Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 0964

 

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Б, 

Улсын яллагч Б.У,  

Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:  

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-гийн А-д холбогдох 2008 01946 1120 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1994 оны 05 сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, электроникийн автоматжуулалтын инженер мэргэжилтэй, одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт, Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага наран 12 дугаар гудамж 11 тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ш овогт Д-гийн А РД:/.............../,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар гудамжны 19 тоотод хамтран амьдрагч Г.Ч-ыг хардсаны улмаас зодож эрүүл мэндэд нь “зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, баруун мөр, цээж, хэвлий, баруун сарвуу, нуруу, зүүн бугалганы зулгаралт” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:   

Шүүгдэгч Д.А нь 2020 оны 05 дугаар сарын 19-нөөс 20-нд шилжих шөнө 04 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн 4 дүгээр хороо, 10 дугаар гудамжны 19 тоотод хамтран амьдрагч Г.Ч-ыг хардсаны улмаас маргалдан зодож, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох  нь:   

- хохирогч Г.Ч-ийн “...Миний бие А  гэх охинтой 6 жил гаруй хугацаанд үерхэж байна. 2020 оны 05 дугаар сарын 19-ний шөнө унтаж байхад манай найз охин намайг шөнийн 04 цагийн орчим сэрээсэн...Тэгээд А  миний I phone 6 маркийн утсыг барьчихсан “чи муу энэ хүүхнүүдтэйгээ чаталсан байна, эд нартайгаа зайлаарай” гээд байсан. Би манай “ээж цаад өрөөнд унтаж байгаа, наад асуудлыг чинь өглөө хоёулаа ярилцъя” гэхэд “өглөө ээжийг чинь явсны дараа чамтай алалцана” гээд барьж байсан утас, мөн гараараа цохиод маажаад зулгаагаад байсан. Миний биед учирсан бүх гэмтлийг манай найз охин А  учруулсан. Миний хувьд дээгүүрээ цээж нүцгэн байсан болохоор найз охин маань маажаад, барьж байсан утсаараа цохисон. Мөн толгойн тус газарт гараараа цохисон. Жижиг хуванцар сандлаар цохисон. Ер нь бол олон удаа цохиж, маажиж учруулсан юм...” гэх мэдүүлэг /хх-35-36/, 

- шинжээчийн 2020.05.21-ний өдрийн дүгнэлт...Г.Ч-ийн биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, дух, хүзүү, эрүү, баруун мөр, цээж, хэвлий, баруун сарвуу, нуруу, зүүн бугалганы зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...”гэх дүгнэлт /хх-21-22/, 

- шүүгдэгчийн:.. Д.А-ийн “...2020 оны 05 дугаар сарын 19-ний шөнө хамтран амьдрагч Чоглонамжилын хамт унтаж байхад 03-04 цагийн орчим нойр хүрэхгүй байсан болохоор би Чоглонамжилын гар утсаар кино үзэх гэж байгаад Чоглонамжилын Хулан гэх охинтой бичсэн чатыг уншихад “надад өөр эмэгтэй хэрэгтэй байна, миний өмнөх амьдрал үнэхээр утга учиргүй, хэцүү байсан байна, танилцуулах эмэгтэй байна уу” гэж бичсэн байхаар нь би уурлаад “чи үнэхээр надаас уйдаад байгаа юм уу, чиний амьдралыг утга учиргүй болгосон бол би энд байх шаардлага байхгүй” гэж хэлсэн. “Ээж өглөө явсны дараа би танай гэрээс явлаа” гэж хэлтэл “чи одоо юу гээд байгаа юм бэ” гэж хэлээд миний бөгс рүү хэвтэж байхад хоёр удаа өшиглөсөн. Би босож ирээд баруун гар руу нь цохисон. Мөн миний хоёр хацар, хоолойг шахаад байхаар нь би гарыг нь тавиулаад нүүр, дух, хүзүү, баруун мөр, нуруу, зүүн гар зэрэг рүү нь цохисон...зодчихсон юм...Ч-ын биед учирсан гэмтлүүдийг би гараараа цохиж учруулсан...” гэх мэдүүлэг /хх-75-76/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.     

Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтуудыг шалгаж, үнэлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.   

Тодруулбал, тус  хэрэгт нотолбол зохих бүхий л асуудлыг мөрдөх, байцаах болон нотолгооны бусад хэрэгслээр мөрдөн шалгаж, хянах ажиллагааг хуулийн дагуу зохих ёсоор хийж гүйцэтгэсэн байх тул  хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгчийн үйлдэлтэй шалтгаант холбоотой болох нь тогтоогдсон, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал, үндэслэл тогтоогдоогүй байна.    

Шүүгдэгч Д.А-н...“чи үнэхээр надаас уйдаад байгаа юм уу, чиний амьдралыг утга учиргүй болгосон бол би энд байх шаардлага байхгүй” гэж хэлэхэд...Ч  намайг хэвтэж байхад миний бөгс рүү хоёр удаа өшиглөсөн. Би босож ирээд баруун гар руу нь цохисон...тэгэхлээр нь би зодчихсон тухай /хх-75-76/ мэдүүлэг, мөн хохирогч Г.Ч-ын...Би тэр үед Анударийн бөгс рүү 2 удаа өшиглөсөн.../х-36/ гэх мэдүүлгээс үзэхэд тус тус гэмт хэрэг үйлдэгдэх шалтгаан хохирогчийн зүй бус, хууль бус үйлдлээс шалтгаалсан, анх хохирогч нь шүүгдэгчийн биед халдсан байх тул шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжээр зүйлчлээгүйг буруутгах боломжгүй  ба Д.Анударид анх халдсан Г.Ч-ын хууль бус үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн дагуу шалгагдаж байгаа талаар прокурор санал, дүгнэлтэдээ тайлбарласан болно.      

Иймд шүүгдэгч Д.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.            

Хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-35-36/ гэжээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх:   

Шүүгдэгч нь ял шийтгэлгүй, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүй бус, хууль бус үйлдэл, харьцаа нөлөөлсөн байх тул шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.        

Шүүгдэгч нь ам бүл 3, эцэг, эхийн хамт амьдардаг, өмнө нь 2019 оны 9 сараас 2020 оны 4 сар хүртэл Сэлэнгэ аймагт “Баянгол майндтэч” компанид ажиллаж байсан /х-47/, 2020 оны 7 сараас “Гэрэгэ системс” компанид 750.000 төгрөгийн цалинтай ажиллаж байгаа тухай болон гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэгт хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.   

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.     

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй,  шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.   

 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон 

 

ТОГТООХ нь :     

1. Шүүгдэгч  Д.А-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.    

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.А-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.     

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.А д оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.  

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.А нь торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.     

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.          

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.   

            7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.А д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Г.ГАНБААТАР