Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0092/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Л.Наранчимэг,

Шүүгдэгч                                                          Г.Д  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Д-д холбогдох 2039000.......дугаартай эрүүгийн хэргийг  2020 оны 03 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Г.Д  

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Г.Д нь Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 06 дугаар сарын сүүлээр иргэн Ц.Б-ын мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу зэрэг нийт 2 тооны бусдын малыг хулгайлж 900.000 төгрөгийн  хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Г.Д  нь Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутгаас 2019 оны 06 дугаар сарын сүүлээр иргэн Ц.Б-ын мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бярууг хулгайлж 900.000 төгрөгийн  хохирол учруулсан учруулсан болох нь:

1. Хохирогч Ц.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр өвөлжиж байсан газраасаа зусландаа буусан. Тэр үед малаа тоолж үзэхэд манай мал бүрэн. Тэгээд бүх малдаа им, тамгийг нь хийсэн. Тэгсний дараа буюу 2019 оны 07 дугаар сарын 10-ны орчим үхрээ бүрсгэж үзэхэд манай үхэрнээс 2 тооны бяруу дутуу байсан. Тэр хоёр бярууны зүс нь мухар улаан зүсмийн эр бяруу, имт зүүн чих нь урд хойд талаасаа ганзага имтэй, хальт харсан хүнд сам имтэй харагдахаар баруун чих нь бүтэн мөн манай зарим үхрийн баруун чих нь цуулбар, тайрмал байдаг. Нөгөө нэг бяруу буюу ухаа зүсмийн охин бяруу түүний им нь зүүн чих нь ганзага имтэй баруун чих нь мөн дээрх бярууны имтэй адил имтэй байх ётой. Тэгээд би хоёр бяруугаа ойр орчмын айлууд буюу Баян-Уулын наагуур байдаг айлууд гээд нилээн хэдэн хоног хайгаад сураг нь гараагүй. ... Би Д гэх хүнийг танина. Бид хоёр нэг нутагт малаа маллаж нэг голоос малаа усалдаг. ... Манай үхэр Дын үхэртэй хэд хэдэн удаа нийлж байсан. Тэр болгонд нь би үхрээ ялгаж авсаны дараа Дын үхэр гэр лүүгээ бэлчээд явдаг. Дын үхэр манай үхэртэй Далтын нууран дээр ус уух гэж очоод нийлчээд байдаг. ... Би алдсан 2 тооны бяруугаа одоогийн зах зээлийн ханш болон сум орон нутгийн үнэлгээгээр үнэлнээ. Ер нь бол би нэг бяруугаа 700.000 төгрөгөөр үнэлнээ. Тэгэхлээр 2 бяруу нийлээд 1.400.000 төгрөгөөр үнэлнээ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 10-12 тал/

2. Гэрч Б.Хишигсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2019 оны 06 дугаар сарын 10-ны орчим манайх үхрээ тоолж бүрсгэж үзэхэд манай үхэр бүрэн харин дараа нь буюу 2019 оны 07 дугаар сард үхрээ тоолж үзэхэд манай үхэрнээс 2 тооны бяруу дутуу байсан. Тэр хоёр бярууны зүс нь мухар улаан зүсмийн эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу байхгүй байсан.  Тэгээд манай нөхөр бид хоёр хамт ойр орчмын айлууд болон Дорнод аймгийн Баян-Уул сумын баруун талын айлуудаар явж сурагласан боловч сураг чимээ гараагүй мөн таньж мэдэх хүмүүс рүү утсаар захиж хэлсэн боловч сураг ердөө гараагүй. Манай алдсан хоёр бярууны им нь зүүн талын чих нь ганзага имтэй баруун талын чих нь цуулбар, тайрмал имтэй байдаг. Мөн эр бярууны чих нь хөлдөөд унацан байдаг. ... Мухар улаан зүстэй эр бяруу, ухаа зүсмийн охин бяруу өөр содон шинж тэмдэг гэж байхгүй. Би бас яг сайн ялгаж хэлж мэдэхгүй байна...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

3. Гэрч Б.Баянзулын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сард 10 тооны бяруу худалдан авсан. 8 тооны бярууг нь нутгийн иргэдээс худалдан авсан. Харин 2019 оны 06 дугаар сарын сүүлээр манай сумын эрээн гэх газраас танихгүй 30 орчим насны эрэгтэй эмэгтэй хоёр хүн цэнхэр портер маркийн машинаар амьдаар нь 2 тооны бяруу авчирч өгсөн. Тэр хоёр бярууны зүс нь бол мухар улаан зүсмийн эр бяруу сээрэн дээрээ жижиг цагаантай зүүн талын чих нь урд хойд талаасаа ганзага имтэй нөгөө бяруу нь мөн адил мухар ухаа шаргал зүсмийн охин бяруу им нь адил байсан. Мөн сүүлний үзүүр нь тайранхай байсан. Би энэ хоёр бярууг нийлээд 650.000 төгрөгөөр бодож худалдан авсан. Харин би мөнгийг нь бэлнээр юм уу дансаар өгсөнөө би сайн санахгүй байна. ... Би дээрх хоёр бярууг худалдсан хүнийг танихгүй. Харин сая надад харуулсан зурган дээрх хүн мөн байна. ... Өмнө тэр хүн надад ямар нэгэн мал авчирч өгөөгүй. Нэг удаа авчирч өгөхдөө 2 тооны бяруу авчирч өгсөн. Дээрх хоёр тооны бяруу одоо байхгүй. Манай сумын Дашчирэв гэх хүнээр харуулж байгаад гүйлгээд алдсан гэж байсан. Тэр хоёр бяруу нэг удаа гүйхдээ манай сумаас баруун тийш 25-30 км зайд Норовлин сумын нутаг руу явж байхад нь нэг очиж авчирсан гэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

4. Гэрч Ц.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сард би нутгийн Алтангэрэл гэх хүнд 10 тооны бяруу амьдаар нь авч өгөх гээд мөнгийг нь авсан. Тэгээд би мөнгийг нь сумын иргэдэд тараагаад буцаагаад малыг нь цуглуулж авсан. Харин тэгж авч байхад 2019 оны 06 дугаар сарын 10-наас хойш манай сумын 6 дугаар баг болох Эрээн гэх газраас ирлээ гээд огт харж байгаагүй эрэгтэй эмэгтэй хоёр хүн 2 тооны бярууг цэнхэр өнгийн портер маркийн машинаар ачиж авчираад өгсөн. Тэр хоёр бярууны зүс нь бол мухар улаан зүсмийн эр бяруу сэрвээн дээрээ жижиг цагаантай зүүн талын чих нь урд хойд талаасаа ганзага имтэй нөгөө бяруу нь мөн адил мухар ухаа шаргал зүсмийн охин бяруу им нь адил байсан. Сүүлний үзүүр нь тайранхай байсан. Харин худалдан авсан бярууны мөнгийг нь би өгөөгүй манай эхнэр Баянзул нь өгсөн. Дээрх хоёр бярууг авчирч өгсөн хоёр хүнийг өмнө нь бол харж байгаагүй. Харин таны харуулсан зурган дээрх хоёр хүн бол мөн байна. ... Би дээрх хоёр бярууг худалдсан хүнийг танихгүй. Харин сая надад харуулсан зурган дээрх хүн мөн байна. ... Өмнө нь тэр хүн надад ямар нэгэн мал авчирч өгөөгүй. Нэг удаа авчирч өгөхдөө 2 тооны бяруу авчирч өгсөн. ... Дээрх 2 тооны бяруу одоо байхгүй. Манай сумын иргэн Дашчирэв гэх хүнээр харуулж байгаад гүйлгээд алдсан гэж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

5. Гэрч Б.Дашчирэвийн мөрдөн шалгах  ажиллагааны явцад өгсөн: “ ... Би 2019 оны 06 дугаар сард манай таньдаг ах Алтангэрэл гэх хүн надад 2 бяруу хэдэн өдөр хараад өгөөч гэж хэлсэн. Тэгэхлээр нь би за тэгье гэж хэлээд манай нутгийн мал мах худалдан авдаг ченж болох Баянзул, Ганзориг гэх айлын баруун талын залгаа хашаанаас Алтангэрэл ахын хэлсэн 2 тооны бярууг нь аваад хашаанаас гаргаад хооронд нь холбоод сумын баруун хойно байх өөрийн мал дээрээ аваачиж нийлүүлсэн. Энэ хоёр тооны бярууг Алтангэрэл ах Баянзул, Ганзориг нарт мөнгө өгч худалдаж авахуулсан бяруу байсан. Тэгээд тэр хоёр бяруу манай үхэрт нийлүүлсэний ар дээр 2-3 хоногийн дараа манай үхэрээс салаад Хэнтий аймгийн Норовлин сумын чигтэй айлын үхэрт очоод нийлсэн байсан. Мөн тэр айлаасаа салаад бас ойролцоох айл руу яваад үхэрт нь нийлээд байсан. Тэгээд тэр 2 бяруу айл айлын үхрээр дамжаад явсаар байгаад сүүлдээ 2019 оны 10 дугаар сарын 01-ний үеэр нөгөө хоёр бяруугаа хайж очиход байхгүй болцон байсан. Тэгээд тэр хоёр бярууг ойр хавын айлуудаар зөндөө хайж явсан ч тэр хоёр бярууны сураг нь ердөө гараагүй. Тэр хоёр бярууны им тамга зүс нь бол нэг эм бяруу нь цагаан ухаа шаргал зүстэй охин бяруу байсан. Нөгөө нь мухар улаан зүсмийн эр бяруу байсан. Энэ хоёр бярууны им нь бол ганзага мөн нэг талын чих нь тайрмал имтэй байсан. Хальт харсан хүнд бол нэг талын чихийг нь хоёр талаас нь хайчилсан гэхээр харагдаж байсан. ... Би яг өдрийг нь бол санахгүй. Ямар ч байсан 2019 оны 06 дугаар сарын сүүлээр байсан. Тэр үеэр би Баянзул, Ганзориг нарын авсан бярууг тэр хоёрын баруун талын айлын хашаанд уяатай байхад нь авсан. ... Би дээрх хоёр бярууг хэн гэдэг хүнээс худалдаж авсан талаар нь мэдэхгүй. Харин надад Баянзул, Ганзориг нар нь хүнээс худалдаж авсан гэж Алтангэрэл ах тэндээс очоод ав л гэж хэлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 тал/

6. Шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутаг “Далт” гэх газарт нутаглаж байгаад манай үхэр гэрээс хойш байх Далтын нуур орсон. Тэгээд би үхрийнхээ араас морьтой очиж үхрээ авахдаа өөрийнхөө үхэртэй өөр айлын 2 тооны бярууг тууж нийлүүлэн гэрийнхээ гадаа авчирсан. Тэгээд гэртээ авчирсан өөр айлын 2 тооны бяруугаа хоёр хонуулаад өөрийн эзэмшлийн цэнхэр өнгийн 44-49 ХЭА улсын дугаартай портер маркийн машинаар ачин Дорнод аймгийн Баян-Уул суманд мал мах худалдан авдаг ченж болох авгай нөхөр хоёрт аваачиж өгсөн. Тэр хоёр ченжийн нэрийг нь би мэдэхгүй харвал танина. Би хулгай хийж аваачсан 2 тооны бяруугаа 1 бярууг нь 300.000 төгрөгөөр бодож 2 тооны бяруугаа нийт 600.000 төгрөгөөр өгсөн. Миний аваачиж өгсөн хоёр бярууны зүс нь нэг нь мухар улаан зүсмийн эр бяруу, нөгөө нэг бяруу нь ухаа цагаан зүсмийн охин бяруу байсан. Им нь 2 чих нь мухар имтэй байсан байхаа. ... Би хэний бяруу гэдгийг нь мэдээгүй нууран дээр ирэхээр нь л өөрийн үхэртэйгээ нийлүүлээд авсан. ... Би ганцаараа морьтой явж хулгай хийсэн. Надаас өөр хүн хамт байгаагүй. ... Тийм ээ би өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Дахин ямар нэгэн хулгайн асуудалд оролцохгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

Шүүгдэгч Г.Дын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 06 дугаар сарын сүүлээр Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багийн нутаг “Далт” гэх газарт нутаглаж байсан. Би яг өдрийг нь санахгүй байна. 2019 оны 06 дугаар сарын сүүлээр би үхрээ татахаар өөрийн саарал алаг зүсмийн хязаалан насны морийг унаад явсан. Тухайн үед манай үхэр гэрээсээ хойшоо Далтын нуур гэх газар бэлчсэн байсан. Манай үхэрт 2 тооны өөр айлын бяруу байсан. Тэр хоёр бярууг үхэртэйгээ хамт гэрийнхээ гадаа тууж ирсэн. Тэр хоёр тооны бяруу манай үхэрт 2 хоносон юм. Хүн 2 үхрийг сураглаж ирэхгүй болохоор нь хоёр бярууг өөрийн эзэмшлийн 44-49 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслээр ачиж Дорнод аймгийн Баян-Уул сумын мал мах авдаг ченжид нэг бярууг нь 325000 төгрөгөөр бодож 650.000 төгрөгөөр өгсөн. ... Нэг нь мухар улаан халзан зүсмийн эр бяруу, нөгөө бяруу нь ухаа цагаан зүсмийн охин бяруу байсан. ... Дорнод аймгийн Баян-Уул сумын мал мах авдаг ченжид 2 тооны бяруу зарсан мөнгө миний дансанд орсон. ... Батболдынх манай гэрээс хойд зүгт 7 километр орчим зайтай “Бухтын хонхор” гэх газар нутаглаж байсан. ... Тухайн үед хэнийх гэдгийг нь мэдээгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 42-45 тал/

7. Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн №ХЦ20-05 дугаартай: “... 2 тооны бярууны зах зээлийн үнэлгээг 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр үнэлсэн дүгнэлт ” /хх-ийн 26-27 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Г.Дын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Б-д 900.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тодорхойлолтыг шүүх хуралдаанд гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор шүүх хурлын тов мэдэгдэж, дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ”  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно ” гэж, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй... ” гэж заасан байх тул гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн  гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь зүйтэй гэж үзлээ. Харин Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан... шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно.” гэж заасан бөгөөд шүүгдэгчийн хувьд Хэнтий аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/ШЦТ/262 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэгдсэн байдал нь түүнийг өмнө нь ял шийтгэгдсэн гэж дүгнэх боломжгүй, тэнссэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байгаа ба энэ талаар Эрүүгийн хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарч байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж, өмнөх шийтгэх тогтоолыг хөндөхгүйгээр 2039000210077 дугаартай эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэрэгт нь энэ тогтоолоор ял шийтгэл оногдуулж, өмнөх тогтоолоос тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дыг  бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Г.Дыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан 700 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Норовлин сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Дт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт битүүмжлэгдсэн цэнхэр өнгийн 49-34 ХЭА улсын дугаартай “Киа  Бонго” маркийн автомашины үнэ болох 4.000.000, саарал алаг зүсмийн хязаалан насны морины үнэ болох 800.000 төгрөгийг  шүүгдэгч Г.Даас гаргуулж улын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 03 дугаар сарын 13-ны өдрийн №13 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Дт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ