| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Сүрэнгийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 163/2020/0172/Э |
| Дугаар | 180 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | П.Шижиртуяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 180
Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч
С.Цэрэнханд даргалж, нарийн бичгийн дарга П.Жаргалмаа, улсын яллагч П.Шижиртуяа, хохирогч Б.М , иргэний нэхэмжлэгч Б.Г , шүүгдэгчийн өмгөөлөгч Р.Цэрэнханд,
шүүгдэгч Г.Ё нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Булган аймгийн прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ё ад холбогдох эрүүгийн 2015000000149 дугаартай, 163/2020/0172/Э индекстэй хэргийг 2020 оны 07 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, аав, ээж, ах, дүү, хүүхдүүдийн хамт оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, Х овогт Г.Ё.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Ё ыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ё ын өгсөн: Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэргийн талаар мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйлгүй. Гэм буруу дээр маргахгүй, оношлогоо эмчилгээтэй холбоотой гарсан хохирлыг шууд төлсөн, цаашид гарах хохирлыг төлнө гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.М ийн өгсөн: Энэ осол нь 2020 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө ...нд болсон. Ослын улмаас миний биед хүзүүний 3 яс хугарч шахагдсан, мөн толгойдоо оёдол тавиулсан. Саяхан 2 дугаар сард үзүүлэхэд эдгэрээгүй байна гэсэн. Авто ослын гэмтэл хожуу илэрдэг учраас цаашид юу болохыг хэлж мэдэхгүй байна. Толгой байнга өвддөг, би оёоноосоо болдог юм болов уу гэж боддог, өвчин намдаах эмийг байнга хэрэглэдэг. Цаашид эмчлүүлэх шаардлагатай байгаа тул хохирлоо нэхэмжилнэ гэх мэдүүлэг,
Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Б.Г ийн өгсөн: Би Ё ын аав нь, 2 настай байхад нь ээжтэй нь суусан, миний том хүү байгаа юм. Миний эзэмшилд **-** ОРО улсын дугаартай “Istana” загварын тээврийн хэрэгсэл байдаг, хүү маань жолоодож аав, ээжийнхээ хувийн бизнест тусалж ажилладаг. Би хүүгээсээ нэхэмжлэх зүйл огт байхгүй. Хохирогчийн хувьд манай дэлгүүрт ажилладаг байсан. Осол болсоны дараах бүх эмчилгээний зардлыг гаргасан. Улаанбаатар хот руу авч явж Гэмтлийн эмнэлэг болон Мөнгөн гүүр эмнэлэгт үзүүлж оношлуулаад Булган аймагт авчирч Мэс заслын тасагт хэвтүүлсэн, энэ хугааны бүх зардлыг гаргасан. Цаашид гарах зардлыг төлнө гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 2015000000149 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүх дараахь дүгнэлтийг хийв.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Ё нь 2020 оны 06 дугаар сарын 12-ноос 13-нд шилжих шөнө Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт **-** ОРО улсын дагаартай “Ssang Yong Istana” загварын тээврийн хэрэгслийг архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмээр жолоочид хориглосон болон үүрэг болгосон 3.7.А “тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”, 12.3 “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас осол гаргаж, зорчигч Б.М ийн биед хүзүүний 5, 6 дугаар нугаламын арын баруун хажуугийн гадаргуу хугарал, толгойн хуйханд шарх, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ үйл баримт нь 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн газарт үзлэг хийсэн: “хэрэг болсон гэх газар нь Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутагт байрлах сайжруулсан шороон зам дээр болсон байв. Замын өргөн 6.80 м байв...” гэх тэмдэглэл /хх-12 тал/,
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-13-14 тал/,
2020 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-15-16 тал/,
2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр согтолтын зэргийг шалгасан: “согтуурал шалгахад 0.21% байв” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-17 тал/,
Хохирогч Б.М ийн өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 12-ны өдөр цайны цагийн үеэр би Ё ын аавынх нь дэлгүүр дээр ус авах гэж очсон юм. Намайг дэлгүүр дээр очиход Ё , С , Н , Ш нар байж байсан. Тэгээд бид хэд уулзалдаад орой салхинд гарахаар болсон. Би тухайн үед ажлаа тарж байж болно гэж хэлээд дэлгүүрээс, ус аваад гэр лүүгээ харьсан. Тэгээд орой нь 21 цаг болж байхад санагдаж байна, намайг гэртээ байж байхад Ё аас мессеж ирсэн. Мессежийг нь уншихад “ажлаа тарчихлаа, хүрээд ир” гэсэн утгатай мессеж байсан. Тэгэхээр нь би “хаана очих вэ?” гэж хариу мессеж бичихэд Ё “манай ажил дээр хүрээд ир” гэж мессеж бичсэн.
Тэгээд би Ё ын аавын дэлгүүрийн хажуугийн “Шинэ зуун” гэдэг төвийн гадаа явж очсон. Тэнд намайг очиход С , Ё , Ш гурав байж байсан. Би гэрээс гарахдаа найз Ж ыг дагуулж очсон. Тэгээд бид хэд уулзалдаад Н г хүлээсэн. Н г ирэхээр нь бид хэд Ё ын гэр лүү явцгаасан. Ё ын гэрт очоод бид хэд Б , М нарыг ирэхийг хүлээсэн. Тэгээд бид хэд Б , М нарыг ирэхээр нь Ш , Ё нарын машинд хуваагдаж суугаад “Анаг” амралт руу очихоор болсон. Яг хэдэн цагийн үед Булган сумаас гарсныг мэдэхгүй байна, ямар ч байсан харанхуй бүрий болсон байхад гарсан. Тэгээд “Анаг” амралт орж яваад амралт руу очихооргүй болоод Цагдаагийн газрын сургалтын төвийн хажуугийн модонд орсон. Тэр модонд ороод бид хэд дэлгүүрээс авсан нэг шил 0.5 литрийн нэрийг нь мэдэхгүй архи, жимсний пиво 8-н ширхэг, хоёр ширхэг 2.5 литрийн пивоо ууцгаасан. Архи пиво ундаанаас хэн, хэн ямар хэмжээтэйгээр уусан, уугаагүйг мэдэхгүй байна. Архи, пивог Б тойруулсан болохоор хэн нь уусан, хэн нь уугаагүйг мэдэж байгаа байх. Би тухайн үед бага зэрэг пиво, архинаас амссан бөгөөд бага зэрэг халсан. Тэгээд бид хэд 2 юм уу, 3-н цаг ойд сууж байгаад буцаж харихаар болсон. Тэгээд Ш ын машинд С , Б , М нар суугаад түрүүлээд хөдөлсөн. Хойноос нь Ё ын машинд Ж , Н бид дөрөв суугаад хөдөлсөн. Машиныг Ё өөрөө бариад, хажуугийнх нь суудал дээр Н суугаад, би хойд суудлын голд, Ж хаалган талд суугаад хөдөлсөн. Машин хөдлөөд явах үед Ё хашаа мөргөх гээд эвгүй машинаа бариад байсан. Тэгэхээр нь би болон Н бид хоёр Ё ад хандаж “аятайхан яваа, юм мөргөчихвий” гэж нэлээн хэдэн удаа хэлсэн. Хэлээд байхад Ё ерөөсөө аятайхан явахгүй нэлээд хурдан яваад айлгаад байсан. Тэгээд төв зам руу гарах гээд шороон зам дээр явж байтал түрүүлж гарсан Ш ын машин замын хажууд аваарын дохио өгөөд зогсож байсан. Тэгээд Ё ын машин Ш ын машины хойно ирэх үед Ё “хүн дайрлаа” гэж хашгираад машиныг зүүн гар тал руугаа огцом дараад машин хоёр удаа газарт хөрвөөсөн. Тэгээд машин дөрвөн дугуйн дээрээ зогссон байсан. Машинаас гарах гэтэл хаалга нь онгойхгүй байхаар нь манайханы нэг шилийг нь хагалж намайг машинаас гаргасан. Тухайн үед ослоос болж толгойгоо хагалаад цус гараад, дээрээс нь шоконд орсон байсан. Би Ш ын машинд суугаад эмнэлэг орсон, Эмнэлэг орсон хойгуур цагдаа нар ослын газарт очсон байсан. ...Би Улаанбаатар хотод эмчилгээ хийлгэсэн. Эмчилгээний төлбөрийг Ё ын талаас гаргаж өгсөн. Одоо Улаанбаатар хотод бүтэн биеийн зураг авахуулах, дахин шинжилгээ өгөх талаар эмч зөвөлсөн тул мөнгөний асуудал байгаа. Уг зардлыг Ё аас гаргуулмаар байна” гэх мэдүүлэг /хх-20-22 тал/,
Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн өгсөн: “Ё нь миний төрсөн том хүү байгаа юм. Миний эзэмшилд **-** ОРО улсын дугаартай Istana загварын тээврийн хэрэгсэл байдаг. 2015 онд хүнээс 6 сая төгрөгөөр худалдаж авсан. ...Хүү маань 2016 онд Орхон аймгийн Мэргэжил, сургалт үйлдвэрлэлийн төвийг тогооч мэргэжлээр төгссөн. Цэргийн алба хаагаагүй. Одоогоор аав, ээжийнхээ хувийн бизнест тусалж ажиллаж байгаа. Зан аашийн хувьд ээж, аавын үгэнд сайн ордог, хүнд тусархуу, хүнтэй үелдэг харилцдаг, ажилсаг, юм юманд дүйтэй сайн хүү байгаа юм. Би хүүгээсээ нэхэмжлэх зүйл огт байхгүй” гэх мэдүүлэг /хх-25 тал/, Гэрч Ө.Н гийн өгсөн: “…Эхлээд Ш , Б , М , С нар Ш ын машинтай хөдлөөд явсан. Хойноос нь бид хэд хөдөлсөн. Ш ын машины ардаас явж байгаад Ё машинаа зогсоож өөрийнхөө машины эд ангийг шалгаж байгаа бололтой харагдсан. Хөдлөөд аягүй хурдан яваад байхаар нь М , Ж бид хэд “яасан хурдан явдаг юм бэ?, юундаа яараад байгаа юм бэ?, зөөлөн яваачээ” гэж Ё ад хэлсэн. Тухайн үед юм мөргөх гээд машинаа бариад байсан. Тэгээд явж байтал урд нэг машин аваарын гэрлээ асаагаад замаас гарч зогссон байсан. Би тэр аваарын гэрлээ асаагаад зогсож байсан машиныг хараад Ё ад хэлсэн боловч хурдаа хасахгүй хурдан яваад байсан. Тэр аваарын гэрлээ асаагаад зогсож байсан машин руу Ё ойртож бараг хойно нь ирж байхад амандаа нэг юм хэлээд машиныг зүүн гар тал руугаа дарах шиг болсон. Тухайн үед би айгаад шууд нүдээ анисан. Нэг мэдсэн машин явж байсан зүгийнхээ эсрэг тал руу харчихсан зогсож байсан. Миний толгой хэсэг манарсан. Манараагаа хэсэг гайгүй болгож байгаад машинаас буусан. Намайг гарсны дараа Б , Ш нар М эгчийг Ё ын машины хойноос гаргаж байсан. Тэгээд М эгчийн толгойноос цус гарч байсан тул Ш ын машинд суулгаж эмнэлэгт хүргэж өгсөн. Ё ганцаараа ослын газарт үлдсэн. ...Ё архи, пивоноос уугаад нэлээд согтсон байсан. Тэгээд би машинаа барих үед “Ж оор машинаа бариул” гэж хэлэхэд тоохгүй, өөрөө барьсан” гэх мэдүүлэг /хх-26-28 тал/,
Гэрч Э.Ж ын өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 12-ны орой 21 цагийн үед М намайг “хамт салхинд гарах уу?, цуг салхинд гараад ирье” гэж хэлэхээр нь би зөвшөөрч цуг явахаар болсон. Тэгээд бид хоёр гэрээс гараад “Шинэ зуун” гэх нэртэй газрын гадаа “ISTANA” загварын тээврийн хэрэгсэлтэй залуу дээр очсон. Тэнд “ISTANA” загварын тээврийн хэрэгслийн жолоочоос гадна хоёр эмэгтэй /Н , С /, нэг залуу /Ш / байж байсан. Тэгээд бид хэд Истанагийн жолооч Ё гэх залуугийнх руу явсан. Ш болохоор өөрийнхөө машинтай түрүүлээд явсан. Тэгээд Ё гийнд байхад Б гэх залуу найз охинтойгоо ирсэн. Ё гийнд 1 цаг гаран болоод хоёр машинд хуваагдаж суугаад замдаа дэлгүүрээс архи пиво аваад “Анаг” амралтын газрын доохон талд ой модон дотор очсон. Ойд очоод бид хэд нэг шил архи, хоёр том пиво, нэлээд хэдэн ширхэг жимстэй пиво ууцгаасан. Архинаас Ш аас бусад нь бүгдээрээ уусан. Пивоноос Ш бага зэрэг амссан, мөн бусад нь бүгдээрээ уусан. Ё гэх залуу нэлээд халсан. Тэгээд бид хэд архи пивоо ууж дуусгаад 01 цаг өнгөрч байсан санагдаж байна. Булган сум руу эргээд харьцгаах гээд хөдөлцгөөсөн. Эхлээд Ш гэх залуу өөрийнхөө машинд Б , найз охиных нь хамт /М /, С нарыг суулгаад хөдөлсөн. Дараа нь удаагүй хойноос нь Ё машинаа бариад хөдөлсөн. Ё гийн машинд Н жолоочийн хажууд, хойд суудал дээр М бид хоёр суугаад хөдөлсөн. Машин хөдлөөд явах үед Ё Ш ын машины хойноос хурдтай явж тулж очоод мөргөчих гээд эвгүй жолоо бариад байх үед Н , М бид хэд “зөөлөн яваачээ машин мөргөлөө” гэж хэлсэн. Хэлээд удаагүй Ё машиныг зогсоож, машинаас гарч бие зассан. Бие засч эргэж машин дээр ирээд жолооны ард сууж машинаа бариад Ш ын араас хөдөлсөн. Ш ын машин нэлээд хол зайгаа авсан байсан. Тэгээд Ё Ш ын хойноос нэлээд хурдтай явсан. Ш ын машин ойртож харагдах үед Ш машинаа замаас гаргаж, аваарын гэрэл асааж зогссон байдалтай харагдсан. Ё хурдтай явж байсан тул машин маш хурдан Ш ын машинд ойртож ирсэн. Ойртож ирэх үед Ё Ш ын машиныг мөргөх гэж байгаа бололтой эвгүй харагдахаар нь би “машин мөргөлөө шүү” гэж хашгирсан. Тэр үед гэнэт Ё машины жолооны хүрдийг зүүн гар тал руугаа дараад замаас гарч онхолдуулсан. Машин газарт гурван удаа хөрвөөсөн санагдаж байна. Ё гийн машин газарт дөрвөн дугуй дээрээ зогссон байсан. Тэгээд машинаас бүгдээрээ бууцгаасан. М ийг эмнэлэгт Ш ын машинтай хүргэж өгсөн. Ослын газарт Ё үлдсэн” гэх мэдүүлэг /хх-29-31 тал/,
Гэрч Б.М гийн өгсөн: “...Ш ын машины урдуур гарах гээд машины зүүн гар талын тольны хавьцаа явж байхад хойноос Ё ын машин миний хажуугаар намайг мөргөх нь холгүй маш хурдан гараад өнгөрсөн. Юу болов гээд зүүн гар тал руу харахад машин эргэж бид нар руу хамраа чиглүүлж зогссон байдалтай харагдсан. Машин онхолдсон ч юм уу?, онхолдоогүй ч юм уу? бүү мэд, үйл явдал маш хурдан болж өнгөрсөн. Тэгээд Ш , Б хоёрыг машинд байхад нь гараад ирээч гэж дуудсан. Ш бид хоёр түрүүлж Ё ыг машинаас гаргасан. ...Энэ хооронд М эгч Ё ын машины хойд суудал дээр ёолоод орилж байсан. Машинаас гаргах гэтэл хаалга нь онгойхгүй гацсан байсан тул Б , Ш хоёр М эгчийг гаргасан. Хойноос нь Ж гарсан. Тэгээд М эгчийг Ш ын машинд суулгаж эмнэлэгт хүргэж өгсөн. Ё ослын газарт үлдсэн” гэх мэдүүлэг /хх-32-33 тал/,
Гэрч З.Б ын өгсөн: “...архинаас М , С , Н , М , Ш нар амсаад өгсөн. Харин Ё , танихгүй ах Ж бид гурав хувааж уусан. Пивоноос Ш уугаагүй. Эрэгтэйчүүд нь бүгд уусан. Эмэгтэйчүүд жимстэй пивоноос уусан. ...Ш , Ё нарын машинд хуваагдаж суугаад хөдөлсөн. Эхлээд Ш ын машин хөдөлсөн ба машинд С , М бид гурав суугаад Ш өөрөө жолоодож явсан. Харин хойноос үлдсэн нь буюу Н , танихгүй залуу, М нар Ё ын машинд суугаад хөдөлсөн. ...Тэгээд түрүүлж явж байгаад бид хэд Ё ын машин ирэхийг хэсэг хүлээхээр болоод Ш машинаа замаас гаргаж, аваарын дохиогоо асаасан. Тухайн үед М урд суудалд сууж байгаад гарч бие засна гээд хаалга онгойлгож буугаад хаалгаа хаах гэтэл хойноос Ё машинтайгаа орж ирээд М гийн хажуугаар гараад замын зүүн тал руу машин нь шарваж байгаа бололтой харагдаад өнгөрсөн. Би машиныг шарваад зогсож байна гэж бодсон. Тэгтэл М буцаж машинд орж ирэнгүүтээ Ё ын машин замаас гараад онхолдчихлоо гэж хэлсэн. Тэгээд бөөнөөрөө машинаас бууж Ё ын машин дээр очиход машин дөрвөн дугуйн дээрээ тогтож зогссон байдалтай, Ё машиныхаа гадаа хаалгыг цохиод байж байсан. Машин дотроос Н эгч бууж харагдсан. Хойд суудал дээр нь М эгчийн толгойноос цус гарсан байдалтай хэвтэж байсан. Хаалга нь онгойхгүй болохоор шилийг нь хагалж цонхоор М ийг өргөж гаргаад Ш ын машинд оруулсан. Ш машинаа бариад М ийг эмнэлэгт хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-34-35 тал/,
Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаартай хохирогч Б.М ийн биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Б.М ийн биед хүзүүний 5, 6 дугаар нугаламын арын баруун хажуугийн гадаргуу хугарал, толгойн хуйханд шарх, баруун бугалга, баруун гуянд цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдсон, дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хх-38-40 тал/,
Мөрдөгчийн 2020 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн “жолооч Г.Ё нь “В” ангиллын ****** дугаартай эрхийн үнэмлэхтэй байна. Жолооч Г.Ё нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, мөн 3.7.А-д “жолоочид дараах зүйлийг хориглоно: эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох гэсэн заалтуудыг зөрчсөн байна” гэх магадлагаа /хх-65 тал/,
Шүүгдэгч Г.Ё ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж өгсөн: “2020 оны 06 дугаар сарын 12-ны орой 21 цагаас хойш манай найзууд болон хамт ажиллаж байсан хүмүүс цугларсан. Үүнд С , М , Н , Ш , Б , Ж нарын хүмүүс цугларсан байсан. Тэгээд бид хэд миний болон Ш ын машинд хуваагдаж суугаад 22 цагийн хавьцаа манай гэрээс хөдөлж салхинд гарахаар хөдөлсөн. Тэгээд бид хэд “Анаг” амралтын зүгт явсан. “Анаг” амралтын зүт рүү явж байгаад аймгийн Цагдаагийн газрын сургалтын төвийн дэргэд ой модонд очсон. Ой модонд очоод дэлгүүрээс авсан архи, пивог бүгдээрээ хувааж уусан. Тухайн үед хоёр том пиво, 8-н лааз пиво, нэг шил архийг хузааж ууцгаасан. Тэгээд 2020 ойы 06 дугаар сарын 12-наас 13-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед буцаад гэр гэр лүүгээ харьцгаахаар болоод хөдөлсөн. Эхлээд Ш машинтайгаа хөдлөөд явсан, Хойноос нь би өөрийнхөө машиныг бариад явсан. Миний машинд жолоочийн суудал дээр би өөрөө, миний хажуугийн урд суудалд Н , хойно М , Ж нар суугаад хөдөлсөн. Тэгээд явж байгаад машинаа зүгээр байгаа эсэхийг шалгах гээд бууж машинаа доороос нь нэг харчихаад буцаад машиндаа суусан. Намайг машинд суугаад урагшаа Ш ын машин руу харахад аль хэзээний алга болоод өгсөн байсан. Тэгээд би болон Н бид хоёр суудлын бүсээ хийгээд хөдөлсөн. Тэгээд явж байтал Ш ын машин замын хажуу талд аваарын дохиогоо өгөөд баруун тал руугаа шахаад зогсож байсан. Намайг Ш ын машин руу дөхөж очиход Ш ын машины дэргэд хүн зам гарах гэж байгаа бололтой харагдахаар нь би сандраад машиныхаа жолоог зүүн гар тал руугаа дарчихсан. Нэг мэдэхэд машин онхолдоод эргэж харсан байсан. Тэгээд машинаас М ийг хамт явсан хүмүүстэйгээ нийлж байгаад машины цонхыг хагалж гаргаад Ш ын машинд суулгаж эмнэлэг рүү явуулсан. ...Хохирол барагдуулсан. Хохирогчийн хүсэлтээр хувийн эмнэлэгт үзүүлж Улаанбаатар хот руу эмчилгээ оношлогоо хийлгэхэд гарах зардал, тээврийн зардал зэргийг бүгдийг гаргаж өгч эмчилгээ хийлгүүлсэн. Улаанбаатар хотоос Булганд ирэхэд нь хувийн эмнэлэгт хэвтүүлж, мөн эмчилгээ хийлгэж өгсөн. Мөн цаашид ослын улмаас хийгдэх эмчилгээний зардлыг гаргаж өгөхөд бэлэн байна. Би өөрийнхөө буруугаас болж осол гаргалаа. Архи дарс уусан үедээ хэзээ ч жолооны ард суухгүй. Дахин ийм алдаа гаргахгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-75-76 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Б.М , гэрч Ө.Н , Э.Ж , Б.М , З.Б нарын өгсөн мэдүүлэг, түүнчлэн шүүгдэгч Г.Ё ын гэм буруугаа хүлээж өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 186 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн магадлагаа зэргээр уг осол гарах шалтгаан нь шүүгдэгч Г.Ё ын замын хөдөлгөөний дүрмээр хориглосон архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцсон, хөдөлгөөнд аюул саад учирсан үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж зогсоох арга хэмжээ аваагүй зэрэг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэл шууд нөлөөлжээ.
Шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн дүгнэлтээр хохирогч Б.М ийн бие махбодид хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь эргэлзээгүй нотлогдсон байх тул хууль зүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзэх бөгөөд энэхүү хохирол, хор уршиг нь шүүгдэгч Г.Ё ын үйлдэлтэй шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч Г.Ё нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарласан, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж, гаргахгүй гэж тооцсон боловч хор уршиг учирсан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байх бөгөөд тээврийн хэрэгслийн жолооч Замын хөдөлгөөний дүрмийг баримтлах, зөрчсөн тохиолдолд хохирол, хор уршиг учирна гэдгийг мэдэх үүрэг бүхий этгээд юм.
Шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч Г.Ё ын гэм буруутай үйлдэл нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд тээврийн хэрэгслийг согтуугаар жолоодсон нь нотлогдсон байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар хэргийг зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ё нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирогч Б.М ийг Улаанбаатар хот руу авч явж Гэмтлийн эмнэлэг болон Мөнгөн гүүр эмнэлэгт үзлэг оношлогоонд оруулж, Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт хэвтүүлэн эмчлүүлсэнтэй холбоотой бүх зардлыг шууд төлж, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн нотлох баримтаар нэхэмжилсэн /3900, 19800, 7500/ 31200 төгрөгийг төлж, цаашид гарах эмчилгээний зардлын урьдчилгаанд 500000 төгрөгийг өгсөн баримтыг шүүхэд ирүүлсэн байх тул шүүгдэгч Г.Ё нь төлөх төлбөргүй байна.
Харин хохирогч Б.М нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Г.Ё ын гэм буруутай үйлдэл нотлогдож тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж тус тус заасны дагуу түүнийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.Ё ын хэрэг хариуцах чадвар, сэтгэцийн байдлын талаар эргэлзээтэй байдал тогтоогдоогүй болно.
Түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэн даруй эмнэлгийн тусламж үзүүлсэн, учруулсан хохирлыг төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн”-г эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Ё нь урьд ял шийтгүүлж байгаагүй, Булган аймгийн Булган сумын 6 дугаар багт аав, ээж, ах, дүү, бага насны хоёр хүүхдийн хамт аав, ээжийнхээ бизнест тусалж амьдардаг зэрэг түүний хувийн байдал нь хавтаст хэргийн 77-82 дугаар талд авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний хуулбар, багийн засаг даргын тодорхойлолт, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа, хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтаар тогтоогдсон бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо төлсөн зэрэг хэргийн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар оногдуулах ялыг хөнгөрүүлж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хоёр жилийн хугацаагаар хасаж, нэг жил зургаан сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэх нь түүний үйлдсэн гэмт хэргийн гэм буруу, хувийн байдалд тохирно гэж шүүх дүгнэв.
Хэрэгт хавсарган ирүүлсэн Г.Ё ын “B” ангилалын ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч Г.Ё нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй, иргэний нэхэмжлэгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНХАНД