Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 725

 

“Элээт” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Г.Даваадорж, Д.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,          

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/00106 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Элээт” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч Г.Төвшинбатад холбогдох       

Хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 105 542 278 төгрөгийн 50 хувь 52 772 639 төгрөг, нүх булахтай холбоотой гарах зардал 9 951 807 төгрөгийн 50 хувь 7 975 906 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг нийт 60 248 842 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Д.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Жавхлан

Хариуцагчийн өмгөөлөгч М.Энхбаяр

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

Нэхэмжлэгч "Элээт" ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цэндсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Элээт" ХХК нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын "Сэл" нэртэй газарт 1910 га талбай бүхий ашигт малтмалын хайгуулын 12614х дугаартай тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Г.Төвшинбат манай компанийн зөвшөөрөлгүйгээр 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр компаний нэрийг барин БНХАУ-ын иргэн Жа Хайронгтой хайгуулын 12614х дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах нэрийдлээр 01/010 дугаар гэрээг байгуулан, улмаар 2010 оны 6 дугаар сарын 01-ний дотор ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох, дагалдах бичиг баримтыг бүгдийг бүрдүүлж өгнө гэж манай хайгуулын 12614Х дугаартай лицензийг авч явсан ч холбогдох бичиг баримтуудыг гаргаж чадаагүй. Гэтэл 2010 оны 7 дугаар сард Мэргэжлийн хяналтын газраас манай компанид “алт угаах, хууль бус ажлаа зогсоо” гэсэн албан шаардлага 2010 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн. Ингээд манай компани Г.Төвшинбаттай уулзахад "...та нар санаа зоволтгүй, зардал мөнгийг би хариуцана" гээд 2010 оны 10 дугаар сарын 13-нд тодорхойлолт бичиж өгсөн. Тус хамтран ажиллах гэрээнд "Элээт" ХХК болон иргэн Г.Төвшинбат нар хамтдаа гэрээний "А" тал, харин Жа Хайронг нь "Б" тал болсон юм. Хамтран ажиллах гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч Жа Хайроны хувьд "Элээт" ХХК болон иргэн Г.Төвшинбат нар нь хамтран үүрэг гүйцэтгэгчид болсон. Үүрэг гүйцэтгүүлэгч Жа Хайрон нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, гэрээнээс учирсан хохирол болон бусад зардалд 204 937 408 төгрөгийг хамтран үүрэг гүйцэтгэгчдийн нэг болох "Элээт" ХХК-иас гаргуулах тухай шаардлагыг 2014 онд шүүхэд гаргасан. Жа Хайрон нь хамтран ажиллах гэрээнээс татгалзаж, хохирол гаргуулах тухай шаардлагыг зөвхөн "Элээт" ХХК-д холбогдуулан гаргасан. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн шийдвэрээр хамтран ажиллах гэрээг цуцалж, учирсан хохирол болон холбогдох зардалд "Элээт" ХХК-аас 105 542 278 төгрөгийг гаргуулж Жа Хайронд олгохоор шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн. "Элээт" ХХК нь 105 542 278 төгрөгийг Жа Хайронд бүрэн төлж, шүүхийн шийдвэрийг зохих ёсоор биелүүлсэн. Өөрөөр хэлбэл, хамтран үүрэг гүйцэтгэгч болох "Элээт" ХХК нь 105 542 278 төгрөгийг үүрэг гүйцэтгүүлэгч Жа Хайронгд дангаар төлсөн тул хамтран ажиллах гэрээтэй холбоотойгоор үүрэг гүйцэтгүүлэгч Жа Хайронгийн өмнө хүлээсэн Г.Төвшинбатын үүрэг дуусгавар болсон. Харин Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.12 дахь хэсэгт заасны дагуу "Элээт" ХХК нь хамтран үүрэг гүйцэтгэгч Г.Төвшинбатаас хамтран ажиллах гэрээний дагуу түүнд ногдох хэсгийн үүргийн гүйцэтгэлийг шаардаж нэхэмжлэл гаргасан.

Хэдийгээр хамтран ажиллах гэрээний 3.1-т талууд өөрт ногдох ашгийн хэмжээг хуваарилсан боловч хамтран үүрэг гүйцэтгэгч тус бүрийн хүлээх үүргийг нарийвчлан тодорхойлоогүй. Тиймээс Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11-т заасны дагуу хамтран үүрэг гүйцэтгэгч "Элээт" ХХК болон иргэн Г.Төвшинбат нар нь Жа Хайронгд төлсөн 105 542 278 төгрөгийг тэнцүү хэмжээгээр буюу тус бүр 52 772 639 төгрөгийг хариуцана. Түүнээс гадна Г.Төвшинбат хууль бусаар технологийн туршилт гэх нэрийдлээр хайгуулын лицензтэй талбайд газар шорооны ажил хийж нүх ухсан ба үүнийг булж газрыг нөхөн сэргээхэд 9 951 807 төгрөгийн зардлын 50 хувийг хариуцах үүрэгтэй. Иймд хамтран ажиллах гэрээний дагуу Жа Хайронгд төлсөн 105 542 278 төгрөгийн 50 хувь 52 772 639 төгрөг, нүх булахтай холбоотой гарах зардал 9 951 807 төгрөгийн 50 хувь 4 975 903 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг нийт 60 248 542 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Төвшинбатаас шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2010 оны 5 дугаар сарын 03-ны өдөр компаний нэрийг барин БНХАУ-ын иргэн Жа Хайронгтой хөрөнгө оруулалт хийх, хамтран ажиллах нэрийдлээр 01/010 дугаар гэрээг байгуулсан гэжээ. 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 3152/Б дугаар шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 749 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 679 дүгээр тогтоол, шинээр илэрсэн нөхцөл байдлыг хянуулах хүсэлтийг хэлэлцсэн Улсын дээд шүүхийн хяналтын шатны 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 4 дүгээр тогтоолоор тус тус хянаж шийдвэрлэсэн гурван шатны хүчин төгөлдөр шийдвэрүүд, түүнд авагдсан нотлох баримтуудаар нэхэмжлэлийн шаардлага нь бүхэлдээ үгүйсгэгдсэн буюу энэхүү хэрэг маргааныг өмнө нь шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн болохыг нотолно.

Мөн нэхэмжлэлийн шаардлагад хамаарах хохирол гэж үзсэн төлбөрүүд нь хамтран ажиллах гэрээний хүрээнд хөрөнгө оруулагч буюу гуравдагч этгээд БНХАУ-ын иргэн Жа Хайронгоос гарсан болохыг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 3152/Б дугаар шийдвэрээр тогтоогджээ. Өмнө нь нэхэмжлэлийн шаардлагын ижил үндэслэлээр иргэний хэрэг үүссэн ба "Элээт" ХХК нь тус шүүхэд хандан энэхүү шаардлагаа бүхэлд нь татан авах хүсэлт гаргасан ба тус шүүхээс 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 34145 дугаар "Нэхэмжлэгч нэхэмжлэлээ татан авсныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох" тухай захирамж гарсан. Энэхүү үйл баримт нь дээрх хуулийн этгээд нь хариуцагч Г.Төвшинбатаас шаардах эрхгүй болохоо ойлгож, хүлээн зөвшөөрсөн болохыг давхар нотлогдоно. Талуудын хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээ нь хүчин төгөлдөр, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 105 545 278 төгрөг "Элээт" ХХК-д зарцуулагдсан, энэхүү гэрээ хэрэгжсэнээр тус компанид ашигтай байдал бий болсон, гэрээнээс үүдэлтэй хохирлын асуудал бүрэн шийдвэрлэгдсэн зэрэг үйл баримт тогтоогдсон тул 3 шатны шүүх "Элээт" ХХК-иас гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. ....2014 онд хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар "Элээт" ХХК өөрөө нэхэмжлэл гаргасан ба БНХАУ-ын иргэн Жа Хайронг гаргаагүй.

Нөгөө талаас энэ иргэний хэрэгт анхнаасаа иргэн намайг хариуцагчаар татсан ба хэргийг 3 шатны шүүхээр эцэслэн шийдвэрлэж дуустал хариуцагчаараа л байсан. Иргэн миний бие хууль бусаар хаана ч нүх ухаж байгаль орчинд хохирол учруулж байгаагүй бөгөөд ухсан нүхийг булах, нөхөн сэргээхэд 9,951,807 төгрөгийн хохирол төлүүлэх шаардлага нь үндэслэлгүй. Харин технологийн туршилт хийхэд шаардлагатай хөрс хуулалтыг гэрээний Б тал явуулж, энэхүү ажлыг хийж гүйцэтгэхэд гарсан зардлыг "Элээт" ХХК-иас гаргуулсан. Нэхэмжлэгч тал өмгөөллийн зардалд төлсөн 2 500 000 төгрөгийг төлөх учиртай гэж маргажээ. Миний бие "Элээт" ХХК-д өмгөөлөгч авах, авахгүй байх талаар заах, үүрэг хүлээх боломжгүй гэж ойлгож байгаа ба өмгөөлүүлэх эрхээрээ хангагдах асуудалд ямар ч буруутай үйлдэл хийгээгүй тул энэхүү шаардлага үндэслэлгүй. "Элээт" ХХК-ийн Г.Төвшинбатаас 60 248 542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11, 242.12 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Төвшинбатаас 26 882 681 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч "Элээт" ХХК-д олгож, хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 105 542 278 төгрөгийн 50 хувь буюу 52 771 139 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас 25 888 458 төгрөгт холбогдох хэсэг, ухсан нүхийг булахтай холбоотойгоор гарах зардал 9 951 807 төгрөгийн 50 хувь буюу 4 975 903 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 590 355 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид тогтоосон хэмжээнээс илүү төлсөн 134 470 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж нэхэмжлэгч "Элээт" ХХК-д буцаан олгож, хариуцагч Г.Төвшинбатаас нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 292 363 төгрөг гаргуулж нэхэмжлэгч "Элээт" ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчариу давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

1. Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.2, 242.11 дэх зохицуулалтыг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлалгүй буруу тайлбарлан хэрэглэж, үндэслэлээ огт заагаагүй. Талуудын хооронд байгуулагдсан "Хамтран ажиллах гэрээ"-ний 7.4-д "Урьдчилсан хөрөнгө оруулалт болох 50 000 ам.долларыг буцаан төлөхтэй холбогдолтой маргаан гарвал иргэн Г.Төвшинбат хариуцана. "Элээт" XXК хариуцлага хүлээхгүй" гэж заасан нь хариуцагч миний хүлээх үүрэг тодорхой байсныг шууд нотлох бөгөөд энэхүү асуудлаар нэхэмжлэгч тал огт маргаагүй ба 3 шатны шүүхийн шийдвэрүүд ч давхар нотолсон. Нөгөө талаас хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгч тал хайгуулын ажлыг иргэн Г.Төвшинбат хийж гүйцэтгэсэн асуудалд маргаагүй харин бусад компаниар хийлгэж байгаа талаар “Элээт” ХХК-тай ярьж тохирсон зүйл байхгүй, энэ үнийн дүнд маргаж байгаа гэж тайлбарладаг. Энэ үйл баримт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3152/Б дугаар шийдвэрээр Г.Төвшинбат миний бие БНХАУ-ын иргэн Жа Хайронгийн өмнө ямар үүрэг хүлээсэн мөн хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох талаар огт дүгнэж, тайлбар өгөөгүй нь шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй буюу үндэслэлгүй байна.

2. Шүүх хэрэгт авагдсан, шинжлэн судлагдсан нотлох баримтын хүрээнд хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийгээ хэрхэн үнэлж байгаагаа заах учиртай боловч хамааралгүй, хамааралтай гэх дүгнэлт хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдсон, үүний хууль зүйн үндэслэлийг огт тодорхойлж заагаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 3152/Б дугаар шийдвэрт талуудын хооронд хамтран ажиллах гэрээ байгуулсныг нэхэмжлэгч тал хожим дэмжин хүлээн зөвшөөрсөн болохыг тогтоож, энэхүү гэрээний дагуу нэхэмжлэгч тал буюу “Элээт” ХХК-д уурхайн ашиглалт, олборлолтын үйл ажиллагаа явуулах боломжтой болсон буюу ашигтай нөхцөл байдал бий болсон, 105 545 278 төгрөг “Элээт” ХХК-д зарцуулагдсан болохыг мөн “Элээт” ХХК нэхэмжлэл гарган гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулахаар шаардсанаар уг гэрээг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж дүгнэсэн. Миний бие технологийн туршилт болон бусад зардал 9 413 013 төгрөг, 5ш гэр 4 470 000 төгрөг, экскаватор түрээс 9 000 000 төгрөг, ковш түрээс 7 300 000 төгрөг, камаз машины түрээс 9 000 000 төгрөг, түлшний үнэ 11 372 350 төгрөг, монгол ажилчдын цалин 3 210 000 төгрөгийн 50 хувийг төлөх болж байгаа нь үндэслэлгүй. Уул уурхайн салбар өндөр өртөгтэй, зардал ихээр шаардагддаг ба хайгуул, ашиглалтын ажлыг явуулахад хүн хүч, техник хэрэглэл огт хэрэглэхгүй, зардал гаргахгүйгээр хийж гүйцэтгэх боломжгүй. Гэтэл ямар үндэслэлээр хамааралтай, хамааралгүй зардал гэж ялган үзсэн энэхүү үйл баримт нь хэрэгт авагдсан ямар баримтаар тогтоогдоод байгааг огт заагаагүй бөгөөд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгөөгүй.

3. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт" Нэхэмжлэгч “Элээт” ХХК нь ашигт малтмалын зөвшөөрлийг эргүүлэн авч, МҮ-016664 дугаартай ашиглалтын тусгай зөвшөөрлийг "Сэлмандал" ХХК-д шилжүүлсэн болох нь баримтаар тогтоогдож байна" гэжээ. Гэтэл “Элээт” ХХК-ийн ашиглалтын тусгай зөвшөөрлийг хариуцагч миний бие авсан, эззмшсэн улмаар эргүүлэн өгсөн ямар ч нотлох баримт хэрэгт байхгүй бөгөөд хуралдаанаар ийм асуудал хэлэлцэгдээгүй . Анхан шатны шүүх миний бие ямар ч орлого олоогүй, өөрийн хүч хөдөлмөрөө зарцуулан хөрөнгө оруулагч талтай хамтран нэхэмжлэгч буюу “Элээт” ХХК-д ашигтай байдал бий болгосон буюу уул уурхайн олборлолтын үйл ажиллагаа явуулах нөхцлийг бүрдүүлж өгснөөрөө өөрөө хохирч, нэхэмжлэгч талын өмчлөл, эзэмшилд байгаа зүйлээс ямар ч хувь хүртэхгүй мөртлөө эсрэгээрээ зарцуулагдсан зардлыг төлөх болсон нь хууль, шударга ёсонд нийцэхгүй. Хариуцагч миний бие нэхэмжлэгчийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байгаа нь ойлгомжгүй. Иймд хэргийг гомдолд заасан үндэслэлд хязгаарлалгүйгээр бүхэлд нь хянан үзэж, хуульд нийцсэн шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “Элээт” ХХК нь хариуцагч Г.Төвшинбатад холбогдуулан хамтран ажиллах гэрээний дагуу төлсөн 105 545 278 төгрөгийн 50 хувь буюу 52 772 639 төгрөг, нүх булахтай холбоотой гарах зардал 9 951 807 төгрөгийн 50 хувь 4 975 903 төгрөг, өмгөөлөгчийн зардал 2 500 000 төгрөг нийт 60 248 542 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3152/б дугаар шийдвэрээр нэхэмжлэгч “Элээт” ХХК-иас хариуцагч Г.Төвшинбатад холбогдуулан гаргасан хамтран ажиллах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах үндсэн нэхэмжлэлийн шаардлага, “Элээт” ХХК-иас хохиролд 73 120 907 төгрөг гаргуулах тухай хариуцагч Г.Төвшинбатын сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,  уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Жа Хайронд 105 545 278 төгрөгийг нэхэмжлэгч “Элээт” ХХК-иас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн байна.

Зохигчдын хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээтэй холбоотой маргаан бүхий дээрхи хэргийг шийдвэрлэсэн анхан шат болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг  Улсын дээд шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 679 дүгээр тогтоолоор хэвээр үлдээн шийдвэрлэсэн тул шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон үйл баримтыг шүүх дахин нотлохгүй.

Харин нэхэмжлэгч “Элээт” ХХК нь анхан шатны шүүхийн 3152/б дугаар шийдвэрийн дагуу 105 545 278 төгрөг, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны зардал нийт 105 926 754 төгрөгийг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд төлсөн /1 хавтаст хэргийн 58-62/ үйл баримтыг талууд маргаагүй.

Хариуцагч Г.Төвшинбат хамтран ажиллах гэрээтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр, нэхэмжилж буй бусад зардлыг зөвшөөрөхгүй гэж маргажээ.

Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 3152/б дугаар шийдвэрээр, уг хэрэгт бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдээр оролцсон Жа Хайронд 105 545 278 төгрөгийг нэхэмжлэгч “Элээт” ХХК-иас гаргуулан олгохоор шийдвэрлэсэн  нь тус хэрэгтэй хамааралтай боловч хариуцагч Г.Төвшинбатад холбогдох нэхэмжлэлийн үндэслэл шаардлага болон хэргийн  хариуцагч этгээд нь өөр байх тул хариуцагчийн татгалзлыг тайлбарыг хүлээн авах боломжгүй.

Нэхэмжлэгч “Элээт” ХХК, хариуцагч Г.Төвшинбат нар Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.11 дэх хэсэгт зааснаар хамтран ажиллах гэрээний нэг тал буюу хамтран үүрэг гүйцэтгэгчид бөгөөд тэдгээр нь  БНХАУ-ын иргэн Жа Хайроны өмнө хүлээх үүргийн талаар шүүх хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан үндэслэл бүхий дүгнэж, нэхэмжлэгч “Элээт” ХХК-иас төлсөн 105 545 278 төгрөгийн ашигт малтмалтай холбоотой зардал болох 51 779 915 төгрөгийг хасч үлдэх 53 765 363 төгрөгийн 50 хувь болох 26 882 681 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь зөв болжээ.

Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, хийгдвэл зохих ажиллагааг бүрэн гүйцэтгэж, нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд заасантай нийцүүлэн  үнэлсэн боловч “Элээт” ХХК-иас гарсан зардлыг Г.Төвшинбатаас гаргуулахаар шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11 дэх хэсэгт хамтын үйл ажиллагааны улмаас бий болсон алдагдлыг гэрээний талууд хамтран хариуцахаар заасныг баримтлаагүй Иргэний хуулийн ерөнхий ангийн зохицуулалтыг баримталсан байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжтой.

Нэхэмжлэгч “Элээт” ХХК нь хайгуулын талбайд ухсан нүхийг булахтай холбоотойгоор гарах зардал болох 9 951 807 төгрөгийн 50 хувь болон өмгөөлөгчийн зардлыг хариуцагчаас гаргуулах шаардлагаа баримтаар нотлоогүй, уг зардал нь бодитойгоор гараагүй гэж  шүүх уг шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг буруутгах үндэсгүй.  

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2016/00106 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.2, 242.11, 242.12” гэснийг “Иргэний хуулийн 478 дугаар зүйлийн 478.11” гэж өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Г.Төвшинбатаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 292 364 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

           

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.НАРАНЦЭЦЭГ

                                                                ШҮҮГЧИД                                      Г.ДАВААДОРЖ

                                                                                                                        Д.БАЙГАЛМАА