Баян-Өлгий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 11 өдөр

Дугаар 146

 

Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

нарийн бичгийн дарга А,

улсын яллагч Б,

шүүгдэгч М  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М ад холбогдох эрүүгийн 2013001600137 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1981 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр БӨ аймгийн Б суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй,БӨ аймгийн Өлгий сумын * дүгээр багт оршин суудаг, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт амьдардаг, яс үндэс казах, урьдБӨ аймаг дахь Сум дундын шүүхийн: 1.2005 оны 1 дүгээр сарын 27-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэн хянан харгалзсан, 2. 2012 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн 16 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял, 3. 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 3 сар 10 хоногийн хугацаагаар баривчлах ял, 4. 2013 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 55 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ял,БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 30 дугаартай шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгүүлж байсан, М , РД:БВ81******

            Шүүгдэгч М  нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үедБӨ аймгийн Өлгий сумын 0  дүгээр багийн нутаг дэвсгэрт “Е ” нэртэй хүнсний дэлгүүрийн урд иргэн А  гудамжинд бусдад зодуулж ухаангүй хэвтэж байх үед түүний “Самсунг А10s” загварын 330.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч М аас мэдүүлэхдээ: Сар өдрийг нь санахгүй байна. Гудамжинд явж байгаад А тэй таарсан. Бид хоёр хамт архи уугаад ЕРгэх дэлгүүрт очсон байна. Нэлээн согтуу байсан учраас тийшээ ямар зорилготой очсон, юу болсон талаар сайн санахгүй байна. Таксины жолоочтой маргалдсан шиг санагдаж байна. Таксины жолооч хэдэн залуу явуулж зодуулсан. Миний хамраас цус алдаж, А  ухаан алдаад хэвтэж байсан. А ийн хажууд очиход цагдаа дууд гэсэн. Цагдаа дуудах гэтэл надад утас байгаагүй ба А  миний халаасанд утас байгаа, тэрийг аваад цагдаа дууд гэсэн. Утсыг аваад цагдаа дуудах гэж байхад хажууд байсан Б  гэх залуу “дэлгүүрийн эзэн цагдаа дуудсан байна. Хоёулаа булан тойроод цагдаа дуудахгүй бол бид нарыг ч гэсэн цагдаа нар аваад явна шүү дээ” гэхээр нь бид хоёр булан тойроод явсан.

Цагдаа нараас зугтаад гэртээ ирэхэд А ийн утас тэр чигээрээ надад явсан байсан. Гэртээ ирээд сууж байхад цагдаа нар ирээд, тэр өдөр эрүүлжүүлэгд хоносон.

Маргааш нь А ийн утсыг өөрт нь буцааж өгсөн.  А  “чи миний утсыг хулгайлж аваагүй. Би цагдаад тэгж хэлсэн байгаа” гэсэн. Би санаатай хулгайлж аваагүй. Найзаасаа хэзээ ч юм хулгайлж авахгүй гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001600137 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч А ийн согтуурлын байдлыг шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

2. Хулгайд алдагдсан гэх “Самсунг А10 эс” загварын гар утсыг М аас гаргаж өгснийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хураан авах тухай тогтоол /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

3. “Мини маркет” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг гаргуулан авсан тухай тэмдэглэл, хураан авах тогтоол /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/,

4. Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

5. Хулгайд алдагдсан “Самсунг А10 эс” загварын гар утсыг хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

6. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,

7. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

8. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, 

9. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

10. Гэрч Х ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас/,

11. Гэрч Е  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

12. Гэрч Н ээс мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

13. Гэрч Ш н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

14. Гэрч Ж аас мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/, 

15. Мөнх-эстимэйт ХХК-ны шинжээч К ын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/0022 дугаартай шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ болон шүүгдэгч нарын хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтууд, хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагдагчаас шүүгдэгч М  нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үедБӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Е ” нэртэй хүнсний дэлгүүрийн урд иргэн А  гудамжинд бусдад зодуулж ухаангүй хэвтэж байх үед түүний “Самсунг А10s” загварын 330.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгчээс “...тухайн үед таксины жолоочтой маргалдсан шиг санагдаж байна. Таксины жолооч хэдэн залуу явуулж зодуулсан. Миний хамраас цус алдаж, А  ухаан алдаад хэвтэж байсан. А ийн хажууд очиход цагдаа дууд гэсэн. Цагдаа дуудах гэтэл надад утас байгаагүй ба А  миний халаасанд утас байгаа, тэрийг аваад цагдаа дууд гэсэн. Утсыг аваад цагдаа дуудах гэж байхад хажууд байсан Б  гэх залуу “дэлгүүрийн эзэн цагдаа дуудсан байна. Хоёулаа булан тойроод цагдаа дуудахгүй бол бид нарыг ч гэсэн цагдаа нар аваад явна шүү дээ” гэхээр нь бид хоёр булан тойроод явсан. Хохирогч А ийн гар утсыг цагдаа дуудна гэж авсан болохоос санаатайгаар хулгайлж аваагүй” хэмээн гэм буруугийн талаар маргасан болно. 

            Шүүгдэгч М  нь 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 18 цагийн үедБӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт “Е ” нэртэй хүнсний дэлгүүрийн урд иргэн А  гудамжинд бусдад зодуулж ухаангүй хэвтэж байх үед түүний “Самсунг А10s” загварын 330.000 төгрөгийн үнэтэй гар утсыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч А ийн согтуурлын байдлыг шалгасан “....үлээлгэхэд согтуурал шалгах багажийн заалт нь 2.53 хувь гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болох нь тогтоогдсон болно” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,

- Хулгайд алдагдсан “Самсунг А10 эс” маркийн гар утсыг М аас гаргаж өгснийг хүлээн авсан тухай тэмдэглэл, хураан авах тухай тогтоол /хавтаст хэргийн 17-18 дугаар хуудас/,

-БӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед болсон үйл явдлыг буулгаж авсан “Мини маркет” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг гаргуулан авсан тухай тэмдэглэл, хураан авах тогтоол /хавтаст хэргийн 18-19 дүгээр хуудас/

- Хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл: “...харин М  нь шатан дээр сууж байгаад А , Б  нарын дэргэд очиход Б  нь дээшээ өндийсөн бөгөөд М  нь А ийн өмсөж явсан хар өнгийн савхины халаасанд гараа хийн гар утсыг авч өөрийн хөө баруун талын өмдний халаасанд хийж байгаа дүрс бичлэг хяналтын камерын 19 цаг 40 секундэд бичигдэж, Б , М  нар А ийг орхин ертөнцийн зүгээр баруун тийш “Мини маркет" дэлгүүрийн урд талаар явж өнгөрснийг үзлэгийн тэмдэглэлд тусгав” /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/,

- Хулгайд алдагдсан “Самсунг А10 эс” маркийн гар утсанд үзлэг хийж, бүрэн бүтэн, хэвийн ажиллагаатай байсан тул хохирогчид хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн орой 16 цагийн орчимд Е , М  нарын хамт танихгүй таксины дотор хараа нэртэй 0.75 граммын 1 шил, 0.5 граммын мөн 1 шил нийт 2 шил архи уусан. Харин архийг ууснаас хойш тэр хоёроос яаж салж явснаа үнэндээ сайн санахгүй байна. Хамгийн сүүлд гар утсаараа М тэй уулзах үедээ залгасан тэрнээс хойш утсаа хаанаас алдсанаа сайн санахгүй байна. Е , М  нартай уулзаад архи ууж эхэлснээс хойших үйл явдлыг санахгүй байна. Миний утсыг хэн нэгэн хаанаас яаж авсан эсэхийг мэдэхгүй байна найзууд маань авчихсан болов уу гэж бодоод дугаарлуугаа залгахаар холбогдохгүй байна. Миний утсыг зөвшөөрөлгүй хууль бусаар авсан хүнийг олж өгч арга хэмжээ авч өгнө үү гэж хүсэж байна. Миний алдсан Самсунг А10 эс маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээлгэж өгсөн учраас ямар нэгэн хохирол байхгүй нэхэмжлэх зүйлгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36 дугаар хуудас/,

- Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 17 цаг өнгөрсөн байсан цагийн сайн санахгүй байна манай “Е ” оноосон нэртэй дэлгүүрийн гадна тал буюу урд талын талбайг хянах хяналтын камерын дүрс бичлэгт тус өдрийн болсон үйл явдал бүгд бичигдсэн байсан юм.

Тус өдөр болсон үйл явдал гэвэл би дэлгүүртээ зогсож байтал манай дэлгүүрийн гадаа 3 залуу нэлээд согтуу байдалтай ирж хэсэг зогсож байгаад М  орж ирээд гартаа зузаан хар өнгийн гар утсыг барчихсан барьцаанд тавьж болох уу гэж асуухаар нь үгүй согтуу хүнд үйлчлэхгүй, мөн таны гар утсыг барьцаанд авах боломжгүй гэдгийг хэлэхэд М  буцаад гараад явсан юм. Манай дэлгүүрээс гараад өнөөх 2 залуутай уулзаад зогсож байтал нэг жижиг машинтай 4 залуу ирээд манай дэлгүүрийн гадаа байсан М , А  нарын 3 залууг зодож газар унагааж гараараа болон хөлөөрөө өшиглөж зодож байсныг хараад цагдаа руу дуудлага өгөх хооронд зодчихоод машиндаа суугаад явчихсан. Харин М ыг дагаж явсан 2 залуугийн нүдний шилтэй /хохирогч А / залуу зодуулсны улмаас газарт унаж ухаангүй бараг 20 орчим минут хэвтсэн байх. Тэр үед нэлээд айж сандраад зодоон эхлээд дуусах хүртэл /цагдаа нарыг иртэл бараг хараагаа салгаагүй/ харж байсан ба хохирогч А  нь ухаангүй хэвтэж байтал М  түүний хажууд хамт явсан залуу хоёр босгож ирээд А ийг хамт ирсэн зүс танихгүй залуу хувцаснаас нь татаж хэвтэж байгаа газраас нь босгохоор 2-3 удаа угзарч татахад ухаан орж босоогүй юм.

Харин тэр үед М  манай дэлгүүрийн шатан дээр сууж байснаа босож очоод А ийн халаасанд байсан гар утсыг авч өөрийнхөө халаасандаа хийгээд хамт явсан залуугаа явъя гээд, ухаан алдсан байсан А ийн гар утсыг аваад шууд яваад өгсөн ба Бугат сум явах засмал зам дагаад явсан. А  нь манай дэлгүүрийн гадаа ухаан ортлоо хэвтэж байгаад ухаан ороод босчихсон байхад нь цагдаагийн алба хаагч нар ирж түүнийг эрүүл мэндийн байгууллага руу аваад явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Бид гурвыг зодсон залуучууд явсны дараа би босоод хувцасны шороог гүвээд А  газарт хэвтсэн байхаар нь очоод хувцаснаас хэд хэдэн удаа угзарч татаад босгохыг оролдсон боловч босоогүй харин М  “Е " дэлгүүрийн шатан дээр сууж байгаад М  босож ирээд А ийн хажууд очиж тонгойж байсан тэгээд намайг явцгаая, явцгаая гэж хэлсэн болохоор А ийг босоод явчих байх гэж бодоод түүнийг зодуулсан газарт нь үлдээгээд явсан. Түүний гар утсыг М  тухайн авсан гэдгийг мэдээгүй байсан, хэзээ яаж авсныг одоо ч санахгүй байна. М ыг дагаж тэднийд очиход М  хар өнгийн гар утас гаргаж ирээд энэ утсыг зарах уу, яах вэ гэж хэлж байсан. Тухайн үед хэний ямар утас зарах гэж байгааг ойлгоогүй. М  хэлэхдээ А ийн утас байгаа юм гэж хэлсэн.

Харин тэгж байтал гаднаас хөрш айлын /М ын гэрийн зүүн талын байшинд байх эмэгтэй хүн/ эмэгтэй хүн орж ирэхэд энэ утсыг далд хадгалаад байж байгаарай гэж хэлээд өгч байхыг сонссон. М  өөрийнхөө аваачсан гар утсыг гэртээ орж эхнэртээ өгөөгүй юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас/, 

- Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхөр орой 18 цагийн орчимд Барс гэх монгол залуутай ирсэн. Гэрт ирэхдээ тэр хоёр нэлээд согтуу ирээд гэртээ ирэхдээ халаасандаа нэг том утас хийж ирсэн байсан уг утсыг ямар учиртай, хэний утас вэ гэж асуухад хэний ч биш, хүний утас гэж хэлсэн. Тэгээд уг утсыг жаахан оролдож үзэж байх хооронд цагдаа нар ирж байна гэх сургаар уг утсыг нуусан уу, гэртээ үлдээгээд явсан уу бүү мэд, цагдаа нарыг дагаад явсан байсан. Харин надад ямар нэгэн гар утас өгөөгүй, уг утсыг хаанаас яаж авсныг ч би мэдэхгүй. Манай хүүхэд өвдөөд өнөө өглөө 08 цагт гэрээсээ гарсан одоо ч хариагүй явж байна.

Манай нөхөр архи согтууруулах ундааны зүйлийг маш ихээр уудаг, сүүлийн 4 хоног эрүүлжүүлэх байранд хоносон байх энэ архинаас үүдэлтэй ар гэртээ анхаарал халамж тэр бүр тавиад байдаггүй мөн ажил хөдөлмөр эрхэлж амьдралд дэм тус болдоггүй гэж хэлж болно. Тус өдөр хаана хэнтэй архи ууж яваад ирсэн эсэхийг бүү мэд.

...Манай гэрийн зүүн талын байшинд байдаг эмэгтэй миний төрсөн ахын эхнэр М  гэртээ байсан, тухайн өдөр манай гэрт орж ирээгүй. Манай гэрт нөхөр М тай цуг ирсэн монгол залуу худлаа хэлсэн байна. Тэгээд цагдаа нар ирээд М ыг аваад явсан байсан ба гар утсыг гэрт байх диваны буланд хийгээд үлдээсэн байсан ба маргааш өглөө эрүүлжүүлэхээс гарч ирээд уг утсыг аваад цагдаад хүргэж өгсөн. Би тухайн гар утсыг гэрт үлдээсэн байсныг мэдээгүй” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 41 дүгээр хуудас/,

- Гэрч Ш н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр миний бие ээлжтэй байх үед 19 цаг 30 минутын орчимд Нэгдсэн эмнэлгийн 103 дуудлагаар /иргэн А  нь/ ухаан алдсан үл таних хүн хүргэгдэн ирсэн гэх бөгөөд тухайн хүний биеийн байдлыг үнэлэхэд амин чухал үзүүлэлтүүд нь тогтвортой, биеийн байдал хөнгөн, ухаантай, орчинтой харьцаатай байсан тул түүнд зөвлөгөө өгч ар гэрт нь хүлээлгэн өгөхөд Ж  ирж уг хүнийг хүлээн авч явсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

- Шинжээч Мөнх эстимэйт ХХК-ны үнэлгээчин К ын 2020 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 20/0022 дугаартай ““Самсунг А10 эс” маркийн гар утасны үнэ 330.000  төгрөгийн ханштай байна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 55-56 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв гэж үнэлэв.

Шүүгдэгч М аас мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд “хохирогч А ийн гар утсыг тухайн үед цагдаа дууд гэхээр нь авсан, санаатайгаар хулгайлж аваагүй, ...гэртээ ирээд эхнэртээ өгсөн” гэж мэдүүлсэн боловч шүүгдэгч М  нь хулгайлах гэмт хэрэг үйлдсэн нь хохирогч А ийн согтуурлын байдлыг шалгасан тухай тэмдэглэл,БӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багт байрлалтай, 2020 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 18 цагийн үед болсон үйл явдлыг буулгасан “Мини маркет” дэлгүүрийн хяналтын камерын бичлэгийг гаргуулан авсан тухай тэмдэглэл, хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч А , А  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар бүрэн нотлогдон тогтоогдсон байна.

Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, өөрийн эзэмшил болгоно.

Тухайн хэргийн хувьд шүүгдэгч М  нь хулгайлах гэмт хэрэг үйлдэх үед ухаангүй хэвтэж байсан хохирогч А ын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар өөрийн эзэмшилдээ авч, уг хөрөнгийг захиран зарцуулах бололцоо бий болгосноор тус гэмт хэрэг төгссөн байна.

Гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгч М ын шунахай сэдэлтээр, гар утсыг барьцаанд тавьж архи авч уух зорилго нь нөлөөлсөн үзэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн тайлбараас үзэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй бөгөөд хэрэгт авагдсан хохирогч А ийн хулгайд алдсан Самсунг А10s ” маркийн гар утасны үнэ 330.000 төгрөгийн ханштай хэмээн үнэлгээ тогтоосноос үзэхэд шүүгдэгч М ын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан иргэний эд хөрөнгө эзэмших, өмчлөх, ашиглах эрхийг нь зөрчсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарч байна. 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй байна.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч М  нь хохирогч А ийн “Самсунг А10 ес” загварын гар утсыг хулгайлж, 330.000 төгрөгийн хохирол учруулсан байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч М  нь хохирогчид “Самсунг А10 ес” загварын гар утсыг бүрэн бүтэн, ажиллагаатай хүлээлгэн өгсөн тул гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн байна. Иймд шүүгдэгч М ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Шүүхээс шүүгдэгч М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг .... цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино.”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ.” гэж тус тус хуульчилсан байна. 

Шүүгдэгч М  нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар хорих ялыг тэнсэн харгалзах, баривчлах, хорих ялаар тус тус шийтгүүлж байсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч М ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч М  нь урьд хэрэгт холбогдож байсан тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч М  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч М ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыгБӨ аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийгБӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч “хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М ад 300 /гурван зуун/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч М ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыгБӨ аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийгБӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт шүүгдэгч М  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, хувийн бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдаж, хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 1 ширхгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай. 

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн доторБӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ