Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01424

 

Д.Аийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн         

         2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00691 дүгээр шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1078 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Д.А

         Хариуцагч: “Б” ТББ-д холбогдох

         Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902.450 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

         Хариуцагчийн төлөөлөгч Д.Д хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

         Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Б.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А, Э.Н, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

         Нэхэмжлэгч тал нэхэмжлэл болон тайлбартаа: Миний бие тус байгууллагын даргын 2014-04-29-ний өдрийн 42 дугаар тушаалаар ажлаасаа үндэслэлгүй  чөлөөлөгдсөнийг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014-06-20-ны өдрийн 2604-р шийдвэрээр тогтоож, ажилд эгүүлэн тогтоосон. Бийн төв зөвлөлөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол ч  шийдвэр хэвээр үлдсэн. Гэтэл “Б” ТББ нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй. Иймд 2014-06-20-ны өдрөөс 2014-10-30-ны өдрийг хүртэл хугацааны ажилгүй байсан хугацааны цалин 1,875,552 төгрөг, ээлжийн амралтын 426,520 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмжид 902,450 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Улсын Дээд шүүхийн тогтоол гарсны дараа Д.Аийг ажилд авч, нийгмийн даатгалыг нь бөглөж өгсөн ч нэхэмжлэгч ажилдаа  ирээгүй. Ээлжийн амралтын олговрыг  олгож, гарын үсэг зуруулсан байхад нэхэмжлэл  гаргаж байгааг зөвшөөрөхгүй байна. Д.А хүүхэд асрах чөлөөг албан ёсоор манай байгууллагаас аваагүй. Нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00691 дүгээр шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Б” ТББ-с  1,875,522 төгрөг гаргуулан Д.Ат олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг  902 450 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасныг баримтлан Д.Аээс улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр төлсөн 51.783 төгрөгийг Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд буцаан олгож, “Б” ТББ-аас улсын тэмдэгтийн хураамжид 44,958 төгрөг гаргуулан Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1078 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 183/ШШ2018/00691 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1, 2 дахь заалтыг нэгтгэж “Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Аийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг  “Б” ТББ-д даалгаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.11-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул “Б” ТББ-аас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 1 875 522 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын сангаас олгосон жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902 450 төгрөг гаргуулах тухай  Д.Аийн нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, тогтоох хэсгийн 3 дахь заалтыг 2 гэж, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлаж, 2 дахь заалтын “44 958 төгрөг” гэснийг “70 200 төгрөг” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжээ.

        Хариуцагчийн төлөөлөгч Д.Дашзэвэг хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүх ажилгүй байсан хугацааны олговрыг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1 дэх хэсэгт заасан хугацааг хэтрүүлсэн гэж дүгнээд мөн хуулийн  69.1, 128.1.11-д заасныг баримтлан хэрэгсэхгүй болгосон атлаа мөн хуулийн 46.1-д заасныг баримтлан манай байгууллагыг нэхэмжлэгчийн 2014-12-01-с 2018-01-31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгаж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч 2014-12-01-с 2018-01-31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг даалгах“  нэхэмжлэлээ эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 2 жил гаруй хугацааны дараа буюу 2017-06-19-ний өдөр гаргасан. Шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 128.1, 129.1-г хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох ёстой атал дээрх хуулийн заалтуудыг хэрэглэсэнгүй. Давж заалдах шатны шүүх ИХШХШТХ-н 40.2-т заасны дагуу нотлох баримтыг ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь үнэлж чадсангүй. 2014-11-12-ны өдрийн 77 дугаартай тушаалын 1-д “Тус зөвлөлийн нябо эдийн засагчаар ажиллаж байсан Д.Аийг ажлаас үндэслэлгүй халсан гэж ажилд нь эгүүлэн тогтоосон шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон бөгөөд түүний өмнө эрхэлж байсан ажил, албан тушаал хасагдаж, зөвхөн ерөнхий нягтлан бодогчийн орон тоо батлагдсантай холбогдуулан Д.Аийг өмнө эрхэлж байсан ня-бо эдийн засагчийн ажлын байранд ажиллуулах боломжгүй болсон тул ажил, албан тушаал, цалингийн хэмжээ, ажлын байрны тодорхойлолтод заасан ажил, үүргийг хэвээр хадгалж, хөдөлмөрлөх нөхцөлийг дордуулахгүйгээр бололцооны дагуу БХТН-ийн Улаанбаатар хотын зөвлөлийн нягтлан бодогчийн ажилд томилж, ээлжийн амралтаа эдэлж дуусмагц ажилд авч ажиллуулахыг зөвлөлийн дарга Т.Хадбаатарт даалгасугай” гээд 2014-11-03-ны өдөр ээлжийн амралтыг олгосон юм. Нэхэмжлэгч 2014-11-30-ны өдөр ээлжийн амралт нь дуусаад ажилдаа ирж БХТН-ийн Улаанбаатар хотын зөвлөлийн даргатай уулзаж хөдөлмөрийн гэрээгээ байгуулах ёстой байтал ажилдаа ирээгүй. 2014-12-03-нд жирэмсний амралт авах хүсэлт өгсөн, үүнийг нь шийдвэрлэх боломжгүй байсан боловч өмнө нь төлсөн нийгмийн даатгалаараа жирэмсний болон амаржсаны олговор авах эрх нь нээгдсэн байсан олгогдсон болно. Хөдөлмөрийн харилцаа бол ажилтны сайн дурын үндсэн дээр үүсдэг ба Хөдөлмөрийн тухай хуулийн 7.1 “Хэнийг ч хууль бусаар албадан хөдөлмөрлүүлж болохгүй”, мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т “хөдөлмөрийн гэрээг бичгээр байгуулаагүй тохиолдолд ажилтнаас ажил, үүрэг гүйцэтгэхийг шаардаж болохгүй” гэж заасан байна. Хөдөлмөрийн харилцаа бол сайн дурын үндсэн дээр үүсдэг ба Д.А нь өөрөө ажилдаа ирээгүй, гэрээ байгуулаагүй тул хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүсээгүй. Нэгэнт ажилтны буруугаас хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул  гэрээ цуцлах, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болох асуудал яригдахгүй. Гэтэл шүүх  “Д.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан талаарх баримт авагдаагүй, хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дуусгавар болоогүй байх тул ...” гэж дүгнэсэн нь нотлох баримтыг ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэж чадсангүй гэж үзэж байна. Иймд магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

      Д.А 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Б Төрийн бус байгууллагаас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгахыг шаардаж, үндэслэлээ “... ажлаас үндэслэлгүй халагдаж шүүхийн 2014-06-20-ны өдрийн 2604 дугаар шийдвэрээр ажилд эгүүлэн тогтоох шийдвэр гарсан... иймд 2014-06-20-ны өдрөөс 2014-10-30-ны өдөр хүртэл хугацааны цалин 1,875,522 төгрөг, ээлжийн амралтын 20 хоногийн мөнгө 426,520 төгрөг, нийт 2,302,042 төгрөг гаргуулах...нийгмийн даатгалын шимтгэлийг 2014 оны 12 дугаар сараас хүүхдийг 3 нас хүртэл хугацааны буюу 2018 оны 01 сарыг  дуустал тооцож төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх...” гэж тайлбарласан байна. /хх1, 74/

      Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй “...ажил эгүүлэн тогтоох шийдвэр гарсны дараа ажилд нь эгүүлэн авч нийгмийн даатгалын дэвтрийг нь бөглөж өгсөн боловч ажилдаа огт ирээгүй...ээлжийн амралтын олговрыг олгосон байхад дахин нэхэмжилж байгааг зөвшөөрөхгүй...” гэжээ  /хх 25, 83/  

        Анхан шатны шүүх хариуцагчаас олговор 1,875,522 төгрөг гаргуулан Д.Ат олгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх өөрчилж, 2014-12-01-ний өдрөөс 2018-01-31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, олговор 1,875,522 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902,450 төгрөг гаргуулах  шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

        Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангах нь  зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Нэхэмжлэлээс  олговор 1,875,522 төгрөг, жирэмсний болон амаржсаны тэтгэмж 902,450 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосонд Д.А гомдоогүй тул  “...давж заалдах шатны шүүх 2014-12-01-ний өдрөөс 2018-01-31-ний өдрийг хүртэлх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг хариуцагчид даалгасан...” нь хуульд нийцсэн эсэх талаар дүгнэлт хийнэ. 

       1. Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүх 2014 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 2604 дүгээр шийдвэрээр Д.Аийг Бийн төв зөвлөлийн нягтлан бодогч, эдийн засагчийн ажилд эгүүлэн тогтоосон  бөгөөд уг шийдвэр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2014 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 636 дугаар тогтоолоор хэвээр үлдсэн байна.

       Хариуцагч дээрх хуулийн хүчин төгөлдөр шийдвэрийг 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр биелүүлж, нэхэмжлэгчийг “...Батлан хамгаалахын туслах нийгэмлэгийн Улаанбаатар хотын зөвлөлийн нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох...” 77 дугаартай тушаал гаргахдаа Д.Ат 2014-11-03-ны өдрөөс ээлжийн амралт олгосон /хх 33/ байх тул  ажил олгогч “...ээлжийн амралт, үргэлжлүүлэн жирэмсний амралтыг хуулийн дагуу олгох...” тухай 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн /хх 62/ хүсэлтийг ажилтнаас хүлээн авсан гэж үзлээ. 

        Өөрөөр хэлбэл, Д.А зохих журмын дагуу 2014-11-03-ны өдрөөс ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний амралт авсан байна.

        2.  Д.А 2015-01-20-ны өдөр хүүхэд төрүүлсэн үйл баримт тогтоогджээ.   

  а/. Эрүүл мэндийн даатгалын тухай 2002 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.6, 8 дугаар зүйлийн 8.2.4., Эрүүл мэндийн даатгалын тухай 2015 оны хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.8, 8 дугаар зүйлийн 8.2.3 дахь хэсэгт зааснаар “...хүүхдээ 2 нас хүртэл нь өсгөн бойжуулж байгаа эх/эцэг/...”-н эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг улсын төсвөөс төлөх талаар заасан байх тул 2015 оны 01 дүгээр сараас 2017 оны 01 сарыг дуустал хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлэх шаардлагыг хангах боломжгүй байна.

      Түүнчлэн, 2017 оны 02 дугаар сараас  2018-01-31-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцагчаар төлүүлэх, бичилт хийлгэх шаардлагыг мөн үндэслэлгүй гэж үзлээ. 

     Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь гурав хүртэлх насны хүүхэдтэй эх эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно. 

       Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө олгох хүсэлтийг ажил олгогчид гаргасан нь, мөн  хүүхэд 2 нас хүрснээс хойш ажилдаа орсон эсхүл ажил олгогч ажилтны ажил үүргийг нь гүйцэтгүүлэхгүй байгаа тухай ямар нэг баримт хэрэгт байхгүй тул 2017 оны 02 дугаар сараас хойших хугацааны  эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлүүлэх, нөхөн бичилт хийлгэх шаардлага Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн зохицуулалтад нийцэхгүй байна.   

       Дээр дурдсан үндэслэлээр 2014 оны 12 дугаар сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төлөх, нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгаж, 2015 оны 01 дүгээр сараас  2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хугацааны эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бичилт хийлгэх шаардлагыг хэрэгсэхгүй болгох өөрчлөлтийг магадлалд оруулна. 

        б/ Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ын 7-д зааснаар жирэмсний болон амаржсаны амралттай байсан хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогч байгууллага зохих журмын дагуу төлнө.

        Д.А зохих журмын дагуу ээлжийн амралтаа авч, үргэлжлүүлэн жирэмсний амралт авсан үйл баримт тогтоогдсон тул 2014-12-01-ний өдрөөс 2015-01-20-ны өдөр хүртэл хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлэх нь зүйтэй байна.     

        Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т зааснаар хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх ,эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй. Амаржсаны болон ээлжийн амралтаа эдэлсэн, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх, эцэг өөрөө хүсвэл түүнд хүүхэд асрах чөлөө олгоно.

          Нэхэмжлэгч нь хүүхэд асрах чөлөө олгох хүсэлтийг ажил олгогчид гаргасан гэдгээ нотолж чадаагүй, харин хариуцагч Д.Атэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан баримтыг гаргаж өгөөгүй байдлыг харгалзан 2015-01-20-ны өдрөөс 2017-01-20-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг ажил олгогчоор төлүүлж, энэ шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3-ын 3-н зохицуулалтыг зөрчихгүй гэж үзлээ.

           Дээр дурдсан үндэслэлээр 2014-12-01-ний өдрөөс 2017-01-20-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгаж, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгов.     

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1078 дугаар магадлалын тогтоох хэсгийн нэг дэх заалтын “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Аийн 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт хуульд заасан журмын дагуу нөхөн бичилт хийхийг хариуцагч Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-д даалгаж...” гэснийг “...Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг баримтлан Д.Аийн 2014 оны 12 дугаар сарын эрүүл мэндийн даатгалын шимтгэл, 2014-12-01-ний өдрөөс 2017-01-20-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасан журмын дагуу нөхөн төлж, бичилт хийхийг Батлан хамгаалах туслах нийгэмлэг ТББ-д даалгаж, энэ нэхэмжлэлийн  үлдэх шаардлагыг хэрэгсэхгүй болгож...” гэж өөрчлөн магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.   

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2018 оны 06 дугаар сарын 12-ны өдөр төлсөн 70.200 төгрөгийг Батлан хамгаалахын туслах нийгэмлэг ТББ захирамжаар буцааж олгосугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ