Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 57

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Хэргийн индекс: 180/2020/0094/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Ц.Баасанжаргал

Шүүгдэгч                                                          А.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн А.М-д  холбогдох 2039000........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, А.М

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд 93-44 УБЦ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар жолоодон замын хөдөлгөөнд оролцож явах үедээ явган зорчигч иргэн Д.Т-гмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч А.М нь 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг Бэрх тосгоны төвд тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар 93-44 УБЦ улсын дугаартай приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон иргэн Д.Т-гмөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч  Д.Т-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 11 цаг 14 минутын үед өөрийн нөхөр Ганболдын хамт Бэрх хотын төвд байдаг цэвэр усны худагны баруун хойно хойд зүгт барилгын шавар зөөдөг тэргэн дээр гагнуурын аппарат аваад Сүхээндээ гэх айлынхруу явж байсан. Шороон замаас дөнгөж гараад очих гэж байгаа Сүхээндээ гэх айлынхруугаа чиглээд явж байсан нэг мэдсэн би газар уначихсан хэвтэж байсан. Тэр үед бид хойноосоо салхитай байсан болохоор урдаас ирж яваа машины дуу сонсогдоогүй. Тэр үед би миний нөхөр Ганболд Сүхээндээгийнд очиж эмнэлэг болон цагдаагийн байгууллага дуудсан. Тухайн үед намайг мөргөсөн жолоочийг хэргийн газраас зугтаах гэж байхад нь манай нөхөр Ганболд барьж авсан гэж байсан. Нөхөр бид хоёр Бэрх хотынх биш болохоор эмнэлэг  цагдаагийн утсыг мэдэхгүй байсан болохоор манай нөхөр Сүхээндээгийнд очиж дуудлага өгсөн. Манай нөхөр Сүхээндээгийнх рүү явахдаа ойрхон явж байсан хүнийг дуудсан надтай цуг үлдээсэн тэр хүн нь Сүхээндээгийн аав байсан. Тэр хүн миний мөргүүлсэнг харсан гэж манай нөхөр хэлж байсан. ... Миний зүүн талын эгэм хоёр хэсэг газар хугарсан. Толгойн дагзны зүүн хэсэгт цүлхэнг үүссэн. Толгойны зүүн талын цүлхэнг үүссэн судас нь хагарах юм бол цус харвалт өгнө гэж эмч хэлсэн. Хүзүү бага зэрэг гулгалттай байна гэж эмч хэлсэн. Дээрх гэмтлийн улмаас миний бие хэвтэж босоход хүндрэлтэй байгаа. Миний нөхөр Ганболд хэвтүүлж босгож байгаа. Цаашид хэвтэж эмчлүүлэх эмчилгээний зардлаа нэхэмжилнэ. ... Би 2020 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Улаанбаатар хот явж толгой тархины зураг авахуулахдаа Муратаас 690.000 төгрөг авсан. Эрүүл мэндээрээ хохирсондоо их гомдолтой байна. Мөрдөн шалгах ажиллагаанд өмгөөлөгч авч байгаа зардлыг нэхэмжилнэ... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-32 тал/

2. Шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Бэрх хотод үйл ажиллагаа явуулдаг Булганы уурхайд ажилладаг. Манай уурхай сумын төвөөс баруун зүгт 23 км зайд байдаг. Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр оройны 17 цаг 30 минутын орчим буусан. Ээлжээ хүргэж өгөх гээд өөрийн эзэмшлийн 93-44 УБЦ улсын дугаартай Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймгийн төв Чингис хотод 19 цагийн орчим ирээд авчирсан хүмүүсээ буулгачихаад цуг ажилладаг Жавхланбаярынд ирээд ажлынхаа Нямзориг, Ганзориг нарын хамт 2 шил архи уусан. Тэгээд тэндээ хоноод өглөөний 06 цагийн орчим босоод өөрийнхөө машинтай гарах ээлжийн 3 хүн аваад Жавхланбаяр, Нямзориг нарын хамт Булганы уурхай дээр очиж 3 ажилтнаа буулгаад би ажлаасаа 2 хоногийн чөлөө авчихаад Жавхланбаяр, Нямзориг нарын хамт Бэрх хотод 09 цагийн орчим ирсэн. Тэгээд Жар гэх нэртэй гудамжны нүүрний эгнээнд 7.5 граммын ерөөл,  2 литрийн нэг боргио нэртэй пиво уусан. Тэгээд байж байтал Батбаяр, Энхтүвшин гэх хоёр найз Биндэр сум гарлаа гэхээр нь би наанаа байж бай одоо очлоо гээд машинтайгаа хөдөлсөн. Би дунд Жар, баруун Жар гэх гудамжны дундуур хойд зүгт шороон замаар явж байхад машины зам дээр 2 хүн явган тэрэгтэй юм түрээд явж байхаар нь би тормос гишгээд машин шарваад тулж очоод эмэгтэйг нь мөргөсөн. ... Би Жавхланбаяр, Нямзориг, хоёртой юм яриад явж байсан. Нэг харсан чинь урд талд явган хүн байсан. Тэгээд хараад тормос гишгэсэн. ... Би тэрийг сайн мэдэхгүй. Ойролцоогоор 30-аас 40 километр цагийн хурдтай явж байсан байх. ... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрх байхгүй. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2019 оны 08 дугаар сард хасуулсан. ... Хэрэглэсэн байсан. Тухайн үед драгер багаж үлээж согтуурлын зэрэг шалгахад 1 бүхэл 30 гаран хувьтай гарч байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/

Шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 03-ны орой 17 цагийн орчим ажлынхаа буусан ээлжийн Бат-Очир, Ганзориг, Жавхланбаяр нарыг аваад өөрийн эзэмшлийн Приус-30 маркийн автомашинтай Хэнтий аймгийн Чингис хотод орой 19 цаг өнгөрч байхад ирээд Бат-Очирыг гэрт нь буулгасан. Тэгээд би Жавхланбаяр, Ганзориг нарын хамт Жавхланбаярын гэрт очиход Нямзориг байж байсан. Жавхланбаяр, Нямзориг нар гарч дэлгүүрээс 750 граммын алтан Чингис, Ерөөл гэсэн нэртэй 2 шил архи авчирч бид дөрөв хувааж уугаад Жавхланбаярынд унтсан. 2020 оны 02 дугаар сарын 04-ний өглөө 05 цагт босоод байж байхад манай ажлын Амарсанаа ирэхээр нь би Амарсанаагийн хамт машинаа унаад Мягмаржавынд очиход манай ажлын Нууц-Эрдэнэ гэх залуу ирсэн байсан. Тэгээд Мягмаржав, Нууц-Эрдэнэ, хоёрыг аваад эргээд Жавхланбаярынд очоод Нямзориг, Жавхланбаяр хоёрыг аваад Бэрх хотын Булганы уурхай руу явсан. Булганы уурхайд өглөөний 08 цагт очоод Мягмаржав, Нууц-Эрдэнэ, Амарсанаа нарын хамт би машинаас буугаад дарга Нямдаваагаас 2 хоногийн чөлөө авсан. Тэгээд Жавхланбаяр, Нямзориг нарын хамт Бэрх хотод ирэхэд манай ажлын найз Энхтүвшин, Батбаяр хоёр 750 граммын нэг ширхэг Ерөөл архи авч өгчихөөд явсан. Би Жавхланбаяр, Нямзориг нарын хамт Энхтүвшин, Батбаяр хоёрын авч өгсөн Ерөөл архийг баруун жар гэх гудамжны нүүрний эгнээнд машин дотроо уугаад байж байтал Энхтүвшин, Батбаяр хоёр утсаар яриад бид хоёр Биндэр гарах гэж байна, хойно хүрээд ир гэхээр нь би машинаа жолоодоод хөдөлсөн. Тэгээд баруун жар зүүн жар нэртэй гудамжны дундуур ертөнцийн зүгээр хойшоо явсан шороон замаар машинаа жолоодоод Жавхланбаяр, Нямзориг хоёртой юм яриад явж байсан чинь гэнэт урд талд 3 метр орчим зайтай зам дээр эрэгтэй, эмэгтэй хоёр хүн явж байхаар нь би тормос гишгээд гулгаж очоод эмэгтэйг нь мөргөхөд мөргүүлсэн эмэгтэй машины хамар дээр унаад зүүн тал руу газар унасан. ... Би тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй. 2019 оны 08 дугаар сард согтуу машин барьж яваад хасуулсан. ... Би архи уусан байсан. Бэрхийн цагдаагийн тасаг дээр ирээд драгер багаж үлээхэд 1 бүхэл гарантай гарч байсан. ... Би 30 гаран километр цагийн хурдтай явж байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-55 тал/

Шүүгдэгч А.Мын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар дахин өгсөн: “... Надад урьд өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйл байна. Би хохирогчид 11.000 төгрөгийн гар утасны нэгж авч өгсөн. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэхэд ор хоногийн мөнгө 45.000 төгрөг, 1750 төгрөгөөр тариа, 68.700 төгрөгөөр өвчин намдаах лаа, наалт, 15.000 төгрөгөөр өвчин намдаах эм, лаа авч өгсөн. Бэрхийн бариач Жавдорж гэх хүнд 20.000 төгрөг өгч бариулсан. Мөн хохирогчийн өөрийнх нь өгсөн дансанд бэлнээр 690.000 төгрөгийг 3 хувааж өгсөн. Нийт 851.450 төгрөгийн тусламж үзүүлсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-58 тал/

3. Гэрч Э.Баяржавхлангийн мөрдөн шалгах ажилллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 04-ний өдөр Хэнтий аймгийн төвөөс Батноров сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Булган-Уул ХХК дахь ажил руугаа Би, Мурат, Нямзориг, Нууц-Эрдэнэ, Амарсанаа, Мягмардорж нарын хамт Муратын машинд суугаад явсан. Мурат Приус-30 гэдэг машинтай явсан. Өглөө 7-н цаг орчимд очоод ажил дээрээ Амарсанаа, Нууц-Эрдэнэ, Мягмардорж нарыг буулгасан. Мурат Бэрх тосгон руу явна гэсэн. Нямзориг бид хоёр Муратыг дагаж явахаар болсон. Бид Бэрх тосгонд 09-н цагийн орчим очсон. Манай ажлын Батбаяр, Энхтүвшин нар нь тухайн өдөр гэртээ амраад гэртээ байсан. Бэрх тосгонд очоод Батбаяр, Энхтүвшин нартай уулзсан. Бэрхийн клонкоос бинзен авчихаад дэлгүүрийн гадна очиж зогссон. Дэлгүүр рүү Мурат, Нямзориг хоёр орсон. 1 ширхэг Нийслэл нэртэй том 2 литр 500 граммын пиво аваад гарч ирсэн. Тэгээд Энхтүвшин, Батбаяр хоёртой уулзсан. Тэр хоёр машинтай явж байсан. Энхтүвшин, Батбаяр хоёр дэлгүүр явсан.Буцаж ирэхдээ 750 граммын экс нэртэй архи авчирч бид нарт өгсөн. Энхтүвшин, Батбаяр хоёр Биндэр сум явах ажилтай гээд яваад өгсөн. Мурат, Нямзориг бид гурав Бэрх тосгоны төвд архи, пиво уусан. Бид 3 Бэрх сум руу буцаж очоод Энхтүвшин, Батбаяр нарыг хайсан чинь олдоогүй. Тэгээд баруун жар, зүүн жар гэдэг гудамжнуудын голын шороон замаар хойд зүгт явж байсан. Би хойд талынх нь суудал дээр хойшоо налаад сууж байсан. Тэгтэл гэнэт зам дээр хүн харагдах шиг болсон чинь осол болсон. Тэгээд Мурат зогсоод бид хэд машинаасаа буугаад харсан чинь хүн мөргүүлцэн хэвтэж байсан. Тэгээд төд удалгүй эмнэлгийн машин ирсэн. Эмнэлгийн машин ирээд мөргүүлсэн хүнийг аваад явсан. Мурат бас хамт суугаад явсан. Эмнэлгийн машин явсны дараа би Муратын машиныг бариад хойд зүгт явсан. Би Энхтүвшин, Батбаяр нарыг харахаар явсан. Муратын машиныг унаж явж байхдаа Бэрх тосгоны хойд талын цасанд суулгаад хөдлөхгүй болохоор нь явган явж очоод Ононгоо эгчийнд очоод Мураттай утсаар ярьсан. Тэгээд Мурат цагдаа нарын хамт ирсэн. ... Муратын машин байсан. Мурат өөрөө машинаа барьж явсан. ... Тийм ээ. Мурат архи, пиво уусан байсан. ... Би хойшоо налаад сууж байсан болохоор сайн анзаараагүй. ... Муратын машины жолооны хүрд баруун талдаа байсан. Нямзориг жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан. Би арын суудалд сууж явсан. ... Нямзориг бид хоёрт гэмтэл, шарх учраагүй. Машин дотор доргилт мэдрэгдээгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35-37 тал/

4. Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №84 дугаартай: “...

   1. Д.Т-н биед зүүн эгэм ясны хугарал гэмтэл тогтоогдлоо .

   2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

   3. Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д заагдсанаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

   4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй.

   5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 39-40 тал/

5. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Болдоогийн 2020оны 02 дугаар сарын 19-ний өдриийн №04 дугаартай: “...

   -Явган зорчигч Д.Т нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт  зөрчөөгүй байна.

   -93-44 УБЦ улсын дугаартай автомашины жолооч А.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох гэсэн дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 46 тал/

6. Гэрч Ц.Ганболдын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр Бэрх хотын сургуулий дотуур байранд байдаг гэрээсээ 11 цагийн үед эхнэр Д.Ттай хамт найз Сүхээндээгийн гагнуурын аппаратыг хүргэж өгөхөөр усны тэргэн дээр ачиж жаран гэр хорооллын зүүн талаар ертөнцийн зүгээр хойшоогоо машин замын зүүн гар талаар, эхнэр болохоор миний баруун гар талд явж байтал гэнэт ард машин тулж ирээд эхнэрийг мөргөж унагасан. Би юу болов оо гээд хартал согтуу бололтой 3 залуу бууж ирэхээр нь та нар хүн мөргөчихлөө гэж хэлэхэд, жолооч нь болох Мурат нь юу ч дуугарахгүй байж байтал бидний хажуугаар явж  байсан нэг ах түргэн тусламж дуудаач гэхээр нь би гар утсаа гаргаад эмнэлэг рүү залгах гэсэн чинь утас ердөө болж өгөхгүй байсан болохоор нь найз Сүхээндээ рүү гүйж очиж гар утсаар нь эмнэлэгт дуудлага дуудсан. Тэгээд эргэж ирэхэд эхнэр мөргүүлээд унасан газраа ёолоод хэвтэж байсан. Би толгойг нь түшээд сууж байхад төд удалгүй түргэн тусламж ирж үзээд эмнэлэг рүү аваад явъя гэхэд мөргөсөн машины жолооч А.М цуг явсан залуутайгаа хамт эмнэлэгийн машинд эхнэрийг суулгаад хамт явсан. Би үлдэж араас нь эмнэлэг орж ирэхэд эмч нь намайг яваад дээлний бүс аваад ир гарыг нь сойж уях хэрэгтэй гэхээр нь гэр лүүгээ очиж өөрийнхөө бүсийг аваачиж өгсөн. Эмч гарыг нь сойж уячихаад аймаг орж зургыг нь авахуулж харах хэрэгтэй гээд Тулгаа эмч өөрийн албаны машинтайгаа аймаг руу эхнэр бид хоёрыг аваад аймагт 13 цагийн үед ирж цээжний зураг авахуулсан. Авахуулсан зургаа гарахаар гэмтлийн эмчид харуулахад эхнэрийн зүүн гар талын эгэм нь 2 хэсэг газраар хугарсан байсан. ... Би гомдолтой байна. Хамгийн гол нь эхнэр эрүүл саруул болох хэрэгтэй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 87-89 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг байна.

Харин Хэнтий аймаг дахь Цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн зохицуулагч Ц.Болдоогийн 2020оны 02 дугаар сарын 19-ний өдриийн 4 дугаартай дүгнэлтэд “...93-44 УБЦ улсын дугаартай автомашины жолооч А.М нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 а-д заасан Тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/ эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох гэсэн дүрмийн заалт зөрчиж зам тээврийн осол гаргасан гэж үзэж байна... ” гэсэн дүгнэлт нь шүүгдэгчийг гэм буруутай гэж үзэхэд бүрэн хангалтгүй байгаа бөгөөд шүүгдэгч нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасан “...Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй гэж дүгнэв.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Д.Т-н  эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэдээ учирсан хохиролд зарцуулсан  эмчилгээний зардалд 3.000.000 төгрөг нэхэмжилсэн, шүүгдэгч нь уг хохирлыг төлөхөөр хүлээн зөвшөөрч 2020 оны 04 дүгээр сарын 01-нд 1.000.000 төгрөг,  2020 оны 06 дугаар сарын 01-нд багтааж үлдэгдэл 2.000.000 төгрөг нийт 3.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж бичгээр тохиролцож нотариатаар баталгаажуулсан нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх ашиг, сонирхлыг зөрчөөгүй байх тул тэдний тохиролцсоны дагуу шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн  хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан түүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч А.М-г тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэж автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч А.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10  дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5, 3.3, 3.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Мад тэнсэгдсэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах,  оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх  үүргийг хүлээлгэж, согтууруулах ундаа хэрэглэх, тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглосугай.  

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  А.Мад анхааруулсугай.

 

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч А.Мын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1  дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Маас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Тт олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй ба шүүгдэгч нь 3.000.000 төгрөгийн хохирлыг 2020 оны 04 дүгээр сарын 01-нд 1.000.000 төгрөг, 2020 оны 06 дугаар сарын 01-нд багтааж 2.000.000 төгрөг төлөхөө илэрхийлж хохирогчтой сайн дураараа тохиролцсон болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А. М-д авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                             Д.ГАНЗОРИГ