Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 150

 

БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т даргалж,

нарийн бичгийн дарга А,

орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Ө ,

хохирогч Е ,

шүүгдэгчийн өмгөөлөгч З ,

шүүгдэгч Д  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д ад холбогдох эрүүгийн 2013001550122 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр БӨ аймгийн Өлгий сумд төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс казах, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, БӨ аймгийн Ө сумын 3 дугаар баг, Б уул, 36 дугаар гудамж, 11 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал үгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, Д , регистрийн дугаар БЭ86******.

Шүүгдэгч Д ын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д  нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр БӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Е ы байшинд хууль бусаар нэвтрэн орж 2 шуудай ноолуур хулгайлж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж бусдад зарж борлуулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

Шүүгдэгч Д  мэдүүлэхдээ: Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна гэв.

Хохирогч Е  мэдүүлэхдээ; Д аас нэхэмжлэх зүйл байхгүй, гомдол санал үгүй. Д ад хорихоос өөр төрлийн ял шийтгэж өгнө үү гэв.

Хоёр: Эрүүгийн 2013001550122 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Хохирогч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36, 125-126 хуудас/,

2. Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

3. Гэрч А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

4. Гэрч П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 127-128 дугаар хуудас/,

5. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

6. БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

7. Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,

8. Шүүгдэгч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/ болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Гурав. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.

Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:

1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Шүүгдэгч Д  нь 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр БӨ аймгийн Өлгий сумын 4 дүгээр багийн иргэн Е ы байшинд хууль бусаар нэвтрэн орж 2 шуудай ноолуур хулгайлж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж бусдад зарж борлуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь эрүүгийн хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

- Хохирогч Е ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манайх Өлгий сумын 11 дүгээр багт оршин суудаг бөгөөд эхнэр 5 хүүхдийн хамт амьдардаг. 2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Б сум руу явж ямаагаа самнаж ирэхээр эхнэр болох П  бид хоёр хүүхдүүдийн хамт явсан. Бид нар 4-5 хоногоор явсан болохоор баз болох Д  түүний эхнэр нь А  нарт байшингаа захиж, эхнэр П  нь өөрийн төрсөн эмэгтэй дүү А д манай байшингийн түлхүүрийг үлдээсэн байсан. Учир нь манайх үхэр саадаг байсан ба байшин дотор үхрийн тэжээл байдаг байсан. Тэгээд 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр орой манай байшингийн хаалгыг эвдэж, улмаар байшин дотор байсан 26 кг, 2 шуудай ноолуур алдагдсан талаар сонсож, шөнө аймаг руу гарч 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ ирсэн. Тэгсэн чинь манай байшингийн хаалганы цоожийг эвдэж, унтлагын өрөөнд байсан 2 шуудай 26 кг ноолуур алдагдсан байсан ба үүнийг миний баз болох Д  нь хулгайлж авсан талаар сонсож мэдсэн. Д  хулгайлсныг мэдээгүй болохоор эхнэрийн дүү нь А  цагдаад мэдэгдэж шалгуулсан байсан.

...Манай байшингийн гаднах хаалга болон гал тогоо, унтлагын өрөөний хаалганууд нь модон хаалгатай бөгөөд гурвуулаа далд цоожтой. Уг гаднах цоож болон гал тогоо, унтлагын өрөө /ноолуур байсан гэх/-ний цоожнуудыг хэрэг учрал гарахаас 7 хоногийн өмнө сольж, шинээр худалдаж аваад хийсэн байсан. Учир нь манай байшингийн гал тогооны өрөөгөөр дамжиж, унтлагын өрөө лүү орох хаалгатай байсан ба уг өрөөнд ноолуур байдаг учраас байнга цоожилж явдаг байсан. Ингээд хамгийн үнэтэй бат бөх цоож гэж тус бүрийг 27.000 төгрөгөөр худалдаж аваад хийсэн. Шинэ цоожнууд байсан юм. Хэрэг учрал болсон өдөр гаднах хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Харин гал тогооны өрөө болон ноолуур байсан гэх унтлагын өрөөний хаалганы цоож хэсгээр ямар нэгэн зүйлээр гөнжиж эвдсэн байсан. Чухам үүнийг юугаар эвдсэн эсэхийг мэдээгүй. Эхнэр П  нь өөрийн төрсөн эмэгтэй дүү нь А д байшингийн гаднах хаалганы запас түлхүүр болох 1 ширхэг түлхүүрийг өгсөн байсан. Би тухайн үед хараагүй бөгөөд дараа нь эхнэр П ээс асуухад, “байшингийн гаднах түлхүүрийг өгсөн. Мөн уг түлхүүртэй хамт ил цоожны 2 ширхэг түлхүүр, оосортой хамт байсан. Гал тогооны болон ноолуур байсан гэх унтлагын өрөөний түлхүүрийг өгөөгүй. Би өөрөө авч явсан” гэж хэлсэн юм. ...2 шуудайтай ноолуур байсан бөгөөд ноднин самнасан ноолуур байсан. Нийт ойролцоогоор 20-26 кг ноолуур байсан юм” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 33-36, 125-126 хуудас/,

- Гэрч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 17 цаг 30 минутын үед 9979****, 9541**** дугаараас надад хэд хэдэн удаа залгаж ноолуур авах уу? энэ жилийн шинэ ноолуур байна та авах уу, гэж залгасан тэр үед би Бугат суманд зуны байшиндаа засвар хийж байсан. Улмаар Бугатад жижиг машины багажанд 2 шуудай ноолуураа ачиж ирээд уг ноолуурыг жижиг хил дээр хиллэж үзэхэд 20 кг ноолуур болсон. Уг ноолуур хуучин ноолуур байсан тул 1 кг ноолуурыг 45.000 төгрөгөөр үнэлж 920,000 төгрөгийг бэлнээр уг залууд өгсөн. Тухайн залууг би танихгүй. Ямар нэгэн танил тал байхгүй. Ноолуур худалдаж авах уу? гээд залгаад байхаар нь ноолуур худалдаж авсан. Шинэ ноолуур гээд хэлхээр нь хуучин ноолуур байсан тул хулгайн ноолуур биш биз дээ гэж тэр залууд сануулж хэлсэн боловч тийм зүйл бишээ гэдгийг надад хэлж байсан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 38 дугаар хуудас/,

- Гэрч А  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Е гийн эхнэр П  хөдөө явахдаа, надад гэр харж байгаарай гэж хэлсэн. 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 18-19 цагийн хооронд П ийн гэрийг эргэх гэж очтол тэдний гэрийн гэрэл нь асаалттай байсан ба гэр лүү нь ороогүй. Улмаар гэрт нь хүн байгаа юм байна гэж ойлгоод үхэр сааж байгаа юм болов уу гэж харахад хэн ч байгаагүй улмаар 00-д байгаа юм болов уу гэж бодоод жаал хүлээгээд ирээгүй болохоор гэрийн хаалгыг нь татаж үзтэл онгорхой байсан улмаар П ийн төрсөн дүү С.А д утсаар мэдэгдэж дуудсан. А ийг нөхөртэйгөө хурдан ирээрэй гэж дуудаад ирэх хооронд хулгай орсон айл руу айгаад орохгүйгээр А  түүний нөхөр Т  нар байшин руу ороход нь хойноос нь дагаад орсон тэр үед А  гэрийн үүдээр ороод ул мөрийн баримт болох хутга, хаалганы бариул хүний хүрч болох бүх газарт хүрсэн. Хулгай орсон айлд хэдэн шуудай ноолуур байгаа талаар надад мэдэх зүйл байхгүй. Миний мэдэх зүйл энэ” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,

- Гэрч П ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2020 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр Баяннуур сум руу явж ямаагаа самнаж ирэхээр нөхөр болох Е  бид хоёр хүүхдүүдийн хамт явсан. Бид нар 5 хоногоор явсан ба байшингаа өөрийн төрсөн дүү болох А , түүний нөхөр нь Д  нарт захиж, байшингийн түлхүүрийг А д өгсөн. Ингээд бид нар хөдөө явсан.

Тэгсэн 2020 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр орой манай байшингийн хаалгыг эвдэж, улмаар байшин дотор байсан 26 кг, 2 шуудай ноолуур алдагдсан талаар дүү болох А ээс сонсож, шөнө аймаг руу гарч 05-наас 06-нд шилжих шөнө 03 цагийн үед гэртээ ирсэн. Тэгсэн манай байшингийн хаалганы цоожийг эвдэж, унтлагын өрөөнд байрласан, орны доод талд байсан 2 шуудай 26 кг ноолуур алдагдсан байсан ба үүнийг А ийн нөхөр нь болох Д  хулгайлж авсан байсан. Д  хулгайлсныг мэдээгүй болохоор А  цагдаад мэдэгдэж шалгуулсан байсан. Тухайн үед Д  байгаагүй ба би А д түлхүүрээ үлдээсэн байсан. Учир нь манайд саадаг үхэр байсан ба тэжээл нь байшин дотор байдаг учраас байшингийн түлхүүрийг үлдээсэн юм. Тэгсэн Д  нь хаалганы цоожийг эвдэж, дотогшоо нэвтрээд хулгай хийсэн байсан. Манай байшингийн гаднах хаалга нь модон хаалгатай бөгөөд далд цоожтой. Уг гаднах цоож болон гал тогоо, унтлагын өрөө /ноолуур байсан гэх/-ний цоожнуудыг хэрэг учрал гарахаас 7 хоногийн өмнө сольж, нэг цоожийг 27.000 төгрөгөөр худалдаж аваад, шинээр хийсэн байсан. Хэрэг учрал болсон өдөр гаднах хаалганд ямар нэгэн эвдрэл гэмтэл байгаагүй. Манай байшин коридортой нэлээд 5 өрөөтэй юм. Ноолуур байсан өрөө маань гал тогоогоор дамжиж ороод, цаашаа унтлагын өрөөнд байрласан орны доор, далд газар байсан. Харин гал тогооны өрөө болон унтлагын өрөө /ноолуур байсан гэх / маань модон хаалгатай бөгөөд хоёулаа далд цоожтой байсан. Дээрх байдлаар шинээр цоож хийсэн байсан. Тэгсэн уг хоёр хаалганы цоож хэсгээр гөнжиж эвдсэн байсан юм.

...Би өөрийн төрсөн охин дүү болох Д ын эхнэр А д байшингийн гаднах хаалганы запас түлхүүр болох 1 ширхэг түлхүүрийг өгсөн. Уг түлхүүртэй хамт ил цоожны 2 ширхэг түлхүүр, оосортой хамт байсан. Харин би гал тогооны болон ноолуур байсан гэх унтлагын өрөөний түлхүүрийг огт өгөөгүй. Манайд 2 шуудайтай ноолуур байсан бөгөөд ноднин самнасан ноолуур байсан. Нийт ойролцоогоор 20-26 кг ноолуур байсан юм. Чухам бидний бодож байгаагаар 26 кг ноолуур байсан юм шиг байна. Магадгүй 20 кг ноолуур байсан ч магадгүй байна. Учир нь нэг жил тэнд байсан ноолуур шүү дээ...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 40-41, 127-128 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 28 дугаартай “гарын мөр судлалын адилтгалын шинжилгээгээр шинжилгээнд тэнцэж байгаа 1 ширхэг гарын мөр нь Папилон санд кодлон оруулсан М1Ч003720004498 гэсэн бүртгэлтэй сэжигтэн Д ийн зүүн гарын эрхий хурууны хээтэй таарч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 45-46 дугаар хуудас/,

- БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн 29 дугаартай “гутлын мөр судлалын адилтгалын шинжилгээгээр шинжилгээнд тэнцэж байгаа хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлыг улны мөр нь сэжигтэн Д ээс гаргуулан авсан гутлыг улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас/,

- Хэргийн газрын нөхөн үзлэгийн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хавтаст хэргийн 7-12 дугаар хуудас/,

- Яллагдагч Д ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Миний бие Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, намайг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Учир нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр манай эхнэрийн эгч П  болон түүний нөхөр Е  нар хөдөө явахаар болж манай эхнэр А д гэрийнхээ түлхүүрийг орхиж, хашаанд байгаа мал, хашаа байшинг харж байгаараа хэмээн захиж үлдээсэн байна лээ. Миний бие урд нь Е ы гэрт буюу унтлагын өрөөний орны доор шуудайнд хийсэн ноолуур байдгийг мэддэг байсан ба 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 16 цагийн орчимд Е ы гэрт уг ноолуурыг нь хулгайлахаар очсон. Би гэрт нь очиж хаалгыг нь манайд орхиж явсан гэрийнхэн түлхүүрээр нь онгойлгож гэрт нь орж орны доор байсан хоёр шуудай, мөн тал шуудай ноолуур байсны хоёр шуудай ноолуурыг нь хулгайлж авч явсан. Тал шуудай ноолуурыг орхиж явсан. Уг хоёр шуудай ноолуурыг машиндаа өргөж авч очиж хийчхээд Е  нар намайг ноолуур хулгайлсныг мэдчих байх гэж бодоод гэрт нь буцаж очиж гэрийнхэн хаалгыг онгойлгож байгаад цоожийг нь хашаанд буюу байшингийнхан урд газарт хэвтэж байсан төмрөөр эвдээд яваад өгсөн.

Хулгайлж авсан уг 2 шуудай ноолуурыг тэр өдөр Бугат суманд ноолуурыг ченж хийдэг С  гэх хүнд худалдсан. С  уг 2 шуудай ноолуурыг жинд тавьж үзэхэд 20 кг гарсан ба 900.000 төгрөгөөр буюу 1 кг нь 45.000 төгрөгөөр худалдан авсан. Уг 900.000 төгрөгийг тэр өдөр Голомт банк дахь хадгаламжиндаа хийж тэр өдөр буцааж данснаасаа гаргаж авсан. Би ноолуурыг худалдсаны дараа гэрт ирээд Е ы гэрийн түлхүүрийг нь гэрт байсан газарт тавьсан. Орой 20 цагийн орчимд байх манай эхнэр А ийн утас руу эгч нь болох А  /хоч нэр нь/ гэх хүн залгаж Е ы гэрт хулгай орсон байна гэж хэлсэн. Эхнэр маань надад Е ы гэрт хулгай орсон байна гэж байна хоёулаа очоод ирье гэж хэлэхээр нь би эхнэрийн хамт машинаараа Е ы гэрт очсон. Е ы гэрт очсоны дараа эхнэр маань Е д гэрт нь хулгай орсон талаар хэлж мэдэгдэж дараа нь цагдаагийн газарт дуудлага өгсөн. Би эхнэртээ Е ы гэрээс ноолуур хулгайлснаа хэлээгүй ба дуудлагаар ирсэн цагдаагийн алба хаагч нар шалгаж яваад тэдний нэг нь миний машины хойд багажийг онголгож үзсэн байна лээ. Би машиныхаа хойд багажанд Е ы гэрээс хулгайлсан ноолуурыг хийсэн 2 ширхэг шуудайг хийсэн байсан. Уг цагдаагийн алба хаагч намайг сэжиглэж биднийг цагдаагийн газарт дагуулж ирсэн. Цагдаагийн газарт ирсний дараа би тэдэнд Е ы гэрээс 2 шуудай ноолуурыг нь хулгайлснаа хүлээн зөвшөөрч хэлж өгсөн болно. Би Е ы гэрээс ноолуур хулгайлахаар очих үед машинаа хөрш айлууд нь харж намайг таньчих юм болов уу гэж бодож Е ы гэрээс зайтай газарт буюу Ховд голын эрэг рүү тавьсан байсан. Е ы байшингийн хаалгыг эвдсэн гэх төмөр Е ы хашаанд байсан ба ойролцоогоор 70-80 см урттай төмөр байсан. Би уг төмрийг аймгийн нэгдсэн эмнэлгийн ойролцоо гудамжинд хаясан. Би Е ы байшингаас ноолуур хулгайлах үед ганцаараа очиж хулгайлсан. Би машинаа унаж яваад шүргэж урд купрыг нь гэмтээсэн байсан ба машиныхаа гэмтсэн хэсгийг засварлахад мөнгө хэрэгтэй болохоор нь Е ы байшингаас ноолуурыг нь хулгайлж, уг ноолуурыг худалдаж мөнгөөр нь машинаа засварлана гэж бодсон.

Миний уг машин 39** БӨТ улсын дугаартай, саарал өнгийн PLATZ маркийн машин юм. Уг машин маань миний өөрийн эзэмшлийн машин байгаа юм. Би уг машинаа 2011 онд Улаанбаатар хотоос 5.500.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Миний уг тээврийн хэрэгсэлд холбогдох бусдад төлөх өр, зээл байхгүй болно. Миний хулгайлсан гэх ноолуур нь өнгөрсөн жилийн ноолуур байсан. Би Е тай ярьж тохирч ноолуурынхан оронд 20 кг ноолуур өгсөн. Одоо хохирлын талаар ямар нэгэн маргаангүй болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 83-84 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д  нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хохирогч Е ы байшинд хууль бусаар нэвтрэн орж 2 шуудай ноолуур хулгайлж, өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн авч явж бусдад зарж борлуулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргасан ба шүүгдэгч Д  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн мэтгэлцээгүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Хулгайлах гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авснаар илрэх ба Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч” гэдэгт нь аливаа хүний орон байрны халдашгүй байдал болон хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр бусад тохиолдолд түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах буюу ашиглахгүйгээр цонх, хаалга, түгжээг эвдэх, цуургыг сугалах байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан; “учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэх зорилгыг тус тус ойлгоно.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудын хүрээнд шүүгдэгч Д  нь төрсөн баз болох Е ы эхнэр, хадам эгч П ийн С.А д (гэрч П ийн төрсөн эмэгтэй дүү) захиж үлдээсэн өвлийн байшингийн гадна хаалганы түлхүүрийг сэм авч нэвтэрч, улмаар ноолуур хадгалсан өрөөний хаалганы цоожинд түлхүүр тааруулан хууль бусаар нэвтэрч хоёр шуудай ноолуурыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хулгайлан авч, учрах саадыг арилгах зорилгоор өөрийн эзэмшлийн 39** БӨТ улсын дугаартай, Toyota platz загварын тээврийн хэрэгсэл буюу машинд ачиж явсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон байна.

Иймд шүүгдэгч Д ын үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан ба “хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэстэй гэж үзэв.

Шүүгдэгч Д  нь шунахай сэдэлтээр, амар хялбар аргаар мөнгө олох гэсэн гэм буруугийн шууд санаа нь энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж дүгнэлээ.

2. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.

Шүүгдэгч Д  нь хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэний улмаас иргэн Е д 760.000 төгрөгийн хохирол учруулсан боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Д  хулгайлсан 2 шуудай ноолуурыг хохирогч Е д бүрэн төлж хохирол, хор уршгийг арилгасан, мөн хохирогчийн зүгээс гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй хэмээн мэдүүлсэн тул шүүгдэгч Д ыг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Шүүгдэгч Д  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Д ад 2 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх тухай дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шүүгдэгчийн хувийн байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирлыг нөхөн төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг журамлан 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж өгөх дүгнэлтийг гаргаж мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Д ын гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор тогтоолд дурдав.

4. Бусад асуудлаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Д  нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг устгаж, шүүгдэгч Д ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, өөрт нь хариуцуулсан түүний эзэмшлийн 39** БӨТ улсын дугаартай, Toyota platz загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгож, шүүгдэгч Д ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.   

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д ад 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д ад оногдуулсан 1 (нэг) жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Энэ хэрэгт шүүгдэгч Д  нь цагдан хоригдсон хоноггүй, энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг шар өнгийн иштэй хутгыг устгахыг БӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Д ын эзэмшлийн 39** БӨТ улсын дугаартай, Toyota platz загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 39** БӨТ улсын дугаартай, Toyota platz загварын саарал өнгийн тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өнөөдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн тоолсугай.   

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоол шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д ад авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Х.ТАЛГАТ