Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 05 сарын 18 өдөр

Дугаар 127

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө,

шүүгдэгчийн өмгөөлөгч К , З ,

шүүгдэгч С , Ы  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт, Ы т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2013001430113 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 12-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 38 настай эрэгтэй, ам бүл 8, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, яс үндэс казах, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй. БӨ аймгийн Ө сумын 3 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 50 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял, БӨ аймаг дахь Сум дундын шүүхийн 2008 оны 8 дугаар сарын 28-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ял тус тус шийтгүүлж байсан, С , РД:БЭ81******.

2. Монгол Улсын иргэн, 1986 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр БӨ аймгийн Ө суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс казах, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, БӨ аймгийн Ө сумын 6 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ы , РД:БЮ86******.

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С  нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Е гийн эзэмшлийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “Dell” маркийн нөтбүүк болон “1тб” багтаамжтай хард диск хулгайлан авч шүүгдэгч Ы т 50.000 төгрөгөөр худалдсан,

Шүүгдэгч Ы  нь шүүгдэгч С аас “Dell” маркийн нөтбүүк болон “1тб” багтаамжтай хард дискийг  хулгайн эд зүйлийг мэдсээр байж зах зээлийн үнээс маш доогуур үнээр буюу 50.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч С  мэдүүлэхдээ: Худалдаж авахын хувьд авсан. Тухайн үед хулгайн эд зүйл гэдгийг мэдээгүй. С  явсны дараа л хулгайн эд зүйл байвал яана гэж бодсон. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.

Шүүгдэгч Ы  мэдүүлэхдээ: Тийм ээ, уг эд зүйлийг 50.000 төгрөгөөр худалдаж авахын хувьд авсан. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001430113 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

1. Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/,

2. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

3. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

4. Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

5. Яллагдагч Ы ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч С , Ы  нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар.

1.1. Шүүгдэгч С  нь 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр, иргэн Е гийн эзэмшлийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос “Dell” маркийн нөтбүүк болон “1тб” багтаамжтай хард диск хулгайлан авч шүүгдэгч Ы т 50.000 төгрөгөөр худалдсан,

1.1. Шүүгдэгч Ы  нь шүүгдэгч С аас “Dell” маркийн нөтбүүк болон “1тб” багтаамжтай хард дискийг  хулгайн эд зүйлийг мэдсээр байж зах зээлийн үнээс маш доогуур үнээр буюу 50.000 төгрөгөөр худалдан авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Е гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нөтбүүкээ 2020 оны 2 дугаар сарын эхний 7 хоногт “Б” ХХК-аас 1.750.000 төгрөгөөр авч байсан. Харин зөөврийн хардны талаар 2019 оны 1 дүгээр сарын дундуур Улаанбаатар хотод албан ажлаар явж байгаад тухайн үеийн үнэ ханшаар 170.000 төгрөгөөр авсан юм. Миний алдсан эд зүйлс нийт 1.930.000 төгрөгийн бодит хохирол учраад байна. Алдагдсан нөтбүүк “Dell” маркийн I5 саарал өнгийн, даавуун материалтай саарал өнгөтэй, хар оосортой, зөөврийн хард нь 1тб багтаамжтай хар хүрээтэй чернилэн ягаан өнгөтэй байсан. Хаанаас алдагдсан талаар дурдвал 2020 оны 3 дугаар сарын 24-ний өдөр орой 18 цагийн орчимд ажлаас цүнхтэй, цүнхний халаасанд хард, цэнэглэгч, албаны бичиг цаастай авч гараад машиндаа оруулж хойд талын суудалд тавиад, жолооч А ын хамтаар хуучин статистикийн хэлтсийн дарга байсан Ц  талийгаачийн хүү Г гийн гэрт айлчилж очсон. Очоод тэдний гэрт орохдоо машины хаалгаа цоожилсон эсэхээ сайн санахгүй, манай жолооч хэлэхдээ та цоожилсон гээд байсан.

...2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн өглөөний 09 цагийн орчимд эхнэрээ шүүхэд ажид дээр нь буулгаад өөрөө холбооны урд талын /Талбайн урд/ зогсоод дээр машинаа байрлуулаад ажил руугаа орсон. Ажлаас 12 цаг 10 минутын орчимд замаараа эхнэрээ аваад үдийн цайнд гэртээ очсон. Гэрт очоод цайны цаг өнгөрүүлээд 13 цаг 30 минутын үед эхнэрээ ажил дээр буулгаад өглөө нь машинаа байрлуулсан /талбайн урд/ зогсоод дээр байрлуулаад ажил дээр очиж ажиллаж байгаад. Өдрийн 14 цагийн орчимд хэлтсийн зохион байгуулагч С  гэх ажилтандаа түлхүүрээ өгөөд машин дотор бор, хар 2 цүнхтэй нотебүүкийг аваад ирээрэй гэж хэлээд машин руугаа явуулсан. Машинд очоод таны машинд очоод онгойлгож үзсэн чинь дотор нь хар цүнхтэй нотебүүк байна, харин саарал цүнхтэй нотебүүк алга байна гэж миний утас руу залгахаар нь би за за хар цүнхтэй нотебүүкийг бүү аваарай машин цоожлоод хүрээд ир гэж хэлсэн. С ыг гаднаас ороод ирсэн үед түлхүүрээ аваад машиндаа очиж нотебүүкээ хайж үзсэн боловч байхгүй байсан энэ үеэс нотебүүк алдагдсан талаар мэдсэн.

...Би өөрийн хулгайд алдсан эд зүйлсийг 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 26-30 дугаар хуудас/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...даргын өрөөнд ажлаар очих үед Е  дарга надад машины түлхүүрээ өгөөд машинаас бор, саарал өнгийн цүнхтэй 2 нөтбүүк байгаа түүний саарал өнгөтэй цүнхтэй нотебүүкийг аваад ирээрэй гэж хэлээд явуулсан. Түлхүүрийн аваад машины номероор нь хайгаад машинд очиход уг машин талбайн урд талын зогсоолд байрлуулсан байсан. Машин онгорхой эсвэл цоожтой байсан эсэхийг мэдээгүй түлхүүрэнд байх чипийн кнопыг дараад онгойлгосон юм. Уг машиныг чипээр онгойлгож дотор байгаа саарал өнгийн цүнхтэй нотебүүкийг авах гэтэл бор өнгийн цүнхтэй нотебүүк байсан бөгөөд саарал өнгийн цүнхтэй нотебүүк байхгүй байсан тэр үед дарга руу залгаж таны машинд саарал өнгийн цүнхтэй нотебүүк байхгүй байна гэдгийг хэлсэн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 34 дүгээр хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ы ыг танина. Нөтбүүк худалдаж авах үед хажууд нь байсан. Тэр өдөр 3 сарын хэдний өдөр байлаа даа сайн санахгүй байна 3 дугаар сарын 26-ны өдөр байсан болов уу, үл таних хүн Ы т нотебүүк худалдаад мөнгийг өгөх үед тэр хоёрын хажууд нь байсан ба уг нотебүүкийг 50.000 /тавин мянга/-аар худалдаж аваад мөнгийг нь бэлнээр өгсөн. Ы , С д ингэж хэлж байсан, “хэрэв энэ нотебүүк ямар нэгэн хулгайн холбогдолтой ч юм уу, янз бүрийн зүйл болбол 50.000 /тавин мянга/-аар аваагүй шүү 100.000 төгрөгөөр авсан шүү” гэдгийг хэлж тохиролцож байсныг сонссон. Уг нөтбүүкийг хэдэн төгрөгийн үнэтэй болохыг мэдсэнгүй уг нотебүүкийг би үзээгүй. Ы  мэдээж хямд авч байгаа юм чинь уг нотебүүкээс ашиг олох эсвэл хувьдаа ашиглах гэж байсан байлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 35 дугаар хуудас/,

- Яллагдагч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын хэдний өдөр байлаа даа сайн санахгүй байна, Ө сумын 13 дугаар багийн нутаг дэвсгэрт ганцаараа архи уухаар малын захын тийш явж байх замд айлын гадаа зогсож байсан саарал өнгийн суудлын тээврийн хэрэгслийн хаалгыг татаж үзэхэд онгорхой байсан уг суудлын тээврийн хэрэгслийн хойд талын суудалд саарал өнгийн цүнх байхад уг цүнхийг хүн харахаас өмнө аваад явсан. Авч явсан цүнхтэй эд зүйлээ тоосгоны үйлдвэрийн хойд талд аваачаад задалж үзэхэд дотор талд нотебүүк 1 ширхэг цэнэглэгч, гар байсан ба хэдэн бичгийн цаас байсан.

... Уг цүнхтэй нотебүүкийг аваад малын захын урд 14-15 цагийн орчимд очиход портерын кузов дээр сууж байсан залуугийн дэргэд /Ы ын дэргэд/ очоод энэ нотебүүкийг авах уу гэж асуусан тэр залуу надаас хэдээр өгөх юм бэ гэхэд нотебүүкийг задалж үзүүлээд 100.000 төгрөгөөр худалдаж авбал шууд өглөө гэж хэлсэн. Тэр залуу /Ы / намайг 50.000-аар өгвөл худалдаж авлаа гэж хэлэхээр за за мөнгө өгөөд шууд ав гэсэн тэр үед надаас нотебүүк худалдаж авсан залуу цаана явж байсан нэг залууг дуудаж уулзаад надад 50.000 төгрөг тоолж өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47 дугаар хуудас/,

- Яллагдагч Ы ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдөр үдээс хойш малын захын хашааны хойд талд өөрийн 2256 БӨА улсын дугаартай Стивер маркийн ачааны машинтай нүүрс зарж байхад үдээс хойш 14 цагийн орчимд нэг үл таних залуу ганцаараа ирээд та нотебүүк авах уу би энэ нотебүүкийг зарах гэсэн юм гэхээр нь асааж үзээд хэдээр зарах юм гэхэд 100.000 төгрөгөөр зарна гэхэд би 50.000 төгрөгөөр зарвал яг одоо авъя гэхэд тэг тэг ав гээд надад нотебүүкийг өгсөн ба би ч түүнд 50.000 төгрөгийг бэлэн мөнгөөр өгсөн ба чи ахиад надаас энэ нотебүүкийг буцааж авна гэх юм бол 100.000 төгрөгөөр авна шүү гэж хэлэхэд тэгнэ тэгнэ гээд надаас мөнгө аваад яваад өгсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 49 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг, шүүгдэгч Ы ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч С , Ы  нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хэмээн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаантай асуудал байхгүй хэмээн тус тус тайлбарласан болно.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авч өөрийн эзэмшил болгохыг ойлгох ба шүүгдэгч С  иргэн Е гийн эзэмшлийн **** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дотроос 1.930.000 төгрөгийн үнэтэй эд зүйл хулгайлсан болох нь нотлогджээ.

Шүүгдэгч Ы ын хувьд гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого ... гэдгийг мэдсээр байж шүүгдэгч С аас зах зээлийн үнэ ханшнаас маш доогуур үнээр буюу эд зүйлсийг 50.000 төгрөгөөр худалдсан авсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдсон ба шүүгдэгч Ы ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна. 

Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд тус гэмт хэргийг шүүгдэгч нар нь шунахай сэдэлтээр амар хялбар аргаар мөнгө олох, эд хөрөнгөтэй болох зорилготой үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч Ы ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч С ын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Е д 1.930.000 төгрөгийн бодит хохирол учирсан ба мөрдөн шалгах ажиллагааны явцад эд зүйлийг хураан авч хохирогч Е д хүлээлгэж өгснөөр хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч С  нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ы аас гаргуулахаар тогтоосон хохирол төлбөр байхгүй тул шүүгдэгч Ы  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүхээс шүүгдэгч С , Ы  нар эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч Ы т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан.

Шүүгдэгч С ын өмгөөлөгч К оос шүүгдэгч С ын хохирлыг нөхөн төлсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан ялыг хөнгөрүүлж өгөхийг,

Шүүгдэгч Ы ын өмгөөлөгч З аас шүүгдэгч Ы т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу тэнсэж өгнө үү хэмээн тус тус мэтгэлцсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.”, 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.” гэж тус тус хуульчилсан байна. 

Шүүгдэгч С д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ы т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг тус тус харгалзав.

Шүүгдэгч С , Ы  нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэрэг нөхцөл байдалд тус бүрт дүгнэлт хийж, шүүгдэгчийн өмгөөлөгч К ын шүүгдэгч С д оногдуулах ялыг хөнгөрүүлэх тухай, шүүгдэгчийн өмгөөлөгч З ын шүүгдэгч Ы т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн холбогдох заалтыг журамлан ял оногдуулах санал нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч С д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 сарын хугацаагаар хорих ял шийтгэх, шүүгдэгч Ы т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч С д оногдуулсан 11 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Мөн шүүгдэгч Ы т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэв.   

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хураагдсан эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нараар гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болно.

Шүүгдэгч С  хорих ял шийтгүүлсэн тул түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Ы т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд;

Шүүгдэгч Ы ыг гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч, мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С ыг 11 (арван нэг) сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ы т хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

З. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С д оногдуулсан 11 (арван нэг) сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ы т оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг тэнссэн 1 жилийн хугацаанд авч, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан хугацаанд шүүгдэгч Ы  нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх уг албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч С , Ы  нар нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэднээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжилсэн эд хөрөнгө үгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримтыг ирүүлээгүй зэргийг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ы т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч С д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнд өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх хорих ялыг 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч К.Серикболд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Ы т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Х.ТАЛГАТ