| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0076/Э |
| Дугаар | 66 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 66
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0076/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "Б" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Ж.Батбаатар
Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Н холбогдох 2039000.......... дугаартай хэргийг 2020 оны 03 сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Г.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 02 дугаар Булгийн 24б-3 тоотод иргэн Д.Л төмрөөр 2 удаа толгой болон гарын шуу хэсэгт нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Л өгсөн:...Би урьд өмнө Гэрэлмаагийн Ганзориг гэдэг хүнтэй 14 жил амьдарч байгаад дундаасаа 3 хүүхэдтэй болоод 2011 онд хоорондын таарамжгүй харьцаанаас болж салсан. Ингээд би 2012 онд Чанцалмаагийн Энхмөрөн гэдэг хүнтэй гэр бүл болж, албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Г.Ганзориг бид хоёрын дундаас гарсан хүүхдүүд гурвуулаа аав дээрээ үлдсэн. Би өөрөө архи уудаг, архины хамааралтай, нөхөр Ч.Энхмөрөн хорих ангид ял эдэлж байгаа, би нөхрийн хамт хадам ээж болох Чанцалмаагийнд амьдарч байсан. Тэгээд нөхрийг шоронд орсоноос хойш сүүлийн 8 сарын хугацаанд найз нөхөд, таньдаг айлаараа амьдарч байна. 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр салсан нөхрийндөө очиж зээ хүүгээ хоёр хоног харж өгсөн юм. Ингээд би Ганзоригийн гэрээс явах болж гэрээс гарч явсан. Ингээд Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийдийн сууринд байдаг танил Хангайгийнд очиж хоноё гэж бодоод очсон. Ингээд гэрт нь очихдоо 0.75 литрийн нэг шил архи авч очсон. Тэндээ Хангайгийн хамт архиа хувааж уусан. Тэгээд би 15 цагийн үед Хангайгийнхаас гарч яваад гэнэт Ганзоригийнд очмоор санагдаад Ганзоригийн гэрт очиход манай охин Н, манай хүүтэй сууж байгаа гэх Мядаг, 1 настай Анар гурав байсан. Тэгээд гэрт ороход охин Н та архи ууж ирлээ архи уухгүй байж болдоггүй юм уу гэхээр нь би урдаас нь хэрүүл хийгээд миний ууж идэх ердөө чамд хамаагүй гэж уурлаад салат хийх гэж байсан төмпөнтэй төмсийг нь хөлөөрөө өшиглөсөн. Тухайн үед Н зуухны зүүн талд төмс, хиам хөшиглөөд сууж байхад нь би зуухны урд зогсож байхдаа өшиглөсөн. Тэгтэл Н гэнэт уур нь хүрээд галын дэгээ төмрөөр толгой болон зүүн гарын шуу орчим хоёр удаа цохисон...охин Н давхар биетэй энэ оны 2-3 сард төрөх юм байна лээ нилээн том гэдэстэй байсан...Ер нь бол нөхөр хүүхдээ хаяж явсан болохоор хүүхдүүд маань надад гомдол тээж дотроо бухимддаг байлгүй дээ. Тэр бухимдал нь бас намайг цохих шалтгаан болсон байх. Энэ бүгд миний буруу, зүгээр байсан хүүхэд хэрэгт оруулсандаа маш их гэмшиж байна...Надад ямар нэгэн гомдол, санал байхгүй... Би эмчилгээний болон бусад ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй...Би шүүх хуралд оролцохгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/
Гэрч М.Мядагбадамын өгсөн:...Н бид хоёр төрсөн өдрийг нь тэмдэглэнэ гээд жоохон салатны юм бэлдээд байж байхад Н ээж Лхагва эгч 15 цагийн үед гаднаас согтуу орж ирсэн. Тэгээд бид хоёрыг юм хийгээд сууж байхад Лхагва эгч Н нөхрийнх нь талаар яриад агсараад байсан чинь Н таньд миний нөхрийн асуудал хамаагүй гээд тэр хоёр хоорондоо маргалдсан чинь Л эгч бид хоёрын хийж байсан түмпэнтэй хүнсний зүйлийг өшиглөөд асгачихсан чинь Н уурлаад галын авдарын хажууд байсан дэгээ төмрийг аваад Л эгчийн толгой, болон нуруу нь цохиод байхаар нь би салгах гэсэн чинь намайг цаашаа гээд уурлаад байсан. Тэгсэн Л эгчийн толгойноос нь цус гараад орон дээр жоохон хэвтэж байснаа босоод ирсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 12 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 57 дугаартай дүгнэлт
Г.Н яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...дүүгийн төрсөн өдрийн салат, бууз хийхээр бэлдээд сууж байтал үдээс хойш 14 цагийн үед манай ээж Л согтуу орж ирээд хэрүүл маргаан хийх гээд байхаар нь та архиа гаргаад ир ээ гэсэн чинь явж байгаад үүднээс хойш 16 цагийн үед дахиад орж ирэхдээ нилээн согтуу бараг тасарчихаад ирсэн. Ингээд надаас таксины мөнгө өг гэж нэхсэн. Тэгэхээр нь би мөнгө өгөөгүй, байхгүй гэсэн чинь надад мөнгө өгсөнгүй гээд уурласан. Тэгээд намайг аймаар хэл амаар доромжилж хашгичиж загнасан. Тэгэхээр нь би цагдаагийн газарт манай ээж согтуу ирчихээд жирэмсэн намайг элдэв бусаар хэлээд амар тайван байлгахгүй байна гэж дуудлага өгсөн. Тэгээд цагдаа хүлээгээд сууж байхад ээж намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхээр нь би ээжийн муухай ааш занг мэддэг болохоор дуугүй байж байтал гараад явчих байж гэж бодоод нилээн дуугүй тэсэж суусан. Тэгтэл намайг өдөж байгаа юм шиг миний хийж байсан халуун тогоонд хийж байтал салатыг гараараа аваад тогоотой нь авч зуух руу шидсэн. Тэгэхээр нь би та одоо шууд яв гэсэн чинь улам асаад хүүхдийн тэрэг аваад над руу шидэхэд нь багананд тэрэг тээглэж намайг онож чадаагүй. Тэгээд шилтэй луувангийн салат авч гартаа бариад намайг цохих гээд дайрсан. Тэр үед би зуухны урд талд сууж байсан. Тэгээд над руу дайрах үед нь цааш нь гараараа түлхээд аргалын авдарт байсан галын дэгээ төмрөөр цохисон. Тухайн үед хаана нь цохисон гэдгээ мэдэхгүй намайг түлхэх үед доошоо суусан, тэр үед нь галын дэгээ төмрөөр ээжийг цохиод толгойн тус газарт нь таарсан. Би ээж Д.Л толгойн тус газарт нь галын дэгээ төмрөөр цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/
Г.Н эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28 хуу/
Г.Н иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 27 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 56-57 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Н холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Н нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 16 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 02 дугаар Булгийн 24б-3 тоотод төрсөн эх Д.Л согтуугаар агсам тавилаа гэх шалтгаанаар галын дэгээ төмрөөр толгой болон гарын шуу хэсэгт нь цохиж дагзанд язарсан шарх, зүүн шуунд цусан хураа бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Г.Н нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Л гэрч М.Мядагбадам нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Г.Н нь хохирогч Д.Л төмрөөр 2 удаа толгой болон гарын шуун хэсэгт нь цохисоны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд шүүгдэгч Г.Н Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч нь шүүгдэгчтэй согтуугаар маргалдан хэрүүл маргаан үүсгэсэн, эд зүйлийг нь өшиглөх зэрэг үйлдэл хийсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг нь харгалзан торгох 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Л нь... Би эмчилгээний болон бусад ямар нэгэн зардал нэхэмжлэхгүй...гэж мэдүүлэг /хх-ийн 08-09 хуу/ өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдсан 70 см урттай, бариул хэсгээрээ 10 см орчим нугаларсан, үзүүр хэсгээрээ 4 см орчим хагас нугаларсан, 5 мм диаметртэй төмрийг устгах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.Н хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Н 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Г.Н нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Г.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 70 см урттай, бариул хэсгээрэй 10 см нугарсан, үзүүр хэсгээрэй 4 см хагас нугарсан, 5 мм диаметртэй төмрийг устгасугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ