Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 62

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0083/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                            Ц.Э  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Э холбогдох 1939007.......... дугаартай хэргийг 2020 оны 03 сарын 09-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Ц.Э нь 2019 оны  12 дугаар сарын 03-ний орой Хэнтий аймгийн Батноров   сумын  6 дугаар баг Салхитын 8-5 тоотод   өөрийн эхнэр, гэр бүлийн хамаарал бүхий Г.Ө архи согтууруулах ундааны зүйл  хэрэглэсэн үедээ зодож  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч  Г. Ө өгсөн: ..Би 2019 оны 12 дугаар сарын  03 өдөр  17 цаг 45 минутын  орчимд  ажлаа тараад хүүхдүүдээ аваад  ажлынхаа урд  хаалгаар  гарахад манай нөхөр  Э баруун  талаас ирж байхаар  нь харих уу  гэсэн чинь  араас дагаад  явсан би  ажлынхаа газрын үйлчлэгч  охин Мөнхтуяагаар  таксидаж  харих гээд  цэцэрлэгийн зүүн талаар тойроод  хойд талд нь  гараад Мөнхтуяагийн  машинд  суухад  Э  машинд суухгүй хойшоо яваад өгсөн. Би  Мөнхтуяатай  машинтай хөдлөөд Э аваад  харих гээд тэр  хавиар хайгаад  олоогүй. Би гэртээ хариад  байж байтал  Энхбаяр араас  орж ирээд  хэрүүл хийгээд  миний толгойд  гараараа цохиж, миний зүүн хөл рүү  хөлөөрөө хоёр удаа  өшиглөсөн тэгээд  би гэрийнхээ баруун талд байдаг Билгээгийнд орж  хэсгийн төлөөлөгч  Гончигдоржийн  утас руу залгаад  утас нь холбогдохгүй байхаар  нь  тэднийхээс  гутал, бүс  аваад  цагдаад  дуудлага өгөх гээд  цагдаагийн хэсэг дээр  ирэхэд  хүнгүй  байхаар нь эргэж  гэртээ  очоод  куртик гуталаа өмсөөд гэрээс  гараад  гэрийн байшингийн  хойд  талд  зогсож байхад  Э гарч ирээд  гэртээ орооч  гэхээр нь одоо  гайгүй  юм байх  гэж бодоод  гэртээ  орсон чинь гэрийн хаалга  түгжсэн. Тэгээд би баруун орон  дээр  сууж байхад  намайг  2 удаа үсдэж  унагаасан,  энэ хооронд  манай том хүү гэрийн хаалганы  цоожийг тавьчихсан байхаар нь  гараад зугтахад  миний араас хөөсөн  юм би  хашааны хаалганы үүдэнд  Э  баригдаад  намайг  үсдээд чирсэн, би ноцолдож байгаад  гарнаас нь  мултраад  баруун тийшээгээ  зугатсан чинь  араас  хөөж ирээд  цохиж  унагаагаад үсдээд  байж байхад  манай урд  талын айлын Чинхүслэн гарч ирээд  хөөе чи яагаад  байгаа юм  бэ гэсэн  чинь Э  чи ор л доо хүүхдүүдээ  гадаа  гүйлгээд  гэж худлаа  намайг аргадаж  байгаа мэт  жүжиглэсэн.  Тэгээд Чинхүслэнтэй  цагдаагийн хэсэг дээр  ирж  дуудлага өгсөн. ..Миний зүүн нүдний  доод тал хавдаж хөхөрсөн  юм... Бид хоёр  2011 онд гэрлэлтийн баталгаагаа батлуулсан...Би эмчилгээний болон бусад  ямар нэг  зардал нэхэмжлэхгүй... Манай нөхөр тэр  үед согтуу  байсан юм...гэсэн мэдүүлэг  /хх-ийн 08-09 хуу/

 

Гэрч Ч.Чинхүсэлийн өгсөн:...Манайх Батноров сумын 6 дугаар багийн  төв Салхит 7-2 тоотод  оршин суудаг  юм манай  хашааны  чанх урд талд  Ц.Э гэх айл  байдаг юм. 2019 оны 12 дугаар сарын 03-ны  өдөр намайг  гэрт байхад  манай гэрийн  ар талд  хүүхэд уйлаад  байсан тэр  үед би нөхөр  хүүхдийн хамт байж байсан тэгээд би  гадагшаа  гараад  хартал  өөрийнхөө хашаанаас  баруун  тийш  айлын  хашааны  үүдэнд  Э нь эхнэр  Ө үснээс  татсан байдалтай  хэрэлдээд зогсож байсан гурван хүүхэд нь  хөл нүцгэн хашааны  гадаа  том нь  багыгаа тэвэрсэн  уйлаад зогсож байсан тэгээд  нөхөр Тайванхүүг гэрээс  дуудсан тэгсэн   Э эхнэрээ  цохиж байгаа харагдсан юм. Тэр үед нь Э 3 хүүхдээ  бодсонгүй  гичий, янхан гээд элдэв өнгөөр  хэлээд  орилоод байсан тэгээд  манай нөхөр  очиж  салгаад  хүүхдүүдийг  аваад  гэрт нь  оруулсан Ө  манай гэрт орж ирсэн юм...гэх мэдүүлэг / хх-ийн 15-16 хуу/

Гэрч Б.Лхагважаргалын өгсөн:.. Би Батноров сумын Эрүүл мэндийн төвд их эмч  ажил эрхэлдэг юм. 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр  ээлжтэй байсан орой 20 цагийн орчимд  утас дуугарч  эмнэлэгийн дуудлага  ирсэн тэгээд би эмнэлэг дээр  ирэхэд  нөхөртөө зодуулсан гэсэн хүн  ирсэн гэж  ээлжийн сувилагч  надад хэлсэн тэгсэн  нүүрний баруун  тал хавдсан, баруун нүдний  доор хөхөрсөн байдалтай  байсан.  Тэр үед  эмчилгээ хийгдээгүй эмчийн бичиг  хийж өгөөд  явуулсан юм...гэх мэдүүлэг /хх-ийн 17-18 хуу/

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн № 542 дугаартай  дүгнэлт

1. Г.Ө биед зүүн нүдний  дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын  төвгөр хэсэг, зүүн нүдний дээд, доод хэсэг, баруун гарын 1-р хурууны  хэсгүүдийн    зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл  тогтоогдлоо.

2.  Дээрхи  гэмтэл нь  мохоо зүйлийн нэг  болон  түүнээс дээш  удаагийн  үйлчлэлээр  үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид дээрх гэмтэл нь энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.   /хх-ийн 26 хуу/

Ц.Э  яллагдагчаар өгсөн:...2019 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед  миний цэргийн он жавууд  болох Баяртулга, Батболд нар манайд ирсэн.  Тэгээд  бид гурав нийлээд 0.75-н Соёрхол  гэдэг нэртэй архи  4, 5  шилийг уусан шиг санаж байна. Тэгээд  орой  болоод би  нилээн согтсон байх  тэр орой яг юу  болсныг  би сайн санахгүй байна. Харин маргааш өглөө  нь буюу 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр миний  уусан архи гараад  гэртээ байж байтал  манай хадам  ээж Цэрэндулам  ирээд чи миний охиныг  зодсон байна гээд  загинаад  байсан.  Харин манай  эхнэрийг цагдаа  шүүх шинжилгээнд үзүүлнэ  гээд Хэнтий  аймаг аваад  явсан байсан...Манай хөдөө гэр  Батноров  сумаас  баруун  хойшоо  30 гаран  км  зайд байдаг. Би хөдөө гэртээ малаа харж  амьдардаг юм. Харин манай эхнэр  Ө  нь сумын  төв дээр  цэцэрлэгт  ажилладаг... би хийсэн үйлдэлдээ  маш их  гэмшиж байна. Одоо дахиж ийм үйлдэл  гаргахгүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 55-56 хуу/

Ц.Э, Г.Ө нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 33 хуу/

Ц.Э нь 2019 оны жилийн эцсээр 313 толгой мал тоолуулсан тухай тодорхойлолт /хх-ийн 38 хуу/

Ц.Э иргэний үнэмлэхний  лавлагаа  /хх-ийн 39 хуу/

Ц.Э эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46 хуу/

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 29-32 хуу/

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 60-61 хуу/

Хохирогч Г.Ө гаргасан “Ц.Э  ямар нэгэн санал, гомдол байхгүй”  тухай /хх-ийн 59 хуу/ тодорхойлолт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Ц.Э холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Ц.Э нь 2019 оны  12 дугаар сарын 03-ны өдөр 15 цагийн үед Хэнтий аймгийн Батноров сумын  6 дугаар баг Салхитын 8-5 тоотод   байх гэртээ эхнэр Г.Ө согтуугаар маргалдан  зодож дух, зүүн нүдний  дээд, доод зовхины хэсгүүдийн цус хуралт, зүүн хацрын төвгөр хэсэг, зүүн нүдний дээд, доод хэсэг, баруун гарын 1 дүгээр хурууны  хэсгүүдийн зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Ө, гэрч Ч.Чинхүсэл, Б.Лхагважаргал, Б.Дэлгэрсайхан нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Хохирогч Г.Ө  биед учирсан гэмтлүүд нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.

Монгол Улсын Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1 дэх заалтад эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарахаар заасан байх бөгөөд уг хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийн 5.1.1 дэх заалтад “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно гэж заажээ.

 Иймд шүүгдэгч Ц.Э  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Аймгийн Прокурорын газраас Ц.Э  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч Б.Э  нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч Ц.Э нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж,  шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх  үндэслэлтэй гэж үзлээ.

 Хохирогч Хохирогч Г.Ө нь  “Ц.Э  одоо ямар нэгэн санал гомдол байхгүй ”  тухай /хх-ийн 59 хуу/ тодорхойлолт байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Ц.Э-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу    600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Ц.Э нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Ц.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ