| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баяраагийн Баярмаа |
| Хэргийн индекс | 102/2016/03648/И |
| Дугаар | 747 |
| Огноо | 2016-08-31 |
| Маргааны төрөл | Нийгмийн даатгалын шимтгэлийн маргаан, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 747
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярмаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, Үйлдвэрчний эвлэлийн гудамж, өөрийн байранд оршин байх Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн,
Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хороолол, 8 дугаар байрны 251 тоотод оршин байх “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-д холбогдох
Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд 2.874.000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүх 2016 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, мөн сарын 11-ний өдөр иргэний хэрэг үүсгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Наранхишиг, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Саранцэцэг нар оролцов. Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй болно.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Наранхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: "Дэлгэрэх хөдөлгөөн" ХХК нь тус дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст бүртгэлтэй буюу 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал нийгмийн даатгалын шимтгэл төлөлгүй 1.916.000/нэг сая есөн зуун арван зургаан мянга/-н төгрөгийн өр үүсгээд байна. Дээрхи байгууллагын холбогдох албан тушаалтан нартай холбогдож нийгмийн даатгалын шимтгэлээ төлж барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан боловч одоог болтол нэг ч төгрөг төлөөгүй "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 16 дугаар зүйлийн 1 дүгээрт заасан "Нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам", 17 дугаар зүйлийн 17.1.1, 1.4 дүгээрт заасан "Ажил олгогч, даатгуулагчийн шимтгэл төлөх үүрэг" зэрэг заалтуудыг зөрчиж байна. Иймд "Нийгмийн даатгалын тухай хууль"-ийн 20 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд 0.3 хувийн алданги оногдуулна гэж заасны дагуу 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацаанд 958.000/есөн зуун тавин найман мянга/-н төгрөгийн алдангийг хуулийн дагуу ногдуулаад байна. Алдангийг тооцохдоо хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,3 хувиар 1 хоногт 5.748 төгрөгөөр тооцсон боловч гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул 958.000/1.916.000:2=958.000/ төгрөгийг нэхэмжилж байгаа гэв. Иймд нийгмийн даатгалын шимтгэл, алдангийн хамт нийт
2.874.000/хоёр сая найман зуун далан дөрвөн мянга/-н төгрөгийг хуулийн дагуу гаргуулж шийдвэрлэж өгнө үү. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т аар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө үү. Нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн сардаа багтаан төлдөг, тухайн сардаа л төлөөгүй бол өр гэж үздэг. Энэ тохиолдолд нийгмийн даатгалын шимтгэлийн дутуу төлөлтөнд тооцогдох боломжгүй гэв.
Хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсээс манай компанид холбогдуулан гаргасан Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 2.874.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч энэхүү хариу тайлбарыг гаргаж байна. Манай байгууллага нь 2013 онд байгуулагдаж одоо хүртэл авто сургалтын /жолооны курс/ чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна. Эдийн засгийн байдал хүндрэлтэй, орлого муу зэрэг олон зээл төлдөг, өндөр түрээстэй байранд байрладаг зэргийг харгалзан үзэж төлөгдөөгүй нийгмийн даатгалын шимтгэл болох 1.916.000 төгрөгийг төлүүлж, алданги 958.000 төгрөгөөс чөлөөлж өгнө үү гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 2.874.000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д “ Ажил олгогч нь даатгуулагчийн төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг түүнд хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлого олгох бүртээ энэ хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, тухайн сард нь багтаан нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлнэ” гэж заасан байна.
Иймд нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас Нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 2.874.000 төгрөг гаргуулах гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.
Хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК нь шүүхэд хариу тайлбартаа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн боловч алдангиас чөлөөлүүлэх хүсэлт гаргасан байх боловч уг алдангиас чөлөөлүүлэхтэй холбогдсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байх тул хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх татгалзлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна гэж үзээд, хариуцагчийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй байх тул эзгүйд шийдвэрлэсэн болно.
Хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК нь нийгмийн даатгалын шимтгэл 1.916.000 төгрөгийг Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нийгмийн даатгалын сангийн дансанд шилжүүлээгүй болох нь нэхэмжлэгч байгууллагын шүүхэд гаргасан нэхэмжлэл, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн болон хариуцагчийн тайлбар, нэхэмжлэгч байгууллагын шүүхэд ирүүлсэн нотлох баримтаар гаргаж өгсөн нийгмийн даатгалын шимтгэлийн өр барагдуулах талаар хийсэн уулзалт, ярилцлагын тэмдэглэлүүд, Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-д өгсөн албан шаардлага, албан мэдэгдлүүд, тооцооны үлдэгдлийн баримтууд зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.
Хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэл 1.916.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгох нь зүйтэй байна.
Мөн түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-д дутуу төлөгдсөн буюу хугацаандаа төлөгдөөгүй шимтгэлийг нөхөн төлүүлж, шимтгэлийн дүнгээс хугацаа хэтрүүлсэн хоног тутамд О,З хувийн алданги ногдуулна. Энэхүү алдангийн хэмжээ нь төлбөл зохих шимтгэлийн 50 хувиас хэтрэхгүй байхаар заасан тул 1.916.000 төгрөгөөс алдангийг тооцон гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас төлбөл зохих шимтгэл 2.916.000 төгрөгийн 50 хувь болох 958.000 төгрөгийг алдангид тооцон гаргуулах нь зүйтэй байна.
Иймээс хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар нийгмийн даатгалын шимтгэлд төлбөл зохих 1.916.000 төгрөг, алдангид 958.000 төгрөг, нийт 2.874.000 төгрөгийг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгуулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас 2.874.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 60.934 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116 дугаар зүйлийн 116.1, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1.Нийгмийн даатгалын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 20 дугаар зүйлийн 20.1.2-д зааснаар хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас 2015 оны 04 дүгээр сараас 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэл, алдангид 2.874.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч “Дэлгэрэх хөдөлгөөн” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 60.934 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.
4.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАЯРМАА