Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2017/ДШМ/063

 

 Х.Цт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 528 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар эсэргүүцлээр  Х.Цт холбогдох 1714000000086 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Х.Ц,  эрэгтэй, яс үндэс халх, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй

Х.Ц нь 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Т.Цыг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

Баянхонгор аймгийн прокурорын газраас  Х.Цт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх:  Х.Ц нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд зааснаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирогчтой сайн дураараа эвлэрч, тухайн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргасан байхад прокурор хүсэлтийг шийдвэрлээгүй,

Хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид ял оногдуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт зааснаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл, журмыг танилцуулаагүй,

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзсэн бол прокурор хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх хариуцлагын төрөл, хэмжээний талаархи саналыг яллагдагчид танилцуулаагүй,

Яллагдагч  Х.Цийн эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг зөвшөөрөөгүй байхад яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн хариуцлага оногдуулах саналтайгаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн нь буруу болжээ. Прокурорын саналыг танилцуулсаныг яллагдагч өөрт нь оногдуулах эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн гэж үзэх боломжгүй юм.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1-ээс 17.5 дугаар зүйлүүдэд хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульчилсан байх бөгөөд  Х.Цт холбогдох хэрэгт уг хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулж хэргийг шүүхэд шилжүүлсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй нь шүүх хуралдаанаар тогтоогдсон гэж үзэн хэргийг прокурорын газарт буцаан шийдвэрлэжээ.

Улсын яллагч ******* 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 35 дугаар эсэргүүцэлдээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд яллагдагч хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргавал хэрхэн яаж шийдвэрлэхийг заасан бөгөөд энэ хүсэлт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид 8 жилээс доогуур хорих ял оногдуулж болох хэрэгт холбогдсон яллагдагчаас гаргасан хүсэлтийг хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан заалт гэж ойлгогдож байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд тусгайлан заасан хэргүүдэд яллагдагчийн хүсэлтийг харгалзахгүйгээр шууд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан байна.

Х.Цт холбогдох хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дахь хэсэгт заасан хэрэгт хамаарагдаж байхад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулсан гэж үзэн прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна.

Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаан явуулах нөхцөл журам, хуралдаанаар хянан хэлэлцэх асуудал, гаргах шийдвэрийг зааж өгсөн байхад дээрх заалтыг зөрчсөн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дугаар зүйлд зааснаар хэргийг буцаахдаа 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан 6 нөхцөлийн аль нэг хангагдаагүй бол буцаахаар заасан. Гэтэл уг хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх нөхцөл байдал тогтоогдсон.

Энэ яллагдагч нар нь бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хохирол, хор уршигийг нөхөн төлсөн зэргээ илэрхийлсэн эвлэрлийн гэрээ хавтаст хэрэгт авагдсан бөгөөд яллагдагчийн шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлгээр дээрх нөхцөл байдал бүрэн бататгагдсан байхад үнэлээгүй болно.

Мөн шүүхээс  Х.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүхийн хэлэлцүүлгийн шатанд яллагдагч нараас эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг зөвшөөрсөн эсэхийг тодруулж асуух бүрэн боломжтой байсан төдийгүй хэргийг Эруүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу 72 цагийн дотор хянан шийдвэрлэхээр товлон хийсэн, шүүх хуралдааны процесс нь ердийн шүүх хуралдааны дараалалаар явагдаж прокурорын дүгнэлтийг сонсоод завсарласан атлаа хэргийг прокурорт буцаах захирамж гаргасан нь үндэслэлгүй юм.

Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах байтал шүүгчийн захирамжид  Х.Ц нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт прокурорт гаргаагүй байхад гаргасан мэтээр, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж оногдуулах ялыг буюу прокурорын саналыг яллагдагчид танилцуулсан байхад танилцуулаагүй гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэхээр байна.

Дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн заалтад нийцээгүй гэж үзнэ. Иймд шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлж өгнө үү гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн бичсэн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, мөн хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” гэсэн хэлбэрээр эрүүгийн хэргийг хялбаршуулан хянан шийдвэрлэх хоёр тусдаа ойлголтыг хуулийн Арван долдугаар бүлэгт хуульчлан тогтоосон бөгөөд энэ хоёр журам нь тус тусдаа, өөр өөр байдлаар хэрэгжихээр зохицуулагдсан байна.

Тухайлбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас үзвэл хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхгүй бөгөөд тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаас бусад зарим төрлийн хүнд гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэм буруугаа хүлээн зөвшөөрч /жишээлбэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт хууль тогтоогчоос арван зургаан насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар тогтоосон бөгөөд энэ төрлийн ялтай гэмт хэргийг яллагдагчийн хүсэлтийн дагуу хялбаршуулан шийдвэрлэж болохоор хуульчилсан/ хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг хэргийг шүүхэд шилжүүлэхээс өмнө прокурорт гаргаж, уг хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргах, прокурор гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан яллагдагчид Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн ял оногдуулах тухай болон энэ бүлэгт заасан журмаар хэрэг хянан шийдвэрлэх үндэслэл журмыг танилцуулж, яллагдагчийн хүсэлтийг хүлээн авах, эсхүл татгалзах тухай тогтоол гаргах, хэрэв прокуророос хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой гэж үзсэн бол мөрдөгч хуулийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу 14 хоногийн дотор мөрдөн байцаалт явуулах, прокурор мөн хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хяналт тавихаар хуульчлан тогтоожээ.

Дээр дурдсан үндэслэлүүдээр шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хуульд заасан ердийн журмаас гадна тухайн бүлэгт заасан тусгай журмыг баримтлахаас гадна, шүүх хуралдаанаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн эсэх, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэргийг хянан үзэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах ба хэрэв шүүгдэгч хүсэлтээсээ татгалзсан, эсхүл энэ зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлын аль нэг нь хангагдаагүй гэж үзэх үндэслэл байвал хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргахаар зохицуулагдсан байна.

Харин Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-ыг хуульчилсан бөгөөд уг зүйлд заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах/, 11.7 /Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх/, 12.4 /Бэлгийн дарамт учруулах/, 13.6 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 13.10 /Хувь хүний нууцад халдах/, 13.11 /Хувь хүний нууцыг задруулах/, 15.2 /Аюултай байдалд орхих, тусламж үзүүлэхгүй байх/, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хулгайлах/, 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Дээрэмдэх/, 17.5 /Алдаатай гүйлгээ, андуурсан илгээмж, гээгдэл эд хөрөнгө, алдуул мал завших/, 20.15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах/, 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах/, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг /Хууль сахиулагчийг эсэргүүцэх/, 23.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Нийтийн албан тушаалтныг заналхийлэх/, 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/, 27.11 /Автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч зугтаах/ дүгээр зүйлүүдэд тус тус заасан гэмт хэргүүдийн зарим төрлийн гэмт хэрэг нь торгох, нийтэд тустай ажил хийлгэх, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар зохицуулагдсан бол хорих ял оногдуулж болох зарим төрлийн гэмт хэргийнх нь хорих ялын дээд хэмжээ 5 жил, түүнээс бага хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчлагдсан, эдгээр гэмт хэргийн аль нэгийг үйлдсэн сэжигтнийг эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол танилцуулсан даруй, эсхүл нэмэлт ажиллагаа явуулах шаардлагатай бол мөрдөгч мөрдөн байцаалтыг 14 хоногийн дотор явуулж хэргийг прокурорт шилжүүлэх, прокурор хэргийг 24 цагийн дотор хянаж яллах дүгнэлт үйлдэж, яллах дүгнэлтэд яллагдагчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар саналаа бичин, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар бичсэн саналаа яллагдагчид, хүсэлт гаргасан хохирогчид даруй танилцуулж гарын үсэг зуруулсан байх, шүүх хэргийг хүлээн авснаас хойш 72 цагийн дотор тухайн зүйлд заасан журмын дагуу хянан шийдвэрлэж шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр буюу цагаатгах эсхүл шийтгэх тогтоол гаргахаар заасан байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үзэл баримтлал, хуулийн дээр дурдсан хоёр өөр төрлийн зохицуулалт зэргээс үзвэл хууль тогтоогчоос 2002 онд батлагдан 2017 оны 7 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөн үйлчилж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн шалгагдсан хэм хэмжээнүүдийг уламжлан авч үлдэн, шаардлагатай өөрчлөлтийг цар хүрээнд тохируулан эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тогтолцоо, журмыг боловсронгуй болгосон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан тодорхой төрлийн хөнгөн гэмт хэргүүдийг түргэн шуурхай шийдвэрлэх үүднээс ердийнхөөс богиносгосон хугацааг хуулиар тогтоосон нь яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээс онцлог ялгаатай байна.

Иймд  Х.Цийн холбогдсон Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт нэрлэн заасан гэмт хэрэгт хамаарч байх тул энэ зүйлд заасны дагуу хялбаршуулсан журмаар буюу богиносгосон хугацаагаар хянан шийдвэрлэх гэмт хэрэг гэж үзнэ.

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 2, 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан ажиллагаануудыг хийлгүй орхигдуулсан, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.3, 4.4, 4.5, 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэх зэрэг яллагдагчийн хүсэлтэд үндэслэн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журмын шаардлагыг тавьж хэргийг прокурорт буцаасан нь хууль бус болсон байх тул улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүх цаашид шүүх хуралдааны тов тогтоохтой зэрэгцэн яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг хамтатган шийдвэрлэж байх нь зүйтэйг анхаарвал зохино.

Х.Цт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх анхан шатны шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар О.Сувд-Эрдэнэ оролцсон байхад шүүгчийн захирамжийн “Удиртгал” хэсэгт “...Б.Соёлмаа...” гэж буруу бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1-ийн 1.3 дахь хэсгийг зөрчсөн, “...хөнгөн хохирол...” гэхийг “...хөнгөн гэмтэл...” гэж хуульд байхгүй үг хэллэг хэрэглэсэн алдаа гаргасан байгаа зэргийг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 528 дугаар шүүгчийн захирамжийг бүхэлд нь хүчингүй болгож,  Х.Цт холбогдох эрүүгийн 1714000000086 дугаартай хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол  Х.Цт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                      ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                   Т.ДАВААСҮРЭН