Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 52

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0085/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 О.Дүүриймаа,

Шүүгдэгч                                                          Б.Д нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Д-т холбогдох 193900.........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б.Д

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар  баг “Цагаан нуур” гэх газраас иргэн Ц.Х-ын сартай зээрд зүсмийн монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай 1 тооны соёолон гүүг хулгайлж 1.000.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Д  нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар  баг “Цагаан нуур” гэх газраас иргэн Ц.Х-ын соёолон гүүг хулгайлж 1.000.000 төгрөгийн  хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг Эхэнбүрд гэх газар хувийн мал аж ахуй эрхэлж нутагладаг юм. Би 2016 оны хавар Баян-Адрага сумын иргэн С.Энхтөр гэх хүнээс сартай зээрд зүсмийн тамгагүй даага худалдаж авсан. Тэгээд уг даагийг өөрийнхөө адуунд авч ирээд байлгаж байгаад 2016 оныхоо намар манай багийн иргэн Батмөнх ахын адуунд оруулсан юм. Тэгээд Батмөнх ахын адуунд байж байгаад 2016 оны 09 сард даага байж байгаад Батмөнх ахын адуунд тамгалагдсан юм. Тамга нь монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай юм. Тэр үед Батмөнх ах өөрөө мэдэж байсан. Батмөнх ахын адуучин Д гэх залууд өөрт нь хэлсэн. Тэгээд би 2018 оны намар өөрийн адуундаа авч ирээд тавихад өвөл нь эргээд Батмөнх ахын адуунд ижилсээд байсан. Адуучин Дт хэлсэн. Өөрөө мэдэж байсан. Би Батмөнх ахын адуунд хааяа очиж өөрийн сартай зээрд даагаа очиж хардаг байсан. 2019 оны 05 дугаар сард очиж сартай зээрд соёолон настай адуугаа очиж харахад адуунд байсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сард Батмөнх ахын адуу хардаг Дээс манай сартай зээрд гүү унагалсан уу гэж асуухад Хавар 5 дугаар сард хээл нь хүндрээд ядраад үхсэн гэж хэлсэн. Тэгэхэд нь би Хавар 5 дугаар сард очиход манай адуу тарган хэвээрээ байж байсан. Яагаад үхдэг юм гэж хэлэхэд Д надад юм дуугараагүй байсан. Тэгсэн надад дараа нь Д надад би уургалж байгаад хөл нь эвгүй болоод ядраад үхсэн гэж хэлсэн. ... Би 2019 оны 10 дугаар сард манай багийн залуу Цэрэннямтай уулзаад асуухад чиний сартай зээрд гүүг чинь Д 7 дугаар сард аймаг руу ачуулсан гэж надад хэлсэн юм. Тэгээд би Дтэй уулзаад асуухад манай адууг ядраад үхсэн гэж хэлсэн. ... Манай алдсан адуу нь сартай зээрд зүсмийн соёолон настай байхад нь алдсан. Он гараад хавчиг болно тамга монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай. ... Би хулгайд алдсан нэг тооны адуугаа 2.800.000 төгрөгөөр үнэлж байна. ... Би гомдолтой байна. Алдсан 1 тооны адууны төлбөрийг нэхэмжилж байна... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 тал/

Хохирогч Ц.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад дахин  өгсөн: “... Би алдсан 1 тооны сартай зээрд гүү нь 2016 оны 07 дугаар сарын 10 хавьцаа Батмөнх ахын адуунд азаргандаа хөөгдөөд өөрөө яваад орчихсон байсныг 2016 оны Намар 09 сард мэдээд Батмөнх ахад хэлсэн. Тухайн үед манай сартай зээрд гүү нь байц 3 настай адуу байсан. Батмөнх ахын адууны тамга ижил монгол үсгийн К тамгаар тамгалагдсан байсан. Манай сартай зээрд тэгээд тэр үед би аваад өөрийнхөө адуунд оруулахад 2016 оны 10 дугаар сард буцаад Батмөнх ахын адуунд орчихсон байсан. Тэр үед нь би Батмөнх ахад манай сартай зээрд танай адуунд дахиад яваад орчихлоо гэж хэлсэн. Мөн адууг хардаг Дт бас хэлж байсан. Тэгээд 3 настай адуугаа 2019 оны 07 дугаар сард 6 настай байхад нь хулгайд алдсан юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 13-14 тал/

2. Гэрч П.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манайх Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Мянгат модот” гэх газар өвөлжөөн дээрээ буугаад байгаа. 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр би аймаг руу  мал борлуулахаар явах гээд найз Өлзийбаатарыг машинтай нь сумын төвөөс дуудуулсан юм. Тэр үед манай адуучин залуу Д гэх залуу манай адууг хардаг байсан юм. Д нь надаас 2019 оны 05 дугаар сарын 10 хавьцаа надаас хүрэн зээрд зүсмийн давхар саран тамгатай цагаан өнгийн азарга надаас авсан юм. Би тухайн үед машинтай ачаад Дийн гэрийн гадаа очиж буулгаад аав, ээжид нь харуулсан юм. Тэр үед надад Д байц юм уу гүү өгнө гэж хэлж байсан юм. Тэгээд би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр аймаг мал борлуулахаар явах үед Д манай гэрийн гадаа манай багийн иргэн Батмөнх ахын адуунуудыг тууж ирсэн. Тухайн Батмөнх ахын адууг бас хардаг байсан юм. Тэгээд гэрийн гадаа сартай зээрд зүсмийн хавчиг гүү монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай адууг бариад гэрийн гадаа уяад машин ирэхэд ачиж явуулсан. Тухайн үед би Дээс чи Батмөнх ахад хэлсэн юм уу дараа ямар нэгэн асуудал болох  бий гэхэд Д нь надад хандан би хэлсэн, Ямар нэгэн асуудал байхгүй гэж байсан. Тэгээд Өлзийбаатар бид хоёр ярилцаад Дийн ачуулсан адууг Батмөнх ахаас асуух гэж байгаад асуугаагүй явсан юм. Дийн өгсөн сартай зээрд зүсмийн 1 тооны адууг аймагт борлуулаад өөрөөсөө өгсөн азарганы төлбөрөө авсан юм. Тухайн үед 800.000 төгрөгөөр борлуулсан юм. ... Би тухайн үед Дийн ачсан сартай зээрд зүсмийн адууг хулгайн адуу гэж мэдээгүй юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/

            3. Гэрч С.Өлзийбаатарын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Батноров сумын төвд оршин суудаг. 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр Батноров сумын 2 дугаар багийн иргэн П.Мөнхбат нь над руу утсаар залгаад маргааш аймаг явж мал борлуулна яваад өг гэж хэлсэн. Тэгээд би маргааш нь 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн 55-71 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер машинтай 2 дугаар баг руу П.Мөнхбатын гэр лүү очсон. Тэгээд Мөнхбат алаг морь, ухаа халзан гүү, бор үрээ ачсан тамгийг нь сайн мэдэхгүй байна. Тухайн үед Д П.Мөнхбат бид хэд ачсан юм. Д нь Мөнхбатын гадаа адуу хөөж ирээд 1 тооны сартай зээрд зүсмийн адуу уургалаад машинд ачаад нийт 4 тооны адуу ачсан юм. Тэгээд би Мөнхбаттай цуг сумын төв мал махны гарал үүслийн бичиг аваад аймгийн төв рүү явсан юм. ... Би Дийн уургалсан адуу хэний адуу вэ гэж юм асуугаагүй юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 тал/

            4. Шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би Хэнтий аймгийн Батноров сумын 2 дугаар багийн нутаг “Зүүн булаг” гэх газар оршин суудаг юм. Би өөрөө Батноров сумын 2 дугаар багийн иргэн Батмөнх гэх хүний адуу мал хардаг юм. Батмөнх ахын адуунд манай багийн иргэн Ц.Х-ын 1 тооны сартай зээрд зүсмийн зөв гуян дээрээ монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай соёолон гүү байсан. Тухайн үед Х нь 2019 оны 04 дүгээр сарын эхээр адуугаа үзэх гэж ирээд надтай уулзаад өөрийнхөө адуугаа асуусан. Тэр үед өөрийнх нь соёолон гүү нь манай адуунд байсан. Өөрт нь харуулсан юм. Тэгээд дахиж 2019 оны 05 дугаар сарын 15-ны хавьцаа Ц.Х нь ирж 1 тооны сартай зээрд зүсмийн соёолон гүүгээ харчихаад явсан байсан. Би тэр үед гэртээ байхгүй байсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 10 хавьцаа Ц.Х ах надтай ирж уулзаад манай сартай зээрд хавчиг гүү байгаа юу унагалсан уу гэж надаас асуухад нь унагалаагүй, ядраад үхсэн гэж хэлсэн. Тэгээд Ц.Х ах Батмөнх ахтай очиж уулзана гэж хэлээд явсан юм. Тэр үед би 2019 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Мөнхбат ах аймаг явж мал борлуулах гэж байна гэж сонсоод гэрийн гадаа адуугаа бөөгнүүлээд дотор нь байсан Ц.Х-ын сартай зээрд зүсмийн соёолон гүү монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай адууг хулгайлж адуунаасаа уураглаад Мөнхбат ахын гэрийн гадаа уяад машин ирэхийг хүлээсэн. Удалгүй сумын төвөөс Өлзийбаатар ах хөх өнгийн 55-71 ХЭҮ улсын дугаартай портер 2 маркийн машинтай ирсэн. Тэгээд сартай зээрд зүсмийн адуу ачсан юм. Тухайн үед Мөнхбат ах 3 тооны адуу ачсан байсан, минийхтэй нийлээд 4 тооны адуутай явсан. Би өөрөө яваагүй. Тэр үед ачуулсан 1 тооны адуунд мал махны гарал үүслийн гэрчилгээ Мөнхбат ахын адууны бичигтэй цуг аваад явсан байх. Тэгээд би ачуулж борлуулсан сартай зээрд зүсмийн 1 тооны адууны мөнгийг П.Мөнхбат ахад өгсөн. Би өөрөө П.Мөнхбат ахаас 1 тооны зээрд азарга авсан юм. Тэрнийхээ өртөгт өгсөн юм. ... Би Ц.Х-ын 1 тооны сартай зээрд зүсмийн монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай адууг захиран зарцуулах эрх байхгүй. Би өөрөө хулгайлж ашиг олох зорилгоор ачуулсан юм. ... Би мөнгөтэй болох зорилгоор 1 тооны сартай зээрд гүүг хулгайлсан юм. Өөр ямар нэгэн санаа, зорилго байгаагүй. Би буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... Сартай зээрд зүсмийн зөв талын гуян дээрээ монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай соёолон гүү чих нь имгүй юм... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 тал/

            5. Гэрч Г.Цэрэннямын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Цэсрэн овогтой Хын 1 тооны сартай зээрд соёолон насны адуу алдсан талаар сонссон. Ц.Х-ын сартай зээрд зүсмийн 1 тооны адуу нь Батмөнх ахын адуунд байдаг байсан. Адуучин нь Д гэх манай багийн залуу хардаг юм. 2019 оны 10 дугаар сард Ц.Х ах надтай ирж уулзаад надаас өөрийнхөө сартай зээрд зүсмийн монгол үсгийн цагаан өнгийн К тамгатай адуу сурсан. Тэгэхэд нь мэдэхгүй П.Мөнхбат, Өлзийбаатар хоёр ирээд манайхаас 1 тооны адуу авах гэж ирэхдээ машин дээр нь зээрд зүсмийн гүү байсан гэж хэлсэн. ... Би Дийг сартай зээрд зүсмийн адуу ачсаныг хараагүй. Манай гэрийн гадаа Өлзийбаатар, Мөнхбат ах хоёр хөх өнгийн портер машинтай тэвшин дээрээ хүрэн алаг морь, ухаа халзан гүү, сартай зээрд 3 тооны адуу ачиж ирсэн. Тамгыг анзаараагүй юм. Манайхааас Мөнхбат ах 1 тооны бор халзан үрээ ачаад явсан юм... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 тал/

            6. Гэрч Р.Энхмаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс Батноров сумын малын гарал үүслийн гэрчилгээ олгож эхэлсэн юм. ... Би малын гарал үүслийн бичиг олгохдоо тусгай дугаартай үнэт цаасан дээр малын гарал үүслийн гэрчилгээ авахаар ирсэн иргэнд  хоёр хувь бичээд нэг хувийг нь малчиндаа өгөөд нөгөө хувийг нь өөрөө авдаг. Мөн би Батноров сумын баг тус бүрээр нь нэг дэвтэр гарган бүртгэж авдаг юм. Тухайн дэвтэр дээр малын тоо, зүс, им, тэмдэг, тамга болон бусад холбогдох зүйлсийг бичиж авдаг юм.... П.Мөнхбат нь 4 тооны адууны гарал үүслийн 0094766 дугаартай гэрчилгээ авсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 тал/

            7. Гэрчээр Д.Батмөнхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Манай адууг Батноров сумын 2 дугаар багийн залуу Б.Д гэх залуугаар 2016 оноос хойш азарга адууг хардаг юм. Би өөрөө сумын төв дээр оршин суудаг. ... Би цалин хөлс өгдөг өө. Сараар тооцно, заримдаа урьдчилгаа авдаг юм. Сардаа 200.000 мянган төгрөг, тэгээд идэш гэж адуу өгдөг юм. ... Манай адуунд Батноров сумын 2 дугаар багийн иргэн Ц.Х-ын 1 тооны сартай зээрд зүсмийн адууг 2017 оны намар манайх адуу тамгалж байхад Х ирээд манай нэг адуу танай адуунд ороод тамгалагдсан байна гэж хэлж байсан. Манай адууны тамга кириль үсгийн цагаан өнгийн  К тамга юм. ... Д нь өөрийн гэсэн адуу байгаа бэлгэнд авсан. А дансандаа бүртгүүлээгүй, аав, ээжийнхээ нэр дээр бүртгүүлдэг байх... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-28 тал/

            8. Гэрч Д.Алтанчимэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б.Д бол миний хүүхэд байгаа юм. Би 3 хүүхэдтэй. Д миний хамгийн бага хүү байгаа юм. Д 1996 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн Батноров суманд төрсөн. Одоо 25 настай. Сургуулийн өмнө эцэг, эхийн хамт мал маллаж өссөн. 2004 онд Хэнтий аймгийн Батноров сумын сургуулийн Ерөнхий боловсролын сургуульд орж 2016 онд 12 дугаар анги төгссөн. Бүрэн бус дунд боловсролтой. Цэргийн алба хаагаагүй. Гэр бүл байхгүй. Эцэг, эхийн хамт мал маллаж амьдарч байгаа. Аварга дээд сургуульд 2 жил суралцаж байгаад гарчихсан. Эцэг эхийн үгнээс гардаггүй, хар ажилд сайн хүүхэд байгаа юм. Гэрээс гарч дэмий тэнээд байдаггүй юм. Адуунд их явдаг, адуунд сонирхолтой, нутгийн ах дүү нарын адууг малладаг. Сүүлийн үед адуучин тэмцээнд оролцож байгаа. Морь уургална, эмнэг, догшин сургадаг, үндэсний бөхийн сумын начин цолтой. Урд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. Архи, тамхи хэрэглээд байдаггүй. Нутгийн иргэдийн дунд нэр хүнд сайтай. Аварга дээд сургуульд орохдоо 12 төгссөн гэрчилгээгээ өгсөн. Тэгээд одоог болтол бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ авч чадаагүй байгаа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-30 тал/

            9. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн №397 дугаартай: “...Хын хулгайд алдсан сартай зээрд зүсмийн соёолон гүүний зах зээлийн үнэлгээг 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр тогтоов...   ” гэсэн дүгнэлт /хх-ийн 32 тал/

            10. Шүүгдэгч Б.Дийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би Батмөнх гэдэг хүний адууг 4 жил маллаж байна. Би 2019 оны 07 дугаар сарын 20-ны өдөр өглөө гэрээсээ 10 цагийн орчим гараад намаржааны ард байсан адуугаа тууж авчраад Батмөнх ахын гадаа хашиж байгаад сартай зээрд гүү барьж аваад Өлзий ахын бонго маркийн 55-71 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслээр би ачуулсан. ... Би ямар нэгэн юм хэлээгүй, Өлзий ах ч надаас юм асуугаагүй. ... Би өөрийнхөө адил зээрд зүсмийн адуутай андуураад бариад явуулчихсан байсан. ... Өдөр 13 цагийн орчим би адууг барьж авч Өлзий ахын машинд ачиж өгсөн. ... Мэдэж байсан. Батмөнх ахаас 2018 онд мэдсэн. ... Ц.Х надад миний малыг сайн харж байгаарай гэж хэлж байгаагүй. Хааяа адуугаа надаас сурдаг байсан. ... Би хохирлоо төлж барагдуулсан. Би 3 тооны хязаалан насны адуу өгсөн. ... Би буруу үйлдэл хийсэн. Их харамсаж байна. ... К үсгэн тамгатай, сартай зээрд гүү байсан. нэг азаргатай адуунд цуг байдаг байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч Б.Дийн бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Хт 1.000.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 62 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор шүүх хурлын тов мэдэгдэж, дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ”  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно ” гэж заасан, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй... ” гэж заасан байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгчийн  хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохиролоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Дийг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Дт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, 3.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Дт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосугай.  

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Б.Дт анхааруулсугай.

 

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Б.Дийн тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Дт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ