| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 180/2020/0098/Э |
| Дугаар | 67 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 67
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0098/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа
Улсын яллагч Г.Мөнхболд
Шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Д.Б холбогдох 2039001............. дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Дулааны Айргийн задгай гэх газарт иргэн Д.Г хувийн таарамжгүй харьцааны улмаас марган улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж иргэн Д.Г биед үүдэн баруун дээд 2, үүдэн зүүн дээд 1 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Д.Г өгсөн:...Би 2020 оны 2 дугаар сарын 09-10-нд шилжих шөнө 01 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын төвд хамаатан Б гэрт очсон. Тухайн үед манай эгчийн 12 настай Алтанчулууныг авахаар тэдний гэрт очсон. Ингээд би Алтанчулууныг гэртээ унтахгүй яасан юм бэ гээд хувцасаа өмс гэж загнасан. Тэгсэн чинь Б чи согтуу орж ирээд агсам тавилаа гэж уурласан. Ингээд бид хоёр хоорондоо маргалдаж байгаад гэрийн гадаа гарсан юм. Гэтэл Б гэрийн гадаа гараад миний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөсөн чинь үүдэн 2 шүдийг хугалсан. Дээд талын баруун дээд 2 дугаар шүд бол шүдний ёзоор дээр залгаж хийсэн хиймэл шүд байсан. Харин дээд талын 1 дүгээр шүд хугарсан. Ингээд дүүгээ дагуулаад гэртээ харьсан. Би Б зодож цохисон асуудал байхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...Б бид хоёр төрсөн эгч дүүгийн хүүхдүүд байгаа юм...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06 хуу/
Гэрч Ч.Ганзоригийн өгсөн:...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн өөрийн хүүхэд Болд-Эрдэнэ 4-8 насны гурван ач нарын хамт гэртээ байж байтал Д.Г төрсөн дүү Алтанчулуун манай гэрт ирсэн. Ингээд гэрт нь хүн байхгүй гээд манайд унтсан. Тэгээд бид нарыг унтаж байхад шөнө дунд 01 цаг өнгөрч байхад Д.Г архи уучихсан согтуу орж ирээд дүү Алтанчулууныг гэртээ унтахгүй яасан юм харь гээд хөөсөн. Тэгээд Алтанчулуун хувцасаа өмсөж байхад манай хүү Б Алтанчулууныг өмөөрөөд Г чи одоо согтуу ирчихээд хүүхэд загнаад байх юм гэж хэлсэн чинь чамд хамаагүй гээд маргасан. Тэгээд Г.Б хоёр хоорондоо маргаад гэрээс гараад гэрийн гадаа маргалдаад байх шиг байсан. Ингээд удалгүй Б гэртээ орж ирээд унтсан. Тэгээд маргааш Г ээж нь болох манай нөхрийн эгч Дарьсүрэн ирээд Б чи манай хүүхдийг зодсон байна, шүдийг нь унагаасан байна гэж загнахад нь би Б Г зодсон байна гэж мэдсэн. Тэр шөнө Г манай гэрт эргэж орж ирээгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 07 хуу/
Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 99 дугаартай дүгнэлт
Д.Б яллагдагчаар өгсөн:... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний орой 19 цагийн гэртээ ээж Ганзориг 4-8 насны гурван дүүгийн хамт байж байтал манай хамаатан болох Алтанчулуун манайд ирсэн. Ингээд Алтанчулуун манайд хонохоор болсон. Алтанчулуун 6 дугаар ангийн хүүхэд байгаа юм. Ингээд бид нар орой болоод унтацгаасан. Тэгтэл шөнө дунд 01 цагийн үед Алтанчулууны ах Г манай гэрт архи үнэртүүлсэн, нилээн халамцуу орж ирсэн. Тэгээд Алтанчулууныг чи гэртээ харьж унтахгүй, яагаад айлд унтаад байгаа юм босоод гэртээ харь гэж хэлсэн. Тэгтэл Алтанчулуун хувцасаа өмсөж байсан. Тэгэхээр би чи шөнө орой гэрт согтуу ирчихээд наад хүүхдээ унтуулаад явахад яадаг юм бэ гэсэн чинь Г надад уурласан. Тэгээд бид хоёр маргалдаад би гэрээс гарья гэрт маргаад яах вэ гэж хэлээд хувцасаа өмсөөд гэрийн гадаа гарсан. Тэр хооронд Алтанчулуун хувцасаа өмсөөд гэр рүүгээ яваад өгсөн. Ингээд би Г гэрийн гадаа маргалдаж байгаад бид хоёр зууралдсан. Ингээд би шууд нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод авсан. Тэгтэл Г нүүрээ гараараа дараад шүд хугарчихлаа гэсэн. Ингээд би Ганчулуунаас уучлал гуйсан. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн. Би үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж байна. Г намайг зодсон цохисон асуудал байхгүй...Би Г сайн дураараа эвлэрсэн. Би Г эмчилгээний зардалд 250.000 төгрөг өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 20 хуу/
Д.Б эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 24 хуу/
Д.Б иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 23 хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 45-46 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Д.Б холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 10-ны шөнийн 01 цагийн үед Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 6 дугаар баг Айргийн задгай гэх газарт байх гэртээ хохирогч Д.Г гэрт согтуу орж ирж, дүүгээ загналаа гэх шалтгаанаар маргалдан нүүрэнд нь гараараа цохиж үүдэн баруун дээд 2, үүдэн зүүн дээд 1-р шүдний хугарал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Д.Г гэрч Ц.Ганзориг нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Д.Г цохисоны улмаас учирсан гэмтэл нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд шүүгдэгчийн үйлдэл нь хүний эрүүл мэндэд хөнгөн санаатай хохирол учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Д.Б үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн нь үндэслэлтэй байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Яллагдагчаас хялбаршуулсан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасны дагуу /хх-ийн 48 хуу/ прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 50 хуу/ гарган яллагдагчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч Д.Б хүлээн зөвшөөрч /хх-ийн 51 хуу/ гарын үсэг зуржээ.
Хохирогч нь шөнийн цагаар шүүгдэгчийн гэрт согтуугаар орж, хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд шүүгдэгч нь хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлуудыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Д.Г нь эмчилгээний зардалтай холбоотой нэхэмжлэл гаргаагүй, нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд Д.Б сайн дураар эвлэрсэн, ямар нэгэн гомдол байхгүй, 250.000 төгрөг авсан нь үнэн тухай тодорхойлолт /хх-ийн 44, 47 хуу/ гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Д.Б нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ