| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0127/Э |
| Дугаар | 139 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 24.5.2., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 139
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Б ,
иргэний нэхэмжлэгч С ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Б ,
шүүгдэгч А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А д холбогдох эрүүгийн 2013001520123 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 4, эцэг эх, хүүхдийн хамт амьдардаг, суурь боловсролтой, мэргэжилгүй, малчин гэх, БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багт оршин суудаг, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, А , регистрийн дугаар БЕ92******.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А нь 2019 оны 3 дугаар сарын үеэр БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг “Дунд хар өлхөн” /нутгийнхан Хоромт гэж нэрлэдэг/ гэх нэртэй газарт мал хариулж явж байгаад урьд нь чоно идсэн үхрийн сэг дээр зогсож байсан саарал амьтныг чоно гэж андууран Монгол Улсын улаан номинд орсон нэн ховор амьтан буюу 1 тооны цоохор ирвэсийг буудаж, уг ирвэсийн арьсыг Б сумын 1 дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нараас гаргасан мэдүүлэг.
Шүүгдэгч А ээс мэдүүлэхдээ: 2019 оны 03 сарын дундуур Б сумын “Хар күнгей” гэх газар үхрийн цэг идэж байсан амьтныг чоно гэж андууран буудсанаа хүлээн зөвшөөрч байна. Тухайн газар нь хонхор газар байсан учир сайн харагдаагүй. 200 метрийн зайнаас буудсан байсан. Урьд нь манай нутагт ирвэс байдаггүй байсан учир чоно гэж андуурч буудсан. Дараа нь хажууд нь очиж харахад урт сүүлтэй байсан учир чоно биш гэдгийг мэдсэн. Арьсыг нь өвчиж аваад цэгийг нь тэнд үлдээгээд явсан. Арьсыг нь хадгалж байсан маань үнэн. Энэ явдлаас сарын дараа эхнэр маань нас барсан. 10 сартай хүүхэдтэй үлдсэн. Айгаад арьсыг нь нууж явсан маань үнэн. Чоно гэж андуурсан байсан. Манай нутагт чоно ихтэй байдаг ба урьд нь бас чоно буудаж байсан. Манай нутгийн хүмүүс бүгд намайг мэдэж байгаа. Шүүхээс 10 сая төгрөгийн торгуулийн ял оногдуулж өгөхийг хүсэж байна. Ээж маань өндөр настай эцэг эх маань өндөр настай хүмүүс. Хүүхэд маань надаас өөр хүнийг хайхардаггүй. Одоо ээж маань арай гэж харж байгаа. Хуулийн хөнгөлөлт үзүүлж өгөхийг хүсэж байна гэв.
Иргэний нэхэмжлэгч С аас мэдүүлэхдээ: Монгол Улсын Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлд заасны дагуу манай байгууллагаас шүүгдэгч А ээс 22.400.000 төгрөг нэхэмжилж байгаа. Иргэний нэхэмжлэлээ дэмжиж байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001520123 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Шүүгдэгч А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-21 дүгээр хуудас/,
2. Цоохор ирвэсийн арьсыг шүүгдэгч А ээс хойшлуулшгүйгээр хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
3. Цоохор ирвэсийн арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
4. Яллагдагч А ийн эзэмшлийн улсын дугааргүй, “Мустанг-5” загварын мотоциклийг битүүмжилсэн мөрдөгчийн тэмдэглэл /хавтаст хэргийн 29 дүгээр хуудас/,
5. Гэрч Е мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,
6. Гэрч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
7. Гэрч Т ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
8. Цоохор ирвэсийн арьсанд шинжилгээ хийсэн Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч Ж гийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
9. Цоохор ирвэсийг агнахад ашигласан ZКК-600 маркийн гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийг хураан аван тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 11-12, 25-26 дугаар хуудас/,
10. Иргэний нэхэмжлэгч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
11. БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн Шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа /хавтаст хэргийн 66-67 дугаар хуудас/,
12. Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/,
13. 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдөр төрсөн охин А ийн К ын төрсний гэрчилгээний хуулбар /хавтаст хэргийн 84 дүгээр хуудас/,
14. Шүүгдэгч А болон Ж нарын гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, Ж 2019 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа /хавтаст хэргийн 85, 122 дугаар хуудас/,
15. Шүүгдэгч А ийн ам бүл, хувийн байдлыг тодорхойлсон БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн Засаг даргын тодорхойлолтууд /хавтаст хэргийн 89-90 дүгээр хуудас/,
16. Шүүгдэгч А ийн 2017 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр БӨ аймгийн мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлсэн тухай өвчний түүхийн хуулбар /хавтаст хэргийн 91-115 дугаар хуудас/,
17. А ийн К ын Гэр бүлийн нөхцөл байдлын үнэлгээ, Хүүхдийн эрсдэлийн нөхцөл байдлын үнэлгээ /хавтаст хэргийн 126-135 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч А ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд
1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч А ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч А ээс уг гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 2013001520123 дугаартай, “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” тогтоолоор шүүгдэгч А ийн үйлдэл холбогдлыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нэн ховор амьтан болох ирвэсийг агнаж, улмаар эд эрхтэн болох арьсыг хадгалсан гэмт хэрэг үйлдсэн хэмээн үзэж яллагдагчаар татаж шалгасан боловч нэн ховор амьтан болох 1 тооны ирвэсийг санаатай агнасан нь хангалттай нотлох баримтаар тогтоогдохгүй тул уг үйлдлийг нь хяналтын прокурорын 2020 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 5/11 дугаартай тогтоолоор хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Шүүгдэгч А нь 2019 оны 3 дугаар сарын үеэр БӨ аймгийн Б сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байдаг “Дунд хар өлхөн” /нутгийнхан Хоромт гэж нэрлэдэг/ гэх нэртэй газарт мал хариулж явж байгаад урьд нь чоно идсэн үхрийн сэг дээр зогсож байсан саарал амьтныг “чоно” гэж андууран Монгол Улсын улаан номинд орсон нэн ховор амьтан буюу 1 тооны цоохор ирвэсийг буудаж, уг ирвэсийн арьсыг тус аймгийн Б сумын 1 дүгээр багт байрлах өөрийнхөө гэрт 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл хадгалсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
- Яллагдагч А ийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэлд: “...Би цоохор ирвэс буудсан газрыг зааж өгч чадна. ...тэгээд би уулын хадны нөмөрт очиж зогсоод эгц урагшаа харах үед уг ууланд нэг амьтан үхрийн сэг идэж байсан гэх газрыг зааж харуулсныг гэрэл зургаар бэхжүүлэв. Үргэлжлүүлэн ярина уу гэхэд тэгээд би уг газарт өвдөглөн сууж бууны тусгалыг 200 метрт тааруулж байгаад уг үхэр идэж байгаа амьтан руу шагайж байгаад толгой нь цухуйх үед буудсан гэж заасныг гэрэл зургаар бэхжүүлэв. Тэгээд би уг амьтныг очиж харахад цоохор ирвэс байсан. ...дараа нь би уг цоохор ирвэсийг буулгаж, уулын бэлд байрлах чулуу ихтэй газарт аваачин махыг нь үлдээж арьсыг авч явсан” гэж мэдүүлсэн байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 14-21 дүгээр хуудас/,
- Цоохор ирвэсийн арьсыг шүүгдэгч А ээс хураан авсан тэмдэглэл, уг ажиллагааг хүчинтэйд тооцсон прокурорын тогтоол /хавтаст хэргийн 22-23 дугаар хуудас/,
- Цоохор ирвэсийн арьсанд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд: “...А ээс хураан авсан гэх ирвэсийн арьс нь нийт урт нь 2.16 см, өргөн нь 50 см, сүүл нь 72 см урттай, толгой хэсэг нь 30 см урттай, 4 хөл сарвуутай цоохор ирвэсийн арьс байв” гэсэн байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хавтаст хэргийн 7-10 дугаар хуудас/,
- Монгол Алтайн нурууны улсын тусгай хамгаалалттай газруудын хамгаалалтын захиргааны байгаль орчны хяналтын байцаагч Ж гийн 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай шинжээчийн: “Шинжилгээнд хүргүүлсэн арьс нь биеийн бүтцийн хувьд жижгэвтэр, богинохон, хөвсгөр үстэй, биеийнхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй цоохор ирвэсийн арьс байна. Тухайн арьс нь толгойн гавал ясгүй, дөрвөн тавхайтай хамт байсан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны болон Монгол Улсын улаан ном, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 1-р хавсралт, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нэн ховор амьтадын жагсаалтад бүртгэгдсэн цоохор ирвэсийн арьс байна.
...Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Амьтны тухай хууль, Засгийн газраас баталсан холбогдох тогтоолыг үндэслэн цоохор ирвэс /эр/ экологи эдийн засгийн үнэлгээг тогтооход 22.400.000 төгрөгийн хохирол амьтны аймагт учруулсан.” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас/,
- Цоохор ирвэсийг агнахад ашигласан ZКК-600 маркийн гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийг хураан аван тэмдэглэл, прокурорын зөвшөөрөл, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтэд “...үзлэг хийхэд тухайн галт зэвсэг нь гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий БН Чех улсад үйлдвэрлэгдсэн, Б сумын 1 дүгээр багийн иргэн Т /БЕ59******/ гэдэг хүний нэр дээр бүртгэлтэй галт зэвсэг байна” /хавтаст хэргийн 11-12, 25-26 дугаар хуудас/,
- Иргэний нэхэмжлэгч С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би БӨ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газарт Өлгий сум хариуцсан байгаль хамгаалагчаар ажилладаг. Энэ ажилд 5 дахь жилдээ ажиллаж байна. БӨ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ж гийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн №-1 дугаартай шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, асууж тодруулах зүйл байхгүй. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.2, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь заалтад нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөсөн үнэ болох 22.400.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би шүүх хуралдаанд биечлэн оролцоно. Шүүгдэгч нь нөхөн төлбөр төлөөгүй учраас заавал оролцох болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 36 дугаар хуудас/,
- Яллагдагч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Б сумын 1 дүгээр баг Хөх эрэг гэх газар оршин суудаг бөгөөд 2019 оны 3 дугаар сарын дунд үеэр тус багийн “Хоромт” гэх газраас мал хариулж явж байгаад урьд нь чоно идсэн үхрийн сэг дээр нэг саарал амьтан байхаар нь өөрийн үүрч явсан “Лосс-800” маркийн калибр буугаар нэг удаа буудахад уг амьтан үхсэн. Би хажууд нь очиход цоохор ирвэс байсан юм. Би 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр өгсөн гэрчийн мэдүүлэгтээ уг цоохор ирвэсийг буудсаны дараа гэртээ авчраад нядалж янзлаад арьсыг нь элдээд тавьсан гэж андуурч хэлсэн байна, харин 2020 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр мэдүүлэг өгөхдөө уг цоохор ирвэсийг буудсан газарт нядалж янзлаад арьсыг нь авч явж гэртээ хадгалж байгаад баригдсан гэж мэдүүлсэн нь үнэн юм.
Гэхдээ би уг ирвэсийг буудсан газраас нь холдож уулын бэлд аваачиж чулуун дээр тавьж байгаад арьсыг нь авч махыг нь үлдээсэн юм. Би уг цоохор ирвэсийг агнах үед мал хариулж уулын бэлд явж байсан ба бид мал хариулах үед чононоос хамгаалж байнга буу үүрч явдаг байсан. Би цоохор ирвэсийг ойролцоогоор 200 метр орчим зайнаас буудсан, урьд нь цоохор ирвэс харж байгаагүй, би чоно гэж харсан. Би хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна. Мөн хэрэг хийсэндээ гэмшиж байна, би уг цоохор ирвэсийг таньж мэдээгүйгээс андуурч буудсан. Иймд надад хуулийн хөнгөлөлт үзүүлнэ үү” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 76-79 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлд “Хууль үйлчлэх цаг хугацаа”-г тодорхойлж өгсөн бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Гэмт хэргийн хор уршиг хэзээ илэрснээс үл хамааран энэ хуульд заасан гэмт үйлдэл, эс үйлдэхүй төгссөн үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаагаар тооцно.”, 3 дахь хэсэгт “Гэмт үйлдэл, эс үйлдэхүй тодорхой хугацаанд үргэлжилсэн бол гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна” гэж тус тус заасан.
Шүүгдэгч А ийн нэн ховор амьтан болох цоохор ирвэсийн арьсыг хадгалсан үйлдэл нь 2019 оны 3 дугаар сарын сүүлээр эхэлж 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр дуусгавар болсон байна /гэмт хэрэг нь илэрснээр/.
Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “...Нэн ховор амьтанд ...Цоохор ирвэс /Uncia uncial/ ...зэрэг амьтан хамаарна” гэж хуульчилсан байх бөгөөд шинжээчийн 2020 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 дугаартай: “Шинжилгээнд хүргүүлсэн арьс нь биеийн бүтцийн хувьд жижгэвтэр, богинохон, хөвсгөр үстэй, биеийнхээ урттай тэнцэхүйц хэмжээний урт сүүлтэй цоохор ирвэсийн арьс байна. Тухайн арьс нь толгойн гавал ясгүй, дөрвөн тавхайтай хамт байсан. Дэлхийн байгаль хамгаалах холбооны болон Монгол Улсын улаан ном, Зэрлэг амьтан ургамлын аймгийн ховордсон зүйлийг олон улсын хэмжээнд худалдаалах тухай конвенцын 1-р хавсралт, Монгол Улсын Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт нэн ховор амьтдын жагсаалтад бүртгэгдсэн цоохор ирвэсийн арьс байна” гэх дүгнэлтээр цоохор ирвэс /эр/ мөн болох нь тогтоогдсон.
Харин буудсан амьтан нь ирвэс буюу нэн ховор амьтан болохыг мэдсэний дараа арьсыг нь шүүгдэгч А 2019 оны 3 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр хүртэл хадгалсан байна.
Шүүгдэгч А ийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй байх тул шүүгдэгч А т дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Гэм хэрэг гарахад шүүгдэгчийн хуулийн зохих мэдлэггүй байдал, хувийн байдал нь нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.
2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.
Прокуророос үйлдсэн яллах дүгнэлтэд шүүгдэгч А ийг бусдад төлөх төлбөргүй, гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т “Энэ хуулийн 25.3-т заасан тодорхойлолт аваагүй амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан, худалдан авсан, гадаадад гаргахыг завдсан этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна.” гэж заасан ба нэн ховор амьтны түүхий эд болох арьсыг хадгалсан үйлдэл нь үүнд хамаарахгүй тул нөхөн төлбөр 22.400.000 төгрөгийг гаргуулах боломжгүй хэмээн,
Иргэний нэхэмжлэгчээс шүүгдэгч А ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд 11.200.000 төгрөгийн хохирол учирсан, экологи эдийн засгийн үнэлгээгээр уг 11.200.000 төгрөгийн хохирлыг хоёр дахин төлүүлдэг хууль журмыг баримтлан учирсан хор уршигт 22.400.000 төгрөг гаргуулж өгнө үү хэмээн мэтгэлцсэн болно.
Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг баталсан ба үүнд цоохор ирвэс эр нь 11.200.000 төгрөг, эм нь 13.000.000 төгрөгөөр тогтоосон байх ба Амьтны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн 4.1.20 дахь заалтад зааснаар “ангийн гаралтай түүхий эд” гэж амьтны арьс, шир, үс,...зэрэг эд эрхтнийг;” ойлгоно гэж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт “Нэн ховор амьтанд ... Цоохор ирвэс /Uncia uncial/ зэрэг амьтан хамаарна.”, 7.2 дахь хэсэгт “Нэн ховор амьтныг төрийн захиргааны төв байгууллагын тусгай зөвшөөрлөөр зөвхөн эрдэм шинжилгээний ажил гүйцэтгэх зориулалтаар агнаж, барьж болно.”, 39 дүгээр зүйлийн 39.2 дахь хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль, эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ...” гэж тус тус заажээ. Хуулийн энэхүү зохицуулалтаас үзэхэд нэн ховор амьтныг зөвхөн хуульд зааснаар агнахыг зөвшөөрч, бусад тохиолдолд агнахыг хориглосон байна.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А цоохор ирвэсийг “чоно” хэмээн андуурч буудах үед өөрт нь болон мал амьтанд тулгарсан бодит аюулгүй, өөрийн хууль бус үйлдлээ ухамсарлаж байсан нь тогтоогдсон, амьтны аймагт бодит хохирол учруулсан тул түүнийг нөхөн төлбөрөөс чөлөөлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. Мөн Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” хэмээн заасныг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч А ийн хууль бус үйлдлийн улмаас Байгаль орчин, уур амьсгалын санд 11.200.000 төгрөгийн хохирол учирсан болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, иргэний нэхэмжлэгч С ийн мэдүүлэг болон бусад бичмэл нотлох баримтуудаар нотлогдсон ба Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 2 дахь заалтад “амьтны аймагт учирсан хохирлыг тухайн амьтны экологи–эдийн засгийн үнэлгээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ”-гээр тогтоохоор хуульчилсан тул нөхөн төлбөр 22.400.000 төгрөг байна.
Иймд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч А ээс хохирлын нөхөн төлбөрт 22.400.000 төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулах нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэлээ.
3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А т 10.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэх тухай дүгнэлтийг гаргасан байна.
Шүүхээс шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал /урьд ял шийтгүүлж байгаагүй, бага насны хүүхэдтэй эцэг, амьдрал ахуйн байдал/, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгож, 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.
Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж, хэргийн хамт ирүүлсэн цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А т буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ZKK-600 загварын, гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийг гэрчилгээний хамт эзэмшигч нь болох Т д буцаан олгож, мөн цоохор ирвэсийн арьс 1 ширхгийг хэрэгцээний дагуу БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлж, шүүгдэгч А ийн эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” загварын мотоцикл 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй.
Шүүгдэгч А т урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бөгөөд шүүгдэгчийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А ийг нэн ховор амьтны түүхий эдийг хадгалсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А ийг 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А т оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх эхсэг, Засгийн газрын тусгай сангийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.3 дахь заалтыг тус тус баримтлан шүүгдэгч А ээс амьтны аймагт учруулсан нөхөн төлбөрт 22.400.000 /хорин хоёр сая дөрвөн зуун мянга/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын санд оруулсугай.
6. Энэ хэрэгт шүүгдэгч А нь цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг дурдаж, цахим үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч А т буцаан олгохыг шүүгчийн туслах Т.Хуанышт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн ZKK-600 загварын, гол төмөр 745243041, замаг 041 дугаар бүхий галт зэвсгийг гэрчилгээний хамт эзэмшигч нь болох Т д буцаан олгохыг, мөн цоохор ирвэсийн арьс 1 ширхгийг хэрэгцээний дагуу БӨ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газарт шилжүүлэхийг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газарт даалгаж, шүүгдэгч А ийн эзэмшлийн улсын дугааргүй, улбар шар өнгийн “Мустанг-5” загварын мотоцикл 1 ширхгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч А т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
10. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд А т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ