Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 149

 

           БӨ аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т  даргалж,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А,

            орчуулагч, хэлмэрч Е,

улсын яллагч Б ,

хохирогч А , С ,

хохирогч нарын өмгөөлөгч С ,

шүүгдэгчийн өмгөөлөгч нар А , Б ,

шүүгдэгч Ж  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж ад холбогдох эрүүгийн 2013000010030 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, 1988 оны 1 дүгээр сарын 04-ний едөр төрсөн, 32 настай, эрэгтэй, ам бүл 4, эхнэр, ээж дүү нарын хамт амьдардаг гэх, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй,БӨ аймгийн Ө сумын 10 дугаар багт оршин суудаг, яс үндэс казах, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ж , регистрийн дугаар Б388******

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ж  нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гэр бүлийн хүрээнд үүссэн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байсан гэх эхнэр Б ыг хайж яваадБӨ аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших хадам дүү А ийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “LG” загварын зурагтыг хагалж, UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийг эвдэж, толгой аппаратыг авч явж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг.

1. Шүүгдэгч Ж  мэдүүлэхдээ: Энэ хэрэг гарсан шалтгаан нь тухай үед эхнэртэйгээ муудалцахад А ирээд дагуулаад явсан. Тэрэнд уурлаж ийм асуудал гаргасан. Төхөөрөмжийг төлж өгөхгүй гэж хэлээгүй. Тухайн үед хэдэн төгрөгөөр авсан талаар мэдэж байна. 9.000.000 төгрөгөөр авсан. Одоо ч гэсэн 9.000.000 төгрөг байдаг юм байна. Уучлалт гуйгаад хэд хэдэн удаа очсон боловч уучилсангүй.

Улаанбаатар хотод аваачиж засуулсан. Монголд хоёр, гурван байдаг төхөөрөмж гэж байгаа нь худлаа юм байна. Улаанбаатарт байдаг юм байна. Улаанбаатараас очиж аваад ирсэн. Программ нь байхгүйн улмаас ажиллуулж чадахгүй байна. СД хамт дагалдаж ирдэг юм байна, тэрийг нь хохирогч нар өгөхгүй байгаа. Үнийн хувьд санал нийлэхгүй байна. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Хохирогч А  мэдүүлэхдээ: 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр ийм асуудал болж, хохирол амссан. С  гэх найзтайгаа 3D обой хэвлэх тоног, төхөөрөмж авахаар 2019 оны 4 дүгээр сарын 19-ний өдөр захиалга өгөөд, 2020 оны 5 дугаар сарын дундуур төхөөрөмж ирсэн. Хятад улсаас англи хэлээр харьцаж төхөөрөмжийн тохиргоог нь хийлгэсэн.

2020 оны 7 дугаар сарын 24-ний өдөр үйл ажиллагаа эхэлсэн.БӨд ийм тоног төхөөрөмж байхгүй. Уг тоног төхөөрөмжөөр баруун 5 аймгийг обойгоор хангах боломжтой байсан. Бид хоёр үйл ажиллагааг эхэлж, 2 сар ажиллаж 9.600.000 төгрөгийн орлого олсон. Бид нарын хэвлэж гаргаж байсан обой тансаг зэрэглэлийн, үнэтэй обой байсан учир сонирхсон хүмүүс их байсан. Ховдоос захиалга орж ирсэн. Бид нарын хувьд Ховдын үнээс хямдхан үнээр худалдсан. Ховдод 45.000 төгрөгтэй байдаг юм байна. Бид нар үйл ажиллагаагаа цааш нь өргөжүүлээд 12 дугаар сарын үед С ын нэр дээр  10.000.000 төгрөгийг зээл авсан. Уян таазны  хэвлэл хийх зорилготой бэлтгэлээ хангаад 3 сар гэхэд бэлдсэн байсан.

Оросын Кош-Агаш мужид очиж энэ талаар судалгаа хийгээд ирсэн боловч үнэтэй учраас Хятад улсад ямар үнэтэй байх талаар судалъя гэж бодоод 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр, 20-ны өдөр Улаанбаатар хот руу явах билет аваад бэлдсэн байсан. 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Бугат сумд байдаг миний эгчийн гэрт төрсөн өдөрт очиж, орой 19:40 минутад гэртээ ирсэн. Гэртээ ирэхэд саяны үйл явдал болсон байсан ба бид нар Улаанбаатар хот руу явж чадаагүй.

Энэ асуудал эхнэртэйгээ муудалцсанаас болсон гэж мэдүүлж байна. Үүнд тайлбар болгож хэлэхэд жилийн өмнө Улаанбаатар хотод байхад дүү нарын дэргэд зодсон  асуудал байсан. Дараа нь ах, дүү нартайгаа ирээд уучлах гуйгаад эгчээ аваад явсан. Ингээд жил хүрээгүй байхад ийм зүйл давтагдсан. Мөн Ж  өөр хүнтэй харьцсан /чатласан/ асуудал гарсан ба тэрийг нь эгч маань мэдээд гомдож, надад уншуулж байсан. Эр хүний хувьд үүргээ гүйцэтгэж, эм авч өгч чадаагүй. Улаанбаатар хотод очиж 80.000 төгрөгийн эм уугаад ирэх л асуудал байсан. Эцсийн эцэст үүний улмаас би хохирч байна. Өөр асуух зүйл байвал үнэн зөвөөр хариулна. Хохирол, хор уршгийг бүрэн хэмжээгээр шүүгдэгч Ж аас гаргуулж өгнө үү гэв.

3. Хохирогч С  мэдүүлэхдээ: Анх А тэй нийлж 3-4 жил засал, чимэглэл хийж, өөрсдийн мөнгөө хуримтлуулж, обой хэвлэх төхөөрөмж авахаар болж бид хоёр зээл авсан. Зээлийг өөр өөрсдөө авсан. Энэ талаар бүх нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан.

Хоёрдугаарт шүүгдэгч Ж ын хэлж байгаа нь үндэслэлгүй, түүний мэдүүлэгт нотлох баримтын хүрээнд хариу өгье. Ийм төгрөгөөр авсан, тийм төгрөгөөр авсан гэж байна. Бид нар хэдэн төгрөгөөр авсан талаарх  нотлох баримтуудаа хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Мөн үнэ тогтоосон шинжээчийн дүгнэлт хийгдсэн байгаа.

Шүүгдэгч Ж  шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрсөн учир өөрөө дахин шинжилгээ хийлгүүлсэн. Ж  “би уучлалт гуйсан боловч уучилсангүй” гэж мэдүүлж байна. А  бид хоёр Бугат сумд засал хийгээд явж байхад, А  рүү дахин, дахин залгаж, уучлаарай гэж мессеж бичиж байсан. Дараа нь нэг удаа машин дотор уулзсан. Тухайн үед хэргийг хийхийн хувьд хийсэн. Нэгдүгээрт хэргийг хаагаад, гурвуулаа Улаанбаатар хот руу хамт явж, төхөөрөмжийг аваад ирье гэж хэлсэн. Миний утсанд хэлсэн үг нь байгаа. Хоёрдугаарт бидний хэлж байгаа төхөөрөмжийн сэлбэг нь Тайвань, Вьетнам улсаас орж ирдэг ба цаанаасаа кодтой ирдэг. Нэг сар гаруй энэ төхөөрөмжийн талаар судалгаа хийсэн. Хэрэв ямар нэгэн байдлаар эвдэрсэн тохиолдолд Монгол улсад засварлах боломжгүй. Төхөөрөмжийг авахад 2 жилийн баталгаа өгсөн. Тэр нь эвдэрч, хугарсан эд ангийн нь засаж өгөх талаар баталгаа биш. Зөвхөн программын хувьд ямар нэгэн асуудал гарах юм бол дахин суулгаж өгөх баталгаа байсан.

Би өөрөө  программын чиглэлээр төгссөн.БӨн фото студийн газрууд бүгд таньж байгаа. Программын чиглэлээр төгссөн би хүртэл энэ төхөөрөмжийн программын талаар мэдэхгүй байхад энэ хүмүүс ажиллуулна гэж байгаад нь итгэхгүй байна.  Шүүгдэгчийн авчирсан гэж байгаа төхөөрөмж нь гаднах байдал нь адилхан байж болох ч хуурамч юм байж магадгүй. Хятад улсад дуурайж үйлдвэрлэж болно гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Тийм төхөөрөмж нь тухайн үед нь ажиллаж байдаг боловч хэзээ эвдрэх нь тодорхой бус. Бид нар Энхтайван гэдэг хүнээс баталгаатай тоног төхөөрөмж авсан.

Манай тоног төхөөрөмжийн эд ангийг нь авчирсан гэж байгаа боловч хэвийн ажиллах эсэхийг нь мэдэхгүй байна. Учир нь 7 сарын хугацаанд ажиллагаа нь зогссон байгаа учраас доторх будаг нь хатсан, гуурснуудыг нь будаг бөглөөд хатсан байж магадгүй. Бид нар хэрэглэгчдийг чанарын шаардлага хангасан, чанартай бүтээгдэхүүнээр хангах зорилготой учраас Ж ын авчирсан төхөөрөмжийг авахгүй. Бид нар хийвэл хийсэн шиг юм хийнэ. Дараа нь үйлчлүүлэгч нар маань энэ нь болохгүй байна, тэр нь болохгүй байна гэж гомдол мэдүүлэхийг хүсэхгүй.

Бид нар ХААН банкнаас 14.000.000 төгрөгийн зээл болон Төрийн банкнаас авсан 10.000.000 төгрөгийн зээлийг хохиролд тооцсон. Яагаад гэвэл энэ асуудлаас болж 6 сарын турш төлөгдөөгүй хугацаа хэтэрсэн байж байна. Төрийн банкнаас зээл төлөхийг шаардсан ба төлөөгүй тохиолдолд эргэн татахаа мэдэгдэж ирүүлсэн бичгийг хавтаст хэрэгт гаргаж өгсөн байгаа. Зээлийн төлж чадаагүйн улмаас муу зээлдэгчийн жагсаалтад орсон. Дараа нь ямар нэгэн байдлаар зээл авах боломжгүй байдалд хүрч байгаа. 14.000.000 төгрөгийн хүү 1 дүгээр сард 189.707 төгрөг, 2 дугаар сард 185.546 төгрөг, 3 дугаар сард 163.954 төгрөг, 4 дүгээр сард 167.655 төгрөг, 5 дугаар сард 154.974 төгрөг,   6 дугаар  сарын хүү 152.350 төгрөг, 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс 3 дугаар сарын 21-ний өдрийг хүртэлх хүү 61.453 төгрөг, нийт 1.772.612 төгрөг болж байна. 

Харин 10.000.000 төгрөгийн хүүгийн хувьд Төрийн банкнаас 2 сарын хөнгөлөлттэй гэж олгосон  ба 1, 2 сард хөнгөлөлт авсан. Уг зээлийн хүү 345.304 төгрөг болж байгаа. Энэ нь 9.000.000 төгрөг авах хүртэлх зээлийн хүү байгаа. Зурагтын үнийн хувьд 852.360 төгрөг гэж тогтоосон. Анх үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт гаргахад 150.000 төгрөгийг өөрсдөө төлсөн. Мөн хэрэг болох өдөр бид нар билет авч, маргааш нь Улаанбаатар хот руу автобусаар явах бодолтой байсан. Тийм хэрэг гарсан учир Улаанбаатар хот руу явж чадаагүй ба билетийг буцаах шаардлага гарсан. Билетийг буцаасны төлбөрт 25.500 төгрөг төлсөн. Нийт хохирол 17.950.569 төгрөг болж байна.

Б  өмгөөлөгч фейсбүүкт нийтэлсэн зарын талаар хэлж байна. Тийм зургийг би 30 минутын дотор л хийж чадна. Тиймээс нотлох баримттай юм яриа гэв.

Хоёр: Эрүүгийн 2013000010030 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

1. Иргэн А ээс 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр амаар гаргасан гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 6 дугаар хуудас/,

2. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 7-12 дугаар хуудас/,

3. Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 13-16 дугаар хуудас/,  

4. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 17-18 дугаар хуудас/,

5. 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн иргэн Ж аас гаргаж өгсөн хувцаснуудыг хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 20-21 дүгээр хуудас/,

6.БӨ аймаг дахь Цагдаагийн газрын замын хөдөлгөөнийг хянах хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 22-27 дугаар хуудас/,

7. Иргэн А ээс 3D обой хэвлэж гаргасан бүртгэл, үйлчилгээний төвөөс талбай түрээслүүлсэн тухай баримтууд, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 35-47 дугаар хуудас/,

8. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа /1 дүгээр хавтасны 49 дүгээр хуудас/,  

9. 2020 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр Альфард загварын 72-25 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дүгээр хавтасны 28-31 дүгээр хуудас/,

10. Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55-56, 59-60 дугаар хуудас/,

11. Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-62, 72 дугаар хуудас/,

12. Гэрч Б ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 65-66 дугаар хуудас/,

13. Гэрч А ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 67 дугаар хуудас/,

14. Гэрч М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 69 дүгээр хуудас/,

15. Гэрч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 70 дугаар хуудас/,

16. Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73-77 дугаар хуудас/,

17. Гэрч О.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 78-79 дүгээр хуудас/,

18. Эд зүйлсийн үнэлгээг тогтоосон шинжээч Х ын 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20/006 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 82-97 дугаар хуудас/,

19. Эвдэрсэн 3D обой хэвлэгч төхөөрөмжийн үнийг тогтоох дахин шинжилгээ хийсэн шинжээч А , Г , Г  нарын 2020 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн дүгнэлт /2 дугаар хавтасны 36-41 дүгээр хуудас/,

20.БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн №08 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 100-103 дугаар хуудас/,

21.БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 1 сарын 08-ний өдрийн №07 дугаартай дүгнэлт /1 дүгээр хавтасны 104-107 дугаар хуудас/,

22. Хохирол, хор уршигтай холбоотой нотлох баримтууд /1 дүгээр хавтасны 147-165 дугаар хуудас/,

23. Иргэн Г аас 13.860.000 төгрөг шилжүүлсэн тухай ХААН банкны депозит дансны хуулга /1 дүгээр хавтасны 167 дугаар хуудас/, 

24. 3D обой хэвлэгчийг захиалсан захиалгын баримт /1 дүгээр хавтасны 204, 226 дугаар хуудас/,

25. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх төмөр трубаг хүлээн авч хэрэгт хавсаргасан тогтоол, тэмдэглэл /1 дүгээр хавтасны 205-206 дугаар хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 213-214 дугаар хуудас/,

26. Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1 дүгээр хавтасны 207-212 дугаар хуудас/,

27. Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан магадалгаа  /1 дүгээр хавтасны 215-217 дугаар хуудас/,

28. Гэрч Э  2020 оны 3 дугаар сарын 17-ны өдрийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 222-225, 240-241 дүгээр хуудас/,

29. Шинжээч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 227-228 дугаар хуудас/,

30. Яллагдагч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтасны 229-230 дугаар хуудас/,

31. Яллагдагч Ж ад 3D обой хэвлэгч төхөөрөмжийг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /2 дугаар хавтасны 33 дугаар хуудас/,

32. Яллагдагч Ж ад шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэлүүд /1 дүгээр хавтасны 108, 109, 110, 125 дугаар хуудас/,

33. Автобусны билет буцаасан болохыг тодорхойлсон тухайБӨ аймгийн Автотээврийн төвийн тодорхойлолт /1 дүгээр хавтасны 247-248 дугаар хуудас/,

34. Мөнх-Эстимейт ХХК-нд шинжээчийн хөлс 150.000 төгрөгийн 8 дугаартай нэхэмжлэх /1 дүгээр хавтасны 165 дугаар хуудас/,

35. Хохирогч С ын Төрийн банкнаас авсан гэх зээлийн эргэн төлөлтийн хуваарь /2 дугаар хавтасны 1 дүгээр хуудас/,

     36. Яллагдагч Ж ын иргэний үнэмлэхийн лавлагаа /1 дүгээр хавтасны 134 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1 дүгээр хавтасны 133 дугаар хуудас/,

            37. Хохирогч нараас нотлох баримтаар гаргаж өгсөн СД 1 ширхэг, камерын бичлэг СД 1 ширхэг болон хавтаст хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

1. Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Ж  нь 2019 оны 12 дугаар сарын 30-ны орой гэр бүлийн хүрээнд үүссэн таарамжгүй харилцааны улмаас тусдаа амьдарч байсан гэх эхнэр Б ыг хайж яваадБӨ аймгийн Өлгий сумын 6 дугаар багт орших хадам дүү А ийн өвлийн байшингийн цонхоор нэвтрэн орж, 42 инчийн “LG” загварын зурагтыг хагалж, UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийг эвдэж, толгой аппаратыг авч явж, бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгах, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт: “...хэрэг учрал болсон гэх газар нь Өлгий сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах иргэн А ийн өвөлжөөний байшин байсан, ертөнцийн зүгээр зүүн тал руу харсан 1.20 x 1 метрийн модон цонхтой, уг модон цонх нь 40x60 см хэмжээтэй онгойлдог салхивч 1 порточктой, уг салхивч нь пиабр бариултай, дотроос нь хугарсан, онгорхой байв. Уг цонхны гаднах талд бүдэг 1 ширхэг гутлын мөр байв, хаалгаар дотогш ороход баруун гар тийш эргэхэд 3x3 хэмжээтэй өрөө байсан ба уг өрөөнд 42 инчийн “LG" маркийн зурагт байв, уг зурагтыг булангаас нь гараар цохисон байдалтай хагарсан байсан уг өрөөнд ороход 2,60 метрийн урттай Ub инжект “3D” обой хэвлэгч машин байсан ба хажууд нь ороогоод тавьсан 3 ширхэг 3D обойгийн хэвлэгч материал байв. Хаалганы ертөнцийн зүгээр зүүн талын хана дагуулж тавьсан 2 метрийн урттай төмөр ор байсан ба уг орны толгой хэсэг нь хулгайч орсон гэх цонхноос 30 сантиметрийн зайтай хажууд нь байв. Цонхоор орсон хүн орыг гишгэж, дамжин орох байдалтай байв. Уг орны дээр хар өнгийн даавуугаар гадарласан аравч маягийн  даавуу байсан ба дээрээс нь гишгэсэн 1 ширхэг гутлын мөр байв. Уг мөрийг шинжээч, цагдаагийн ахмад Б  бэхжүүлэн авсан болно. Уг мөрний урт нь 29 см, өлмийний өргөн нь 10,5 см, өлмийн урт нь 15 см, өсгий өргөн нь 7,5 см, өсгийн урт нь 8,5 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн цэцгэн хээтэй, гутлын ул мөр байв. Мөн “3D” обой хэвлэгч төхөөрөмжийн толгой хэсгийн гаднах талд үүссэн цамцны ханцуй хэсгээр үүсэх боломжтой тосон мөрийг бэхжүүлэн авсан болно" /1 дүгээр хавтасны 7-12 дугаар хуудас/.

- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “...иргэн Ж  /Б388******/-аас эд мөрийн баримтаар хүрэн бор өнгийн 2 хос гутлыг хураан авсан болно” /1 дүгээр хавтасны 13-16 дугаар хуудас/,

- 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт “уг гутал нь хүрэн бор өнгийн 29 см-ийн урттай, өсгийний урт нь 8,5 см, өргөн нь 7,5 см хэмжээтэй, өлмийний урт нь 15 см, өргөн нь 10,5 см-ийн хэмжээтэй’’ /1 дүгээр хавтасны 17-18 дугаар хуудас/,

- 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр хяналтын камерын дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл. “2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 17 цаг 45 минутад дээрээ 2 хар лүүктэй Цагаан өнгийн 72** БӨТ улсын дугаартай, “Альфард” маркийн тээврийн хэрэгслээр “Сыргалы” дэлгүүрийн 3-н замын уулзвараар эргэж явсан ба 18 цаг 24 минутад Хотгорын уурхай руу явах 3-н замын уулзвараар Цагааннуур тосгон явах хар замаар чигээрээ өнгөрсөн бөгөөд урьд нь бараан өнгийн дээрээ ачаатай Истана маркийн машины араас хамт явсан ба баруун өнгийн ачаатай тээврийн хэрэгсэл нь чигээрээ Цагааннуур явах хар замаар явсан. Араас нь явсан дээрээ 2 хар лүүк цагаан өнгийн “Альфард” машин дагаж яваагүй бөгөөд 5 дугаар ахлах сургуулийн ойр орчимд алга болсон. Уг цагаан өнгийн дээрээ 2 хар лүүктэй машин зам дагуу байрлах дэлгүүрүүдийн урд зогсоогүй бөгөөд 19 цаг 11 минутанд Өлгий сумын 6 дугаар баг, Цагааннуур тосгон явах хар зам дагуу байрлах Хаан банкны баруун талын гудмаар дээрээ 2 хар лүүктэй цагаан өнгийн “Альфард” машин гарч, баруун тал руу эргэж, хар зам гараад чигээрээ явж 19 цаг 24 минутанд “Зайд” сургуулийн 3-н замын уулзвараар баруун тал руу эргэж явсан нь тогтоогдсон болно...” /1 дүгээр хавтасны 22-27 дугаар хуудас/,

- 2020 оны 01 сарын 17-ны өдөр машинд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт. “Ж ын эзэмшлийн “Альфард” /Alphard/ маркийн, цагаан өнгийн, 72-25 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг явуулав, ......бөгөөд дээрээс харахад онгойлдог хар шилтэй 2 ширхэг лүүк /нээлхий/ байв. /1 дүгээр хавтасны 28-31 дүгээр хуудас/

- Хохирогч А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр орой өвөлжөөний байшингаас ээжтэй хамт Бугат сумд оршин суудаг төрсөн эгчийн гэр лүү хүүхдүүдийн төрсөн өдөр тэмдэглэх гэж орой 17 цагийн үед гэрээс гарч орой 19 цаг 40 минутын үед гэрт ирэхэд хаалга цоожтой байсан ба хаалгыг онгойлгож гэрт ороход цайны өрөөнд 42 инчийн хавтгай дэлгэцтэй зурагтыг гараараа цохисон байдалтай дэлгэцийг хагалсан ба заал өрөөнд ажиллуулдаг “3D” обой хэвлэгч машин төхөөрөмжийг хагалж, хажууд нь байсан “UВ” толгой төхөөрөмжийг хулгайлж авч явсныг хараад цагдаад дуудлага өгсөн.

...Манай гэрт зөвхөн ээж бид хоёр л амьдардаг, манай гэрээс “3D" обой гаргадаг төхөөрөмжийн толгой төхөөрөмжийг хулгайлан авсан ба өөр эд зүйл хулгайд алдагдаагүй бөгөөд зурагтыг хагалсныг харахад надад заналхийлсэн хүн байх гэж бодож байна,

...надад одоогоор сэжиглэж байгаа хүн миний төрсөн хүргэн ах болох Ж  байна. Яагаад гэвэл миний төрсөн эгч болох Б тай гэр бүл болсон ба хоорондоо сүүлийн үед муудалцаж тааруу байгаа тул бид нараас өшөө авах гэж байгаа бололтой байх гэж бодож байна.

...Одоогоор уг хэрэг үйлдэгдсэний улмаас миний хамтрагч С  бид хоёрын хувийн бизнест дараах хохирол учирсан. Үүнд нэгдүгээрт “3D” обой хэвлэгч машиныг эвдсэн, уг төхөөрөмжийг үнийг 21.719.800 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг нь тогтоосон байна. Уг төхөөрөмжийн толгой төхөөрөмжийг эвдсэн тул уг төхөөрөмж одоогийн байдлаар ямар ашиглах боломжгүй болсон, засвар хийлгэж бас болохгүй байгаа.

Уг төхөөрөмжийг С  бид хоёр 2019 оны 5 дугаар сарын дундуур урд Хятад улсаас тээврийн зардлыг нэмэхгүйгээр, төхөөрөмжийн үнэ нь 17.700.000 төгрөгөөр авч байсан, тээврийн зардалд 500.000 төгрөг, гаалийн татварт 2.100.000 төгрөг, анх төхөөрөмжийг авчраад мэргэжлийн хүнээр тохиргоо хийлгүүлэхэд 1.500.000 төгрөг гарсан. Ингээд нийтдээ С  бид хоёроос 21.000.000 төгрөг гарсан.

...хоёрдугаарт 42 инчийн “LCD” хавтгай зурагтыг эвдсэн байгаа. Уг зурагтын үнэлгээг 852.360 төгрөгөөр гаргасан байна. Энэхүү үнэлгээг хүлээн зөвшөөрч байна.

...гуравдугаарт дээрх эд зүйлсийн үнэлгээг гаргуулахад бид нараас 150.000 төгрөг гарсан байгаа.

...Сүүлд нь дээрх “3D” обой хэвлэгч машиныг анх авахаар болоход С  бид хоёрын цуглуулсан мөнгө төхөөрөмжийн үндсэн үнэд хүрээгүй тул манай төрсөн эгч болох Хисын Гүлжан Эрдэнэт хотоос ХААН банкнаас 14.000.000 төгрөгийн цалингийн зээлийг “Дүүгийн бизнест хөрөнгө оруулах” зориулалтаар авч өгсөн байсан. Иймд С  бид хоёр сар болгон эгчийн цалингийн зээлд хүүгийн хамт нийлээд 603.000 төгрөг төлж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс хойш төлж чадахгүйд хүрч байгаа” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 55-56, 59-60 дугаар хуудас/,

- Хохирогч С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэргийн талаар урд нь гэрчээр мэдүүлэг өгсөн байгаа. Уг хэрэг үйлдэгдсэний улмаас А  бид хоёрын үүсгэн байгуулсан “Ай Эс констракшн” ХХК-д дараах хохирол учирсан. Үүнд нэгдүгээрт 3D обой хэвлэгч машиныг эвдсэн, уг төхөөрөмжийн үнийг 21.719.800 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг нь тогтоосон байна. Уг төхөөрөмжийн толгой төхөөрөмжийг эвдсэн тул уг төхөөрөмж одоогийн байдлаар ямар ч ашиглах боломжгүй болсон, засвар хийлгэж бас болохгүй байна.

Уг төхөөрөмжийг А  бид хоёр 2019 оны 5 дугаар сарын дундуур Хятад улсаас тээврийн зардлыг нэмэхгүйгээр, төхөөрөмжийн өөрийн үнэ нь 17.700.000 төгрөгөөр авч байсан. Тээврийн зардалд 500.000 төгрөг, гаалийн татварт 2.100.000 төгрөг, анх мэргэжлийн хүнээр тохиргоо хийлгүүлэхэд 1.500.000 төгрөг гарсан. Ингээд нийтдээ А  бид хоёроос 21.000.000 төгрөг гарсан. Ерөнхийдөө төхөөрөмжийн үнэлгээг нь хүлээн зөвшөөрч байна.

Хоёрдугаарт 42 инчийн “LCD” хавтгай зурагтыг эвдсэн байгаа. Уг зурагтын үнэлгээг 852.360 төгрөгөөр гаргасан байна. Зурагтын үнэлгээг мөн хүлээн зөвшөөрөөд байгаа. Гуравдугаарт дээрх эд зүйлсийн үнэлгээг гаргуулахад бид нараас 150.000 төгрөг гарсан байгаа. Уг мөнгийг бодит хохиролд тооцож өгнө үү. Сүүлд нь хэлэхэд дээрх 3D обой хэвлэгч машиныг анх авахаар болоход А  бид хоёрын цуглуулсан мөнгө төхөөрөмжийн үндсэн үнэд хүрээгүй тул А ийн Эрдэнэт хотод амьдардаг төрсөн эгч Г  нь ХААН банкнаас 14 сая төгрөгийн цалингийн зээлийг “Дүүгийн бизнест хөрөнгө оруулах” зориулалтаар авч өгсөн байсан. Иймд А  бид хоёр сар болгон эгчийн цалингийн зээлд хүүгийн хамт нийлээд 603.000 төгрөг төлж байсан бөгөөд 2019 оны 12 дугаар сарын 20-ний өдрөөс хойш төлж чадахгүйд хүрч байгаа. Иймд зээлийн хүүг хохиролд тооцож өгнө үү. Хохирлын талаар хэлэхэд ийм байна. А  илүү дэлгэрэнгүй мэдүүлэг өгч, шаардлагатай баримтуудыг гаргаж өгсөн байх.” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 61-62 дугаар хуудас/,

- Гэрч Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Ж  нь 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надад уулзах үед чиний бичлэгийг олон түмэнд гаргаж тараах болно, чи надад дахиж ирэхгүй бол янз бүрийн зүйлээр чамд юм хийж чадна гэж айлган сүрдүүлсэн, надад А  гэдэг төрсөн дүү байгаа ба бид нар одоо хамт амьдарч байгаа, манай хавтгай зурагтыг хагалж, манай дүүгийн 3D обой хэвлэгчийг хагалж хорлон сүйтгэх ажиллагаа явуулсан миний нөхөр болох Ж  гэж үзэж байна. Яагаад гэвэл гэрийн бусад үнэтэй эд хогшлыг хулгайлаагүй бөгөөд зөвхөн манай дүүгийн их хэмжээгээр орлого олдог эд зүйлийг эвдсэн болохоор шууд Ж  хийсэн гэж үзэж байна.

...Би 2019 оны 12 дугаар сарын 05-ны өдөр нөхөр Ж тай гэр бүлийн маргаанаас болж муудалцаад тэр өдөр нь дүү А ийг дуудаад, түүний гэр лүү явчихсан байсан. Түүнээс хойш одоог хүртэл дүү А ийн гэрт амьдарч байгаа болно. Би гэрээс явсан шалтгаан нь нөхөр Ж  бид хоёр гэрлээд 4 жил болсон бөгөөд бид хоёр дундаасаа хүүхэдтэй болж чадаагүй. Энэ байдлаасаа болоод миний бие 2018 оноос эхэлж Улаанбаатар хотод очоод эмчилгээ хийлгэж, эм хэрэглэж явж байгаа юм. Тэгээд 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хотод эмчилгээнд явахаар болоод нөхрөөсөө мөнгө асуухад егөөгүй бөгөөд түүнээсээ болж бид хоёрын дунд асуудал үүсээд би гэр лүүгээ явчихсан юм. Ж  нь надтай 4 өдөр дараалан уулзахдаа надад “чи гэртээ ирэхгүй бол чиний дүрс бичлэгүүдийг олон түмэнд тараах болно, би чамд юу ч хийж чадна” гэх мэтээр намайг айлган сүрдүүлсэн” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 73-77 дугаар хуудас/

- Гэрч О.С ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...би 2019 оны 12 дугаар сарын 20-ны орой 19 цагийн үед Өлгий сумын 10 дугаар багт байрлах Зайд сургуулийн урьд М  дэлгүүрийн урьд таксинд зогсож байхад Ж  өөрийн 72** БӨТ улсын дугаартай Алпарт маркийн цагаан өнгийн машинаар миний хажуугаар өөрийн гэр рүү эргэж явсан ба миний хажуугаар явж байхад би нэг удаа сигнал дарахад зогсоогүй. Дараа нь хэсэг хугацааны дараа миний гар утас руу залгаж сигнал дарсан чи уу, яасан бэ гэж асуусан” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 78-79 дүгээр хуудас/,

- Шинжээч “Мөнх-Эстимэйт” ХХК-ийн үнэлгээчин Х ын эвдэж хагалсан эд зүйлсийн үнэлгээ тогтоосон 2020 оны 1 дүгээр сарын 16-ны өдрийн 20/006 дугаартай: “...БӨ аймагт 2020 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаар 1 ширхэг 42 инчийн хавтгай зурагтын зах зээлийн ханшийн үнэлгээг 852.360 төгрөгөөр тогтоов” гэх дүгнэлтийн хэсэг /1 дүгээр хавтасны 90 дүгээр хуудас/,

-БӨ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны ахлах шинжээч Б гийн 2020 оны 1 дүгээр сарын 08-ний өдрийн №07 дугаартай “хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь шинжилгээнд тэнцэнэ. ...хэргийн газраас гэрэл зургийн аргаар бэхжүүлж авсан гутлын улны мөр нь гэрч Ж аас хурааж авсан гутлын улны мөртэй ерөнхий болон хувийн онцлог шинж тэмдгээр тохирч байна” гэх дүгнэлт /1 дүгээр хавтасны 105-107 дугаар хуудас/,

- Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх төмөр трубаг хохирогч А  нь “Манай гэрт хулгай орох өдөр цонхны харалдаа гадаа байсан” гэж гаргаж өгсөн 50 см урттай, 4.5 см өргөнтэй төмөр трубаг хүлээн авч хэрэгт хавсаргасан тэмдэглэл, тогтоол /1 дүгээр хавтасны 205-206 дугаар хуудас/, үзлэг хийсэн тэмдэглэл /1 дүгээр хавтасны 213-214 дугаар хуудас/,

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай “Тус цонхны харалдаа хойд болон зүүн хананд тулгаж тавьсан нэг хүний төмөр ор байх бөгөөд орны дээд талд цайвар бор өнгийн дээд хэсэгтээ нимгэн дэвсгэр дэвссэн, түүний доод талд мөн өнгийн дэвсгэр даавуу байв. Төмөр орны хамгийн доод давхарт 4,5 сантиметрийн зузаантай, ногоон өнгийн суурин дэвсгэртэй, ягаан алаг өнгийн цэцгийн зурагтай, хүрээ хэсэг нь хар өнгийн даавуугаар бүрсэн, хар хүрээний өргөн нь 9 см бөгөөд түүний доод хэсгийн харалдаа 4x4 см хэмжээтэй цуваа байрлалтай хоёр ширхэг орны төмөр рам байх ба хоорондох зайг хэмжихэд 8 см байв. Уг хэсгийг гутлаараа гишгэсэн тохиолдолд гудсанд өөрчлөлт орох эсэхийг тогтоохоор гараараа болон хөлөөрөө дээрээс нь дарж үзэхэд 4,5 см зузаантай гудсанд ямар нэгэн өөрчлөлт /гудас доошоо хонхойж орох г.мэт/ орохгүйгээр хатуугаар мэдрэгдэж байв" тэмдэглэл /1 дүгээр хавтасны 207-212 дугаар хуудас/,

- Мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдөр гаргасан “Хэрэг учралын газарт буюу хохирогч А ийн өвлийн байшингийн баруун хойд талын унтлагын өрөөний цонхны харалдаа хойд, зүүн буланд тулгаж тавьсан төмөр орны дээр 4,5 см зузаантай гудсанд шороотой гутлаар гишгэж үзлээ. Гудасны доод хэсэг нь төмөр орны цуваа байрлалтай рам бүхий төмөртэй байв. Түүний дараа гудсанд буусан шороотой гутлын улны мөрийг метрээр хэмжиж үзэхэд гутлын улны өлмийний үзүүрээс өсгийн хойд өнцөг хүртэл 29,6 сантиметр гарч байв. Шинжилгээний эцэст гутлын улны уртыг хэмжихэд өлмийний үзүүрээс өсгийн хойд өнцөг хүртэл 29,6 сантиметр гарч байв. Иймд 29,6 сантиметр урттай гутлын улны мөр нь 4,5 сантиметр зузаантай гудсан дээр гишгэхэд улны хэлбэр хэмжээ өөрчлөгдөхгүй байна” гэх магадалгаа /1 дүгээр хавтасны 215-217 дугаар хуудас/,

- Шинжээч Б гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шинжлэгдэж буй мөр буюу тухай гудсанд үүссэн мөрийг хүлээн авч байгаа обьект нь өөрөө зөөлөн биет учраас харьцуулах загвараар хүргэгдсэн гутлын улны мөр нь тоос шороогоор бохирлогдож, улмаар тухайн гутлын мөр нь зөөлөн биетэй харьцахад гутлын улны шороог зөөлөн биет өөртөө шингээж, буулгаж авах бүрэн боломжтой. Тэрнээс биш хүний биеийн өндөр, жин нь хамаарахгүй юм. Мөн нэмж хэлэхэд тухайн гутлын улны тоосон мөр нь төмөр орны дээд рамтай, хатуу хэсгийн харалдаа үүссэн байсан. Шороон мөр үүссэн гадаргуу нь 5-7 см зузаантай орны гудас байсан учраас уг гудас нь нимгэн даавуун дэвсгэр шиг үрчийж, хэлбэрээ алддаггүй обьект байсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 227-228 дугаар хуудас/,

- Яллагдагч Ж ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Харин өнөөдөр болсон асуудлыг үнэн зөвөөр нь ярьж өгье. Би тэр өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдөр эхнэр Булбултай уулзахаар түүний ажлын гадаа очсон. Түүний ажлын газар “Мөлдир булах” нэртэй газрын 3 давхарт байсан бөгөөд намайг очих үед Булбул байгаагүй. ...би Булбулын гар утас руу удаа дараа залгаж, түүний ажлын гадаа 1 цаг гаруй хүлээсэн. Гэвч тэр гар утсаа аваагүй юм.

Тэгэхлээр нь “Ах дам” захын урдуур яваад шууд гүүрээр гараад Өлгий сумын 5 дугаар бүрэн дунд сургуулиар өнгөрөөд Хаан банкны салбарын хажуу гудмаар ороод шууд А ийн гэрт очсон. Тэднийд очсон шалтгаан нь Булбул дүүгийнхээ гэрт байж магадгүй гэж бодсон. Намайг очиход тэдний гэрийн гэрэл асаалттай байсан ба хаалгыг нь татахад цоожтой байсан.

Тэгээд А ийн байшинг тойроход хойд талд нь ганц модон рамтай цонхтой байсан ба тус цонхыг нь түлхэхэд тус цонх нь онгойсон юм. Тэгээд миний бие тус цонхоор А ийн байшин руу нэвтэрсэн. Миний нэвтэрсэн өрөөнд цонхны урд харалдаа төмөр ор байсан ба ороход ор дээр гишгээгүй, харин гарахдаа орны гудсанд гутлаараа гишгэж гарсан байсан. Төмөр орны гудсанд үүссэн гутлын мөр нь миний мөр байгаа юм. Тэгээд би цонхоор нэвтэрч шууд гал тогооны өрөө лүү орсон. Тухайн үед миний бие эхнэр Булбулд ихээр уурлаж байсан бөгөөд байшин дотор нүдэнд харагдсан үнэтэй эд хөрөнгүүдийг устгаж гэмтээсэн. Эхний ээлжинд гал тогооны өрөөний 43 инчийн хавтгай зурагтыг гараараа нэг удаа цохисон. Тэр үед зурагтын нүүр нь цуурч, хагарсан. Дараа нь анх орсон өрөөгөөр гарах гэж байгаад тус өрөөнд байсан А ийн мөнгө олдог “3D” обой хэвлэгч төхөөрөмжийг төмөр трубагаар цохисон, цохихдоо тус төхөөрөмжийн толгой хэсгийн тагийг онгойлгож байгаад гартаа байсан төмөр трубагаар 2 удаа цохисон. Дараа нь тус төхөөрөмжинд гуурсаар холбогдож байсан дөрвөлжин хэлбэртэй төхөөрөмжийг авч гарсан. Гарахдаа анх орсон цонхны харалдаа байсан төмөр орны гудсан дээр гишгээд гарсан. Тэгээд машинаа унаад анх орж ирсэн гудмаараа буцаж гараад шууд гэр лүүгээ яваад өгсөн. Гэр лүү очих замдаа гудманд нөгөө А ийн гэрээс авч гарсан төхөөрөмжийг хаячихсан байсан. Дараа нь хэд хоногийн дараа гудамжинд хаясан төхөөрөмжийг хайж очоод олоогүй юм” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтасны 229-230 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон тул гэм буруутайд тооцох тухай дүгнэлтийг гаргасан хохирогч нар, хохирогчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар улсын яллагчтай санал нэг байгаа, шүүгдэгчээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гэм буруугийн талаар маргаан байхгүй хэмээн тайлбарлаж улсын яллагчтай мэтгэлцээгүй болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч Ж ын бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь бүрэн нотлогдсон байх ба шүүгдэгчийн дээрх гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хуульчилсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл буюу гэмт хэрэгт хамаарч байна.

Иймд прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хүрээнд улсын яллагчийн саналыг хүлээн авч, шүүгдэгч Ж ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу “Эд хөрөнгө устгах, гэмтээх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж ын хадам талд чиглэсэн атаархал, зүй бус харилцаа шууд нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилсан байна.

Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болох хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн анхан болон дахин шинжилгээний дүгнэлт зэргээс үзэхэд гэмт хэргийн улмаас эд хөрөнгөд шууд учирсан үр дагавар болох хохирогч нарын эзэмшлийн UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийн үнэлгээг өөрөөр байдлаар мэдүүлж, үнэлгээ тогтоож, харин 42 инчийн “LG” загварын зурагтын үнэлгээг хүлээн зөвшөөрсөн байна.

Шүүхээс UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийн үнэлгээг тодорхойлохдоо хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудад тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр хохирогч А , С  нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлгийг үндэслэн (1 дүгээр хавтасны 59-60, 61-62 дугаар хуудас) UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийн үнэлгээг 17.700.000 төгрөгөөр тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Хохирогч нараас мөрдөн шалгах ажиллагааны явцад анх мэдүүлэхдээ UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийн үнэлгээнд бодит үнэлгээ 17.700.000 төгрөг хэмээн мэдүүлж, тээврийн зардалд 500.000 төгрөг, гаалийн татварт 2.100.000 төгрөг, анх төхөөрөмжийг авчраад мэргэжлийн хүнээр тохиргоо хийлгүүлэхэд 1.500.000 төгрөг гарсан гэж үзсэн боловч эдгээр нь гэмт хэргийн улмаас эд хөрөнгөнд шууд учирсан үр дагавар болох гэмт хэргийн хохиролд; гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагавар болох гэмт хэргийн хор уршигт тооцох хууль зүйн үндэслэлгүй байна.

Хохирогч нараас шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар болох иргэний нэхэмжлэлд хохирогч А ийн төрсөн эгч Г ы ХААН банкнаас “дүүгийн бизенст хөрөнгө оруулах” зориулалтаар авч шилжүүлсэн 13.860.000 төрөгийн цалингийн зээлийн хүү, хохирогч С ын Төрийн банкнаас авсан 10.000.000 төгрөгийн хувийн үйлчилгээний зориулалтын зээлийн хүүг тус тус гаргуулахыг хүссэнийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл үүний хамт иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь, хавтаст хэрэгт дээр дурдсан зээлийн гэрээ, түүний эргэн төлөлтийн хуваарь нь тус тус авагдсан бөгөөд иргэн Г ы авсан цалингийн зээлийг хүүгийн хамт зээлийн эргэн төлөлтийн хугацаанд тухай бүрт чухам хэн төлж байсан талаар; мөн хохирогч С  Төрийн банкнаас авсан 10.000.000 төгрөгийг UV инжект 3D обой хэвлэгч (3D HXS-1800 загварын) төхөөрөмжийг ажиллуулахад, эсхүл дагалдах бусад зардалд зарцуулсан эсэх талаар тус тус нотлох баримтгүй байна.

Иймд бодит хохирол 18.852.360 төгрөг (UV инжект 3D обой хэвлэгч “3D HXS-1800 загварын” төхөөрөмжийн үнэ 17.700.000 төгрөг, 42 инчийн “LG” загварын зурагтын үнэ 852360 төгрөг) ба үүнээс 9.000.000 төгрөгийг шүүгдэгч Ж аас хохирогч А , С  нарт төлж өгсөн нь тогтоогдсон тул бодит хохирлоос хасаж, нотлох баримтаар тогтоогдсон хор уршигт шинжээчийн хөлс 150.000 төгрөг, хохирогч нарын Улаанбаатар хот руу явах тийзийг буцаасны торгууль 25.500 төгрөг зэргийг тус тус тооцоход гарсан нийт 9.727.860 төгрөгийг хоёр хувааж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж аас 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч А , 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч С д олгохоор шийдвэрлэв.  

3. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Ж ын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг тус тус удирдлага болгов.

Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ж ад 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх тухай дүгнэлтийг, хохирогч болон хохирогчийн өмгөөлөгч нараас 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас торгуулийн ялыг доод хэмжээгээр оногдуулж өгөх талаар мэтгэлцсэн болно.

Шүүгдэгч Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал; мөн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба шүүгдэгч Ж  урьд нь ял шийтгүүлж байгаагүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ж ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчмыг баримтлан түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгон, 600 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэж, шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ж  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулах нь зүйтэй.

Шүүгдэгч Ж ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыгБӨ аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийгБӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгав.

4. Бусад асуудлын талаар.

Энэ хэрэгт шүүгдэгч Ж  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй зэргийг тус тус дурдаж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн СД бичлэг 2 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг төмөр трубаг устгаж, шүүгдэгч Ж ын эзэмшлийн 72** БӨТ улсын дугаартай, Alfhard загварын сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.  

Шүүгдэгч Ж ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №02538509 дугаар бүхий 72** БӨТ улсын дугаартай, Alfhard загварын сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ад 600 /зургаан зуу/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 7 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж  нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ж ад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыгБӨ аймгийн Өлгий сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд /Өлгий сумын Засаг даргын тамгын газарт/ гудамж, талбай цэвэрлүүлэх ажил хийлгэхийгБӨ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ж аас 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч А т, 4.863.930 төгрөг гаргуулан хохирогч С  нарт тус тус олгосугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч А , С  нарын зээлийн хүү гаргуулах тухай иргэний нэхэмжлэлийн хэсгийг хэлэлцэхгүй орхиж, цаашид нэхэмжлэх зүйл байгаа гэж үзвэл нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар дахин нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээсүгэй.

8. Энэ хэрэгт шүүгдэгч Ж  цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хувийг бичиг баримт нь шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэргийн хамт ирүүлсэн СД 2 ширхэгийг эрүүгийн хэрэг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалж, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн 1 ширхэг төмөр трубаг устгахыгБӨ аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт устгах комисст даалгаж, шүүгдэгч Ж ын эзэмшлийн 72** БӨТ улсын дугаартай, Alfhard загварын сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй.

 10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Ж ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулахгүй байх зорилгоор шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргэх хүртэл хугацаанд хэвээр үргэлжлүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц №02538509 дугаар бүхий 72** БӨТ улсын дугаартай, Alfhard загварын сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гэрчилгээг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсүгэй.   

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн доторБӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

12. Давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ж ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Х.ТАЛГАТ