Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2022/0130

 

2022.02.17-ны өдөр 221/МА2022/0130

 

 

 

 

 

 

 

 

 

 “Б” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Баатархүү

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М

Нэхэмжлэгч “Б” ХХК

Хариуцагч нийслэлийн Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нар

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 877 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М, хариуцагч Т.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.У,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.М

Хэргийн индекс: 128/2021/0505/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Б” ХХК-иас Татварын газрын Татварын хяналт, шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч нарт холбогдуулан “...Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Л, Т.О нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 877 дугаар шийдвэрээр Татварын ерөнхий хуулийн /2008 он/ 11 дүгээр зүйлийн 11.1, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 он/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4.3, 16 дугаар зүйлийн 16.1, Хувь хүний орлогын албан татварын тухай /2006 он/ хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн гаргасан Нийслэлийн Татварын газрын татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Л, Т.Ор нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.М дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...Энэ маргааны тохиолдолд татварын улсын байцаагч нар нь шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин хяналт шалгалт хийж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, өмнөх татварын улсын байцаагч нарын ногдуулсан алданги, торгуулийн хэмжээ өөрчлөгдсөн байх тул дээрх зөрчлийн алданги, торгуулийн хэмжээг 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24:00 цагаас өмнө татварын улсын байцаагчийн актаар тогтоогдсон гэж үзэж, дээрх хуулийн үйлчлэлд буюу өршөөлд хамруулах үндэслэлгүй” гэж дүгнэжээ.

3.2. Аливаа хууль нь эрх тэгш байдлын зарчим алдагдана гэж үзэж байна. Мөн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуульд эрүүгийн хариуцлага болон зөрчил нь тогтоогдсон асуудал яригдаж байгаа болохоос шүүхийн дээрх дүгнэлтэд тусгагдсан алданги, торгуулийн хэмжээ нь тогтоодоогүй гэдэг зүйл огт тусгагдаагүй буюу шүүх хуулийг хэт явцууруулж тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Хариуцагч нар нь нөхөн ногдуулалтын актад дурдсан зөрчил, зөрчлийн дүн нь үндэслэлгүй ч бай, үндэслэлтэй ч бай хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, шүүх үүнд буруу дүгнэлт хийсэн ба нөхөн ногдуулалтын актын хавсралт нэхэмжлэгчид хийсэн татварын хяналт шалгалтаар илрүүлсэн зөрчил, ногдуулсан төлбөрийн тооцоод бичигдсэн нийт 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.1 төгрөгийн алданги, нийт 46,565,801 төгрөг нь өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 10 дугаар зүйлийн 10.1, 10.2 дахь заалтуудад заасны дагуу өршөөлд хамрагдах ёстой байсан. Учир нь дээрх торгууль, алданги нь 2010-2012 онуудад татварын хуулийн хугацаанд төлөөгүйтэй холбоотой торгууль, алдангиуд байгаа ба нөхөн ногдуулалтын актаар хасаж тооцоогүй хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...дээрх үйл баримтаас үзэхэд хариуцагч нар нь нэхэмжлэгчийн 2009-2012 оны албан татвары ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 онд татварын хяналт шалгалтыг хийж, 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 220989 дугаар акт үйлдсэн байх тул энэ тохиолдолд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хууль хэрэглэнэ” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл маргаан бүхий 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын актаар ногдуулсан зөрчлийн хөөн хэлэлцэх хугацааг 2008 оны Татварын ерөнхий хуульд заасан 5 жилээр тооцогдоно гэж үзсэн байна.

4.1. Гэтэл 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хууль нь 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн бөгөөд уг хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “татварын нөхөн ногдуулалт хийх, алданги, торгууль ногдуулах, хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх, алдагдал шилжүүлэх, нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулах хөөн хэлэлцэх хугацаа 4 жил байх бөгөөд Иргэний хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа татварын хууль тогтоомжид хамаарахгүй” гэж хуульчилсан, мөн хуулийн 3 дугаар зүйлд 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулиар хяналт шалгалтыг эхлүүлсэн бол уг хяналт шалгалтыг 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн дагуу үргэлжлүүлэн, хянан шийдвэрлэнэ” гэж, 4 дүгээр зүйлд 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийг буцаан хэрэглэхэд татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулахаар бол 2008 оны 05 дугаар сарын 20-ны өдөр баталсан Татварын ерөнхий хуулийн холбогдох заалт, 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хуулийн 11.19 дүгээр зүйлийн 1, 3, 4, 5 дахь хэсгийг буцаан хэрэглэж, тухайн хуулийн заалтыг дагаж мөрдөнө” гэж хууль буцаан журмыг маш тодорхой хуульчилж өгсөн. Хариуцагч нар хяналт шалгалтыг 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс эхэлж байгаа нь Татварын ерөнхий хууль /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 3 дугаар зүйлд хамаарахгүй тул 2019 оны Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ын 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу 4 жил гэж тогтоосон хөөн хэлэлцэх хугацааг баримтална.

4.2. Мөн Татварын ерөнхий хуулийн /шинэчилсэн найруулга/-ыг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 4 дүгээр зүйлд татварын төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэх зарчим хэрэглэгдэх тул дээрх 2 үндэслэлээр 2019 оны Татварын ерөнхий хуульд зааснаар 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг шүүх баримтлах ёстой байсан.

4.2.1. Тиймээс Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2, 79.3, 79.7, Захиргааны ерөнхий хуулийн 33 дугаар зүйлийн 33.16 дахь хэсгүүдэд заасныг баримталбал Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 761 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөр буюу 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс хөөн хэлэлцэх хугацаа тасалдал нь зогсож шинээр тоологдож эхлэх ба хөөн хэлэлцэх хугацааг 4 жилээр тоолоход 2019 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөр хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэж үзэж байна. Мөн шүүхийн 761 дүгээр шийдвэр гарснаас хойш 4 жил 10 сарын дараа нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь 2019 оны Татварын ерөнхий хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан 4 жилийн хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзнэ.

5. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэр нь 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтыг үндэслэн татварын байгууллагаас дахин хяналт шалгалт хийж, дахин шинэ акт тогтоох хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн. Уг хууль нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болсон бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль мөрдөгдөж эхэлж, 2002 оны Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтад шинэ акт гаргах хугацааг шүүхээс тогтоодоггүй байсан бол 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтад шинэ акт гаргах хугацааг 6 хүртэл байхаар шүүхээс хугацаа тогтоодог болсон онцлогтой юм.

5.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаара зүйлийн 106.3.11-д зааснаар захиргааны байгууллага шүүхийн шийдвэр гарснаас хойш 6 сар хүртэлх хугацаанд татварын хяналт шалгалтыг дахин хийж, шинэ акт гаргах ба шүүхийн шийдвэрт заагдсан хугацаанд шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий захиргааны акт буюу 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 дугаар татварын улсын байцаагчийн акт хүчингүй болох зохицуулалттай юм. Гэтэл татварын байгууллага нь дээрх хуулийн заалтын дагуу хяналт шалгалтыг хийгээгүй 4 жил 10 сар дараа хяналт шалгалт хийж нөхөн ногдуулалтын акт бичсэн нь татвар төлөгчийн эрх зүйн байдлыг дордуулж, татварын төлөгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хууль буюу 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг баримталж татварын байгууллага нь шинэ акт гаргах хугацааг хэтрүүлсэн, мөн татварын хөөн хэлэлцэх хугацаа дууссан бахйад нөхөн ногдуулалтын акт тавьсан нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хууль зөрчиж явагдсан болохыг бүрэн нотолж байна.

5.2. Мөн захиргааны байгууллага, алба тушаалтан нь процессын хуулийг буцааж хэрэглэхгүй тул 2016 оноос мөрдөж эхэлсэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль заасны дагуу хууль батлагдсан өдрөөс хойш 6 сарын дотор шинэ акт гаргах ёстой байсан ба маргаан бүхий 2020 оны 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгох бүрэн үндэслэлтэй байна.

6. Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “...хариуцагч нарыг шүүхийн 761 дүгээр шийдвэрийг биелүүлж акт тавьсан” гэдэг дүгнэлт олон дурдагдсан байдаг. Шүүхээс дахин шинэ акт гартал актын биелэлтийг түдгэлзүүлж байгаа шийдэл нь тухайн хэрэг маргааныг бүрэн шийдэж байгаа шийдэл огт биш бөгөөд хариуцагч буюу захиргааны байгууллагыг асуудлыг дахин шалгаж магадлаад шийдвэрээ гаргах буюу захиргааны акт гаргаж болно, эсхүл гаргахгүй байж болно гэсэн агуулга бүхий шийдэл юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн шийдвэрийн дагуу заавал шинэ акт гаргах, заавал гаргах ёстой гэсэн шийдвэр биш байтал шүүхийн шийдвэр гарснаас хойш 4 жил 10 сарын дараа шүүхийн шийдвэрийг биелүүлж маргаан бүхий акт гаргасныг шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх ямар ч үндэслэл байхгүй гэж үзэж байна.

7. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв. 

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

2. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, анх “Бс” ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд Нийслэлийн татварын улсын байцаагч нар шалгалт хийж, татварын улсын байцаагчийн 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 дугаар актаар шалгалтаар илэрсэн 3 төрлийн зөрчилд нийт 178,299.9 төгрөгийн төлбөрийг ногдуулсныг нэхэмжлэгчээс эс зөвшөөрч Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд “220989” дугаар актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан, улмаар Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 340 дүгээр шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 12-ний өдрийн 367 дугаар магадлалаар дээрх шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасан, үүний дараагаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр Нийслэлийн татварын газрын татварын улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 тоот актыг дахин хяналт, шалгалт хийж, дахин шинэ акт тогтоох хүртэл хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн, дээрх шүүхийн шийдвэрийг биелүүлж, хариуцагч татварын улсын байцаагч нар нь 2019 оны Татварын ерөнхий хууль /Шинэчилсэн найруулга/ үйлчилж эхэлснээс хойш буюу 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрөөс “Б” ХХК-ийн 2009-2012 оны татварын ногдуулалт, төлөлтийн байдалд дахин хяналт шалгалт хийж, 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын актыг үйлдсэн байна.

2.1. Ингэхдээ нийтийн тээврийн үйлчилгээний орлого олохтой холбоотойгоор “Х” ХХК-иас болон импортоор 2010 онд 40,426,500.0 төгрөгийн, 2011 онд 95,324,927.0 төгрөгийн, 2012 онд 367,527,000.00 төгрөгийн автобус худалдан авч, нэмэгдсэн өртгийн албан татварын тайланд тусгаж, татвар ногдуулах орлогыг бууруулсан, 2011 онд 6,494,500.6 төгрөгийн, 2012 онд 18,839,300.0 төгрөгийн хувь хүний орлогын албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй, 2011 онд 7,349,200,0 төгрөгийн, 2012 онд 100,000.0 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг хуулийн хугацаанд төлөөгүй /нийт 636,009,427 төгрөгийн/ зөрчил илэрснийг, шалгалтаар илэрсэн нийт 636,009,427 төгрөгийн зөрчилд 50,332,642.7 төгрөгийн нөхөн татвар, 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.14 төгрөгийн алданги, нийт 96,898,443.74 төгрөгийн төлбөр төлүүлэхээр шийдвэрлэжээ.

3. Нэхэмжлэгчээс маргаан бүхий актыг эс зөвшөөрч “... Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 4 жил 10 сарын дараа нөхөн ногдуулалтын акт үйлдсэн нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн..., Өршөөлийн тухай хуулийг буруу хэрэглэсэн...” гэх агуулгаар нэхэмжлэлийн үндэслэл шаардлагаа тодорхойлж, мөн агуулгаар давж заалдах гомдол гаргасан бөгөөд улсын байцаагчийн актаар ногдуулсан нөхөн татвар, торгууль, алдангийн үнийн дүн, татварын тооцоолол дээр маргаагүй байна.

4. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр “...Татварын өрийн үлдэгдэлд торгууль, алданги тооцох, ногдуулах журмын холбогдох хэсэг хүчинтэй үйлчилж байх хугацааны торгууль, алдангийг журмын дагуу бодох эсэх, хэрвээ ... торгууль, алдангийг тооцвол төлбөрийн дүн хэрхэн багасах зэргийг хариуцагч өөрөө тодорхойлон тогтоож дахин хяналт шалгалт хийх зүйтэй гэж Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д “хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзвэл захиргааны байгууллага, албан тушаалтнаас дахин шинэ акт гартал захиргааны уг актыг түдгэлзүүлэх” гэж зааснаар “....татварын улсын байцаагч нарын 2013 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 220989 тоот актыг “Б” ХХК-ийн 2009-2012 оны аж ахуйн нэгжийн орлогын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын байгууллагаас дахин хяналт, шалгалт хийж, дахин шинэ акт тогтоох хүртэлх хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсний дагуу хариуцагчаас 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн “22200900106” дугаартай нөхөн ногдуулалтын акт гаргасныг буруутгах боломжгүй.

4.1. Хэдийгээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэр гарснаас хойш, Татварын ерөнхий хууль болон Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиуд батлагдаж, мөрдөгдсөн боловч татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчилд хариуцлага хүлээлгэх талаарх татварын улсын байцаагчийн бүрэн эрхийг хязгаарлах боломжгүй.

4.2. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7 дахь заалтад захиргааны байгууллагаас шинээр акт гаргах боломжтой гэж үзсэн тохиолдолд хэрэглэх бөгөөд тус шинээр гарч буй “захиргааны акт” гаргах талаар аливаа байдлаар хугацаа заагаагүй, шүүхээс хариуцагч улсын байцаагч нарт өмнө нь гаргасан актаа дахин гаргах буюу “сонгох боломж”-ийг олгосон. Тиймээс хэргийн нөхцөл байдал буюу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсан “...хөөн хэлэлцэх хугацааны талаарх...” үндэслэл нь захиргааны байгууллага сонгох боломжоо хэрэгжүүлэхдээ хуулийн хязгаарыг хэтрүүлсэн, буруу хэрэглэсэн, эсхүл өөрт олгосон эрх хэмжээг зорилгодоо нийцээгүй байдлаар ашигласан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3. Өөрөөр хэлбэл, хариуцагч улсын байцаагч нараас нэхэмжлэгч “Б” ХХК-ийн 2009-2012 оны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд 2013 онд татварын хяналт шалгалтыг хийж “220989” дугаар акт үйлдсэн бөгөөд тухайн үеийн харилцааг зохицуулж байсан 2008 оны Татварын ерөнхий хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиуд хэрэглэгдэх тул Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 761 дүгээр шийдвэрээр шинэ акт тогтоох хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн байхад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...шүүхийн “761” дүгээр шийдвэр гарснаас хойш 4 жил 10 сарын хугацаа хэтрүүлж нөхөн ногдуулалтын акт тавьсан нь 2019 онд батлагдсан Татварын ерөнхий хуулийн 15.1-д заасан 4 жилийн хугацааг хэтрүүлснийг зөрчсөн, ... мөн 2016 оны Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг хариуцагчаас зөрчсөн, ... нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан” гэх гомдлыг хүлээн авч, захиргааны актыг хүчингүй болгох боломжгүй юм.

5. Харин анхан шатны шүүхээс “Б” ХХК-ийн шүүхэд гаргасан “... 2020 оны 09 дүгээр сарын 15-ний өдрийн 22200900106 дугаартай нөхөн ногдуулалтын актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөв боловч Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийг буруу тайлбарлан, “... 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.1 төгрөгийн алданги...”-тай холбогдох хэсгийг чөлөөлөөгүй нь үндэслэлгүй болжээ.

5.1. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна”, 4 дүгээр зүйлийн 4.3-т “Хууль тогтоомж зөрчиж захиргааны зөрчил гаргасан болон шийтгэл хүлээсэн этгээдийг өршөөн хэлтрүүлнэ” гэж тус тус заасан. Маргаан бүхий шийтгэлийн хуудсаар нэхэмжлэгч хуулийн этгээдийн 2009-2012 онуудын албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд шалгалт хийж, шалгалтаар илэрсэн нийт 636,009,427 төгрөгийн зөрчилд 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.14 төгрөгийн алданги ногдуулсан, иймд хуульд заасан дээрх хугацаанд хамаарах актаар тогтоосон торгууль, алдангийг өршөөн хэлтрүүлэх нь хуульд нийцнэ.

5.2. Учир нь, Өршөөлийн хуулийн үйлчлэх хугацааг уг хуулийн нийтлэг үндэслэл болох 3 дугаар зүйлийн 3.1-д “2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэж заасан, мөн ял, шийтгэлээс өршөөн хэлтрүүлэх хэлбэрийг зохицуулсан 4 дүгээр зүйлийн агуулгаас үзвэл хууль хэрэглэх журмыг зохицуулсан 10 дугаар зүйлийн 10.1 болон 10.2 дахь хэсгийг тус тусдаа бие даасан үндэслэл гэж тайлбарлах нь зүйтэй. Тодруулбал, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэг нь 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө гэмт хэрэг үйлдсэн, зөрчил гаргасан этгээдэд хамааралтай бол, харин 10.2 дахь хэсэг нь ял, шийтгэл хүлээсэн этгээдийн хувьд, өөрөөр хэлбэл, 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө шүүхийн хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоол, шийдвэр, төрийн эрх бүхий байгууллагын захиргааны шийтгэл ногдуулах шийдвэрээр ял, шийтгэл эдэлж буй бол эдлээгүй үлдсэн эсхүл гүйцэтгэгдээгүй /захиргааны шийтгэл хүлээсэн боловч биелэгдээгүй байгаа/ ял, шийтгэлээс нь өршөөн хэлтрүүлэх үндэслэл юм.

5.3. Өршөөлийн хуулийн үйлчлэх хугацаанд буюу 2015 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас өмнө адилхан гэмт хэрэг, эсхүл зөрчил үйлдсэн хоёр этгээдийн нэг нь эрх бүхий этгээдийн шийдвэрээр ял, шийтгэл хүлээсэн гэдэг үндэслэлээр өршөөлд хамаарч, харин хоёр дахь нь түүний үйлдлийг эрх бүхий этгээдээс хуульд заасан хугацаанаас хойно илрүүлж, тогтоон, шийтгэсэн гэсэн үндэслэлээр уг хуулийг хэрэглэхгүй байх нь төрийн үйл ажиллагааны “тэгш байдал”, “шударга ёсны” зарчимд нийцэхгүй, тиймээс маргаан бүхий зөрчлийг 2009-2012 онд илрүүлсэн байхад анхан шатны шүүх “...шүүхийн шийдвэрийг биелүүлж, дахин хяналт шалгалт хийж, 2020 онд нөхөн ногдуулалтын акт үйлдсэн, өмнө татварын улсын байцаагч нарын ногдуулсан алданги, торгуулийн хэмжээ өөрчлөгдсөн...” гэх үндэслэлээр өршөөлд хамруулаагүй нь хуулийг буруу тайлбарласан гэж үзэх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

6. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 877 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтын дугаарыг “3” гэж, Тогтоох хэсгийн 2 дахь заалтаар “Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.2 дахь хэсэгт зааснаар татварын улсын байцаагч нарын 2020 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 22200900106 дугаар нөхөн ногдуулалтын төлбөрөөс 26,844,432.9 төгрөгийн торгууль, 19,721,368.1 төгрөгийн алданги нийт 46,565,801 төгрөгийн төлбөрийг өршөөн хэлтрүүлсүгэй” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН