Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 65

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/284,11,79/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                    Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                            Г.Д нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар   зүйлийн 1 дэх  хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д холбогдох 19390055.........  дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт :

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч  Г.Д нь 2019 оны  09 дүгээр сарын 07-ны өдөр Хэнтий аймгийн Баян-Овоо   сумын Наран  багийн нутаг Талын хөндлөн гэх газарт   иргэн П.Т зүүн эгэмд хайчаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

 

Хохирогч П.Т өгсөн:...Миний том эгчийн бага хүү  Г.Д  нь шар, улбар шар  хоёр янзын  өнгийн  бариултай хайчаар миний зүүн  эгэмний  харалдаа нэг удаа  хатгасан...Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэтрүүлэн хэрэглэсэнээс болсон...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 хуу/

Гэрч Т.Баярбатын өгсөн... 2019 оны 09 дүгээр сарын  07-ны  өглөө  10 цагийн үед  Хэнтий аймгийн  Баян-Овоо сум Наран 2 дугаар  баг Талын Хөндлөн гэх газраас  Баян-Овоо  сумын төв рүү  манай хамаатны дүү  Д, Мөнх-Оргил бид гурав  хамт явсан. Баян-Овоо  суманд 10 цаг  өнгөрөөгөөд  ирээд  Ханзат  дэлгүүрээс  гурван  шил архи  авсан... Ганнэргүйгийнд  очиход эхнэр  Чанцалын хамт ой хүрч байгаа  хүүхдийн хамт Д,  Мөнх-Оргил тавуулаа  байсан удалгүй авчирсан Алтан түрүү  нэртэй 0.75 л савлагаатай  архийг ууж байхад  Ганнэргүй ах  нэг татаад  байж байх үед  Түмэннаст хонь  авах гэж ирээд  Ганнэргүй хонь руугаа явсан.  Явсаных нь дараа  нэг мэдсэн Төмөрсүх ахын зүүн  эгэмний  чанх  доороос  цус гарсан Д хайч барьсан  байсан  хажуугаас Мөнх-Оргил  надад шар, улбар шар  хоёр янзын  өнгийн бариултай  хайчийг авч  өгөхөд нь би  авч гэрийн  баруун тал руу  хойш нь  шидсэн.  Тэгээд Т  ахыг, Мөнх-оргил Ган-Нэргүй, эхнэр  Чанцал ой хүрч  байгаа хүүхдийн  хамт дөрвүүлээ  Хэнтий аймгийн  Баян-Овоо  сум Жаргалант 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт  байрлах эрүүл мэндийн төв рүү авч явсан.... гэх мэдүүлэг /хх-ийн 22-23 хуу/

Гэрч Б.Мөнх-Оргилын өгсөн:...Тэгээд Д, Мээгээ,  Төмөрсүх  бид гурав  авчирсан  1 шил архийг  нь ууж  дуусаад 2 дахь архиа ууж  байхад  Ган-Нэргүй нэг татаад  байж байх үед  нь Түмээ  хонь авах  гэж ирээд  Ган-Нэргүй  ах хонь руугаа  явсан.  Тэгээд нэг  мэдсэн Д гартаа  шар, улбар шар  хоёр  янзын өнгийн  бариултай  хайч барьчихсан Төмөрсүхийн зүүн  эгэмнээс  цус гарсан  байхаар нь энэ  болохгүй юу болоод  байна гээд  хайчийг нь  булааж  аваад  газар хаяад  Т  Ган-Нэргүй, эхнэр Чанцал ой хүрч байгаа  хүүхдийн хамт дөрвүүлээ  Хэнтий аймгийн Баян-Овоо сумын  төв рүү  авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Гэрч А.Ган-Нэргүйгийн өгсөн:...2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 16 цагийн үед  манайд Д, Мөнх-Оргил хоёр  архи уусан согтуу  ирээд Ерөөл нэртэй  0.5  л савлагаатай  архи ууж  байсан удалгүй 17 цагийн үед Т ах, Баярбат  ах хоёр Алтан түрүү нэртэй  0.75 л савлагаатай  архи Баян-Овоо сумаас авч  ирээд ууж  байхад нь би  очиод нэг  татаад байж байтал Түмэннаст эгч хонь  авах гээд  ирэхээр  нь Түмэннаст  эгчийн хамт  хониныхоо бэлчээр лүү яваад 19 цагийн  гэртээ  ирэхэд  Д, Т  ахыг хайчаар  хатгасан  гээд байж байсан, санд мэнд  Т ахыг аваад  Мөнх-Оргил, эхнэр Чанцал  ой хүрч байгаа хүүхдийн хамт дөрвүүлээ  Хэнтий аймгийн  Баян-Овоо сум Жаргалант 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах  Эрүүл мэндийн төв  рүү авч явсан.  Би Д хараад  үлдсэн төд удалгүй Баян-Овоо сумын  хэсгийн төлөөлөгч цагдаа нар ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 36 хуу/

Гэрч П.Наранцэцэгийн өгсөн:...Д манай 2  дахь хүү 1987 онд Баян-Овоо  суманд төрсөн.  Зан байдлын хувьд  хүнд тусархуу  ер нь бол  хүний үгэнд  орж явдаг хүүхэд байгаа юм.  Барагтай л бол  хүнд үгүй  гэж хэлж  чаддаггүй тийм л хүүхэд байсан. Энэ  болсон хэргийн  тал дээр  бол өөрөөс нь болсон  байх гэж бодож байна тийм хэрэг хийхээргүй хүүхэд  юмаа, жоохон зүрх  муутай тэгээд  юм л  бол уурлачихаад  байдаг уул нь ийм  хэрэг  хийхээргүй тийм л  сайн л хүүхэд  архи уугаад  ухаанаа  алдаад  л тийм  юм  болсон  байх гэж  би бодож  байгаа  нөгөө хүнд  нь  ч бас  буруу  байгаа л байх.  Одоог хүртэл  Д  багаасаа  хамт хөдөө  мал харж  амьдарч  байгаа аав нь 1998 онд нас  барсан юмаа хүүгээ 4-р ангид байхад нь  мал дээр  гаргаад  амьдарч байна. Нутаг  орны  хүмүүс ч  бас ярьж  л байдаг хүнд  тусархуу  сайхан ааштай  хүн гэж   ээжийнх нь хувьд   хэлэхэд  манай Д энэ хэргийг  санаатай  хийгээгүй байх архи  л  уугаад байдгаас  биш өөрөөр  бол гэр  орныхоо  ажлыг сайн хийдэг малаа ч бас хараад  ерөнхийдөө их ажилсаг тийм л  хүн дээ...Ер нь бол согтуу ирэхээрээ гэртээ орж ирээд  би унтлаа  унтлаа гээд л хэвтээд өгдөг тийм  агсам  согтуу   тавих догшин зан авир  байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 39 хуу/

Гэрч Г.Чанцалын өгсөн:...хүүхдээ  унтуулах гээд байж байтал Д, Т  ах хоёр   маргалдаад дуу чимээ  болохоор нь  зүүн гэртээ  хүүхдээ  аваад орсон. Удалгүй  түр тар гээд  бөөн дуу  болохоор нь  ороод хартал  Т ах Д толгой  нь хуванцар  ногоон сандалаар  цохиж  байсан тэгээд  нөгөө хэд  босоод  тэр хоёрыг  салгаад баруун гэрээс  гарсан, би зүүн  гэр лүүгээ  хүүхэд рүүгээ орсон. Манай  нөхөр 19 цагийн үед  Д, Т ахыг хайчаар  хатгасан гээд  гадаа байхад нь манай нөхөр  Ган-Нэргүй ирээд санд мэнд  Т ахыг аваад  Мөнх-Оргил, нөхөр Ган-Нэргүй  ой хүрч байгаа  хүүхдийн хамт  дөрвүүлээ  Хэнтий аймгийн  Баян-Овоо сумын  Жаргалант 4 дүгээр багийн  нутаг дэвсгэрт байрлах  Эрүүл мэндийн  төв рүү  авч явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 42 хуу/

Шүүхийн шинжилгээний  үндэсний хүрээлэнгийн  шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 1436 дугаартай дүгнэлт

  1. П.Т биед эгэмний доод хэсэгт хатгагдсан шарх гэмтэл тогтоогдлоо.
  2. 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр үүссэн гэмтэл байна.
  3. Дээрх гэмтэл нь  хурц,  иртэй зүйлийн хоёр  удаагийн   үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна.
  4. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  5.  Рентген шинжилгээнд цээжний хөндийд  нэвтэрсэн  гэх шинж тэмдэг илрээгүй байна. гэх дүгнэлт /хх-ийн 123-124 хуу/
    •  

 

Яллагдагч Г.Д өгсөн:...Би энэ тогтоолын хүлээн зөвшөөрч байна... Би нилээд согтсон юу болсон  талаар санахгүй байна. Нэг мэдэхэд Т ирчихсэн байсан бид  Ган-Нэргүйн гэрт  байсан. Т  хуванцар  ногоон сандалаар  миний толгой хэсэг рүү  цохиж байсан. Би тэгээд  Ган-Нэргүйн гэрээс гарсан би тээврийн  хэрэгслийн урд хайрцаганд байсан хайчийг авсан.  Т надтай  хамт Ган-Нэргүйн гэрээс  гарсан  байсан.  Нэг мэдэхэд Т  цээж хэсгээс цус  гарч байсан Т над руу дайраад  чи  шаачихлаа гээд  байсан...Миний өөрийн хайч байсан...Би цохиулсан уурандаа архины халуунд хайч  авсан байх гэж бодож байна...гэх мэдүүлэг /хх-ийн 71-72 хуу/

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 9-13 хуу/

Улбар шар өнгийн бариултай хайчийг эд мөрийн баримтаар тооцсон мөрдөгчийн тогтоол /хх-ийн 15 хуу/

Г.Д нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 86 хуу/

2007 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн  Хэнтий аймаг дахь 1 дүгээр шүүхийн 155 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 88-100  хуу/

Г.Д иргэний үнэмлэхний хуулбар /хх-ийн 188 хуу/

Оролцогчдод хавтаст хэргийн материал  танилцуулсан тухай тэмдэглэл /109-110 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.    

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Д нь 2019 оны  09 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн үед Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Наран багийн нутаг Талын хөндлөн гэх газарт хохирогч П.Т согтуугаар маргалдан цээжинд нь хайчаар хатгаж зүүн эгэмний доод хэсэгт хатгагдсан шарх бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Г.Д нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч П.Т, гэрч  Б.Мөнх-Оргил, Т.Баярбат, Г.Ганнэргүй, Г.Чанцал нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд  шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Г.Д нь хохирогч П.Т цээжинд хайчаар хатгасны  улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.     

 

   Аймгийн Прокурорын газраас Г.Д үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Г.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч П.Т нь...гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэж  мэдүүлэг өгсөн /хх-ийн 19-20 хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Г.Д нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан улбар шар өнгийн бариултай хайчийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Д хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Д 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  700.000 /долоон зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Д нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  3   /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Г.Д  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  улбар шар  өнгийн бариултай хайч нэг ширхэгийг  устгасугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ