Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 05 сарын 02 өдөр

Дугаар 278

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж,

Нэхэмжлэгч: ”И” ХХК

Хариуцагч: Гаалийн ерөнхий газрын дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Т, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “Империа дюти фрий” захирал С.Г шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Манай компани нь Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар татваргүй бараан дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг авч, 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хот дахь Гаалийн газартай татваргүй барааны дэлгүүр эзэмшигчтэй байгуулах гэрээг байгуулсан. 

Гэтэл Гаалийн ерөнхий газрын дарга Б.А 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/219 дугаартай “Зөвшөөрөл хүчингүй болгох” тухай тушаал гаргаж, манай компанийн эзэмшлийн татваргүй барааны дэлгүүр ажиллуулах 17/08 дугаартай тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон байна. 

Гаалийн ерөнхий газрын дарга дээрх тушаалыг гаргахдаа, гаргахаас өмнө нь болон гаргасныхаа дараа ч манай компанид мэдэгдээгүй бөгөөд А/219 дүгээр тушаал нь Улаанбаатар хот дахь Гаалийн газарт 2017 оны 12 дугаар сарын  07-ны 

өдөр ирж, бүртгэлийн дугаар 134-т бүртгэгдсэн талаар бид 2017 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 01/680 тоот Улаанбаатар хот дахь Гаалийн газраас манай компанид ирүүлсэн албан бичгээс олж мэдсэн болно. 

Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг цуцлах асуудал нь Гаалийн ерөнхий хуулийн 138 дугаар зүйлийн 138.4 болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлээр тус тус зохицуулагддаг бөгөөд манай компанийн хувьд хуулийн дээрх зүйл заалтад заасан үндэслэлүүд (гаалийн баталгаат бүсэд тавигдах нөхцөл, шаардлагыг зөрчөөгүй, ийм зөрчил гаргаагүй учир гаалийн удирдах төв байгууллагаас үйл ажиллагааг түдгэлзүүлсэн зүйл байхгүй, гаалийн хууль тогтоомжийг зөрчөөгүй) бий болоогүй байтал тусгай зөвшөөрлийг цуцалсан нь илт хууль бус юм. 

Гаалийн ерөнхий газрын даргын А/219 дүгээр тушаалыг үндэслэн Улаанбаатар хот дахь Гаалийн газраас манай компанитай байгуулсан 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Татваргүй барааны дэлгүүр эзэмшигчтэй байгуулах гэрээгээ цуцалсан үр дагавар үүссэн, улмаар бид татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэхээр захиалсан бараагаа худалдан борлуулах боломжгүй болж, үйл ажиллагаа зогсоод байна. 

Тухайлбал, манай компанийн захиалсан 1 чингэлэг ачаа Туушин хяналтын талбайд ирсэн, 2 дахь чингэлэг бараа замдаа явж байгаа. Гэтэл 2017 оны 12 дугаар сарын 06-нд Улаанбаатар хот дахь Гаалийн газарт дээрх бараандаа гаалийн бүрдүүлэлт хийх гэж очиход тусгай зөвшөөрөл цуцлагдсан тухай хариуцсан гаалийн ахлах байцаагч тусгай зөвшөөрөл цуцалсан гээд гаалийн бүрдүүлэлт хийхээс татгалзсан. Эдгээр бараанууд нь татваргүй барааны дэлгүүрт борлуулахаар захиалсан тул энгийн дэлгүүрт зарж борлуулах боломжгүй, их хэмжээний нэмэлт зардал шаардлагатай. 

Манай компанийн зүгээс тусгай зөвшөөрлөө цуцлуулахад хүргэх ямар нэгэн хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй, манай компанийн тусгай зөвшөөрлийг цуцлах хуульд заасан үндэслэл байхгүй тул Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр А/219 дугаартай “Зөвшөөрөл хүчингүй болгох” тухай тушаал нь Гаалийн ерөнхий хуулийн 138.4, Аж ахуйн үйл ажиллагааны тухай хуулийн 14 дүгээр зүйлийг тус тус зөрчиж, манай компанийн татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрөл эзэмших эрхийг хууль бусаар хязгаарласан хууль зүйн болон бодит үндэслэлгүй илт хууль бус тушаал буюу захиргааны акт байна. 

Иймд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай “Зөвшөөрөл хүчингүй болгох” тухай тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ. 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Д шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаартай тусгай зөвшөөрөл хүчингүй болгох тухай тушаалыг илт хууль зөрчсөн захиргааны акт болох тухай хууль зүйн үндэслэлээ яръя. Гаалийн ерөнхий газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 тушаал гаргахаасаа өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд зааснаар эрх, ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа “Империа  дюти фрий” ХХК-иас захиргааны шийдвэр гаргах ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар санал авах боломж олгох ёстой байсан. Мөн маргаан бүхий тушаал нь 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан захиргааны бичгээр гаргах актад тавих хуулийн шаардлага хангаагүй. Өөрөөр хэлбэл Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд заасан 40.2.2-т заасан Захиргааны актыг хаяглагдсан этгээд хуулийн этгээд бол түүний нэр, хаяг, бүртгэлийн дугаар, холбоо барих мэдээлэл зэрэг нь захиргааны актыг гаргахдаа тусгагдсан байх ёстой гэснийг болон захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй бол гомдол гаргах эрх болон хугацааг заах ёстой байсан боловч заалгүй хууль зөрчсөн. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д заасан захиргааны актад тухайн захиргааны акт гаргах шаардлага бүхий бодит байдлыг тодорхой заах ёстой байсан. Энэ хуулийн шаардлагыг тодорхой заагаагүй. Гаалийн ерөнхий газрын дарга дээрх бичгээр гарсан захиргааны актад тавигдах хуулийн шаардлага зөрчсөнөөс гадна захиргааны акт гаргангуутаа “И” ХХК-д мэдэгдээгүйгээрээ Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлийг зөрчсөн. Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 тушаал нь хэлбэрийн шаардлага болон процессын шаардлагыг зөрчсөнөөс гадна Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасан иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан бодит үндэслэл байгаагүй. Татваргүй барааны дэлгүүр ажиллуулах тусгай зөвшөөрлийг цуцлах хууль зүйн үндэслэлийг Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.4, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлд маш тодорхой заасан байгаа. Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр  зүйлийн  14.1.1,  14.1.2 14.1.3, 14.1.4, 14.1.5 дахь заалтуудын аль нэг нь байсан тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох ёстой байсан. Хуулийн аль ч  тохиолдлыг  тушаалдаа  дурдаагүй. Дурдаагүй нь Гаалийн ерөнхий 

газрын дарга өөрөө хуулийн эдгээр заалтуудын аль нэг нь байх ёстойг мэдэж байсан гэж үзэж байгаа. Харин тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо баримталсан    хуулийн   заалтууд    нь   Засгийн    газрын   агентлагийн   эрх   зүйн  

байдлын  тухай  хуулийн  8  дугаар  зүйлийн  8.4-д Гаалийн ерөнхий газрын дарга эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргах эрхтэй гэсэн заалт байгаа. Мөн Гаалийн тухай хуулийн 271 дүгээр зүйлийн 2711.1.1. “гаалийн үйл ажиллагааг өдөр тутмын зохион байгуулалтын удирдлагаар хангах;”, Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.2-д “Хууль бус захиргааны актыг хүчингүй болгох үндэслэл буюу бусад этгээдийн хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхол сөргөөр нөлөөлсөн”, гэж заасныг баримталсан бол нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн үйл баримт тогтоогдсон бөгөөд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдсон байх ёстой. Захиргааны ерөнхий хуулийг баримтлах шаардлагагүй байна. Учир нь энэ хуулийг нарийвчлан зохицуулсан Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн хуулийн 14 дүгээр заалтад заасан нарийвчилсан зохицуулалтын хууль байсаар байтал Захиргааны ерөнхий хуулийг баримталсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д тусгай зөвшөөрөл олгосон байгууллагын эрх хэмжээ сунгах буюу хүчингүй болгох эрхтэй байсан. Эдгээр заалтуудаас өмгөөлөгчийн хувьд хоёр заалтыг нь хүлээн зөвшөөрч байгаа. 

Нэгдүгээрт: тушаал гаргах эрх байсан уу гэвэл байсан. Хүчингүй болгох эрх байсан уу гэвэл байсан. Гэхдээ хүчингүй болгохдоо хуульд заасан хүчингүй болгох үндэслэлийн аль нэг нь заавал тогтоогдсон байх ёстой. Ийм үндэслэл бий болоогүй байхад хүчингүй болгосон нь энэ тушаалын хууль бус гэдгийг нотолж байна. Иймээс Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дугаар тушаалын “Империа  дюти фрий” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгөхийг гэж шүүх бүрэлдэхүүнээс хүсч байна.” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Гаалийн ерөнхий газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Зөвшөөрөл хүчингүй болгох тухай А/219 тоот тушаал гаргасан бөгөөд уг тушаалд “И” ХХК-ийн төлбөргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хамаарч байна. 

Тус газрын дарга 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн Зөвшөөрөл олгох тухай А/219 тоот тушаал гаргаж, “Империй дюти фрий” ХХК-д татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохдоо Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1, 6 дугаар зүйлийн 1, Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1.6 дахь заалтуудыг үндэслэсэн байдаг. 

Хэдийгээр  Гаалийн  ерөнхий газрын даргад дээрх зөвшөөрөл олгох  эрх  нь байгаа боловч Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3-т “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно” гэсэн зарчмын тодорхой нөхцөл шаардсан дээрх заалтыг баримтлалгүйгээр гаргаж баталгаажуулснаа Гаалийн ерөнхий газрын дарга өөрөө олж тогтоосон. 

Гаалийн тухай хуулийн 138.3-т заасан нөхцөл шаардлага хангагдаагүй байхад А/162 дугаар тушаал гаргаж тус компанид татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа явуулсан нь Гаалийн тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, Захиргааны ерөнхий хуульд нийцэхгүй тул Гаалийн ерөнхий газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 тоот тушаал гаргаж олгосон зөвшөөрлөө хүчингүй болгосон. 

Иймд “И” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч “И” ХХК-иас Гаалийн ерөнхий газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг хянан шийдвэрлэлээ. 

“И” ХХК-д Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар Улаанбаатар хот дотор татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 3 жилийн хугацаагаар олгосон байна. 

Тус  тусгай  зөвшөөрлөө  мөн даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосныг нэхэмжлэгч эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар “...Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох ажиллагаа хийгээгүй, захиргааны актыг мэдэгдээгүй, ... хуульд заасан тусгай зөвшөөрлийг цуцлах үндэслэлийн дагуу тусгай зөвшөөрлийг хүчингүй болгоогүй, ...” гэсэн үндэслэлээр нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч  “... анх  тусгай  зөвшөөрөл  олгохдоо хуульд заасан журмын  дагуу 

буюу сонгон шалгаруулалтаар олгоогүй учир тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон...”  гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцэж байна.

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д “Тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг тус тусын хуулиар зохицуулна.”, Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1-д “Гаалийн баталгаат бүсэд үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл нь дор дурдсан төрөлтэй байна: ...  138.1.6. татваргүй барааны дэлгүүр ажиллуулах.”, 138.3-д “Энэ хуулийн 138.1.6-д заасан зөвшөөрлийг гаалийн удирдах төв байгууллагаас баталсан журмын дагуу сонгон шалгаруулалтын үндсэн дээр олгоно.” гэж заасан бөгөөд Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 174 дүгээр тушаалаар “Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ыг баталсан байна. 

Нэхэмжлэгч компани Улаанбаатар хот дотор татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан гэх бөгөөд өргөдөл гаргасныг хариуцагч үгүйсгээгүй, хэргийн оролцогч нар өргөдөл гаргасан эсэх асуудлаар маргаагүйг дурдах нь зүйтэй. 

Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 43 дугаар зүйлийн 43.1-д “Захиргааны актыг хаяглагдсан этгээд болон эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд хуульд заасан журмын дагуу мэдэгдэнэ. Захиргааны актыг мэдэгдэх ажиллагааг түүнийг гаргасан захиргааны байгууллага хариуцна.” гэж тус тус зааснаар хариуцагч маргаан бүхий тушаалыг гаргахдаа хуульд заасан журмын сонсох ажиллагаа явуулж, гарсан захиргааны актаа мэдэгдэх байжээ.

Гаалийн ерөнхий газрын дарга сонсох ажиллагаа явуулаагүй, гаргасан захиргааны актаа хуульд заасан журмын дагуу мэдэгдээгүй  боловч нэхэмжлэгч тушаалыг мэдсэнээс хойш нэхэмжлэл гаргаж зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар шүүхэд хандсан бөгөөд захиргааны байгууллагаас шийдвэр гаргах ажиллагааны явцад гаргасан уг зөрчил нь маргаан бүхий актыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна.

Учир нь Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуульд зааснаар тухайн төрлийн аж ахуйн үйл ажиллагаанд хамаарах тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмыг хуулиар зохицуулахаар заасан бөгөөд Гаалийн тухай хуульд татваргүй барааны дэлгүүр ажиллуулах зөвшөөрлийг сонгон шалгаруулалтын журмаар олгохоор зохицуулжээ. 

Нэхэмжлэгч хэдийгээр татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан боловч үүнийг нь үндэслэн “Татваргүй барааны дэлгүүрийн зөвшөөрөл олгох, сунгах, хүчингүй болгох журам”-ын дагуу сонгон шалгаруулалт явуулаагүй учир Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн А/162 дугаар тушаалаар тусгай зөвшөөрөл олгосон нь Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.3 дахь хэсэгт заасантай нийцээгүй бөгөөд хууль бус болжээ. 

Гаалийн ерөнхий газар 2015-2018 оны хооронд татваргүй барааны дэлгүүрийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох сонгон  шалгаруулалт явуулж байгаагүй болох нь тус газрын 2018 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 01-1/1038 дугаар албан бичгээр тогтоогдож байх тул хуульд заасан журмын дагуу олгоогүй тусгай зөвшөөрлөө хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй юм.  

Мөн нэхэмжлэгч Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасан үндэслэл байхгүй байхад тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон гэх боловч хууль бусаар олгосон тусгай зөвшөөрлийг Гаалийн ерөнхий газрын дарга 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалаар хүчингүй болгосон нь Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2-т заасан хууль дээдлэх болон Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4-д “зөвхөн хуульд заасан тохиолдолд тусгай зөвшөөрөл олгох.” зарчим, шаардлагад нийцжээ.

Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

 

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гаалийн тухай хуулийн 138 дугаар зүйлийн 138.1, 138.1.6, 138.3, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.4 заасныг   тус   тус  баримтлан  “Империа  дюти  фрий”  ХХК-иас  Гаалийн  ерөнхий 

газрын даргад холбогдуулан гаргасан “Гаалийн ерөнхий газрын даргын 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн А/219 дүгээр тушаалын “И” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Н.ДАМДИНСҮРЭН