Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Бямбаагийн Тунгалагсайхан |
Хэргийн индекс | 112/2021/0029/ |
Дугаар | 221/МА2022/0135 |
Огноо | 2022-02-17 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 02 сарын 17 өдөр
Дугаар 221/МА2022/0135
2022.02.17-ны өдөр 221/МА2022/0135
С.Б-гийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн
Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б
Нэхэмжлэгч С.Б
Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч С.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Э
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шаравдорж
Хэргийн индекс: 112/2021/0029/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч С.Б-гаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
2. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4, 7.1.6, 23 дугаар зүйлийн 23.2.3, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 26 дугаар зйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.5 дахь хэсгүүдэд заасныг баримтлан С.Б-гийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хангаж, Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хүчингүй болгож, С.Б-г урьд эрхлэж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар ажилгүй байсан хугацааны 162 хоногийн олговор 10,126,134 /арван сая нэг зуун хорин зургаан мянга зуун гучин дөрвөн/ төгрөгийг аймгийн Засаг даргын Тамгын газраас гаргуулж, түүнээс зохих журмын дагуу нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж үлдсэнийг нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагч Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Б дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гараагүй, нотлох баримтыг үнэлэхдээ ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй хэт нэг талыг барьсан, эргэлзээ бүхий нотлох баримтыг үнэлэхдээ хэрхэн үнэлсэн талаар дурьдалгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашгийг хөндсөн шийдвэр гаргасан.
4. Шүүх дараах үндэслэлээр тус тус дүгнэлт хийж шүүхийн шийдвэрийг ёсчилсон байна. Үүнд:
4.1. Сонсох ажиллагаа явуулсан эсэх, нэхэмжлэгчийн эрх ашиг хөндөгдсөн эсэх, төрийн жинхэнэ албан хаагчийн буюу тухайн албан тушаалд тавигдах тусгай шаардлага ажилласан жил тухайд дүгнэжээ.
4.1.1. Сонсох ажиллагаа: Маргаан бүхий байдлын тухайд сонсох ажиллагааг ажлын хэсэг явуулсан байдаг. Тамгын газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн томилсон ажлын хэсэг буюу ажлын хэсгийн ахлагч Санхүү, төрийн сангийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Б, хүний нөөцийн ажилтан Э.Т, ... нар нэхэмжлэгчийн албан өрөөнд Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.4.3-т заасны дагуу сонсох ажиллагааг биечлэн явуулсан байдаг. Тухайн үед сонсох ажиллагааг явуулах шаардлагагүй гэж нэхэмжлэгчийн зүгээс тайлбарласан ба энэ нь сонсох ажиллагааны тэмдэглэлд бичигдсэн тэр өдрөө нэхэмжлэгч өөрөө ажлын хэсгийг дахин дуудаж нэмж тайлбар гаргасан байдаг бөгөөд тэрхүү тайлбар нь сонсох ажиллагааны тэмдэглэлд мөн тусгагдсан байдаг. Энэ байдлаас үзэхэд нэхэмжлэгч ажлын хэсгийг дахин дуудаж нэмж тайлбар гаргаж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлийн 27.5-д заасан “оролцогч тайлбар, санал гаргах” эрхээ бүрэн хэрэгжүүлсэн нь харагдаж байгаа. Энэ нь шүүх сонсох ажиллагааны тэмдэглэлд туссан тайлбарт үнэлэлт, дүгнэлт өгөлгүй, зөвхөн нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд өгсөн тайлбарт үндэслэсэн нь харагдаж байна. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг үнэлсэн эсэх, үнэлээгүй бол хэрхэн үнэлээгүй талаар дурдаагүй учир дутагдалтай байна.
5. Албан тушаалд тавигдах тусгай шаардлага: Нэхэмжлэгч нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн Б/02 дугаар тушаалаар, аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын албан үүрэг гүйцэтгэгчийн 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар тус тус томилогдсон.
5.1. Аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын ажил, албан тушаал нь ахлах түшмэлийн ТЗ-10 ангилалд хамаарах албан тушаал юм. Энэхүү албан тушаалд тавигдах хуулиар тогтоосон ерөнхий болон тусгай шаардлагууд байдаг. Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй гэдэг нь зөвхөн ажилласан хугацаа биш юм. Шүүх ажилласан жил тогтоосон тусгай шаардлагын тухайд төрийн албанд 8-аас доошгүй ажил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх шаардлагыг Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар тайлбарлаж, дүгнэлт хийсэн нь бодит байдалд нийцээгүй болно.
5.2. Шүүх Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д заасан “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үйл ажиллагааны тусгай зарчмыг баримтална. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-д заасан “Монгол Улсын иргэн төрийн алба хаах адил тэгш боломжоор хангагдах” зэрэг хуулийн заалтыг үндэслэл болгосон атлаа нэхэмжлэгчийн тухайд энэхүү хуулийн заалтыг үндэслэж үнэлэлт, дүгнэлт өгөөгүй учир дутагдалтай байна. Өөрөөр хэлбэл, төрийн алба хаах адил тэгш боломжоор иргэн бүр хангагдах ёстой гэж үзвэл агуулгын хувьд нэхэмжлэгч улс төрийн алба буюу сумын Засаг даргын албыг хашиж байгаад шууд төрийн жинхэнэ алба тэр дундаа ахлах түшмэл буюу хэлтсийн даргын албан тушаалд томилогдсон. Ингэж томилохдоо төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албанд ажилласан хугацаагүй байсан. Ингэж томилогдоод мөн өөр хэлтсийн даргын албан тушаалд шилжин томилогдсон. Иргэн бүр тэгш эрхтэй гэж үзвэл давуу байдлаар ингэж ажил, албан тушаалд ажиллах нь дээрх хуулийн заалттай хэрхэн нийцэж байгаа нь ойлгомжгүй байна.
5.3. Ийнхүү хууль зөрчиж ажилласан хугацааг төрийн албан тушаалд ажилласан жил гэж үзэх эсэх дээр мөн адил хууль зүйн дүгнэлт хийгээгүй байна. Маргаан бүхий ажлын байрны албан тушаалын тодорхойлолтод хяналт, шинжилгээ үнэлгээний чиглэлээр 3-аас доошгүй ажил ажилласан байх тусгай шаардлага нэмэгдсэн байдаг. Энэхүү шаардлагыг нэхэмжлэгч хангаагүй, энэ шаардлагын тухайд шүүх мөн л дүгнэлт хийгээгүй байдаг.
5.4. Төрийн албаны зөвлөлөөс аймгийн Засаг даргын Тамгын газар, мөн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн хяналт шалгалтын тайланг ирүүлж, холбогдох арга хэмжээ авахыг үүрэг болгосон. Энэхүү хяналт шалгалтаар нэхэмжлэгчийг нэг хэлтсийн даргаас өөр хэлтсийн даргад 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдөр шилжүүлэн томилоход нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянуулаагүй. Мөн Төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон байх тул томилсон шийдвэрийг Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох талаар заасан байдаг.
5.5. Аймгийн Засаг даргын Тамгын газар буюу ажил олгогчийн зүгээс энэхүү Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг хэрэгжүүлсэн гэж үзэж байгаа бөгөөд шүүх Төрийн албаны зөвлөлийн дээрх хяналт шалгалтын тайлан, тогтоолын тухайд мөн адил дүгнэлт хийгээгү байна.
6. Иймд нотлох баримтыг хуулийн дагуу үнэлээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангаж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч С.Б-гаас Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан “...2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах”-аар нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан байна.
3. Анх нэхэмжлэгч нь Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн “С.Б-г түр орлон гүйцэтгэгчээр томилох тухай” Б/41 дүгээр тушаалаар ажлын зайлшгүй шаардлагыг үндэслэн харилцан тохиролцсоны дагуу Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Б-г “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга”-ын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр шилжүүлэн томилогдож, улмаар Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанд хийсэн хяналт шалгалтын тайлан /2019.01.01-2019.10.30 шалгаж/, шалгалтыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хийсэн байх бөгөөд уг тайлангийн 4 дүгээр хүснэгтэд Засаг даргын Тамгын газарт хууль бусаар томилогдсон албан хаагчдын судалгааны 8 дахь хэсэгт “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч “Байгальмааг 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн Б/41 дүгээр тушаалаар томилогдсоныг “Төрийн албаны ерөнхий болон тусгай шалгалт өгөөгүй тул төрийн албанд хууль бусаар томилогдсон гэж үзнэ” гэж дүгнэж, “... төрийн албаны шалгалт өгөөгүй томилогдсон С.Б, ... нарын албан тушаалд томилсон шийдвэрийг Төрийн албаны тухай хууль, холбогдох хууль тогтоомжид нийцүүлэн хүчингүй болгох”-оор зөвлөмжийг өгч, улмаар хариуцагчаас маргаан бүхий 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн “С.Б-г ажлаас чөлөөлөх тухай” Б/27 дугаар тушаалаар “Албан тушаалын тодорхойлолтод заасан тусгай шаардлага хангаагүй Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Сүхээгийн Байгальмааг 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн үүрэгт ажлаас нь чөлөөлж”, үүний дараагаар мөн даргын 2021 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн Б/33 дугаар тушаалаар Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр гуравдагч этгээд Л.Х-нийг томилсон байна.
4. Төрийн албаны тухай хуулийн 5 дугаар бүлэгт төрийн албан тушаалд тавигдах шаардлага, 6 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албан тушаалд томилох журам, 7 дугаар бүлэгт төрийн жинхэнэ албаны шалгалтын талаар нарийвчлан зааж, эдгээр харилцааг зохицуулсан бөгөөд ийнхүү хуульд заасан журмын дагуу томилогдсон иргэн мөн хуулийн 36 дугаар зүйлийн 36.1-д заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөснөөр төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг эрхийг эдэлж, нэмэлт баталгаагаар хангагдах боломжтой.
4.1. Нэхэмжлэгч С.Б-гийн хувьд Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилохдоо төрийн албаны тусгай шалгалт өгөөгүй, төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөөгүй, өмнө нь төрийн албанд ажиллаж байхдаа Төрийн албаны зөвлөлийн 2019 оны 14, 15 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ыг тус тус зөрчиж томилогдсон нь хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд, талуудын тайлбараар тогтоогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс эдгээр үйл баримтыг үгүйсгэж маргаагүй.
4.2. Харин маргаан бүхий актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “... миний хөдөлмөрлөх эрх, өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх, улсад 32 жил, үүнээс төрийн албанд 22 жил ажилласан, хяналт шалгалтыг үндэслэж ажлаас чөлөөлөхгүй, ... тусгай шаардлагыг харж үзэх ёстой..., ажлаас чөлөөлөхөд тусгай шаардлага байхгүй, тусгай шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлж байгаа нь үндэслэлгүй..., сонсох ажиллагаа явуулаагүй” гэж, хариуцагчаас “... төрийн хяналт шалгалтын дүгнэлт, зөвлөмжийн үндэслэн хууль бус томилгоотой бүх албан тушаалтнуудыг чөлөөлсөн, нэхэмжлэгчийн хувьд 2018 онд ажил томилогдсон боловч 2018-2020 онд төрийн албаны ерөнхий шалгалтыг нэг удаа өгсөн боловч тэнцээгүй, ... 2020 оны 3 дугаар сард тэнцсэн байдлаар энэ нөхцөл үргэлжилсэн, одоо ерөнхий шалгалтад тэнцээд тусгай шалгалтын шаардлагыг хангаагүй, .. хариуцагчийн зүгээс улсын төржсөн байдлаар нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн үйл ажиллагаа явуулаагүй ...” гэж маргаж байна.
4.3. Маргаан бүхий актын нэг үндэслэл болсон Төрийн албаны тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2.5-д “Хуульд заасан бусад үндэслэл” гэсэн нь төдийлөн хамааралтай заалт биш боловч түүнд төрийн албаны болзол, шаардлагыг хангаад төрийн албанд эргэж орох эрхийг нь нээлттэй үлдээжээ гэж дүгнэхээр байх тул нэхэмжлэгчийн Үндсэн хуулиар олгогдсон хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн гэх агуулгаар нэхэмжлэлээ дэмжиж тайлбар гаргаж байгааг хүлээн авч, нэхэмжлэлийг хангах боломжгүй.
4.4. Учир нь Засгийн газрын 2019 оны “Төрийн захиргааны албан тушаалын ангилал, зэрэглэл, жагсаалт батлах тухай” 275 дугаар тогтоолын хавсралтаар аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтсийн даргын албан тушаал нь ахлах түшмэлийн ТЗ-10 зэрэглэлд хамаарах албан тушаал байх тул нэхэмжлэгчийн эрхэлж байсан “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ийн албан тушаал нь Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3-д “ахлах түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 8-аас доошгүй жил, үүнээс дэс түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” гэж заасанд хамаарч, энэ шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч С.Б-г ажлаас чөлөөлснийг буруутгах боломжгүй.
4.5. Тодруулбал, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлд төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд хуульд заасны журмын дагуу уг орон тоог нөхөхөөр зохицуулсан. Ингэхдээ мөн хуулийн 27.1.1-д “....шатлан дэвших зарчмын дагуу төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл энэ хуулийн 16.1-д заасан удирдах албан тушаалтны нөөцөд байгаа иргэдээс”, 27.1.2-т ”... тухайн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас, эсхүл холбогдох бусад төрийн байгууллагад ажиллаж байгаа төрийн албан хаагчдаас”, 27.1.3-д “... сул орон тоог энэ хуулийн 27.1.2-т заасны дагуу нөхөх боломжгүй бол төрийн албан хаагчийн нөөцөд байгаа иргэдээс”, 27.1.4-д “Энэ хуулийн 27.1.3-т заасны дагуу нөхөх боломжгүй бол нээлттэй сонгон шалгаруулалт зарлах” гэж тус тус заасан. Нэхэмжлэгч хуулийн эдгээр урьдач нөхцөлийг зөрчиж “Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч”-ээр ажиллаж байсан нь хяналт шалгалтын тайлан, зөвлөмжөөр тогтоогдсоноос гадна, холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн байхад анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй.
4.6. Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл, заалтын урьдчилсан нөхцөл шаардлага хангаагүй, тухайн албан тушаалд томилогдох боломжгүй, уг ажлын байранд нэхэмжлэгчийг эгүүлэн тогтоох үндэслэлгүй тул хариуцагчийг Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасныг зөрчсөн гэж үзэхгүй тул энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт буруу.
5. Түүнчлэн, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1-д тус тус зааснаар захиргааны байгууллагын гаргах гэж буй шийдвэрийн улмаас гагцхүү эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж байгаа этгээдэд тухайн актын эрх зүйн үр дагаврыг танилцуулж, ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, сонсох ажиллагаа явуулах зохицуулалттай. Хариуцагчаас ажлаас чөлөөлөх тушаалын төслийн талаар 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр явуулж, сонсох ажиллагааны тэмдэглэл хөтөлсөн бөгөөд нэхэмжлэгчээс хүсэл зоригоо илэрхийлж, “...сонсох ажиллагааны тэмдэглэлтэй танилцахгүй, гарын үсэг зурахгүй...” гэснийг тэмдэглэж, хариуцагч тодорхой хэмжээнд мэдээлсэн гэж үзэхээр боловч сонсох, мэдэгдэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу хэрэгжүүлээгүй байна. Гэвч энэ нь маргаан бүхий актыг хүчингүй болгож, С.Б-г өмнө эрхэлж байсан ажилд нь эгүүлэн тогтоох шаардлагыг хангах үндэслэл болохгүй.
5.1. Тухайн хэргийн хувьд маргаан бүхий акт нь нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг зөрчсөн эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөхөд нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг тодорхойлсны үндсэн дээр түүний төрийн жинхэнэ албан хаагчийн хуулиар хамгаалагдсан нийтлэг шаардлагыг хангасан эсэхэд дүгнэлт өгөх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... нэхэмжлэгч нь гуравдагч этгээдээс илүү чадахуйц зарчмын хүрээнд ажлын байранд тавигдах шаардлагыг хангасан...” гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй юм.
6. Иймд анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн буруу тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 48 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2, 23.2.3, 27 дугаар зүйлийн 27.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч С.Б-гийн Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “... 2021 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн Б/27 дугаар тушаалыг хууль бус болохыг тогтоон хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан аймгийн Засаг даргын Тамгын газрын Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эгүүлэн тогтоолгож, шүүхийн шийдвэр гарах хүртэлх ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, эрүүл мэндийн даатгал болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангасугай
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д заасны дагуу хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН