Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01492

 

 “Ц” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00245 дугаар шийдвэр,

   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 943 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: “Ц” ХХК

         Хариуцагч: Нд холбогдох

         Гэм хорын хохиролд 3.396.750.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

    Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А, А.О нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, өмгөөлөгч Д.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, Я.А, нарийн бичгийн даргад Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц” ХХК нь Нын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 3,396,750,000 төгрөг шаардсан.  Нэхэмжлэгч 2008-09-27-ны өдөр Хүдэр-Эрдэнэ ХХК-с Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарны зам 58 гэсэн хаягт байрлах 1485 м.кв талбай бүхий эзэмшил газартай, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэгдсэн, 120 м.кв талбайтай, агуулахын зориулалттай барилга, хашаа, хаалга зэргийг худалдан авсан. Газар эзэмших эрх нь 2009-03-04-ний өдөр Нын 93 дугаар захирамжаар Ц ХХК-ийн нэр дээр шилжсэн. Газар дээр орон сууцны зориулалттай барилга барихад газар эзэмшигч компанийн эрх ажил гүйцэтгэгч компанийн нэр дээр шилжсэн байх шаардлагатай байсан.Иймд Цаст констракшн ХХК-ийн нэр дээр газрын тодорхой хэсгийг шилжүүлэхээр Н 2009-11-10-ны өдөр 607 дугаартай  захирамж гаргаж, Цаст констракшн ХХК-д 594 м.кв газрыг орон сууцны барилга барих зориулалтаар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн. Барилгын ажил явагдаж эхэлхэд зэргэлдээ орших талуудаас шүүхэд нэхэмжлэл гаргаснаар 5 давхар хүртэл баригдсан ажил зогссон. Захиргааны шүүхэд маргаан үргэлжилсээр Улсын Дээд шүүхийн 2016-10-26-ны өдрийн 344 дүгээр тогтоол гарч хүчин төгөлдөр болсон. Шүүх  Ц ХХК-д газар олгох үндэслэлгүй байсан гэж шийдсэн учир барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэх боломжгүй болсон.  Орон сууцны дуусаагүй барилгын үнэ 2,035,150,000 төгрөг, газар эзэмших эрх 1,361,600,000 төгрөг, нийт 3,396,750,000 төгрөг болж байгаа.  Хөрөнгийн үнэлгээний Мөнх-Оргил трейд ХХК-р тухайн баригдсан 5 давхар барилгад үнэлгээ хийлгэж, тус үнэлгээнд суурилж нэхэмжлэлийн дүнг гаргасан. Нын хууль бус захирамжаас учирсан гэм хорын хохирлыг нөхөн төлүүлэхийг хүсч байна. 2 төрлийн гэрээ зайлшгүй хийгдэх шаардлагатай байсан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой гэрээний тухайд агуулах нь үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэлтэй байсан тул худалдах-худалдан авах гэрээ бүртгэгдсэн. Газар эзэмших эрхийн тухайд Нд хүсэлтээ өгөөд газар эзэмших эрхийг шилжүүлж авах гэрээгээ хавсаргаж өгөх, Газрын тухай хуульд заасан шаардлагын дагуу Засаг даргад өгөх гэрээнд үнэ төлбөргүй шилжүүлсэн гэсэн агуулга илэрхийлэгдсэн. Барилгын норм дүрмийн зөрчлүүд аливаа баригдаж байгаа барилгын 80-90 хувьд гардаг, үүнийг техникийн шийдлээр шийдэгдэх боломжтой асуудал юм. Барилга 1458 м.кв талбай бүхий эзэмшил газрын дотор баригдсан. Монгол глобаль ХХК болон Монгол эм импекс ХХК-ийн эзэмшил газрууд руу ороогүй нь шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрүүдээр хариуцагч буруутай нь тогтоогдсон. Нэхэмжлэлийн үндэслэл болсон хөрөнгийн үнэлгээг хариуцагч татгалзаагүй, гомдол гаргаагүй учраас хөрөнгийн үнэлгээ үндэслэлтэй. Барилгын ажил 2010-03-сард эхэлсэн. Барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл 05 дугаар сард гарсан. Энэ хооронд хийгдсэн ажлыг Засаг дарга хариуцахгүй гэж байна. Барилгын ажлыг зохих зөвшөөрөлгүй эхэлсэн асуудал нь захиргааны зөрчил ба зөрчилтэй холбоотой асуудал тухайн үед шийдвэрлэгдээд мэргэжлийн хяналтын газраас ажлыг зогсоогоод 05 сард зөвшөөрөл авсны дараа барилгын ажлыг эхлүүлсэн. Барилгын ажил хэзээ эхэлсэн, дууссанаас үл хамааран газар эзэмших эрх хүчингүй болсны улмаас тухайн газар дээр барилга барих эрх хязгаарлагдсан. Барилга барихын тулд газар эзэмших эрхтэй байх ёстой, газар эзэмших эрхийг дагаж бүх барилгын техникийн нөхцөл, холбогдох зөвшөөрөл эрхүүд дагалддаг. Энэ эрх хэрэгжих боломжгүй болсон нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөж байгаа. Засаг даргын захирамжууд бусдын эзэмшил газруудтай давхцаж байсан нь тухайн газарт үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэл болсон. Иймд нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

         Хариуцагч хариу тайлбартаа: эзэмшил газрын зориулалтыг өөрчилж, барилга барих зөвшөөрөл олгох тухай Нын 2009-11-10-ны өдрийн 607 дугаар захирамжаар Цаст констракшн ХХК-д орон сууцны зориулалттай Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт 0.0594 га газрыг 5 жилийн хугацаатай олгож, тус захирамжийг үндэслэж  архитектур төлөвлөлтийн даалгавар баталсан. 2010-05-20-ны өдөр Цаст констракшн ХХК-д Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас 66/2010 дугаар Барилга угсралтын ажлыг эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг 1 жилийн хугацаатай олгосон. Үүнээс хойш Цаст констракшн ХХК барилгын ажлыг эхлэн явуулахдаа бусдын газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн. Нэхэмжлэгч компани нь Газрын тухай хуулийн 35.3-г зөрчсөн. Энэ нь Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэрээр тогтоосон. Нын шийдвэрийн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан гэж үзэх боломжгүй. Анх Ц ХХК, Хүдэр-Эрдэнэ ХХК-иудын хооронд худалдах-худалдан авах гэрээ хийгдсэн ба гэрээний зүйл нь газар дээр байсан гараашийг 500,000 ам.доллараар худалдаж авах гэрээ байдаг. Энэ нь газартай холбоотой буюу газрын эрхийг шилжүүлсэн гэрээ биш. Газрын үнэ гэх 1,361,000,000 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх боломжгүй юм. Үндсэн хуулийн дагуу өмчилснөөс бусад газар нь төрийн өмч юм. Барилгын хувьд 5 давхар карказ байдаг.  2009-11-20-ны өдөр Цаст констракшн ХХК-д архитектур төлөвлөлтийн даалгавар батлагдсан, 11-20 ны үед барилгын газар шорооны ажил эхэлсэн гэх боловч 2010-05-20-ны өдрийн 66/2010 дугаар Барилга угсралтын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг Нийслэлийн Мэргэжлийн хяналтын байгууллагаас олгосон.  Барилга угсралтын ажил эхлүүлэх зөвшөөрлийг авсанаар газар шорооны ажлыг эхлүүлэн цаашлаад суурь цутгах, карказан барилга барих ажил хийгддэг. Нэхэж байгаа хохирол нь зөвшөөрөл олгогдоогүй байхад дур мэдэн хууль зөрчиж барьсан барилгад зарцуулсан зардал тул Н төлөх үндэслэлгүй. Мөн Цаст констракшн ХХК-ийн нэхэмжлэлтэй, Н бөгөөд Улаанбаатар хотын захирагчид холбогдох хэрэг нь Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2012-01-16-ны өдрийн 17 дугаар шийдвэрээр шийдвэрлэгдсэн ба нэхэмжлэгч тухайн үед бид эзэмшил газрын зориулалтыг өөрчлүүлж, орон сууц бариулах болсоноор агуулахын зориулалттай барилгаа нурааж, буцаан барих боломжгүй болсон. Барилгын ажилд зориулаад 1,3тэрбум төгрөгийн санхүүжилт хийсэн гэж байна. Зөвшөөрөлгүй байх үед ямар хэмжээний зардал гарсан, зөвшөөрөлтэй болсоноос хойш ямар хэмжээний зардал гарсан нь тодорхойгүй. 500,000 ам.доллараар агуулахыг худалдаж авсан. Зөвшөөрөлгүйгээр барилгын ажил эхэлсэн, хууль зөрчиж барьсан байж 5 давхар карказан барилгын үнийг үнэлгээчний үнэлгээгээр тооцон нэхэж байгаа нь ойлгомжгүй байна. Гэтэл зөвшөөрөл авахаасаа өмнө барилгын ажил эхлүүлсэн гэдгийг нэхэмжлэгч нар өөрсдөө баталж ярьдаг. Газрын дуудлага худалдааны үнэ болон газрын эзэмших эрхийг шилжүүлэн авдаг үнэ гэдэг нь тусдаа зүйл.  500 000 ам.доллараар агуулахын барилгыг худалдаж авахдаа салшгүй холбоотой газар эзэмших эрхийг шилжүүлж авсан. Түүнээс газрын үнэд төлсөн гэж үзэхгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00245 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1., 510 дугаар зүйлийн 510.1.-д зааснаар Нас 183,693,600 төгрөг гаргуулан “Ц” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 3,213,056,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1., 60 дугаар зүйлийн 60.1., Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17,141,700 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,076,418 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 943 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 182/ШШ2018/00245 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хяналтын гомдолдоо:  “Ц” ХХК нь  Нд холбогдуулан нэхэмжлэлийн үндэслэлээ Засаг даргын газар эзэмшүүлэх зориулалтыг өөрчилсөн захирамж хууль бус байсны улмаас барилга барьж түүнтэй холбоотой зардал гарсан тул 3.396.750.000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч “...нэхэмжлэгч газартай холбоотой хууль тогтоомжийг зөрчиж 594 м.кв газраас хэтэрч 205м.кв талбайгаар илүү гарган барилга барьсан, 2010-05- 20-ны өдөр барилга барих зөвшөөрөл олгогдсон байхад 2009 оноос газар шорооны ажлаа эхэлсэн тул зөвшөөрөлгүй, дур мэдэн ажил хийсэн...” гэсэн тайлбар өгсөн. Давж заалдах шатны шүүх “...шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзвэл дахин шинжээч томилуулах ажиллагааг шүүх өөрийн санаачлагаар хийх байжээ...” гэж үзсэн. Талуудын  аль аль нь  хүсэлт гаргаагүй тул магадлалын үндэслэл ИХШХШТХ”ийн 47.1-г зөрчсөн байна.Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн. ИХШХШТХ-ийн 38.1-р зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

       Ц ХХК  2017 оны 06 дугаар 07-ны өдөр шүүхэд хандаж, хууль бус шийдвэрийн улмаас учирсан хохирол 3,396,750,000 төгрөг /үүнд дуусаагүй барилгын үнэ 2,035,150,000 төгрөг, газар эзэмших эрх 1,361,600,000 төгрөг/-г Нийслэлийн Засаг дараас гаргуулахыг шаардсаныг /хх1-н 1-3/ хариуцагч зөвшөөрөөгүй маргасан байна. /хх 1-н 76/

       Анхан шатны шүүх нэхэмжлэлээс 5 давхар карказ барих угсралтын ажлын санхүүжилтэд Цаст констракшн ХХК-д шилжүүлсэн 170,877,500 төгрөг, зар сурталчилгаа явуулсан болон бусад зардалд зарцуулсан 12,816,100 төгрөг нийт 183,693,600 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

       Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гуравдагч этгээдийг оролцуулах эсэх талаар зохигчдоос тодруулах ажиллагааг анхан шатны шүүх хийх шаардлагатай байсан талаар давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

       Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгөх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд нийцэх тул хэрэгт авагдсан зарим нотлох баримтыг  хуульд заасан шаардлагад нийцүүлэх талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй гэж үзлээ. 

        Шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байгаа нь дахин шинжилгээ хийлгэх урьдчилсан нөхцөл юм. Иймд шүүх зохигчийн хүсэлтээр шинжээч томилж, гарсан дүгнэлтийг бусад нотлох баримттай  харьцуулсны эцэст хүсэлтийн хэмжээнд дахин шинжээч томилох эсэхийг шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6, 47, 38 дугаар зүйлийн 38.6 дугаар зүйлийн зохицуулалтад нийцнэ.

         Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэх нөхцөл тогтоогдоогүй тул магадлалыг хэвээр үлдээв.

         Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт буй нотлох баримтыг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд үнэлж, хэрэглэх ёстой хуулийг хэрэглэж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 943 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                               ШҮҮГЧ                                                      Б.УНДРАХ