Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 04 сарын 19 өдөр

Дугаар 257

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж,

Нэхэмжлэгч: “Т” ХХК 

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С;

Нэхэмжлэлийн шаардлага: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 тоот актыг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүлэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-ийн захирал Г.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс манай байгууллагын 2010-2013 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 9,984,861.5 төгрөгийн нөхөн татвар, 2,604.495 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 30,553 төгрөгийн хүү, нийт 12,619,909.5 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр татварын улсын байцаагчийн 350016034 тоот акт тавьсныг эс зөвшөөрч байгаа билээ.

Бид дээрх актыг эс зөвшөөрч Нийслэлийн Татварын газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд гомдол гаргасныг тус зөвлөл 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн 2,604.495 төгрөгийн торгууль, 30,553 төгрөгийн хүүг чөлөөлж, 9,984.861 төгрөгийн нөхөн татвар төлүүлэхээр 73 дугаар тогтоол гаргасныг Нийслэлийн Татварын газрын дарга баталгаажуулаагүй буцаасан. Үүний дараа Нийслэлийн маргаан таслах зөвлөл 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр дахин хуралдаж Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч нарын тавьсан актыг хэвээр үлдээсэн. Үүний дараа бид Татварын ерөнхий газарт хандсан ба Татварын ерөнхий газрын Татварын маргаан таслах зөвлөл 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж 11 дүгээр тогтоолоороо дээрх актыг мөн хэвээр үлдээн шийдвэрлээд байна.

Манай байгууллага нь 2013 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан орлогод нэмэгдсэн өртгийн албан татварын талаарх орлого нь манай бодит орлого, санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нь үндсэн баримтад тулгуурлаж гаргаагүй гэрээт нягтлан бодогчоор санхүү, татварын тайлангаа гаргуулахдаа мэдээллээ утсаар солилцохдоо орлого давхардуулан мэдээлсэн байсныг ийнхүү орлого мэдүүлээгүй гэж үзэж нөхөн татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй юм.

Мөн түүнчлэн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхэд зохицуулсан зохицуулалт нь нэхэмжлэгчийг түүний гаргаж байж болох захиргааны зөрчлөөс бүрэн чөлөөлөх хууль зүйн үндэслэлийг бүрэн бий болгож байна.

Татварын улсын байцаагчид нь Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.3 дахь заалтуудыг үндэслэсэн байх бөгөөд тус заалтуудаас үзвэл хүү, торгууль, алданги нь захиргааны шийтгэлд хамаарч байна.

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан гаргасан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар тус хууль нь этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршиж байгаа бөгөөд 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсэгт хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ гэж мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө хүчин төгөлдөр болсон ... захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр тогтоогдсон байна гэж тус тус заажээ.

Хуулийн дээрх заалтууд нь Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсээс манай байгууллагын 2010-2013 оны татвар ногдуулалт, төлөлтөд тавьсан 2,604.495 төгрөгийн торгууль, 30,553 төгрөгийн хүүг өршөөлд хамруулан хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэл болж байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын манай байгууллагад 9,984,861.5 төгрөгийн нөхөн татвар, 2,604.495 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 30,553 төгрөгийн хүү, нийт 12,619,909.5 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 тоот актыг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нар шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “Т” ХХК-ийн 2010-2013 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж, татварын хяналт шалгалт хийх 35140200139 тоот томилолтын дагуу татварын улсын байцаагч А.Ө, Х.С нар шалгалтыг хийж нийт 264427.7 төгрөгийн зөрчил илрүүлж, 12619.9 төгрөгийн төлбөр ногдуулсны зарим хэсгийг хууль зүйн үндэслэлгүй гэж тус компанийн захирал Г.Б Татварын ерөнхий газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлд хандсан бөгөөд Татварын ерөнхий газрын маргаан таслах зөвлөл гомдол гаргагч нь магадалгаа хийх явцад Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.13-д татварын хяналт шалгалтад шаардлагатай санхүүгийн болон бусад баримт материалыг татварын алба, татварын улсын байцаагчийн шаардсаны дагуу гарган өгч татварын хяналт шалгалтад хамрагдах гэж зааснаар тайлбар, нотлох баримтаа ирүүлээгүй байна. Иймд зөвлөлийн бүрэлдэхүүн татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 тоот шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэж хэвээр баталсугай гэсэн байна.

Тус компанийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийх явцад 2013 онд 85,292,941.00 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй зөрчил илэрснээс 2013 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 03-2091005-13-13209R дугаартай гаалийн мэдүүлгээр мэдүүлж төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг тайланд дутуу хасалт хийсэн 20,285,475.00 төгрөгийг хасч 65,007,466.00 төгрөгийн зөрчилд 6,500,747.00 төгрөгийн нөхөн татвар, 862,438.00 төгрөгийн торгууль, 19,502.00 төгрөгийн хүү ногдуулж акт үйлдсэн.

“Т” ХХК 2013 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байсан бөгөөд тус компанийн захирал Г.Б нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар орлого нь манай бодит орлого, санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нь үндсэн баримтад тулгуурлаж гаргаагүй гэрээт нягтлан бодогчоор санхүү, татварын тайлангаа гаргуулахдаа мэдээллээ утсаар солилцохдоо орлого давхардуулж мэдээлсэн гэх тайлбар өгөх боловч баримтаар нотлохгүй, кассын тайлангаар орлогыг тодорхойлох боломжгүй, анхан шатны баримтын бүрдэл дутуу байсан тул аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан орлогын зөрүү 85,292,941.00 төгрөгийн зөрчилд нөхөн ногдуулалт хийсэн. гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “Т” ХХК-иас Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарт холбогдуулан гаргасан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 тоот актыг[1] хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нар “Т” ХХК-ийн 2010 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2013 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350016034 дугаар акт үйлдэн 9,984,861.5 төгрөгийн нөхөн татвар, 2,604,495 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 30,553 төгрөгийн хүү, нийт 12,619,909.5 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нь ...Манай байгууллага 2013 онд аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаар тайлагнасан орлого нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар орлого нь манай бодит орлого, санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлан нь үндсэн баримтад тулгуурлаж гаргаагүй гэрээт нягтлан бодогчоор санхүү, татварын тайлангаа гаргуулахаар мэдээлэл утсаар солилцохдоо орлого давхардуулж мэдээлсэн байсныг ийнхүү орлого мэдүүлээгүй гэж үзэж нөхөн татвар ногдуулж байгаа нь үндэслэлгүй, ... Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3-д хууль тогтоомж зөрчиж, захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлэхэд зохицуулсан зохицуулалт нь нэхэмжлэгчийг түүний гаргаж байж болох захиргааны зөрчлөөс бүрэн чөлөөлөх үндэслэлтэй... гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж байна.

Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 350016034 дүгээр актаар нэхэмжлэгч “Т” ХХК нь 2010 онд 814,545.45, 2011 онд 31,186.600, нийт 32,001,145.45 төгрөгийн ажил үйлчилгээний орлогыг аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланд тусгаагүй, татвар ногдуулж төсөвт төлөөгүй, 2010 онд 3,654,545.45, 2011 онд 31,186.600, 2013 онд 85,292,941 нийт 120,134,086.45 төгрөгийн ажил үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй, 2012 онд 112,286.509 төгрөгийн зардал илүү хасч татвар ногдох орлогыг бууру улсан зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлтэй байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4.-т Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлнэ., 8 дугаар зүйлийн 8.1.-д Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана., 8.3.-т Нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааг дараахь дарааллаар гүйцэтгэнэ:

8.3.1. анхан шатны баримт бүрдүүлэх;

8.3.2. журналд бичих;

8.3.3. дэлгэрэнгүй болон ерөнхий данс хөтлөх;

8.3.4. ажил гүйлгээний мэдээ гаргах;

8.3.5. тайлан гаргах. гэж тус тус зааснаар аж ахуйн нэгж нь санхүүгийн болон аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайланг үндсэн баримтад тулгуурлаж гаргах ёстой бөгөөд нэхэмжлэгч компани нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах үүргээ хуулийн дагуу гүйцэтгээгүй болох нь нэхэмжлэгчийн ...гэрээт нягтлан бодогчоор санхүү, татварын тайлангаа гаргуулахаар мэдээлэл утсаар солилцохдоо орлогоо давхардуулж мэдээлсэн... гэх тайлбар, шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаар[2], 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 045 дугаар[3]дүгнэлтүүдээр тус тус тогтоогдож байна.

Учир нь шүүхээс томилогдсон шинжээчийн 2017 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 222 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... шинжилгээнд ирүүлсэн “Т” ХХК-ийн 2009-2011 оны санхүүгийн баримтын 1 боть, 2010 оны санхүүгийн санхүүгийн баримт 1 боть, 2012 оны санхүүгийн баримт 1 боть, 2013 оны /Кассын тайлан, баримт 01, 02 улирал/ 2013 оны /Харилцах дансны тайлан, баримтууд 01.01-12.31/ 1 боть, 2013 оны 01, 02, 03, 04 дүгээр улирлын санхүүгийн тайлан, татварын баримтууд 1 боть, 2013 оны нэмэгдсэн өртгийн албан татварын тайлан /01-12 сар/ 1 боть, 2013 оны ерөнхий журналын дэлгэрэнгүй 1 боть, нийт 8 боть санхүүгийн баримтын хүрээнд ... нийт 224.794.732.15 төгрөгийн ажил гүйлгээг санхүүгийн холбогдох тайланд дутуу тусгасан. ... гэж, 2018 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 045 дугаар шинжээчийн дүгнэлтээр ... Дахин шинжээчийн дүгнэлтээр 2010 онд 3.654.545.45 төгрөг, 2011 онд 22.130.008 төгрөг, 2013 онд 125.364.182 төгрөг, нийт 151.148.735.45 төгрөгийн үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй байна. ... Иймд өмнөх шинжээчийн нийт 151.148.735.45 төгрөгийн үйлчилгээний орлогод нэмэгдсэн өртгийн албан татвар ногдуулаагүй гэсэн нь үндэслэлтэй байна. ... 2012 онд 112.286.509 төгрөгийн элэгдлийн зардал гэж тодорхойлогдсон дүн нь нотлогдохгүй байна. гэж тус тус дүгнэсэн болно.

Дээрхээс дүгнэвэл Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2.-т Санхүүгийн тайлан нь үнэн, зөв баримт материал, бодит тоо, мэдээнд үндэслэх, зарчимд нийцээгүй, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно. гэж заасныг нэхэмжлэгч “Т” ХХК зөрчжээ.

Иймд хариуцагч Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын үйлдсэн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 дүгээр актаар 9,984,861.5 төгрөгийн нөхөн татвар, 2,604,495 төгрөгийн торгууль, 0 төгрөгийн алданги, 30,553 төгрөгийн хүү, нийт 12,619,909.5 төгрөгийн төлбөр ногдуулсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1.-д Энэ хуулийн зорилт нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас, ялтныг ял эдлэхээс, зарим этгээдийг захиргааны шийтгэлээс чөлөөлөхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино., 4 дүгээр зүйлийн 4.3.-т Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ., 10 дугаар зүйлийн 10.2.-т Энэ хуулийн 4 дүгээр зүйлд заасан өршөөлд хамааруулах үндэслэл нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэр зэргээр тогтоогдсон байна. гэж зааснаар татварын улсын байцаагчийн 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 тоот актын тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ногдуулсан 2,604.495 төгрөгийн торгууль, 30,553 төгрөгийн хүүг өршөөлд хамруулах үндэслэлтэй байна.

Иймд Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 дүгээр актаар тогтоосон төлбөрийн хэмжээг багасгаж шийдвэрлэлээ.

Шинжээчийн ажлын хөлсийг нэхэмжлэгч “Т” ХХК төлсөн болохыг дурдах нь зүйтэй.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.6 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.         Татварын ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.2.2, 34 дүгээр зүйлийн 34.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.1, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2-т заасныг тус тус баримтлан Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч А.Ө, Х.С нарын 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 350016034 дүгээр актын Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар ногдуулсан

2.         2,604,495 төгрөгийн торгууль, 30,553 төгрөгийн хүүг өршөөн хэлтрүүлж, нөхөн татвар 9,984,861.5 төгрөгийг төлүүлэхээр төлбөрийн хэмжээг багасгасугай.

3.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.         Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН