Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2018/01493

 

Д.Дийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

         Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн       

         2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэр,

   Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.Д

         Хариуцагч: Г.Лд холбогдох

         Үндсэн нэхэмжлэл:  Гэрээний үүрэгт 40.054.000 төгрөг гаргуулах тухай,

         Сөрөг нэхэмжлэл: Хохирол 45.702.579 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

         Хариуцагч Г.Лгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Г.Л, хариуцагчийн өмгөөлөгч С.П, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

        Нэхэмжлэгч нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015-03-23-ны өдөр Г.Лгээс БНХАУ-аас оруулж ирсэн FAW маркийн УБВ 25-04 улсын дугаартай ачааны автомашиныг 67 сая төгрөгөөр худалдан авахаар тохирсон. 67сая төгрөгөөс 35сая төгрөгийг гэрээ байгуулсан даруйд төлөх, үлдэгдэл 32сая төгрөгийг 2015-05 дугаар сард 10сая төгрөг, 6 дугаар сард 10сая төгрөг, 7 дугаар сард 12сая  төгрөг төлөх, төлбөр бүрэн төлөгдсний  дараа гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцсон. Автомашиныг авч ажил хийх гэсэн боловч ажил олдоогүй 2015-06-06-ны өдөр хүртэл сул зогссон. 2015-06-06-наас Төв аймгийн Заамар суманд ажиллаж эхэлсэн. Заамарт ажиллаж байхад 2015-07-06-ны өдрөөс 20-ны өдрийн хооронд Г.Л уг автомашины жолоочоор ажиллаж, автомашиныг авснаас хойш мөнгө олж чадахгүй байгаа мэдэж байсан. Заамарын алтны уурхайд ажилсан хөлөө авч чадалгүй 2015-08 сар хүргэсэн. 2015-08-20-ны өдөр 5сая төгрөг өгсөн ч мөнгөө төлөөгүй тул   маргаан үүсгэж, машинаа хотод авчирсан. Г.Л машины гэрчилгээ, бусад бичиг баримтуудыг аваад явсныг мэдээд асуухад “...машины үлдэгдэл мөнгөө өг, тэгэхгүй бол өгөхгүй” гэж хэлсэн. Би хариуд нь “мөнгө олох гэж хичээж байна хугацаа өгөөч” гэж хэлсэн. 2015-09-02-ны өдөр Завхан аймагт ажил гараад замд гарах гэтэл бичиг баримтгүй байсан. Мөн Завхан явахаас өмнө цахилгаан станцаас үнс зөөх ажил гарсан. Энэ үед Г.Л ирсэн. Би машинаа Г.Лд үлдээгээд “хүнтэй уулзаж мөнгө асуугаад ирье” гэж хэлээд явсан. Гэтэл намайг явсан хойгуур Г.Л автомашиныг хулгайлаад зугтсан байсан. Утас руу нь залгахад утсаа салгасан байсан. Гурав хоногийн дараа хүний утсаар залгахад Г.Л “Би Баянчандманьд ажиллаж байна. Уулзаж чадахгүй, ажилтай байна” гээд утсаа салгасан. Үүнээс хойш уулзах гэсэн боловч утсаа авахгүй байсан. Би автомашиныг худалдан авахад өгсөн 40,054,000 төгрөг өгсөн тул үүнийгээ авах гэтэл татгалзсан.  Би автомашиныг авснаас хойш өөрийн эхнэр Д.Цэцэгмаагийн банкин дахь харилцах данснаас 34 сая төгрөгийг Г.Лгийн данс руу шилжүүлсэн. Мөн автомашиныг шилжүүлэн авсны дараагаар автомашины жилийн татвар, замын хураамж, даатгал, оношилгоонд 380,000 төгрөг зарцуулсан. Түүнчлэн, 4 ширхэг шинэ дугуй авсан. Зөөлөн дугуй нэг нь 580,000 төгрөг, хоёр ширхэг нь 1,160,000 төгрөг, хатуу дугуй нэг нь 640,000 төгрөг, хоёр ширхэг нь 1,280,000 төгрөг, нийт 2,440,000 төгрөгөөр авч тавьсан. Мөн тос маслын шүүр Альфа фильтер ХХК-аас 134,000 төгрөгөөр авч сольсон. Г.Л машин авч явах үед 360 литр түлш 600,000 төгрөгөөр авч дүүргэсэн байсан. Дээрх нийт төлсөн мөнгө, гарсан зардлыг тооцоод үзэхэд 40,020,000 төгрөг болж байна. Автомашиныг анх авахад Г.Лд төлсөн 34 сая төгрөгийн 25сая төгрөгийг нь би Д.Даваацэрэнгээс сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс болж сарын 3 хувийн хүү төлсөн. Иймд Г.Лгээс худалдах-худалдан авах гэрээний урьдчилгаанд төлсөн 36,500,000 төгрөг,  гаргасан зардал буюу тоног төхөөрөмжийн үнэ 3,554,000 төгрөг, нийт 40,054,000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Хариуцагчийн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2015-03 сард Г.Л, Д.Д нар харилцан тохиролцож ФАВ маркийн УБВ 25-04 улсын дугаартай ачааны автомашиныг худалдах-худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Д машины үнийг мөн оны 7 дугаар сард бүрэн төлж дуусгах ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учраас манайх банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлж гадаадад сурах оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж хохирол хүлээсэн. Энэ талаар хэлж үлдэгдэл төлбөрөө шаардахад Д.Д “мөнгө олдохгүй байна, машинаа буцааж авбал ав” гэсэн. Иймд  худалдах-худалдан авах гэрээг цуцалж, машинаа буцааж авсан. Бидний хооронд анх хийсэн гэрээгээр хугацаандаа төлбөрөө төлөөгүй тохиолдолд нэхэмжлэгч алданги төлөх үүрэгтэй. Миний машиныг эзэмшиж байх үедээ алтны уурхайд ажиллаж надад анх өгсөн 35сая төгрөгөө олсон. Машиныг тухайн хугацаанд бид өөрсдөө эзэмшиж алтны уурхай болон өөр газар ажилласан бол 35сая төгрөгөөс ч илүү ашиг олох байсан. Иймд Д.Дийн нэхэмжлэлийг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэжээ.

       Хариуцагч сөрөг нэхэмжлэлдээ:  Д.Д машины үлдэгдэл үнийг 2017-07 сард төлж дуусгах үүрэг хүлээсэн боловч биелүүлээгүй. Үүнээс үүдэж гэрээг цуцалж, машинаа 2015-09-20-ны өдөр эргүүлэн авсан.  Д.Д гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлснээс тухайн оны 05 дугаар сараас 09 дүгээр сарын хооронд олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Машиныг ашиглаж байх хугацаандаа Д.Д 38,102,579 төгрөгийн ашиг олсон. Машин манай мэдэлд байсан бол энэ нь бидний  олох байсан ашиг юм. Мөн манай машиныг эзэмшиж байхдаа багаар бодоход 4сая төгрөгийн элэгдэл хорогдол үүсгэсэн. Д.Дийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор бусдаас зээлсэн 12сая төгрөгийн сар бүрийн 5 хувийн хүүд 600,000 төгрөг, 6 сарын хугацаанд 3,6сая төгрөг төлж хохирсон. Иймд Д.Даас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс гарсан хохиролд 45,702,579 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

         Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Энэ нь үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэх сөрөг нэхэмжлэл биш бөгөөд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэхдээ ийм байдлаар сөрөг нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй юм. Сөрөг нэхэмжлэлд дурдсан хэмжээний ашиг олоогүй нь  баримтаар нотлогдоно гэжээ.

       Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг тус тус баримтлан Г.Лгээс 38,574,000 төгрөг гаргуулж Д.Дид олгож, нэхэмжлэлээс 1,480,000 төгрөгийн шаардлагыг  сөрөг нэхэмжлэлийн хамт  хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан орон нутгийн орлогоос 206,554 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Г.Лгээс 350,820 төгрөг гаргуулж Д.Дид тус тус олгож, Г.Лгээс төлсөн  386,463 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээжээ.   

        Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар магадлалаар Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-д заасныг тус тус баримтлан” гэснийг “Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар” гэж, “38 574 000” гэснийг “36 500 000” гэж, “1 480 000” гэснийг “3 554 000” гэж, 2 дахь заалтад “206 554” гэснийг “206 544” гэж, “350 820” гэснийг “340 450” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсэн байна. 

        Хариуцагч Г.Л хяналтын журмаар гаргасан гомдолдоо:Зохигч нарын хооронд хүнд даацын ачааны автомашиныг худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан. Тиймээс үлдэгдэл мөнгийг авах хугацааг тохирч, эд хөрөнгийг шилжүүлэн өгсөн юм. Харин Д.Д гэрээний үүргийг хугацаанд нь биелүүлээгүйн улмаас мөн машинаа буцааж ав гэж удаа дараа хэлж байсны дагуу худалдах-худалдан авах гэрээнээс татгалзаж, олох ёстой байсан орлогоо нэхэмжилсэн. Машиныг өгөөгүй байсан бол  Д.Дийн нэгэн адил аль нэгэн компанид гэрээгээр ажиллаж, мөнгө олох байсан. Д.Д нь гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Д.Лхагвасүрэн тухайн жил олох ёстой байсан ашгаа олж чадаагүй, Д.Дийн машинаар ажил гүйцэтгэж олсон ашигтай дүйцүүлэн, түүний олсон ашгийг тодорхойлж нэхэмжилсэн. Гэтэл шүүх “уг гэрээг хариуцагч Г.Лтэй байгуулах байсан гэх баримтгүй” гэж үзсэн нь үндэслэлгүй юм. Өөрөөр хэлбэл, тухайн жилд буюу 2015 онд Д.Д Д.Лхагвасүрэнгийн эзэмшлийн машинаар ажил үйлчилгээ явуулж, уг машиныг ашигласнаар уул уурхайн олборлогч ХХК-иас 38.102.579 төгрөгийн хөлс авч, ашиг олсон тооцоо гарсан ба энэ нь хавтаст хэрэгт нотлох баримтаар авагдсаар байхад үүнд  шүүх нь үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Нөгөө талаар Д.Д машиныг худалдан аваад анх тохирсны дагуу үнийг төлсөн бол бид хүү төлж, алдагдалд орохгүй байсан гэдэгт мөн л дүгнэлт хийсэнгүй. Анхан шатны шүүх маргааны зүйл болох машинаар Д.Дийн олсон ашгийг миний олох ёстой орлого биш гэж дүгнэснийг хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Давж заалдах шатны шүүх бидний хооронд хийгдсэн гэрээг Иргэний хуулийн 56.1.1-р хүчин төгөлдөр бус гэснийг хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна. Нөгөө талаар надад эрх, үүргийн талаар тайлбарлаж өгөөгүй. Хуулиар олгосон эрх үүргийг тайлбарласан талаар баримт хавтаст хэрэгт байхгүй байгаа. Иймээс би шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлж чадаагүй. Би бүхий л нотлох баримтуудыг гаргаж өгсөн ч зарим баримтуудыг  гаргаж өгөх нөхцөл бүрдээгүйн зэрэгцээ “Хайрхан капитал” ББСБ-тай машин зарах талаар ярьж тохирсон баримт, урьд жилүүдэд маргааны зүйл болох ФАВ маркийн 25-04 улсын дугаартай хүнд даацын ачааны автомашинаар олсон ашиг орлогын тооцоо зэргийг нотлох баримтаар гаргаж өгч чадаагүй. Цугларсан нотлох баримтын хэмжээнд миний татгалзлыг нотлох хангалттай баримтууд байсан гэж үзэж байна. Иймд хариуцагч миний бие шүүхээс хэрэглэвэл зохих хуулийг буруу ойлгож хэрэглэсэн, нотлох баримтуудыг дутуу, бүрэн дүүрэн бүх талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргасан, шүүхээс гарсан шийдвэр, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагуудыг хангахгүй учир шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг буцааж өгнө үү  гэжээ.

ХЯНАВАЛ:

         Д.Д 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Г.Лд холбогдуулан нэхэмжлэл гаргаж, худалдан авах автомашины урьдчилгаа төлбөрт өгсөн 36,500,000 төгрөг, татвар, замын хураамж, даатгал, оношилгоо 380,000 төгрөг, 4 ширхэг дугуй нийт 2,440,000 төгрөг, тос маслын шүүр 134,000 төгрөг, 360 литр түлшний үнэ 600,000 төгрөг нийт 40,054,000 төгрөг шаарджээ. /хх 1, 123/

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа сөрөг нэхэмжлэл гаргаж, олох ёстой байсан орлого 38,102,579 төгрөг, элэгдэл хорогдол 4,000,000 төгрөг, хүүд төлсөн  3,600,000 төгрөг нийт 45,702,579 төгрөг гаргуулыг хүссэн байна. /хх 41/

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг сөрөг нэхэмжлэлийн хамт хэрэгсэхгүй болгохдоо “...машины үнэ 36 сая төгрөг, 4 дугуйны үнэ 2,440,000 төгрөг, тос шүүрний үнэ 134,000 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна...бусад шаардлага нь баримтаар тогтоогдоогүй...” гэжээ. 

        Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа “...“Хайрхан капитал ББСБ” ХХК нь автомашиныг худалдах зөвшөөрлийг Г.Лд олгоогүй байх тул худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг зөрчсөн...иймд Иргэний хуулийн 56.1.1-р гэрээ хүчин төгөлдөр бус байна... гэрээ хүчин төгөлдөр бус тул Д.Д 36,500,000 төгрөгийг шаардах эрхтэй ... ажлын хөлс нэхээгүй тул нэхэмжлэлээс 500,000 төгрөг хассан нь буруу...нэхэмжлэлийн бусад шаардлага болон сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй...” гэсэн дүгнэлт хийсэн байна. 

      Магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

      1. Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна Иргэний хуулийн хэрэглэвэл зохих зүйлийг хэрэглээгүй байх тул магадлалыг хүчингүй болгоно.

       а/. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн “... автомашин фидуцийн гэрээний үндсэн дээр “Хайрхан капитал ББСБ” ХХК-ийн  өмчлөлд байх ба фидуцийн гэрээний 3.2.7-д “Барааг зөвхөн ББСБ-ын бичгээр өгсөн зөвшөөрөл, түүний оролцоотойгоор бусдад... аливаа хэлбэрээр шилжүүлэх”-ээр заасан байна...Г.Л автомашиныг Д.Дид худалдахаар “Хайрхан капитал ББСБ” ХХК-с зөвшөөрөл аваагүй байх тул худалдах-худалдан авах гэрээ Иргэний хуулийн 235 дугаар зүйлийг зөрчсөн... мөн хуулийн 56.1.1-р хүчин төгөлдөр бус байна...” гэсэн дүгнэлт  үндэслэлгүй байна.

         Хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл  хүчин төгөлдөр бус байхаар Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт заасан бөгөөд “...хууль зөрчсөн...” гэдэгт хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй.

        “Хайрхан капитал ББСБ” ХХК буюу фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл аваагүй нөхцөл байдлыг шүүх худалдах-худалдан авах гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь буруу юм.

       б/. Шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо Иргэний хуулийн 243, 252-254 дүгээр зүйлийн зохицуулалтыг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ.  

       Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх үүрэг хүлээнэ.  Худалдсан эд хөрөнгийн хувьд гуравдагч этгээд өөрийн эдлэх эрхийн талаар худалдагчид гомдлын шаардлага гаргахааргүй бол эрхийн доголдолгүй эд хөрөнгө гэнэ. Худалдсан эд хөрөнгө нь доголдолтой бол худалдагч уг доголдлыг арилгах, өөр эд хөрөнгөөр сольж өгөх үүрэгтэй. Худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй эд хөрөнгөөр солиулах эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй юм.

        Иймд FAW маркийн УБВ 25-04 улсын дугаар бүхий автомашиныг худалдахдаа фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл аваагүй нь худалдагч “...эрхийн доголдолтой эд хөрөнгө худалдсан...” гэж үзэх үндэслэл болно.

        Түүнчлэн, шүүх гэрээг хүчин төгөлдөр бус гэж дүгнэхдээ фидуцийн гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч худалдах-худалдан авах гэрээний талаар маргаагүйг анхаарч үзээгүй байна.

        2. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

        Шүүх хариуцагчаас машины үнэ 36 сая төгрөг, 4 дугуйны үнэ 2,440,000 төгрөг, тос маслын шүүрний үнэ нийт 134,000 төгрөгийг гаргуулахдаа баримтад үндэслээгүй  байна.

        Нэхэмжлэгч анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргаагүй байхад давж заалдах шатны шүүх “... хариуцагч ажлын хөлс гэх 500,000 төгрөг шаардаагүй...” буюу 36,500,000 төгрөгөөс 500,000 төгрөг хассаныг буруутгасан нь дутагдалтай болжээ. Иймд анхан шатны шүүх 36,500,000 төгрөгөөс 36,000,000 төгрөгийн шаардлагыг хангасан хэсгийг хэвээр үлдээнэ.

         Д.Д нь 4 дугуйны үнэ 2,440,000 төгрөг, тос  маслын шүүрний үнэ 134,000 төгрөг зарцуулсан гэх боловч эдгээрийг элэгдэл хорогдолгүйгээр бүхэлд нь шаардаж буй нь үндэслэлгүйгээс гадна нэхэмжлэлийн энэ шаардлага баримтаар нотлогдоогүй байна. 

        Түүнчлэн, шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэх үндэслэл тогтоогдоогүй болно.  

         Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчаас 36,000,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийг зохих журмын дагуу хуваарилан, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээнэ. 

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

         1. Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 17 дугаар магадлалыг хүчингүй болгож, Архангай аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 129/ШШ2018/00123 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн нэг дэх заалтын  “...38 574 000 төгрөг...” гэснийг “...36 000 000 төгрөг...” гэж, “...1 480 000 төгрөгийг...” гэснийг “...4 054 000 төгрөгийг...” гэж., 2 дахь заалтын “...350 820 төгрөг...” гэснийг “...337 410 төгрөг..” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төлсөн 387.000 төгрөгийг захирамжаар буцаан олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ