Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0101/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                          Д.Отгонзаяа

Улсын яллагч                                             Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                          Д.Б  нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар   зүйлийн 2  дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Б холбогдох 2039001120.......... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Д.Б нь 2020 оны 02 дугаар сарын 13-ны орой Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 01-02 тоотод Хэнтий аймгийн  Баянхутаг сумын 3 дугаар багт  оршин суух  Т.М маргалдаж  түлхэж  түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, Хэнтий аймгийн Хэрлэн сумын  1 дүгээр баг Нисэхийн 4-07 тоотод оршин суух Г.Э  баруун хөлний шилбэ орчим  хутгалж  эрүүл мэндэд тус тус   хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Э өгсөн...Би 2020 оны 02 дугаар сарын 13-ны  орой найз  Мөнхболдын гэрт байж  байгаад  баруун хөлний  шилбэ  орчим хатгуулж  гэмтэл авсан.  Нэгдсэн эмнэлэгт очиж  2 оёдол  тавиулсан.  Толгой овойж  хавдсан байсан...Мөрөн сумын харьяат  Б  гэх залуу надад  гэмтэл учруулсан.  Б нь манай найз  Мөнхболдын гэрт  байсан.  Б Мөнхөө  гэх залуутай  маргалдаж  муудсан.  Мөнхөө  гэх залуу  нь   зууханд түлэгдсэн. Мөнхөө, Б хоёр ноцолдож байгаад  зуухан дээр унасан. Мөнхөө нь түлэгдсэн. Баяраа гэх залуу хутга бариад миний хоолойд тулгаж байсан. Би нэг  их тоогоогүй, айж  байгаа дүр ч  үзүүлээгүй. Баяраа намайг  данхаар  чулуудсан, миний толгойд оносон.  Дараа нь үнсний саваар чулуудсан гэхдээ  оноогүй. Б намайг  хутгалахад надад огт  мэдэгдээгүй би  гэртээ очоод  гутлаа  тайлсан чинь миний  хөлнөөс цус гарч байсан.  Би Мөнхболдын гэрээс гараад шууд гэртээ очсон.  Би түрийтэй гуталтай, зузаан өмдтэй байсан. Гутлын түрий  өмдний шуумаг  нэвт  цоорсон байсан...Б гэх залуу өөрөө ирж  уулзаад  уучлал гуйгаад надад  тусламж  үзүүлнэ  биз дээ  миний хувьд  яг тэдэн төгрөг  гээд нэхээд байх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19 хуу/  

Хохирогч Т.М өгсөн:...Би 2020 оны 02 дугаар 13-ны өдөр 14 цагийн  орчим  өөрийн найз Ж.Анхбаярын хамт  Мөнхболд ахын гэрээр ороход Мөнхболд  ах гэртээ  ганцаараа байсан би  орчихоод гарсан.  Тэгээд орой 18 цагийн  орчим  Золжигүүр дэлгүүрийн  хойд талын  дэлгүүрийн гадна талд  найз Ж.Анхбаярын хамт  явж байгаад  Б  таараад бид гурав  дэлгүүрээс 500 граммын  Хараа  архи  хоёрыг аваад  бид гурав  Мөнхболд ахынд  очсон. Мөнхболд  ахын гэрт бид дөрөв дэлгүүрээс  авсан архиа ууж  байхад Э ах  500 граммын Ерөөл архи бариад согтуу орж ирсэн.  Тэгээд  бид тав  Э ахын  авчирсан Ерөөл  архийг  ууж байхад би Б  утсаар хүнтэй  ярих гэсэн чинь  Б утсаа өгөхгүй гээд бид хоёр  маргалдаад  Б  бид хоёр  ноцолдож байгаад  Б намайг түлхэсэн, би  халуун зуухан дээр  унасан...Надад Б нэхэмжлэх  зүйл гомдол санал байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24 хуу/

Гэрч Н.Мөнхболдын өгсөн:...М  гэдэс нь түлэгдсэн байсан. М надад танайд  байхдаа түлэгдсэн гэж байсан.  Би М  түлэгдсэн гэдгийг  санахгүй байгаа  юм.  Миний санаж байгаагаар  М, Б манай гэрээс  чирээд  гаргаж  байсан. М, Б хоёр  маргалдаж  байсан, би нилээд  согтсон байсан. Э,  Б хоёр  бол  маргалдаж  муудсан гэхдээ   нэг  нэгэндээ   гэмтэл учруулсан  эсэхийг  мэдэхгүй байна. Данх аваад Э, Б нь  шидэж байсныг  санаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 хуу/

Гэрч Ж.Мэндсайханы өгсөн:...2020 оны 02  дугаар сарын 13-ны өдөр би 19 цаг өнгөрч байхад  ажлаа тараад гэртээ  очсон.  Манай нөхөр Э 23 цаг 40 минутын  орчим гаднаас орж ирсэн.  Намайг гэртээ очиход  манай нөхөр  гэртээ  байхгүй байсан.  Манай нөхөр архи уучихсан согтуу байсан. Нөхөр Э  гутлаа тайлахад баруун хөлнөөс  их хэмжээний цус  гарсан. Гутлаа тайлаагүй байхад цус  гарч байгаа нь  мэдэгдэхгүй байсан. Би юу болсон талаар  асуухад  хоёр залуу  маргалдаад боль гээд салгах  гэсэн чинь  ийм юм  боллоо  би  Мөнхболдын  гэрт байж  байгаад  ирлээ  гэж  хэлсэн.  Манай нөхрийн баруун  хөлний  гутлын түрий нь  цоорсон бас  өмдний  баруун хөлний шуумаг нь цоорсон байсан. Нэгдсэн эмнэлэгт очиж  2 оёдол тавьж,  цэвэрлэгээ  хийлгэсэн.  Бас толгойгоо  үзүүлээрэй гэж  эмч  хэлсэн одоогоор үзүүлээгүй байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 37 хуу/

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн  97 дугаартай дүгнэлт

  1. Т.М  биед  хэвлий, зүүн шуу, зүүн бугалга, баруун шуунд түлэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд  цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх түлэгдэл  гэмтэл нь өндөр  хэмийн  үйлчлэлээр, зүүн нүдний дээд зовхинд  цус хуралт  гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.
  3.  Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Хөдөлмөрийн чадвар алдалтанд 10% нөлөөлнө.
  5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт / хх-ийн 42 хуу /

 

Хэнтий аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн  105 дугаартай дүгнэлт

  1. Г.Э биед  баруун шилбэнд зүсэгдсэн шарх, дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
  2. Дээрх гэмтэл нь хурц ир ирмэгтэй, мохоо зүйлийн нэг удаагийн  үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Уг гэмтэл нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заагдсанаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид  энгийн хөдөлмөрийн  чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5.Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэх дүгнэлт / хх-ийн 56 хуу /

 

Д.Б яллагдагчаар өгсөн:... Анхбаяр, М 2 дэлгүүрт бас нэг шил архи худалдаж аваад зогсож байсан. Бид гурав  Мөнхболд ахын гэрт очсон. Мөнхболд ах гэртээ  ганцаараа байсан.  Бид нар хоёр  шил архиа  хувааж уусан, архи ууж байхдаа М бид хоёр  хоорондоо  маргалдсан.  М бид  хоёр нэг нэгнийхээ  үгийг  даахгүй маргалдсан. Би нилээд согтсон байсан зарим  зүйлийг  санахгүй байна.  Нэг мэдэхэд М намайг гэрийн гадаа  гаргаад гараараа цохиж  байсан. Би  тэрнээс хойш  юу болсон талаар  мэдэхгүй байна.  Нэг мэдэхэд Э  ирчихсэн унтаж байх шиг байсан.  Тэгээд нэг мэдэхэд цагдаа ирээд  намайг сэрээгээд  аваад явсан...2020 оны 02 дугаар сарын 14-ний  өдөр М, Анхбаяр хоёртой уулзсан.  М надад  чи намайг зуух руу түлхэсэн, би түлэгдсэн гэж хэлж  байсан би  шархыг нь  харсан. Би М биед  гэмтэл учруулсан гэдгээ  хүлээн зөвшөөрч байна... Би бол  Э  хутгалсан гэдгээ  ч санахгүй  байна.  Хутгалаагүй гэдгээ ч санахгүй байна.  Би гэхдээ яллагдагчаар  татсан  тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 63 хуу/

Д.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 хуу/

Д.Б  иргэний үнэмлэхний лавлагаа   /хх-ийн 67 хуу/

 

Хавтаст хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 81-83 хуу/

Хохирогч Г.Э гаргасан “Д.Б гомдол  байхгүй, эмчилгээний зардалд 450.000 төгрөг  авсан” тухай  нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт  /хх-ийн 84 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч  Д.Б  холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно. 

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2020 оны 02 дугаар сарын 13-ны шөнийн 23 цагийн үед Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 01-02 тоотод хохирогч Т.М  маргалдан халуун зуух руу түлхэж  унагаан хэвлий, зүүн шуу, зүүн бугалга, баруун шуунд түлэгдсэн шарх, зүүн нүдний дээд зовхинд  цус хуралт гэмтэл учруулсан,  хохирогч Г.Э баруун хөлийн шилбэнд хутгалж баруун шилбэнд зүсэгдсэн шарх,  данхаар толгой руу нь шидэж дагзанд зулгаралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгч Д.Б  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, мэдүүлэг  өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Т.М, Г.Э, гэрч Н.Мөнхболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдсон, шүүгдэгч нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

            Шүүгдэгч Д.Б нь  хохирогч Т.М, Г.Э нарыг зодсон, хутгалсаны улмаас учирсан гэмтлүүд нь хөнгөн зэргийн гэмтэлд хамаарах талаар шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдэл нь хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна гэж үзлээ.    

 

   Аймгийн Прокурорын газраас Д.Б  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй байна. 

Иймд шүүгдэгч Д.Б  хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтад заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Д.Бэрүүгийн хариуцлага оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Хохирогч нар нь эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримт гаргаж өгөөгүй бөгөөд хохирогч Г.Э нь “Д.Б гомдол байхгүй, эмчилгээний зардалд 450.000 төгрөг  авсан” тухай тодорхойлолт   гаргасан, хохирогч Т.М  нь  “Б нэхэмжлэх  зүйл, гомдол санал байхгүй”  гэж мэдүүлэг өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Д.Б хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.6 дахь заалтанд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б 800 /найман  зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу  800.000 /найман  зуун  мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Д.Б  нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6  /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Д.Б  нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ