| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 161/2020/0126/Э |
| Дугаар | 138 |
| Огноо | 2020-06-04 |
| Зүйл хэсэг | 17.1.2.4., |
| Улсын яллагч | Б.Б |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 138
БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,
орчуулагч, хэлмэрч Е,
улсын яллагч Б ,
шүүгдэгч нарын өмгөөлөгч К ,
шүүгдэгч Д , М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д , М нарт холбогдох эрүүгийн 2013001100118 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
1. Монгол Улсын иргэн, 1994 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 25 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д , регистрийн дугаар Б394******,
2. Монгол Улсын иргэн, 1998 оны 3 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, яс үндэс казах, ам бүл 4, эцэг эх, дүү нарын хамт амьдардаг, БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой, урьд ял шийтгүүлж байгаагүй, М , регистрийн дугаар БЮ98******.
Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д , М нар бүлэглэн М гийн 24** БӨТ улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслээр явж 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн О ийн том оврын тээврийн хэрэгсэл хашааны гадна байхад нь түлшний банкнаас 60 литр дизель түлш, 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр тус багийн нутаг дэвсгэрт иргэн С ын том оврын тээврийн хэрэгсэл хашаанд нь байх үед түлшний банкнаас нь 80 литр түлш, мөн 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэн Е ы 77** БӨА улсын дугаартай “Венз” загварын тээврийн хэрэгслийн түлшний банкнаас Ө сумын 1 дүгээр багт иргэн М ын хашаанд байхад нь 15 литр дизель түлш, мөн Д нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ганцаараа явган очиж иргэн С ын дээрх тээврийн хэрэгсэл хашаандаа байхад нь түлшний банкнаас 20 литр түлшийг тус тус үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглаж хулгайлж, бусдад нийт 892.824 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нараас гаргасан мэдүүлэг.
1. Шүүгдэгч Д ээс мэдүүлэхдээ: Хуулийн хөнгөлөлт хүсэж байна. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өөр хэлэх зүйл байхгүй гэв.
2. Шүүгдэгч М гаас мэдүүлэхдээ: Найз маань гэрт түлээ, нүүрс дуусчихлаа яваад өгөөч гэж ирэхээр нь хамт явсан, Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа зөвшөөрч байна гэв.
Хоёр: Эрүүгийн 2013001100118 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
1. Хохирогч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас/,
2. Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 87-91 дүгээр хуудас/,
3. Хохирогч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас/,
4. Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн мэдүүлэг /112-113 дугаар хуудас/,
5. Яллагдагч М , Д нараас гэмт хэрэг үйлдэх үед өмсөж байсан хувцаснууд, шатахуун хулгайлахад хэрэглэсэн 20 литрийн 2 ширхэг савыг тус тус хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас/,
6. Яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 24** БӨТ улсын дугаартай “Старекс" загварын тээврийн хэрэгслийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 34** дугаар хуудас/,
7. Хохирогч Е ы 77** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дизель түлш хулгайлагдсан гэх банканд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/,
8. Хохирогч Е ы 77** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
9. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
10. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
11. Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /47-49 дүгээр хуудас/,
12. Хохирогч О ийн гар утсанд үзлэг хийж 2019 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр 16 цаг 28 минутын үед 450.000 төгрөгөөр ТЭС Пэтролиум ШТС-аас дизель түлш худалдаж авсан талаарх НӨАТ-ын баримтын мэдээлэл байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгасан байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
13. Хохирогч Е ы гар утсанд үзлэг хийж 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 39 минутын үед 2.389.500 төгрөгөөр “Хөрс" ШТС-аас дизель түлш худалдаж авсан талаарх НӨАТ-ын баримтын мэдээлэл байсныг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
14. Яллагдагч Д , М нарын хохирогч О , С , Е нарын тээврийн хэрэгслээс дизель түлш хулгайлах үед тээврийн хэрэгслийн банкны доод талд байрлах 19-ийн боолтыг тайлахад ашигласан гэх нэг ширхэг 19-ийн түлхүүрийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас/,
15. Яллагдагч Д ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,
16. Яллагдагч М гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас/,
17. Яллагдагч Д ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 156-159 дүгээр хуудас/,
18. Яллагдагч М гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 160-163 дугаар хуудас/,
19. Дизель түлшний үнэ тогтоосон шинжээчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20/0 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/,
20. БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн 493 тоот Д ий эрүүл мэндийн тухай тодорхойлолт, Ө сумын 10 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, М ийн эцэг Н нь хөдөлмөрийн чадвар алдалттай, 2017 оноос хойш хөдөлмөрийн чадвар алдалтын тэтгэмж авдаг талаарх баримт, М ийн хөлдөө гэмтэл авсан талаарх баримт,
21. Шүүгдэгч нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй тухай шалгах хуудас /хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгч Д , М нарын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д , М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д , М нараас гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, шүүгдэгч нарын өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн үзэж, мэтгэлцээгүй болно.
БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 2020 оны 5 дугаар сарын 14-ний өдөр үйлдсэн 109 дугаартай яллах дүгнэлтэд “...Д нь 2020 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр ганцаараа явган очиж, иргэн С ын тээврийн хэрэгсэл хашаандаа байхад нь түлшний банкнаас 20 литр түлшийг хулгайлсан” үйлдлийг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт үргэлжилсэн үйлдэлд нь тооцсон боловч шинжээчийн дүгнэлтээр 1 литр дизель түлшний үнийг 2020 оны 1 дүгээр сарын байдлаар 2290 төгрөгөөр тогтоожээ. Шүүгдэгч Д ий дээрх гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч С д 45.800 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Д ий энэхүү үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Шүүгдэгч М , Д нар бүлэглэн иргэн Н ы эзэмшлийн 24** БӨТ улсын дугаартай “Старекс” загварын тээврийн хэрэгслийг М жолоодож:
(1) 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн О ийн том оврын тээврийн хэрэгсэл хашааны гадна байхад нь түлшний банкнаас 60 литр дизель түлш,
(2) 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр БӨ аймгийн Ө сумын 9 дүгээр тус багийн нутаг дэвсгэрт иргэн С ын том оврын тээврийн хэрэгсэл хашаанд нь байх үед түлшний банкнаас нь 80 литр түлш,
(3) 2020 оны 2 дугаар сарын 02-ны өдөр иргэн Е ы 77** БӨА улсын дугаартай “Венз” маркийн тээврийн хэрэгслийн түлшний банкнаас БӨ аймгийн Ө сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр иргэн М ын хашаанд байхад нь 15 литр дизель түлшийг тус тус үргэлжилсэн үйлдлээр, машин механизм ашиглан хулгайлж бусдад нийт 846.842 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч О ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад 74-25 БӨТ улсын дугаартай, Норд венз буюу Baiben маркийн тээврийн хэрэгсэл байдаг. Би уг тээврийн хэрэгслийг Капитрон банкны зээлээр авсан тул одоогоор Капитрон банкны эзэмшилд байдаг. 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөрт шилжих шөнө миний уг тээврийн хэрэгслээс дизель түлш хулгайд алдагдсан. Орой нь Хотгорын уурхай руу нүүрсэнд явахаар болж уг машиныхаа хоёр банкийг нь дүүргэж дизель түлш хийж машинаа хашааны гадаа асфальтан зам дагуу тавьсан байсан юм. Өглөө нь 07 цагт босоход уг машины баруун тал буюу туслах талын банкны доод талд байдаг 19 вольтоос дизель түлш гоожиж байсныг харсан. Банкны доор газарт нийлээд гоожиж асгарч хөрс рүү шингэсэн байсан. Тэгээд би машины банкнаас дизель түлш хулгайлагдсан байна гэж бодоод банкны тагийг онгойлгож үзэхэд банканд дүүргэж хийсэн байсан дизель түлшний хэмжээ доошилсон байсан.
Мөн машины баруун талын банкнаас дизель түлшийг зөөж асфальтан замын нөгөө талд руу чиглэж нэг айлын хашааны булан руу хүргэж өөр саванд хийсэн бололтой савнаас дизель түлш гоожиж асгарсан мөр үлдсэн байсан. Тухайн үед би Хотгорын уурхай руу явах байсан тул яарч яваад, цагдаагийн газарт энэ талаар мэдэгдээгүй юм. Би Хотгорын уурхай руу явахдаа машиныхаа зүүн талын банкийг холбож уг банканд хийсэн дизель түлшээр явж маргааш нь шөнө аймаг руу буцаж ирээд 12 дугаар сарын 31-ний өдөр Алтай сум руу явахаар болж машиныхаа дизель түлш хулгайд алдагдсан баруун талын банк руу дизель түлш хийж, хэчнээн литрийн дизель түлш дутсаныг мэдэхээр шалгаж Ө сумын 13 дугаар багт байрлах ТЭС Петролиум ШТС-аас дизель түлш авахад 450.000 төгрөгийн түлш орсон. Тэр үед нэг литр дизель түлшийг 1990 төгрөгөөр авсан юм байна. Тэгэхэд 226 литр түлш дутсан гэсэн үг юм. Миний машины хоёр талын банк хоёулаа тус тус 380 литрийн банк байгаа ба 380 литр дизель түлш хийснээс 226 литр нь дутсан. Үүнээс хэдэн литр нь хулгайд алдагдаж хэдэн литр нь газарт асгарсныг мэдэхгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-86 дугаар хуудас/,
- Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надад 3113 БӨТ улсын дугаартай Норд Венз маркийн машин байдаг юм. Уг машин маань одоогоор түр миний аав болох Х ын нэрт, эзэмшилд байдаг. Миний бие уг тээврийн хэрэгслээр хот хооронд мөн Тосонцэнгэл аймаг руу, Хотгорын уурхай руу мод, нүүрсэнд явдаг. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр өглөө 08 цагийн орчимд хашаанд байсан дээрх машины жолооч тал буюу зүүн талын банкны доор газарт дизель түлш асгарсан, мөн манай хашаанаас гарч гэрийн доод талд зайтай газар руу чиглэж явсан дизель түлшний гоожиж асгарсан мөр үлдсэн байсан. Өөр ямар нэгэн ул мөр байгаагүй. Би машиныхаа уг банканд байсан түлшийг хэмжиж үзэхэд 100 литр дизель түлш дутсан. Би уг үйл явдал болохоос 10-аад хоногийн өмнө Цэнгэл сум руу цемент хүргэж очиж буцаж аймагт орж ирээд Ө сумын 10 дугаар багт Домбортой хөшөөний хажууд байрлах “Рысжан” ШТС-аас 13 цагийн орчимд 150 литр дизель түлш авч машины зүүн талын банканд хийсэн юм. Уг 150 литр дизель түлшийг машинд хийсний дараа би машинаа гэрийнхээ хашаанд авч ирж тавьсан ба тэрнээс хойш яваагүй байсан юм. Уг 150 литр дизель түлшнээс 100 литр нь дутсан ба түүнээс хэдэн литрийг хулгайлж, хэдэн литр нь газарт гоожиж асгарсныг мэдэхгүй.” Гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 87-91 дүгээр хуудас/,
- Хохирогч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр орой өөрийн 77** БӨА улсын дугаартай том оврын Норд бенз маркийн тээврийн хэрэгслээ хүргэн хүү болох М ын Ө сумын 1 дүгээр багт байрлах гэрийнх нь хашаанд аваачиж тавьж би өөрөө өөр айлд хонохоор явсан юм. Шөнө 02 цагийн үед байх М миний утас руу холбогдож таны машины банкнаас дизель түлш хулгайд алдагдсан байна хэлж мэдэгдсэн. Би өөр айлд хонож байсан болохоор өглөө очъё гэж хэлээд өглөө нь тэдний хашаанд машиндаа очсон. Миний машины дизель түлшний банк нь машины туслах талд байрладаг ба хоёр банк зэрэг байдаг. Баруун гар талын банк нь 400 литр, зүүн гар талын банк нь 600 литрийн багтаамжтай Уг хоёр банкны баруун гар талын банкны доод талд байдаг 19-н вольтоос дизель түлш газарт асгарсан байдалтай байсан.
... 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш М бид хоёр хамт гүүрийн цаана байрладаг “Хөрс” ШТС-аас машиныхаа хоёр банкийг дүүргэж, мөн машины дээр байдаг 200 литрийн багтаамжтай савыг дүүргэж дизель түлш авсан байсан юм. Тэгэхэд 1 тонн 62 литрийн дизель түлшийг 2.389.000 төгрөгөөр авсан байсан. Би тэр үед дизель түлш худалдаж авсан НӨАТ-ын баримтыг гар утсандаа оруулж аваад баримтыг хаячихсан юм. Би машины банкнаас хэдэн литр дизель түлш хулгайд алдагдсаныг шалгаж урд өдөр дизель түлш худалдаж авсан “Хөрс" ШТС-аас очиж дизель түлш авахад 54 литр түлш орсон юм. Би уг 54 литр түлшийг 122.782 төгрөгөөр худалдаж авсан ба тухайн үед дизель түлш худалдаж авсан НӨАТ-ын баримтыг хэсгийн байцаагч Д т өгсөн болно. Дараа нь уг НӨАТ-ын баримтыг харахад 54 литр 570 грамм дизель түлш авч 122,782 төгрөг төлсөн байсан байна лээ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 92-96 дугаар хуудас/,
- Гэрч М ын мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “...Манай хадам ах болох А Е 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 77** БӨА улсын дугаартай Венз маркийн том оврын ачааны тээврийн хэрэгслээ манай хашаанд авч ирж тавьж тэрээр өөр айлд хонохоор явсан байсан юм. Шөнө буюу 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 02 цагийн орчимд байх би зурагт үзээд сууж байгаад бие засахаар гадаа хашаанд гарах үед хадам ах Е ы машины банкны доод талаас дизель түлш гоожиж асгарч байх шиг харагдсан. Би машин руу ойртож очиж харахад машины туслах талын урд банкны доод талын вольтоос нэлээн, их хэмжээгээр дизель түлш газарт асгарсан байдалтай байсан. Мөн машины хажууд хашаанаас гарсан түлшийг хоёр саванд хийж зөөж явсан байдалтай явсан газарт нь түлш асгарсан мөр үлдсэн байсан. Би банкны доод талын түлш гоожиж байсан вольтыг хааж уг мөрийг хөөж явахад манай гэрийн хашаанаас гарч манай гудамжны дээд талд нэлээн хоол авч очиж тээврийн хэрэгсэлд хийсэн байдалтай машины дугуйн мөр, мөн түлш хийж зөөсөн савны ёроолын мөр үлдсэн байсан. Би уг мөрийг хараад зогсож байх үед уг гудамжны дээд талаас Stareх маркийн 24** БӨТ улсын тээврийн хэрэгсэл хурдтай явж миний хажуугаар өнгөрсөн. Би уг тээврийн хэрэгслийг сэжиглэж цагдаагийн газарт хандсан болно” гэх мэдүүлэг /112-113 дугаар хуудас/,
- Яллагдагч М , Д нараас гэмт хэрэг үйлдэх үед өмсөж байсан хувцаснууд, шатахуун хулгайлахад хэрэглэсэн 20 литрийн 2 ширхэг савыг тус тус хураан авсан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 25-32 дугаар хуудас/,
- Яллагдагч Д , М нарын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 24** БӨТ улсын дугаартай “Старекс" загварын тээврийн хэрэгслийг хураан авч үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 34** дугаар хуудас/,
- Хохирогч Е ы 77** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дизель түлш хулгайлагдсан гэх банканд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас/
- Хохирогч Е ы 77** БӨА улсын дугаартай тээврийн хэрэгсэл болон хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 41-42 дугаар хуудас/,
- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /гэрч М ын хашаанд/ /хавтаст хэргийн 19-24 дүгээр хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч О / /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,
- Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хохирогч С / /47-49 дүгээр хуудас/,
- Хохирогч О ийн гар утсанд үзлэг хийж 2019 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр 16 цаг 28 минутын үед 450.000 төгрөгөөр ТЭС Пэтролиум ШТС-аас дизель түлш худалдаж авсан талаарх НӨАТ-ын баримтын мэдээлэл байсныг үзлэгийн тэмдэглэлд тусгасан байдал, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас/,
- Хохирогч Е ы гар утсанд үзлэг хийж 2020 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 17 цаг 39 минутын үед 2.389.500 төгрөгөөр “Хөрс" ШТС-аас дизель түлш худалдаж авсан талаарх НӨАТ-ын баримтын мэдээлэл байсныг тогтоосон тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас/,
- Яллагдагч Д , М нарын хохирогч О , С , Е нарын тээврийн хэрэгслээс дизель түлш хулгайлах үед тээврийн хэрэгслийн банкны доод талд байрлах 19-ийн боолтыг тайлахад ашигласан гэх нэг ширхэг 19-ийн түлхүүрийг хүлээн авсан тухай тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцсон тогтоол, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 56-60 дугаар хуудас/,
- Яллагдагч Д ий мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 67-70 дугаар хуудас/,
- Яллагдагч М гийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 71-74 дүгээр хуудас/,
19. “Мөнх эстимэйт” ХХК-ийн шинжээчийн дизель түлшний үнэ тогтоосон 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 20/0 дугаартай: “1 литр дизель түлш 2019 оны 12, 2020 оны 1, 2 дугаар сарын байдлаар 2290 төгрөгийн үнэтэй байсан” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 135-136 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар илрэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт нь гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх зорилгыг ойлгоно.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М , Д нар нь хохирогч О , С , Е нарын эзэмшлийн том оврын тээврийн хэрэгслийн дизель түлшний савны боолтыг 19-ийн түлхүүр тааруулан гоожуулж, улмаар хулгайлсан дизель түлшийг шүүгдэгч М гийн эцэг Х.Н ы эзэмшлийн 24** БӨТ улсын дугаартай “Старекс" загварын тээврийн хэрэгсэлд ачиж авч явсан нь тогтоогдсон байна.
Иймд шүүгдэгч Д , М нарын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба “хулгайлах” гэмт хэргийг бүлэглэн учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгч Д , М нар нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөл нь болсон гэж дүгнэлээ.
2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
Шүүгдэгч Д , М нарын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч О , С , Е нарт нийт 846.842 төгрөгийн хохирол учирсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч нараас учирсан хохирол, хор уршгийг бүрэн барагдуулж авсан, нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй хэмээн мэдүүлсэн тул /хавтаст хэргийн 86, 90, 94 дүгээр хуудас/ шүүгдэгч Д , М нарыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
3. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай.
Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч М , Д нарт үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д , М нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг бүлэглэж үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус харгалзан үзэв. Шүүгдэгч М , Д нар нь урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.
Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч тус бүрт 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх тухай дүгнэлтийг,
Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгч нарын хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.
Шүүгдэгч Д , М нарын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.
4. Бусад асуудлаар.
Шүүгдэгч Д , М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт нь шилжиж ирээгүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад прокурорын тогтоолоор 24** БӨТ улсын дугаартай, Старекс загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн байх ба улсын ялагчаас гаргасан дүгнэлтэд шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэхэд учрах саадыг арилгах зорилгоор ашигласан, мөн гэрч Х.Н ы өгсөн мэдүүлгээр уг тээврийн хэрэгсэл нь хүү нь болох М гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл болох нь нотлогдсон тул хурааж улсын орлого болгох дүгнэлтийг гаргажээ.
Хавтаст хэргийн 132 дугаар хуудсанд авагдсан “Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах” гэрээгээр 24** БӨТ улсын дугаартай, Старекс загварын тээврийн хэрэгслийг 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр иргэн Х.Н нь иргэн С аас худалдаж авсан нь нотлогдсон ба тээврийн хэрэгслийн гэрчилгээнд С ы нэр дээр бүртгэлтэй байна. Уг тээврийн хэрэгслийг Х.Н аас шүүгдэгч М д худалдсан, бэлэглэсэн талаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй тул БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч болох Х.Н д буцаан олгох нь зүйтэй гэж үзлээ. Мөн хэрэгт эдийн мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг 19-ийн түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг үндэслэн шүүгдэгч Д , М нарын гэмт хэрэг үйлдэхдээ учрах саадыг арилгах зорилгоор ашигласан Старекс загварын тээврийн хэрэгслийн /шинжээчийн дүгнэлтээр уг тээврийн хэрэгслийн үнэлгээг 3.260.000 төгрөгөөр тогтоосон/ үнэ болох 1.630.000 төгрөгийг Д ээс, 1.630.000 төгрөгийг М нараас тус тус албадан гаргуулж, улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч нар урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, өнөөдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д , М нарыг бүлэглэж, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д , М нарын тус бүрийг 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д , М нарт оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Шүүгдэгч Д , М нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөрдөн шалгах ажиллагаанд 24** БӨТ улсын дугаартай, Старекс загварын тээврийн хэрэгслийг битүүмжлэх тухай БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 5/33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг эзэмшигч болох Х.Н д буцаан олгож, хэрэгт эдийн мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг 19-ийн түлхүүрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Старекс загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 1.630.000 төгрөгийг Д ээс, 1.630.000 төгрөгийг М нараас тус тус албадан гаргуулж, улсын орлого болгосугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д , М нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч нарын эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д , М нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ТАЛГАТ