсан ба өвсний хашааны галын аюулгүй байдлын талаар хуульчилсан дүрэм журам байхгүй.
6. Тэсэрч, дэлбэрэх бодис байхгүй байсан.
7. Гал түймэр гарсан хэргийн газарт хүрэлцэн очиход гал түймрийн нөхцөл байдал үүссэн хэсэгт оч үүсгэх бодис материал, ил задгай цахилгааны утас, цахилгаан тоног төхөөрөмжийн угсралт, байхгүй байсан ба тус гал түймэр нь гадны нөлөөтэй үүссэн байх магадлалтай” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 46 дугаар хуудас/,
- ШинжээчБӨ аймаг дахь “Мөнх эстимэйт” ХХК-ний үнэлгээчин К ын 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 20/023 дугаартай “Зил-130 маркийн ачааны тээврийн хэрэгслээр бэлдсэн 1 машин задгай ногоон өвс 600000 төгрөг” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 51 дүгээр хуудас/,
- Яллагдагч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний биеБ сумын 1 дүгээр багт оршин суудаг баБ сумын 1, 3 дугаар багуудын нутаг дэвсгэрт залгаа байдаг юм. Манай гэрийн хашаанд залгаа А ийн хашаа байдаг юм. А нь 2019 оны 07 дугаар сарын сүүлээр байсан биБ сумын төвд найз нарын хамт явж байгаад пиво ууж би нэлээд согтсон байсан.
Би найз нараас салж гэр рүүгээ харих замд А ийн гэрт очиход түүний гэрт хүн байхгүй байсан ба ширээнд нь байсан 1.25 литрийн Оросын бариултай, савтай ундааг авч гарсан. Уг ундааг авч гэрээс нь гарч өөрийн гэртээ очиж ундааг тавьчхаад буцаж гарч хажуу талын хөрш Е гэгчийн гэрт очиж сууж байх үед уг айлд А ирж намайг зодож, улмаар бид хоёр Е ын гэрээс гарч манай гэрийн хашаа руу ирсэн. Тэрээр манай хашаанд ирсний дараа ч намайг зодож манай гэр рүү орж нөгөө тэдний гэрээс авсан ундааг авч гарч миний толгой руу хийсэн.
Үүний дараа буюу 2020 оны 02 дугаар сарын 20 хэдний өдрийн үеэр А надад ирж чи миний машины шилийг хагалсан байна гэж хэлсэн. Тэр үед би ямар нэгэн хэл ам гаргахгүй гэж бодоод А ийн машины хагарсан гэх шилний мөнгийг төлж өгсөн юм. Дараа нь бид хоёр хоорондоо ойлголцож уг асуудлыг орхисон байсан юм. 2020 оны 03 дугаар сарын 07-ны өдөр би мөн найз нарын хамт пиво уугаад орой хэдэн цаг болж байсныг мэдэхгүй харанхуй болж байсан юм, гэрт очиж гэрт байсан Спрайт нэртэй ундааны саванд хийсэн 1 литр бензин, мөн гэрт байсан шүдэнзийг авч гарч манай хашаанд залгаа байдаг А ийн өвсний хашаанд очсон. Эхлээд савтай бензинийг хашаанд байсан өвс рүү цацаж дараа нь шүдэнз асааж асаасан шүдэнзээ бензин цацсан хэсэг рүү шидэж, өвс шатаж гал гарах үед би зугтаадБ сумын төв рүү яваад өгсөн. Савтай бензин болон шүдэнзээ шатаж байсан өвс рүү шидчихсэн юм.
Тухайн үед А ийн хашаанд ойролцоогоор Зил-130 маркийн тээврийн хэрэгслээр хоёр машин өвс байх шиг болсон. А нь 2019 оны 8 дугаар сард уг өвсний хашаанд 3 машин өвс буулгасан. Би ямар машинаар яаг хэчнээн хэмжээний өвс буулгасныг хараагүй ба ойролцоогоор ЗИЛ-130 маркийн машинаар 3 машин өвс буулгасан шиг харагдсан. Түүнээс 3ил-130 машинаар 2 гаруй машин өвс үлдсэн байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 68 дугаар хуудас/,
- хохирогч А ийн шүүгдэгч А аас 600.000 төгрөг төлүүлж авсан тухай 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр бичсэн гарын баримт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, нотлох баримтуудыг үгүйсгэх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шүүгдэгч нь өөрийнхөө гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэллээ.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тайлбарлаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.
Шүүгдэгч А ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгч, хохирогч нарын хооронд үүссэн таарамжгүй харилцаа, шүүгдэгчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн айна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Гэмт хэргийн улмаас хохирогч А т 1.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон бөгөөд шүүгдэгч А нь 1.200.000 төгрөгөөс 600.000 төгрөгийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хохирогчид төлж өгч, үлдсэн 600.000 төгрөгийг төлж өгөхөө илэрхийлсэн байна.
Иймд шүүгдэгч А оос хохирлын мөнгө 600.000 төгрөгийг гаргуулан хохирогч А т олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгчид 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан түүнд 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж өгөх тухай дүгнэлтийг гаргасан байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн болон амьдрал ахуйн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 320 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоохоор шийдвэрлэв.
Шүүгдэгч нь урьдаас төлөвлөж уг гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүй, мөн гэмт хэрэг гарах үед хохирогчийн зүгээс хууль бус, зүй бус үйлдэл гаргаагүй болох нь нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг хүлээн авах боломжгүй.
Шүүгдэгч А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Шүүгдэгч А д оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыгБӨ аймгийнБ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийгБӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.
4. Бусад асуудлын талаар.
Хэргийн хамт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хураагдаж ирүүлсэн эд мөрийн баримтгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч А цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус тогтоолд дурдаж, шүүгдэгч нь шийтгэх тогтоол гардуулах зэргээр дуудсан цагт хүрэлцэн ирэхгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А д 320 /гурван зуун хорь/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А д оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыг өдөрт 6 цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч А д оногдуулсан нийтэд тусгай ажил хийлгэх ялыгБӨ аймгийнБ сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Б сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийгБӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч А оос 600.000 /зургаан зуун мянга/ төгрөг гаргуулан хохирогч А т олгосугай.
7. Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн зүйлгүй, иргэний бичиг баримт шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн доторБӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ