Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нанзадын Дамдинсүрэн |
Хэргийн индекс | 128/2018/0099/З |
Дугаар | 290 |
Огноо | 2018-05-15 |
Маргааны төрөл | Нийгмийн даатгал, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 290
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Д даргалж тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: У.М, Ю.М, Р.Э, З.Х, Э.Х, Р.А, Г.Э, С.Н, Ц.Г, Д.Э, Б.Т, Ц.Э, М.О, Г.М, Б.У, Э.З, Н.Н, Б.У, Ж.Б, Г.Б, М.Ц, Б.Х, Б.Э, Н.Э, Г.Х, Б.Ө, А.О, А.Б, Э.Ц, Б.Т, Ж.Ц, Ц.Т, Б.Г, Б.Х, С.З, Э.У, Б.Г, Д.О, Ж.Б, Ө.С, О.Д, Х.Б, Д.Б, Ч.Т, Н.У, Г.Г, О.М, Ж.Ө, Б.Ц, Б.Г, С.Б, Ж.Д, Х.О, Н.О, Э.Ш, Д.Г, Б.М, Е.Е, Б.А, Ц.Б, Б.Н, Б.А, Т.О, П.У, А.М, А.А, Л.Б, Б.Ч, Б.Б, Д.Ц, Э.Т, Г.О, Б.Г
Хариуцагч: Нийгмийн даатгалын ерөнхий газар , Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын жирэмсэний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгуулах” тухай захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Х.О, нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч А.М, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.С, Б.Г, хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.З, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Номин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У.М, Ю.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Монгол Улсын Их хурлаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно” гэж хуульчилсан.
Уг хуулийн заалтаас үзвэл нэхэмжлэгч бидний энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд тооцохоор хуульчилсан ба үүнийг тайлбарлавал бид цэргийн жинхэнэ алба хаасан гэж ойлгогдож байна.
Нэгэнт Монгол Улсын Их хурлаас баталсан хуулийн дагуу энгийнээр ажилласан дээр дурдсан хугацааг Цэргийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1. “цэргийн алба” гэж зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, онцгой байдлын байгууллагад Монгол Улсын иргэн цэргийн алба хаах үндсэн үүргийг биеэр гүйцэтгэх, эсхүл цэргийн бүртгэлд байхыг, 3.1.2. “цэргийн жинхэнэ алба” гэж Монгол Улсын иргэн цэргийн байгууллагад цэргийн алба хаах үүргийг биеэр гүйцэтгэхийг, 3.1.5. “цэргийн жинхэнэ алба хаагч” гэж цэргийн байгууллагад цэргийн алба биеэр хааж байгаа Монгол Улсын иргэнийг” гэж тус тус зааснаар цэргийн жинхэнэ албан хаагчаар ажиллаж, цэргийн алба хаасан гэж үзэж байгаа тохиолдолд бидний энгийнээр ажилласан хугацаандаа төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох нь зүйтэй гэж үзэж байна.
Нийгмийн даатгалын тухай, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хууль болон бусад холбогдох хуулийн дагуу төлж буй нийгмийн даатгалын шимтгэл нь ирээдүйд бий болох эрсдэлийг тооцоолж хөдөлмөр эрхэлж байгаа иргэдээс тооцон авах тухай хуульчилсан байдаг.
Гэтэл энэ тохиолдолд бидний төлсөн тэрхүү шимтгэл нь хуулийн дагуу үр ашгаа өгөх боломжгүй болж төрөөс нэгэнт цэргийн жинхэнэ алба хаасан хугацаанд оруулж байгаагаас үзэхэд төр тус иргэдийн нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг төрөөс хариуцах үүрэг, дээрх хуулийн зохицуулалтаар нэхэмжлэгч бидний энгийнээр ажиллах хугацаандаа хуулийн дагуу төлсөн шимтгэлийг төлөх үүргээс чөлөөлөгдөх, нэгэнт төлсөн байгаа учир нийгмийн даатгалын сангаас буцаан авах эрх үүссэн байхад хариуцагч байгууллагаас хуулийг буруугаар тайлбарлан хэрэгжүүлж, үндэслэлгүйгээр бидний хүсэлтийн дагуу зохих шийдвэр гаргахаас татгалзаж байгаа нь эрх, хууль ёсны ашиг сонирхлыг минь хөндсөн гэж үзэж байна.
Энэ нь хариуцагчаас өгсөн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 2/297 дугаар албан бичгийн “...Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл энгийнээр ажилласан хугацааг хилийн цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцож цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохоор шийдвэрлэсэн..., энгийнээр ажиллан нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг буцаан олгох талаар Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд ямар нэг зохицуулалт тусгаагүй” гэх тайлбараар нотлогдоно.
Өөрөөр хэлбэл шинээр батлагдсан Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн зохицуулалтаас үзэхэд тэтгэвэр тогтоохдоо уг хугацааг цэргийн жинхэнэ алба хаасан хугацаагаар тооцож тэтгэвэр тогтоосугай гэж хуульчлаагүй өргөн агуулгаар буюу нэхэмжлэгчдийн ажилласан хугацааг нь цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно гэж хуульчилсан.
Энгийн үгээр тайлбарлахад нэхэмжлэгч бид хэдийгээр хил хамгаалах байгууллагаас шилжиж гадаадын иргэн, харьяатын газарт ажилласан 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд цэргийн жинхэнэ алба хаасан буюу уг ойлголтод хамаарах ажил, үүргийг хийж гүйцэтгэсэн.
Энэ нь ч бидний өнөөдрийг хүртэл хийж ирсэн ажил үүрэг, үр дүнгийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, цэрэгжилтийн байдал, ажлын цаг, ажиллах нөхцөл, цэргийн цол хэрэглэж байгаа зэрэг олон зүйлээр нотлогдоно.
Хариуцагч байгууллагын хувьд хуулийн өргөн агуулгыг явцуу байдлаар буюу зөвхөн цэргийн алба хаасны тэгэвэр тогтоох тохиолдолд дээрх хугацаанд ажилласныг тооцохоор тайлбарлаж байгаа нь буруу ба нэгэнт хууль тогтоо төрийн эрх бүхий байгууллагаас нэхэмжлэгч нарыг цэргийн алба хаасанд тооцож байгаа тохиолдолд дээрх байдлаар нийгмийн даатгалд илүү төлсөн шимтгэлээ хуулийн дагуу буцаан авах хууль ёсны эрхийг нь хязгаарлах, хариуцагч байгууллагаас төлөх, зохих шийдвэр гаргах үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй.
Түүнчлэн Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд Нийгмийн даатгалын байгууллага, өөрийгөө санхүүжүүлэх, нийгмийн даатгалын байцаагч хууль дээдлэх, бусдын нөлөөнд үл автах, даатгуулагч, ажил олгогчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хүндэтгэн хамгаалах зарчим баримтална гэж заасныг зөрчсөн хууль бус үйлдэл гаргасан.
Иймд хуулийн өөрчлөлтөөс шалтгаалж нэхэмжлэгч нарын Гадаадын иргэн, харьяатын байгууллагад 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцсонтой холбогдуулж өмнө нь төлсөн Нийгмийн даатгалын шимтгэлийг алба хаасан хүн бүрт буцаан олгох шийдвэр гаргахаас татгалзсан хариуцагчийн татгалзлыг хууль бус болохыг тогтоож, дээрх хугацаанд төлсөн шимтгэлийг буцаан олгохыг хариуцагчид даалган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр нэхэмжлэлийн шаардлагаа тодруулахдаа: “Нэхэмжлэгч Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нар жирэмсэний амралтаа авч тодорхой хугацааны төлбөрийг буцаан авах үндэслэлгүй тул жирэмсэний амралттай байсан хугацааг хасч тооцон бусад хугацаанд төлсөн шимтгэлийг буцаан олгохыг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригт шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Хил хамгаалах байгууллагад ажиллаж байсан хилийн цэргийн албан хаагчдыг 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу Гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлэн ажиллуулсан.
Гадаадын иргэн, харьяатын байгууллага нь ажилтнуудаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасны дагуу нийгмийн даатгалын албан журмын даатгалд хамруулж мөн хуулийн 15 дугаар зүйлд заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл тооцож, сар бүр тайлагнан төлж хуулийн дагуу ажиллаж байсан байна.
Мөн улмаар 2016 оны 12 дугаар сарын 18-ны өдөр баталсан Монгол Улсын Хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасанд тооцно” гэж хуульчилсан байдаг.
Дээрх хуулийн заалт нь энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасанд тооцох талаар л хуульчилсан байна.
Мөн нийгмийн даатгалын тухай хуульд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох талаар хуульчлаагүй бөгөөд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох эрхийг манай байгууллагад хуулиар олгоогүй байна.
Өөрөөр хэлбэл хуулиар эрх олгогдоогүй байхад дур мэдэн энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох шийдвэр гаргах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй юм.
Захиргааны ерөнхий хулуийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., 4.2.1 дэх хэсэгт “хуульд үндэслэх” зарчмыг захиргааны үйл ажиллагаанд баримтална гэж тус тус заасныг баримтлан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Хулан шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын Их хурлаас 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр баталсан Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд оруулан тооцож цэргийн алба хаасны тэтгэвэр тогтоохоор шийдвэрлэсэн байдаг.
Гадаадын иргэн, харьяатын газар нь иргэний байгууллага тул ажилтнуудаа Нийгмийн даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1 дэх заалтын дагуу нийгмийн даатгалын албан журмын даатгалд хамруулан, сарын хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос мөн хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, 15.5 дахь хэсэгт заасан хувь хэмжээгээр нийгмийн даатгалын шимтгэл тооцон, сар бүр тайлагнан, төлж байгаа нь хуулийн дагуу хийгдэж байна.
Нийгмийн даатгалын тухай хуульд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох талаар хуульчлаагүй бөгөөд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох эрх хуулиар олгоогүй байна.
Иймд энэхүү хүсэлтэд гаргасан Гадаадын иргэн, харьяатын газарт ажиллаж байгаа даатгуулагчдад нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан өгөх боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У.М нарын нэр бүхий 73 иргэнээс Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдуулан гаргасан “Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгч нарын 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанд төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хуриуцагчид даалгах” тухай нэхэмжлэл гаргажээ.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн шүүх хуралдаан дээр иргэн Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.Урантуяа, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг “Нэхэмжлэгч Э.Хулан-Үжин, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын жирэмсэний амралттай байсан хугацааг хасч тооцон бусад хугацаанд төлсөн шимтгэлийг буцаан олгохыг хариуцагчид даалгуулах” гэж өөрчилсөн байна.
Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 2543 дугаар захирамжаар Хан-Уул дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийг хамтран хариуцагчаар татан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч иргэд 2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр батлагдсан Хилийн боомтын тухай хуулийн дагуу хил хамгаалах байгууллагаас Гадаадын иргэн харьяатын газарт , 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Монгол Улсын хилийн тухай хуулийн дагуу хил хамгаалах байгууллагад буцан шилжин ажиллажээ.
Хэргийн оролцогчид нэхэмжлэгч нарын төлсөн шимтгэлийн хэмжээ, цэргийн байгууллагаас энгийн байгууллагад шилжин ажилласан хугацааны талаар маргаагүй тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.“ гэж зааснаар дээр дурдсан асуудлаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзлээ.
Харин нэхэмжлэгч нар “...2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно.” гэж заасны дагуу энгийнээр ажиллах үед төлсөн нийгмийн даатгалын шимтгэлийн буцаан авах эрхтэй...” гэж, хариуцагч “...хуулийн заалт нь энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцох талаар хуульчилсан ... Нийгмийн даатгалын тухай хуульд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох талаар хуульчлаагүй бөгөөд энгийнээр ажиллан нийгмийн даатгалын шимтгэл төлсөнг буцаан олгох эрхийг манайд байгууллагад хуулиар олгоогүй ...” гэж тус тус мэтгэлцэж байна.
Иймд шүүх, нэхэмжлэгч нарыг хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжин энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ албан хаасанд тооцсоноор тэдгээрийн нийгмийн даатгалд төлсөн шимтгэлийг буцаан олгох үндэслэлтэй эсэхийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд, энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж хэргийг шийдвэрлэсэн болно.
Хэрэгт авагдсан нэхэмжлэгч иргэдийн нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлан зэргээр нэхэмжлэгч нар 2014 оны 04 дүгээр сараас 2017 оны 01 дүгээр сарыг дуустал хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн болох нь тогтоогдож байна.
2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр батлагдсан Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйлд “2013 оны 12 дугаар сарын 26-ны өдөр баталсан Хилийн боомтын тухай хуулиар хил хамгаалах байгууллагаас гадаадын иргэн, харьяатын байгууллагад шилжүүлсэн хилийн цэргийн алба хаагчдын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцно.” гэж заажээ.
Хуулийн дээрх заалтын дагуу нэхэмжлэгч иргэдийн 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл энгийнээр ажилласан хугацааг цэргийн жинхэнэ алба хаасанд тооцсон учир нэхэмжлэгч нарын эрх зүйн байдлыг илүү нарийвчлан зохицуулсан Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийг энэхүү маргаанд хэрэглэх нь зүйтэй байна.
Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд ”Цэргийн тэтгэвэр, тэтгэмжийг улсын төсвөөр санхүүжүүлнэ. Санхүүжилтийг нийгмийн даатгалын санд шилжүүлэх журмыг Засгийн газар тогтооно.” гэж зааснаас үзвэл цэргийн тэтгэвэр тэтгэмжийг санхүүжүүлэх үүрэг нь төрд байна.
Дээрх нөхцөл байдлуудад үндэслэн нэхэмжлэгч иргэдийн энгийнээр ажилласан хугацааг хуулиар цэргийн жинхэнэ алба хаасанд тооцсон учир Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйлд заасны дагуу мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцах нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд тус тус заасан шударга ёс, хууль дээдлэх зарчимд нийцнэ гэж дүгнэлээ.
Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Хулан-Үжин, Ж.Цэрэндулам, Э.Ууганцэцэг, Ө.Саруул, Х.Батцэцэг, Н.Урантуяа, Б.Цолмон, А.Алтантуяа, Э.Төмөртогоо, Б.Гоомарал нарын жирэмсэний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 5 дугаар зүйл, Монгол Улсын хилийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 1 дүгээр зүйл, Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлийг тус тус баримтлан нэхэмжлэгч У.М, Ю.М, Р.Э, З.Х, Э.Х, Р.А, Г.Э, С.Н, Ц.Г, Д.Э, Б.Т, Ц.Э, М.О, Г.М, Б.У, Э.З, Н.Н, Б.У, Ж.Б, Г.Б, М.Ц, Б.Х, Б.Э, Н.Э, Г.Х, Б.Ө, А.О, А.Б, Э.Ц, Б.Т, Ж.Ц, Ц.Т, Б.Г, Б.Х, С.З, Э.У, Б.Г, Д.О, Ж.Б, Ө.С, О.Д, Х.Б, Д.Б, Ч.Т, Н.У, Г.Г, О.М, Ж.Ө, Б.Ц, Б.Г, С.Б, Ж.Д, Х.О, Н.О, Э.Ш, Д.НГ, Б.М, Е.Е, Б.А, Ц.Б, Б.Н, Б.А, Т.О, П.У, А.М, А.А, Л.Б, Б.Ч, Б.Б, Д.Ц, Э.Т, Г.О, Б.Г нараас гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэлд төлсөн төлбөрийг буцаан олгохоос татгалзсаныг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч нарын 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны шимтгэлийг, иргэн Э.Х, Ж.Ц, Э.У, Ө.С, Х.Б, Н.У, Б.Ц, А.А, Э.Т, Б.Г нарын жирэмсэний амралттай байсан хугацааг 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаанаас хасч тооцон бусад хугацаанд төлсөн даатгалын шимтгэлийг буцаан олгох тухай шийдвэр гаргахыг хариуцагчид даалгасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.Д