Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01494

 

Ц.Нгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

  Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн           

         2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар шийдвэр,

    Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ц.Н

         Хариуцагч: Соёл урлагийн их сургуулийн салбар Зид холбогдох

         Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын тэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Ш.Э хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Хариуцагчийн өмгөөлөгч Б.А, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч нэхэмжлэл болон тайлбартаа: Би СУИС-ийн салбар Зид 2014-01-06-ны өдөр ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол хариуцсан сургалтын албаны мэргэжилтнээр ажилд орсон. Ажиллах хугацаандаа сахилгын болон бусад шийтгэл эдэлж байгаагүй. Шинэ томилогдсон захирал ажлаа авснаасаа хойш төсвийн хэмнэлт хийнэ, ажлын байр, нэгжүүдийг нэгтгэж, цомхтгоно гэж хурал цуглаан бүр дээр ярих болсон. Ийнхүү ярихдаа яг ямар ажлын байрыг ямартай нь нэгтгэх талаар тодорхой зүйл ярьж байгаагүй. Ингээд бүтэц, орон тоогоо шинэчлэн боловсруулж, саналаа Соёл урлагийн их сургууль руу явуулснаар СУИС-ийн захирлын 2017-03-02-ны өдрийн А/76 тоот тушаалаар Зийг 85 ажилтны орон тоотойгоор батлан ирүүлсэн. Үүнээс өмнө манай сургуулийн бүтэц 82 орон тоотой байсан.  2017 оны шинэ бүтцээр манай байгууллагын нийт орон тоо хасагдах биш бүр нэмэгдэж батлагдсан. 2017-03-13-ны өдөр Ш.Энхжаргал захирал надад СУИС-ийн захирлын 2017 оны А/78 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийх болсон тул миний хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Үүний дараа 2017-04-13-ны өдөр албан мэдэгдлээ засч, СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар бүтцийн өөрчлөлт хийх болсон хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай албан мэдэгдэл өгсөн. Албан мэдэгдэл авсанаас хойш би ажлаа хийж байгаад акт авч, Улаанбаатар хот руу явж эмчлүүлсэн. Ирээд даргатай уулзаж, актаа өгөхөд, актаа нягтланд оруулаад өгчих гэсэн. Намайг өвчтэй, хот явсан хойгуур миний ажлын байр болон өөр нэг орон тоон дээр сонгон шалгаруулалт хийсэн байсан. Түүнчлэн, намайг Улиастай сумын сонгуулийн хороонд ажиллуулах талаар албан бичгийг сургууль руу явуулсан, би сонгуулийн хороонд ажилласан байхад  ажлаас чөлөөлсөн байна. Сонгуулийн тухай хуулийн 29.2-т зааснаар сонгуулийн хорооны ажилтаныг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөх, огцруулах, өөр ажилд шилжүүлэхийг хориглодог. Би 2017-07-07-ныг дуустал тус сонгуулийн хороондоо ажилласан. Сонгуулийн хороонд ажиллаж байх хугацаанд 06-р сарын цалин болон 07-р сарын 5 өдрийн цалин коллежоос надад олгогдсон. Миний ээлжийн амралтыг 2017-05-24-ний өдрөөс А/23 тоот тушаалаар 2017-07-17-ны өдрөөс эхлэн амрахаар баталсан. Ийнхүү би ээлжийн амралтаа эдэлж байтал захирлын туслах 2017-08-18-ны өдөр намайг утсаар дуудаж, ирж тушаалаа ав гэж хэлсэн.  Иймд сургалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж өгнө үү гэжээ.

        Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Тус сургуулийн сургалтын албаны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Н нь 2017-06-08-ны өдөр Б/66 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.З нь СУИС-ийн салбар сургуульд бөгөөд бүрэлдэхүүн сургуулиудын нэгэн адил СУИС-аас баталж өгсөн бүтэц, орон тоонд захирагдан ажилладаг билээ. СУИС-ийн захирлын 2017 оны А/76 тоот тушаалаар манай сургуулийн бүтэц орон тоог өөрчилж, зарим ажлын байрыг нэгтгэх, ажилтны тоог цөөрүүлсэнтэй холбогдуулан байгууллагын дотоодод сэлгэн ажиллуулах, хавсран ажиллуулах, ажлын ачаалал, ажлын цагийг нягтруулах зэрэг зохион байгуулалтын арга хэмжээнүүдийг авч ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор сургалтын албаны мэргэжилтний ажлын байран дээр сонгон шалгаруулалт явуулсан ба Ц.Н нь сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн хариуг 2017-05-17-ны өдөр өөрөө бичгээр өгч, сонгон шалгаруулалтанд ороогүй тул ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан юм. Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017 оны А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаал дээр шинэчлэн баталсан орон тоог 2017-03-02-ны өдрөөс мөрдөж, зохион байгуулалт хийж ажиллах үүрэг өгсөн. Засгийн газрын 2016-09- 09-ны 47 дугаар тогтоолын дагуу зайлшгүй шаардлагын улмаас бүтэц орон тооноос илүү хүн ажиллуулах боломжгүй байна. СУИС-ийн захирлын 2014-11- 10-ны өдрийн 268 тоот тушаалаар 82 орон тоотойгоор ажиллаж байсан ба Соёл урлагийн их сургуулийн захирлын 2017-03-02-ны өдрийн А/76 тоот орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар 85 орон тоотойгоор баталж орон тоо хасагдах биш нэмэгдэн батлагдсан гэжээ. Их хуур, Найрал хөгжим удирдах ур зүйн багш, Эвэр бүрээ, баялаг бишгүүр гэх мэт ангиудыг шинээр нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна. Сургалтын албаны мэргэжилтний ажлын байрыг нэгтгэх талаар бүх багш, ажилчдаас цаасаар санал авч түүнийг нэгтгэхэд тус сургуульд нэг сургалтын албаны мэргэжилтэн байх боломжтой гэсэн санал гарсан. Энэ бүтэц орон тоогоор сургалтын албаны менежер 2 байсан орон тоо нь 1 болж хасагдаж ирсэн.Иймд 2017-03-17-ны өдөр ажлаас чөлөөлөх тухай мэдэгдэл өгсөн. Тэгж мэдэгдэл гаргахдаа техникийн алдаа гаргаж А/76 гэхийг А/78 гэж буруу бичсэн байсан тул хуудсыг сольж өгсөн. Энэ мэдэгдэх хуудсыг зөвхөн Норовсүрэн багшид өгөөгүй. Бусад орон тооны нэгтгэлээр ажлаас чөлөөлөгдсөн бүх хүмүүст өгсөн. Энэ нь хууль зөрчсөн зүйл байхгүй. Манай сургууль 2017-06-01-ний өдөр амрах ёстой байсан. Тиймээс сонгон шалгаруулалтыг 2017-05-30-ны өдөр явуулахаар болсон. Би тухайн үед Ц.Н багшийг аймагт байгаа гэж ойлгож байсан гэтэл Улаанбаатар явсан байсан. Сонгон шалгаруулалт явуулах тухай товлож зарласан байгаа учраас комисс байгуулж сонгон шалгаруулалтыг явуулсан. Ц.Н багш сонгон шалгаруулалтад орохгүй гээд явсан учраас тухайн үед ажиллаж байсан хүнийг үргэлжлүүлэн ажиллуулаад явсан. Манай сургуулийн онцлог бол баруун бүсийн 5 аймгийг театр чуулгын боловсон хүчнээр хангах үндсэн үүрэгтэй. Найрал хөгжмийн багш, эвэр бүрээ хөгжмийн багшийн орон тоон нэмж захиргаа аж ахуйгаас орон тоог нь цөөлсөн байгаа. Мөн энэ орон тоог цөөлөх тухай ажилчдаас санал авахад манай сургуулийн ажилчдын 90 хувь нь энэ бүтэц орон тоог хүлээн зөвшөөрч тэр саналаа Соёл урлагийн их сургууль руу явуулсан. Одоо манай сургуульд 200 гаран хүүхэд суралцаж байгаа. 200 гаруй хүүхдэд 1 сургалтын менежер байх нь зөв юм гэсэн саналыг явуулсан. Түүний дагуу манай сургуулийн бүтэц орон тоо батлагдаж ирсэн. Сонгуулийн тухай хуулийн 29.2, 29.3-т заасны дагуу Ц.Нд 2017 оны 06-р сарын цалин, 7 дугаар сарын таван өдрийн цалинг олгосон. Халагдсан тушаалыг 2017-08-21-ний өдөр гардуулсан. Иймд нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ. 

        Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан Ц.Нг СУИС-ийн салбар Зийн сургалтын албаны мэргэжилтний албан тушаалд эгүүлэн тогтоож, хариуцагчаас 4,365,077 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг суутган зохих санд шилжүүлэх, нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг хариуцагчид үүрэг болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч чөлөөлөгддөг болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1,60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагчаас 84,791 төгрөг гаргаж улсын төсвийн орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

        Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалаар Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

        Хариуцагчийн төлөөлөгч хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Сургууль нь 200 гаруй суралцагчтай байж  сургалтын 2 мэргэжилтэнтэй байх  шаардлагагүй, ажлын байрны чиг үүргийн давхардал бий болсон байсан. Жирийн ерөнхий боловсролын сургуулийн үлгэрчилсэн бүтцийг сайдын тушаалаар гаргасан ба уг тушаалд 400-800 хүүхэдтэй бол  сургалтын 1 мэргэжилтэн, 800-с дээш хүүхэдтэй тохиолдолд сургалтын 2 мэргэжилтэн байхаар заасан байдаг. Тэгээд соёл урлагийн их сургуулийн захирлын тушаалаар 1 сургалтын мэргэжилтэнтэй болохоор бүтэц ирсний дагуу 2 сургалтын мэргэжилтэнд хоёуланд нь тушаалын дагуу хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 2 удаа өгсөн. Мөн уг мэдэгдлүүдэд сонгон шалгаруулалтанд орох эрхтэй гэж тусгайлан зааж, орохыг амаар болон бичгээр мэдэгдсэн. Өөрөө орохгүй гэдгээ амаар болон бичгээр  мэдэгдэж дан ганц өөрийг нь чөлөөлөх мэтээр хоёр удаагийн мэдэгдэл, шинэчилсэн бүтэц, сонгон шалгаруулалтыг эрс эсэргүүцэж байсан. Бусад сургууль 400 хүүхэдтэй 1 сургалтын мэргэжилтэнтэй байхад манай сургууль нь 200 гаруйхан хүүхэдтэй боловч 2 сургалтын мэргэжилтэнтэй байсан. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: “... Орон тоог шинэчлэн батлах тухай тушаалаар тус коллежийн орон тоог сургалтын мэргэжилтэн 1 болгон цөөрүүлж баталжээ ... Ажилтны тоог цөөрүүлэх гэдэг нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд тэдгээрийн хооронд ажлын ачааллыг нь нягтруулах зорилгоор тэдгээрээс тодорхой орон тоог хасахыг хэлнэ ...” гэж дүгнэсэн атлаа тус коллежийн дээрх тушаалаас харахад ямар үндэслэлээр Зийн зохион байгуулалтын бүтэц, орон тоог шинэчлэн батлах болсон талаар үндэслэлээ заагаагүй байна гэж нотлох баримтанд үндэслээгүй дүгнэлт хийсэн байна. Өөрөөр хэлбэл, Соёл урлагийн их сургуулийн захирлын тушаалыг үгүйсгэсэн дүгнэлт өгсөн. Тушаалд шинэчилсэн бүтцийн дагуу орон тоо цөөрүүлсэн талаар дурдсан тухайн цөөрүүлсэн албан тушаалын орон тоон дээр ажиллаж байгаа ажилтнуудад хоёуланд нь хөдөлмөрийн тухай хуульд заасан 1 сарын өмнө мэдэгдэл хүлээлгэн өгсөн. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Өөрөөр хэлбэл, ажил үүргийн давхардлыг арилгасан, ажил үүргийг нэгтгэсэн бол аль аль ажлын байрны ажил үүрэг давхардалтай байсан, ямар ажлын байруудыг нэгтгэсэн гэх байдал тогтоогдохгүй байна ...” гэжээ, үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй бөгөөд Зид сургалтын мэргэжилтний орон тоо хоёр, энэ хоёр орон тоо нь нэг ажлын байрны тодорхойлолттой үүнийг шүүхэд гаргаж өгсөн. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...сонгон шалгаруулалтад оролцуулалгүй ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай байна” гэсэн нь ямар ч үндэслэлгүй юм. Учир нь нэхэмжлэгчид 2 удаа мэдэгдэл өгсөн уг мэдэгдлүүдэд сонгон шалгаруулалтад орох эрхтэйг зааж өгсөн. Үүний дараа нэхэмжлэгч өөрөө сонгон шалгаруулалтад орохгүй гэдгээ албан ёсоор коллежийн захиргаанд өгсөн. Надад сонгон шалгаруулалтын комиссын илтгэх хуудас ирснээр түүнийг чөлөөлсөн. Би нэхэмжлэгчийг сонгон шалгаруулалтад орохыг хориглоогүй харин ч удаа дараа орохыг мэдэгдсэн. Сонгон шалгаруулалтад болох үед би Ц.Нг ажил дээрээ байгаа гэж ойлгосон. Ц.Н нь коллежийн захирал надаас чөлөө авах журамтай, гэтэл надаас чөлөө авалгүй явсан байсныг сонгон шалгаруулалтын дараа мэдсэн юм. Нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад орохгүй байх бүх талын арга хэмжээ авсныг би сүүлд ойлгосон. Нэхэмжлэгчийн удаа дараагийн тайлбарт нэг болохоор чөлөөтэй байхад сонгон шалгаруулалт хийсэн, нэг болохоор эмнэлэгт хэвтсэн байхад чөлөөлсөн. Нэг болохоор Сонгуулийн хороонд ажиллаж байхад чөлөөлсөн. Манай сургуульд 2017 оны 06 сарын эхээр ирсэн актыг шүүхэд гаргаж өгөхөд намайг хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж гүтгэсэн, нэг болохоор 2017-06- 12-н хүртэл эмнэлэгт хэвтсэн гэж тайлбарлаж байснаа шүүх хуралдааны өмнө 06 сарын 05-ны өдрийг хүртэл акттай байснаа сунгуулсан гэх боловч гэрчээр асуугдсан н.Лхагважав нь Ц.Н нь 2017-06-07-ноос манай сонгуулийн хороонд ажилласан гэдэг хууль сануулж асуусан гэрчийн мэдүүлгээс зөрдөг. Шинэчилсэн бүтцээр дан ганц Ц.Нг чөлөөлнө гэсэн зүйл байгаагүй. Миний хувьд манай коллеж нь ерөнхий боловсрол болон бакалаврын боловсролыг олгодог бөгөөд бакалаврын боловсролыг зааж байгаа багш, ажилтан нь магистр зэрэгтэй байхыг хөдөлмөрийн дотоод журмаараа шаарддаг. Магистр зэрэгтэй багш, ажилтнуудыг чиглүүлж байгаа ажилтан нь магистр болон түүнээс дээш зэрэгтэй байх шаардлагатай бөгөөд сургалтын мэргэжилтнээр ажиллаж байгаа 2 ажилтнаас шууд магистр зэрэгтэй мэргэжилтнээ авч үлдэх байсан нь миний бүрэн эрхийн асуудал. Гэтэл би болон захиргааны зөвлөл тэгээгүй адилхан ажил хийж байсан бакалавр зэрэгтэй нэхэмжлэгч Ц.Нгийн эрхийг зөрчихөөр байсан тул сонгон шалгаруулалт хийхээр болж сонгон шалгаруулалтад орохыг удаа дараа мэдэгдсэн. Нэхэмжлэгч сонгон шалгаруулалт болохыг мэдсээр байж, түүнд ороогүй байж, анхан шатны шүүх хуралдааны үед сонгон шалгаруулалт болохыг мэдээгүй, мэдсэн бол орох байсан гэх мэтээр тайлбарлаж байсан нь тун харамсалтай байна. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаантай байсан бол захирал надад утсаар ч болов хэлээд чөлөөгөө авсан бол сонгон шалгаруулалтыг хойшлуулах талаар арга хэмжээ авах байсан. Тухайн сонгон шалгаруулалт болох өдөр буюу 2017-05- 31-ний өдөр хүртэл нэхэмжлэгч нь захирал надаас ямар нэгэн чөлөө аваагүй юм. Би ажлаа хийж байгаа гэж бодож байсан. Чөлөө аваагүй юм чинь сонгон шалгаруулалтад орох л үүрэгтэй. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хариуцагч байгууллага хөдөлмөрийн тухай хуульд заасан бүх шаардлагыг биелүүлсэн гэж дүгнэсэн атлаа ...гэсэн хэдий боловч нэхэмжлэгчийн ажиллаж байсан ажлын байрны тоо цөөрсөн гэх үндэслэл нь эргэлзээтэй байна /сургалтын мэргэжилтний орон тоо цөөрөөгүй байна/... нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг ямар нэгэн шалгуургүйгээр цуцалсан нь түүний эрхэд ноцтойгоор нөлөөлсөн ... шууд утгаараа Зийн ажлын байрны тоо цөөрөөгүй нь харагдаж байна ... боловсрол, үзэл бодол, арьсны өнгө, нас, эрэгтэй, эмэгтэйгээр нь ялгаварлах, хязгаарлах, давуу байдал тогтоохыг хориглоно /яаж ялгаварласнаа мэдэхгүй байна/ гэсэн заалтыг зөрчсөн ...сонгон шалгаруулалтад оролцохгүй гэдэг хүсэлтийг харгалзан сонгон шалгаруулалтад оролцуулалгүй /коллежоос оролцуулах бүх арга хэмжээг аваад байхад/ ажлаас чөлөөлсөн нь үндэслэл муутай гэх мэтчилэн нотлох баримтанд үндэслээгүй, хэргийн материалд байхгүй зүйлээр, хийсвэр дүгнэлтүүд хийсэнд гомдолтой байна. Бодит байдалд коллежийн бүтцийн дагуу цалин хөлс бодогдож ирдэг. Шүүхээс бол 2 сургалтын мэргэжилтэн байх ёстой энэ хоёрт бүтэц хамаагүй цалин өг, эсвэл одоо сургалтын мэргэжилтнээр ажиллаж байгаа н.Отгонтөгсийг чөлөөлөөд Ц.Нг ав гэсэн утгатай шийдвэр гаргасан нь үндэслэлгүй юм. Боловсролын сайдын тушаалаар нэг сургуульд 400 суралцагчтай бол 1 сургалтын мэргэжилтэн буюу менежер, 800-с дээш суралцагчтай бол 2 сургалтын мэргэжилтэн буюу менежертэй байх норм стандарттай байхад манай коллеж нь 200 гаруй суралцагчтай 2 мэргэжилтэнтэй байсан өөрчлөх зайлшгүй шаардлагатай зүйл байсан. Манай коллеж нь баруун аймгуудын соёл урлагийн байгууллагын боловсон хүчин бэлтгэдэг цорын ганц коллеж бөгөөд хамгийн тулгамдсан асуудал нь хөдөө орон нутагт нэн чухал мэргэжлийн багш авах зайлшгүй шаардлага тулгарсан юм. Хэргийн 35-36-р хуудсанд манай байгууллагын анхны тайлбар дээр ч тодорхой байгаа үүнд: Захиргаа аж ахуйгаас орон тоо цөөрүүлж, нэгтгэж байж манай сургуулийн нэн чухал шаардлагатай мэргэжлүүдийн мэргэжлийн багшийн орон тоог нэмсэн. Байгууллагын 2014, 2017 оны бүтэц дээр байгааг анхан болон давж заалдах шатны шүүхүүд үнэлэхгүй байна. Үүнд: Хөгжмийн онол дуурсахуйн ухаан, онол хоолойн ухааны багшийн орон тоог нэгээр нэмэгдүүлэн, Жүжиглэх уран чадвар, тайзны ярианы багш, Их хуур, Эвэр бүрээ, баялаг бишгүүрийн орон тоог шинээр нээн, орон тоог нэмэн тус ангиудыг нээн сургалт хүмүүжлийн үйл ажиллагаагаа одоог хүртэл явуулж байна. Эдгээр ангиуд нь манай коллежийг төгсөх бакалаврын дипломыг дүүргэхэд зайлшгүй орох хичээлүүд юм. Хэрэв ийм ангиудыг бий болгоогүй бол соёл урлагийн мэргэжлийн бакалаврын дипломыг өгөхөд хүндрэл учирсаар /Улаанбаатараас багш өндөр үнээр хөлсөлж/ ирсэн. Сургуулийн бүтэц өөрчлөх саналыг бүх ажилчдаар хэлэлцүүлж, нэхэмжлэгч ч өөрөө санал асуулгад оролцсон. Ажилчид бид үндсэн мэргэжлийн багшийг Улаанбаатар хотоос өндөр үнэ төлж, байрлах байр, нийгмийн бүх баталгааг дааж тодорхой хугацаагаар ажиллуулж байгаа нь маш их зардал гаргаж байгаа мөртлөө тухайн мэргэжлийн багш нарыг коллеждоо тогтоож чадахгүй байна. Бүтэц орон тоондоо оруулж шинээр оюутан зайлшгүй суралцаж дүүргэсэн байх мэргэжлийн хичээлийн ангиудыг нээж ажиллуулах шаардлагатай байна гэсэн санал гарсан. Үүний дагуу сургуулийн үндсэн зорилгод шууд хамааралтай орон тоог нэгтгэн, ажил үүргийн давхардал бий болсон ажлын байрыг буюу сургалтын 2 мэргэжилтний орон тоог цөөрүүлсэн. Одоо манай сургууль 1 сургалтын мэргэжилтэнтэй бүтэн жил болох гэж байна. Сургалтын мэргэжилтэн ажил их байна гэсэн гомдол гараагүй, учир нь нэг хүний ажлыг хоёр хүн хийж байсан болохоор сургалтын албанд ачаалал үүсээгүй. Манай коллежийн 82 орон тооны 34 орон тоо нь захиргаа аж ахуйн ажилтнууд байсан ба 2017 оны бүтцээр 29 болж цөөрүүлсэн, эсрэгээрээ мэргэжлийн боловсон хүчний орон тоог нэмсэн. Энэ нь бүтцээс тодорхой харагдаж байхад шаардлага байгаагүй, тодорхойгүй байна гэж давж заалдах шүүхээс үзсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “...Түүнчлэн, Ц. Норовсүрэн нь 2017-05-29-с 2017-06-12-ны өдрийн хооронд эмнэлгийн магадалгаагаар захиргааны чөлөөтэй байсан, мөн сонгуулийн хороонд ахлах зохион байгуулагчаар ажиллаж байсан байх бөгөөд энэ хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогджээ ...” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нь нэхэмжлэгч нь сонгон шалгаруулалтад аль болох орохгүй гэж зугтааж байсныг сүүлд ойлгосон. Захирал надад хэлэлгүй, надаас чөлөө зөвшөөрөл авалгүй сонгон шалгаруулалтанд орохгүй гэсэн бичиг хийж өгчхөөд явсан байсныг 2017-06- 02-ны өдөр мэдсэн. Тэгээд бичиг хэрэг энэ хүн хашаа явсан юм гэхэд нэг акт явуулсан байна гэхээр нь актыг үзэхэд 2017-06-05-ны өдөр дуусах акт байсан. Акт нь дууссан ч ажилдаа ирээгүй, юу ч мэдэгдээгүй тасалсан. Иймд би ажлаас чөлөөлөх шийдвэр гаргасан. Түүний дараа сонгуулийн хорооноос бичиг ирсэн би холбогдох хариуг нь өгсөн. Сонгуулийн хорооноос өмнө манай байгууллагад нэхэмжлэгчийг оруулахаар боллоо гэж, нэхэмжлэгч би сонгуулийн хороонд ажиллахаар боллоо гэж юуч хэлээгүй. Гэтэл ажилдаа ирэхгүйгээр сонгуулийн хороонд ажиллаад явсан байсан. Сургуулийн дотоод журмаар сонгуулийн хороонд ажиллах болсоноо мэдэгдэж чөлөөний хуудсаа авах ёстой. “... Ажилтан төрийн байгууллагын сонгуульт үүрэг гүйцэтгэж байгаа, эмнэлгийн шинжилгээ хийлгэх, эмчийн магадалгаагаар захиргааны чөлөөтэй байгаа хугацаанд ажил үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ажил албан тушаалыг хэвээр хадгалахаар Хөдөлмөрийн тухай хуулийн 35.1.1, 35.1.3 дахь хэсэгт зохицуулсан байх бөгөөд хуулийн энэ зохицуулалтыг дээрх тохиолдолд ажил тасалсан ажилтанг ажлаас чөлөөлөхийг хориглосон заалт гэж тайлбарлахаар байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн 29.2 дахь хэсэгт зааснаар сонгуулийн хорооны ажилтанг сонгуулийн холбогдолтой чиг үүргээ хэрэгжүүлж байх хугацаанд үндсэн ажлаас чөлөөлөх, огцруулах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин Ц.Нг 2017-06-08-ний өдөр ажлаас чөлөөлсөн үндсэн ажлаас чөлөөлөх, огцруулах, өөр ажилд шилжүүлэхийг хориглоно гэсэн заалтуудыг зөрчин Ц.Нг 2017-06-08-ний өдөр ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хууль бус байна.” гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Учир нь Сонгуулийн хороо нь манай байгууллагад урьдчилж мэдэгдэх ёстой гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаан дээрээ 7 хоногийн дотор шийдвэрээ бичгээр гаргана гэсэн боловч 18 хоногийн дараа удаа дараа шаардуулж, сүүлд нь бичгээр албан шаардлага өгснөөр гаргаж өгсөн болно. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Ц.Н 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр Соёл Урлагийн Их сургуулийн салбар Зид холбогдуулан нэхэмжлэл гаргаж, ерөнхий эрдэм, мэргэжлийн боловсрол хариуцсан сургалтын албаны мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэхийг шаарджээ. /хх 1, 80, 86, 168/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...бүтцийн өөрчлөлт хийж орон тоог цөөрүүлсэн... нэхэмжлэгч өөрөө сонгон шалгаруулалтад ороогүй...” гэж маргасан байна. /хх 35, 136-138, 155/

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ. 

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

        Соёл Урлагийн Их сургуулийн салбар Зийн захирал 2017 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/66 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, Монгол Улсын Их хурлын 47 дугаар тогтоолын 2а, Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны А/76 тоот тушаал, дотоод журмын 7.6-г үндэслэн “...бүтцийн өөрчлөлт хийж байгаатай холбогдуулан Сургалтын албаны мэргэжилтний нэг орон тоо цөөрсөн ...” гэж Ц.Нг ажлаас нь чөлөөлжээ.

        Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1 дэх хэсэгт заасан “...орон тоо цөөрүүлэх...” гэдэгт хуулийн этгээд, байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хасагдсаныг ойлгоно.

       “Орон тоог шинэчлэн батлах тухай” Соёл Урлагийн Их сургуулийн захирлын 2017 оны  А/76 дугаар тушаалд З-ийн бүтэц орон тоог сургалтын албаны нэг мэргэжилтэн байхаар баталжээ.

       СУИС-ийн захирлын 2014 оны 268 дугаартай тушаалаар Зийг 83 орон тоотой ажиллаж байсан ба 2017 оны А/76 дугаар тушаалаар орон тоог 85 болгосон байх бөгөөд хариуцагч байгууллагад сургалтын албаны мэргэжилтэний орон тоог цөөрүүлсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэх шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна. 

          Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, Хөдөлмөрийн тухай хуулийн  холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.  

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 137 дугаар шийдвэр, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 11 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ