| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдэлэгийн Ганзориг |
| Хэргийн индекс | 180/2020/0088/Э |
| Дугаар | 64 |
| Огноо | 2020-03-30 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0088/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г.Отгонзаяа,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-д холбогдох 2039..........дугаартай эрүүгийн хэрийг 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.У нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Эрдэнэс” гэх гар утасны засварын газраар үйлчлүүлж байхдаа иргэн Ж.Ж-н самсунг эс 8 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.У нь 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Баян-Эрдэнэс” гэх гар утасны засварын газраар үйлчлүүлж байхдаа иргэн Ж.Ж-ын самсунг эс 8 маркийн гар утсыг хулгайлж 380.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
1. Хохирогч Ж.Ж-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд манай дүү Лхагвадаш намайг гар утсаа өгч байгаач гэхээр нь би өөрийн самсунг галакси-8 эс маркийн гар утсаа өгсөн чинь утсаар яриад засварын газрынхаа ширээн дээр тавиад гарч явсан. Тэгэхэд гар утсаа засуулж байсан 40 гаран насны нэг эгч бид хоёр үлдсэн юм. Тэгээд манай дүү буцаж орж ирэхээр нь би гар утсаа асуусан чинь энд тавиад гарсан гэсэн. Тэгээд тэр хавиар нь гар утсаа хайсан боловч олдоогүй тул манай дүү гар утас алдсан талаараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. ... Цагдаагийн байгууллага надад гар утсыг маань буцааж олж өгсөн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 7-8 тал/
2. Шүүгдэгч Г.Уын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Хэнтий аймгийн Хэрлэн суманд Өмнөдэлгэр сумаас ирсэн. Тэгээд охин Цэрэнхандын утсыг засуулахаар Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт байрлах нэрийг нь мэдэхгүй гар утасны засварт засуулахаар өгсөн чинь программ нь болохгүй бага зэрэг хүлээнэ гэхээр нь би гадуур явж байгаад 16 цаг өнгөрөөгөөд засвар дээрээ ирсэн чинь засварчин залуу нь болоогүй байна гээд засварчин залуу гараад явсан. Би болон хажуу талд гар утас зардаг охин бид хоёр үлдээд тэр охиныг хараагүй байхад нь засварчингийн лангуун дээр тавьсан байсан гар утсыг нь аваад шууд гарч явсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр гар утас засвар дээр байж байсан чинь цагдаа ирээд намайг дагуулж яваад гар утсыг нь асуухаар нь би машиндаа хийсэн байсан гар утсыг нь гаргаж өгсөн. Би 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр авсан гар утсаа буцааж өгөхөөр 20 цагийн орчимд тухайн засварын газраа очиход хаалттай байсан. Тэгээд би аваад явсан. Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/
3. Насанд хүрээгүй гэрч Ж.Лхагвадашийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 17 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байх Баян-Эрдэс гар утас засварын газарт эгч Ж.Ж-н хамт сууж байсан чинь 40 гаран насны эгч орж ирээд надад самсунг галакси эс-6 маркийн гар утсаа засуулахаар өгөхөөр нь программ уншуулах юм байна болоогүй гэж хэлсэн. Тэгээд эгч Ж.Ж-ын гар утсыг гуйж аваад захиалсан байсан бялуугаа авахаар утсаар ярьчихаад засварын газрынхаа текен дээр тавьж орхиод гарч явсан. Манай эгч Ж.Ж, гар утас засуулахаар утас өгсөн байсан эгч хоёр үлдсэн. Би тэгээд бялуугаа авчаад буцаад ирсэн чинь манай эгч гар утсаа хайгаад байсан. Тэгээд гар утас маань олдохгүй байсан болохоор Цагдаагийн байгууллагад хандаж байна. ... Самсунг галакси эс-8 маркийн гар утас байсан. Манай ах надад өгсөн би үнэ ханшийг нь мэдэхгүй байна. ... Зах зээлийн ханшаар үнэлнэ. ... Надад ямар нэгэн санал, хүсэлт, гомдол байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/
4. Гэрч Н.Энхбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би эхнэртэйгээ 1990 оноос эхэлэж үерхэж байгаад 1995 онд албан ёсоор гэр бүл болж нэг гэрт орсон. Бид хоёр охин нэг хүүтэй одоо бага охин Э.Намуундарын хамт Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын 4 дүгээр баг Талын булаг гэх газар мал маллан амьдардаг. Манай эхнэр 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр аймгийн төв орж цагаан сарын юм бэлдэнэ гээд ганцаараа явсан. Би гэртээ бага охин Э.Намуундарын хамт үлдсэн. Миний том охин Э.Цэрэнханд ээжийгээ аймаг явах үед нь засуулаад ирээрэй гээд гар утас өгч байсан. Манай эхнэр аймаг ороод утас засвар орж тэр өгч явуулсан гар утсыг нь засуулах гэж байгаад утсаа хаячихаад гарахаар нь аваад хүлээгээд байсан. Ирэхгүй болохоор нь маргааш засуулж байгаа утсаа авах гээд ирэхдээ өгье гэж бодоод аваад эгчийнхээ гэр лүү явсан гэсэн. Тэгээд өглөө нь нөгөө утас засвар дээрээ очиод хэнд нь өгөхөө мэдэхгүй хүн асуувал өгье гэж бодоод байж байхад нь цагдаа нар орж ирсэн гэсэн. Манай эхнэр хэн хаясан утас гэдгийг нь мэдэхгүй болохоор өгөхгүй байсан гэсэн. Тэр утас засч байсан хүүгийн утас байсан юм байна лээ. Тэр хүү орой нь цагдаад мэдэгдсэн байсан гэсэн. Манай эхнэр цагдаа нар орж ирэхээр нь гаргаад өгсөн гэж надад хэлсэн. Би эхнэртэйгээ 25 жил хамт амьдарч байна. Энэ хугацаанд хүний хулгайлж байсан тохиолдол байхгүй. Би өөрөө бас хулгай хийдэг хүнд дургүй. Би эхнэртэйгээ тэр утсыг хулгайлах гээд авсан гэдэгт итгэхгүй байгаа. Асуухаар нь өгөх гээд л байж байсан гэж бодож байна. Эхнэр маань ямар нэгэн муу зуршил байхгүй, даруухан уурлаж уцаарлаад байдаггүй их ажилсаг хүн байгаа юм. Амьдралд идэвхтэй үнэнч тийм л хүн... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/
5. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №86 дугаартай: “... хулгайд алдсан самсунг s8 маркийн гар утасны зах зээлийн үнэлгээг 380.000 төгрөг байх боломжтой гэж тодорхойлж байна ... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 18 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.Уын бусдын эд хөрөнгийг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.
Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж-д 380.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч Ж.Ж-д гар утсыг нь хүлээлгэн өгсөн болох нь эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 4 тал/-ээр тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Ж.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны явцад: “... цагдаагийн байгууллага надад гар утсыг маань буцааж олж өгсөн... ” /хх-ийн 8 тал/ гэсэн мэдүүлэг өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад: “... Нэхэмжлэх зүйлгүй... ” гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.У-г бусдын эд хөрөнгийг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Уад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уад тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч Г.Уад анхааруулсугай.
5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Г.Уын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Уад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Д.ГАНЗОРИГ