Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 0967

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга О.Б,

Улсын яллагч Р.О,

Шүүгдэгч Ж.Г нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Ж.Г-т холбогдох 2008 00000 1198 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.   

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996  оны 06 дугаар сарын  12-ны өдөр Увс аймгийн Тэс суманд төрсөн,  24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Гааль татварын байцаагч мэргэжилтэй, ам бүл-3, эхнэр хүүхдийн хамт Баянгол дүүргийн 3 дугаар хороо 69 дүгээр байрны 33 тоотод оршин суудаг, урьд  ял шийтгэлгүй, Б  овогт Ж-гийн Г, /РД:......................./,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол үйл ажиллагаа явуулдаг “Тесо” ХХК-ний ажлын байранд хамт ажилладаг Р.Б-тай “хийх ёстой ажлаа хийсэнгүй” гэх асуудлаас болж маргалдсаны улмаас түүний нүүрэн тус газарт хэд хэдэн удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Ж.Г нь 2020 оны 07 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21 дүгээр хороолол үйл ажиллагаа явуулдаг “Тесо” ХХК-ний ажлын байранд хамт ажилладаг Р.Б-тай “хийх ёстой ажлаа хийсэнгүй” гэх асуудлаас болж маргалдан зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :          

- хохирогч Р.Б-ийн “...2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Тесо” компани дээр ажилдаа ирсэн. Өмнөх өдөр нь Ганзориг өөрийнхөө хийх ёстой байсан 4 тогоог цэвэрлээгүй байхаар нь “чи тогоогоо цэвэрлэхгүй яасан юм бэ” гэхэд уурлаад миний нүүр рүү гараараа хэд хэдэн удаа цохиод, газарт унагаагаад өшиглөсөн...гэх мэдүүлэг /хх-12/,  

- гэрч Э.А-ын “...Би Тэсо ХХК-нд үйлдвэрийн текнологич  ажил эрхэлдэг ба ажилтан Банзрагч, Ганзориг хоёр хоорондоо маргалдаад байна гэхээр нь очтол Банзрагч, Ганзориг нар харилцан бие биенийгээ заамдчихсан, Банзрагчийн хамарнаас цус гарсан байдалтай байхад нь салгасан ...” гэх мэдүүлэг /хх-26/,  

- шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 8315 дугаартай дүгнэлт : Б-ийн биед зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, хамарт зулгаралт  гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна /хх-14-15/,

- шүүгдэгч Ж.Г-гийн “... Би 2020 оны 07 дугаар сарын 15-ны өглөө 09 цагийн үед би ажил дээрээ ирсэн юм. Тэр үед цуг ажилладаг Б  гэх залуутай “ чи тогоогоо цэвэрлэхгүй яасан юм бэ, ажлаа гүйцэд хийхгүй хаяад явчихдаг юм уу” гэж хэлээд бид 2 хооронооо маргалдан, би Банзрагчийг түлхэх үед миний фудволк урагдчихаар нь миний уур хүрээд түүний нүүр хэсэг рүү гараараа 4-5 удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 53/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах, прокурорын хяналтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу хийгджээ.     

Иймд шүүгдэгч Ж.Г-гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

Хохирогч нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн /х-12/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.   

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогч нь шүүгдэгчийг заамдсан, хувцсыг нь урсан зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн болохыг үгүйсгэхгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.       

Шүүгдэгч нь ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, “Тэсо” ХХК-д туслах ажилтан, нийгмийн даатгал төлөгддөг, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэгт хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-32, 39/ байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.        

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон    

 

ТОГТООХ нь :    

   

1. Шүүгдэгч Ж.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай   учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ж.Г-ийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.         

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Ж.Г-т оногдуулсан 500.000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.       

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Ж.Г-т мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх нотлох баримт бүхий төлбөргүй, хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.   

6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Ж.Г-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР