Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 08

 

 

Ч.Б, Б.Т нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай   

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Х.Байгалмаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар;

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00093 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ч.Б нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *** холбогдох,

Багажны сарайны өмчлөх эрх сэргээлгэх тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эгийн гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э, хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М, шүүх хуралдааны нарийн бичгийн Б.Баярмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Б, Б.Т нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 1970-2010 он хүртэл Замын 4 дүгээр ангид засварын газрын даргаар 40 жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Замын-Үүдэд байгаа том тэрэгний граш 1 ширхэг, 3 хаалгатай багажны сарай 1 ширхэг, 1 хаалгатай бензин тос  агуулдаг  сарайг  1995  онд  Замын 4-р ангиас  худалдаж авсан.  Тухайн  үед төлбөрийг нь шууд төлж барагдуулж байсан. Тэр үед  сарайнуудыг хэрэглэдэггүй, гахай, нохойны үүр, архичдын байр байсан. Би худалдаж аваад Замын-Үүдэд амьдардаг хүү Т, бэр Э нар нь байрлах хашаа байшин, орон сууцгүй гэхэд нь өгсөн юм. Сүүлд 2000-2001 оны үед Г гэдэг даргатай, нягтлан бодогчоор нь Э нарыг ажиллаж байх үед Т, Э нар нь худалдаж авсан, Замын 4-р ангийн блансаас хасагдсан, энэ хоёр хүнтэй ямар нэг тооцоо байхгүй гэсэн Барилга байгууламж худалдсан тухай албан тоот хийлгүүлж авсан. 22 жил болсоны дараа эргээд бид нараас нэхээд байгаад гайхаж байна. Миний худалдаж авсан багажны сарайг 1975 онд замчдын хүчээр бетонноор цутгаж тал тоосго, чулуугаар барьсан юм. Манай бэр Д.Э нь 2013 онд газрын гэрчилгээг гаргуулах гээд Засаг даргад хандтал зөвшөөрөл олгоогүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд хандтал УБТЗ-ын харъяа Сайншанд суман дахь Төмөр замын  4 дүгээр анги нь худалдан авсан гражийг “...өнөөдрийн байдлаар Замын 4-р хэсгийн автомашины граж тус ангийн дансанд бүртгэлгүй байгаа болно” гэсэн буюу гражийн талаар маргаагүй. Харин багажны сарайнуудыг “...худалдан борлуулж шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй байгаа болно” гэж Захиргааны хэргийн шүүхэд маргасан. Үнэн хэрэгтээ бол би тус байгууллагын засварын даргаар ажиллаж байхдаа 100 000 төгрөгөөр худалдан авч цалингаасаа суутгуулж төлсөн. 2014 он буюу шүүхэд хандах хүртэл Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд сум дахь 11 дүгээр хэсэг нь  нэг ч удаа багажны сарайнуудын эзэмших, ашиглах эрхийн талаар болон газар чөлөөлүүлэх талаар шаардлага тавьж байгаагүй мөртлөө одоо манай хөрөнгө хэмээн маргаан үүсгэж байгаа нь үндэслэлгүй юм. Анх 1956 онд Замын-Үүд суманд төмөр зам тавигдаж барилга байгууламж баригдаж эхэлсэн ба анх баригдаж байсан гэх сарайнуудыг модоор л барьж бжайсан. Тэр үед баригдаж байсан банзан модон сарайтай андуураад байгаа юм болов уу. Миний хувьд үнэхээр өөрөө удирдаж 1975 онд замчдын хүчээр бетонноор цутгаж тал тоосго, чулуугаар бариулж байсан. Худалдаж авахдаа дүрэм журмынх нь дагуу худалдаж аваад төлбөрийг суутгуулж, барагдуулсан. Иймд миний зүгээс уг багажны сарайг хууль ёсоор УБТЗ-ын 4 дүгээр ангийн 2001.03.08-ны 40/13 тоот барилга байгууламж худалдсан тухай албан тоотоор эзэмшиж ашигласаар ирсэн тул нэн тэргүүнд өмчлөх эрхтэй бөгөөд өмчлөгчөөр тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: 1. Нэхэмжлэгч Д.Э нь УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн харъяа Замын 11-р хэсгийн граж, багажны сарайнуудыг 1995.09 дүгээр сард 100000 төгрөгөөр худалдан авч, 1995 оноос хойш тасралтгүй ашиглаж байна гэж нэхэмжлэлдээ дурдсан байна. Гэтэл уг хөрөнгө нь дурдсан хугацаанаас өнөөдрийг хүртэл Замын 4-р ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа бөгөөд Замын 11-р хэсгийн Эд хариуцагч буюу мастерийн мэдэлд бүртгэгдсээр ирсэн. 1998 он хүртэл Замын 11-р хэсгийн ажилтнууд тус сарайнд багаж, хэрэгслээ хадгалдаг, өглөө бүр ажилтнууд зааварчилгаа авч ажилдаа гардаг байсан тул нэхэмжлэгчийн тавьж буй шаардлага үндэслэлгүй юм.

2. УБТЗ-ын эд хөрөнгийг актлах буюу худалдан борлуулж, бусдад шилжүүлэх тохиолдолд салбар байгууллага тухайн хөрөнгийн талаарх саналаа гаргаж, Монгол-Зөвлөлтийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэмийн 17 дугаар зүйлийн “д”-д заасны дагуу УБТЗ нийгэмлэгийн Ерөнхий хорооны хурлаар хэлэлцүүлдэг. Уг хурлаас зөвшөөрсөн тохиолдолд хурлын протокол гарч, протоколыг үндэслэн Замын даргын тушаал гарсаны үндсэн дээр үндсэн хөрөнгө данснаас хасагддаг. 1968 онд батлагдсан Монгол-Зөвлөлийн хувь нийлүүлсэн УБТЗ нийгэмлэгийн дүрэмийн 17-р зүйлд “Ерөнхий хороо нь нийгэмлэгийн тухайн үеийн үйл ажиллагааг ерөнхийд нь удирдах бөгөөд дор дурьдсан үүргүүдийг биелүүлнэ”, 17-р зүйлийн “д”-д “хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах, түүнчлэн нийгэмлэгийн нэрийн өмнөөс мөнгөн хөрөнгө зээлэх талаар холбогдох шидйвэрүүдийг гаргана”, мөн дүрмийн 22-р зүйлийн “в”-д “...тэгэхдээ нийгэмлэгийн хөрөнгийг шилжүүлэх, борлуулах, данснаас хасах явдлыг нийгэмлэгийн Ерөнхий хорооноос энэ тухай шийдвэр гаргасны дараа сая гүйцэтгэнэ” гэж тус тус заасан. Гэтэл энэхүү маргаан бүхий хөрөнгийг акталсан протокол болон Замын даргын тушаал, шийдвэр гараагүй болно.

3. Мөн 1998 оныг хүртэл уг багажны сарайг Замын 11-р хэсгийн замын багаж техникийг хадгалахад болон Замчид, бусад ажилтнууд зааварчилгаа авах зориулалтаар ашиглаж байгаад 1998 онд шинээр базоклоткийн байр  баригдсанаар ашиглахаа больсон тул Ч.Б нь уг барилгыг 1995 онд худалдан авч Д.Э тэр үеэс хойш ашиглаж байгаа гэдэг нь үндэслэлгүй байна.

4. Нэхэмжлэгч талын гаргаж өгсөн бичгийн нотлох баримтуудад дутагдалтай зарим зүйл байна. Тухайлбал Замын-Үүд өртөөний 2014.05.14-ний 52/158 тоот албан бичгээр өртөөний орлогч дарга Ш.Б “...Замын-Үүд өртөөнөөс зам сум тал руугаа 100 гаруй метрийн зайд  баригдаж байгаа бетонон хашаа бүхий барилга нь УБТЗ-ын 11-р ангийн үндсэн хөрөнгөөс хасагдсан нь үнэн болно” гэж тодорхойлсон байна. Замын-Үүд өртөө, замын 4-р анги нь УБТЗ-ын бие даасан салбар байгууллагууд бөгөөд дээрх маргаан бүхий хөрөнгө нь УБТЗ-ын Замын 4-р ангийн үндсэн хөрөнгө юм. Мөн Замын 11-р анги гэдэг байгууллага УБТЗ-д байхгүй. Ш.Баас энэ талаар тодруулахад Б.Т нь Замын-Үүд өртөөний жолооч бөгөөд өөрөө гуйж энэ албан бичгийг бичиж гарын үсэг зуруулсан. Өөр ямар нэг баримт бүртгэлд үндэслэж уг бичгийг бичээгүй гэж тайлбарласан. Мөн 2001.03.08-ны 40/15 тоот албан бичигт: Багажны сарай, гражийг Ч.Бад шилжүүлсэн тухай албан бичигт тухайн үеийн дарга С.Г, Ерөнхий нягтлан бодогч нарын гарын үсэг биш байх тул нотлох баримтыг дээрх байдлаар хуурамчаар бүрдүүлсэн байж болзошгүй гэсэн таамаглалыг үүсгэж байна. 

5. Нэхэмжлэлд дурьдсан эд хөрөнгийн бүртгэлийн алдаа, буруутай бүртгэгдсэн талаарх мэдээллүүд нь маргаан шийдвэрлэхэд эрх зүйн ач холбогдолгүй гэж үзэж байна.

Ч.Бийн 1995 онд худалдан авч, 20 жил ашигласан гэх багажны сарайг 1998 он хүртэл УБТЗ-ын Замын 4-р ангийн харъяа Замын 11-р хэсэг ашиглаж байсан. Мөн Ч.Бад уг хөрөнгийг шилжүүлсэн, худалдсан гэрээ баримт бичиг байхгүй, эд хөрөнгийн бүртгэлээс хасаж актлахыг зөвшөөрсөн УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Ерөнхий хороо болон Замын даргын шийдвэр гараагүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй  болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М шүүхэд гаргасан тайлбартаа: Эдгээр хүмүүс нь Замын 4 дүгээр ангитай ямар нэг гэрээ хэлэлцээр байгуулаагүй. Хэрвээ үнэхээр хууль ёсны дагуу өмчлөх эрх нь нэхэмжлэгч талд шилжсэн гэж үзэх байсан юм бол Улаанбаатар төмөр замын хувь нийлүүлсэн нийгэмлэгийн дүрмийн дагуу акт, протокол, тушаал шийдвэр гарсан байх ёстой юм. Гэтэл ямар нэг тушаал шийдвэр, акт гараагүй учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Мөн энэ үндсэн хөрөнгүүд нь Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл дээр бүртгэлтэй байгаа. Улаанбаатар төмөр замын хөрөнгүүд, газар нь эзэмших ашиглах эрхтэйгээр явж байдаг тул Төрийн болон Орон нутгийн өмчийн тухай хуулиар улсын бүртгэл дээр бүртгэдэггүй журамтай. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Ч.Б, Б.Т нарын нэхэмжлэлтэй хариуцагч * *** холбогдох багажны сарайнуудын өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ... шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, түүний өмгөөлөгч нар шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Б нь 1995 оны 9 дүгээр сард УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн Замын-Үүд дэх 11 дүгээр хэсгийн ашиглагдахаа больсон хуучин автомашины граш, бетонноор цутгаж барьсан 3 хаалгатай багажны сарай, блок, тоосгоор өрж барьсан 1 хаалгатай багажны сарайнуудыг худалдан авч, 2001 онд “Барилга байгууламж худалдсан тухай” албат тоот хийлгэн авч, 2013 онд газрын гэрчилгээг гаргуулах гэтэл зөвшөөрөл олгоогүй бөгөөд Захиргааны хэргийн шүүхэд хандтал УБТЗ-ын харъяа Сайншанд сум дахь Замын 4 дүгээр анги нь худалдан авсан багажны сарайнуудыг “...худалдан борлуулж шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа болно” гэж үндсэн хөрөнгийн бүртгэлийг эх хувиар нь хүргүүлэн маргаан үүсгэсэн байдаг.

Нэхэмжлэгч Б нь УБТЗ-ын Замын 4-р ангид Засварын газрын даргаар ажиллаж байхдаа нэг дор байрлалтай граш болон бетонн багажны сарайнуудыг УБТЗ-ын Замын 4-р ангиас худалдан авч төлбөрийг нь цалин дээрээсээ төлж, худалдан авсан граш болон багажны сарайнуудыг хүлээн авч өнөөдрийг хүртэл буюу 22 жил эзэмшиж ашигласаар ирсэн ба УБТЗ-ын харъяа Замын 4-р анги нь тухайн үедээ түүнийг нотлох “Барилга байгууламж худалдсан тухай” 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичиг үйлдэн багажны сарайнуудыг хүлээлгэн өгсөн байдаг. Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан нь хэрэгт авагдсан “Барилга байгууламж худалдсан тухай” албан тоотоор нотлогддог.

Иргэний хуулийн  84 дүгээр зүйлийн 84.3-т “Газар, түүнээс салмагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөд хамаарна гэж хуулинд заасан боловч худалдан борлуулагдсан багажны сарайнуудын хувьд үл хөдлөх эд хөрөнгө мөн гэж үзэхэд эргэлзээтэй. УБТЗ-ын харъяа Замын 4-р анги Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.5-т зааснаар газар ашиглах эрхтэй байх ба газрыг нь ашиглаж байх үедээ багажны сарайнуудыг түр зуурын хэрэгцээгээ хангах зорилгоор барьсан буюу хариуцагч талын мэдүүлснээр багаж хадгалдаг байсан гэдэг бөгөөд газартай салшгүй бэхлэгдсэн ч түр зуурын хэрэгцээгээ хангах зорилгоор баригдсан багажны сарааны хувьд газрын бүрдэл хэсэг болж чадахгүй юм. Энэ тохиолдолд багажны сарааны хувьд бүрдэл хэсэг бус харин биеэ даасан хөдлөх эд хөрөнгө болно. Хөдлөх эд хөрөнгө эзэмших, өмчлөхөд зөвхөн тухайн эд хөрөнгийг эд хөрөнгө олж авч буй этгээдийн эзэмшилд шилжүүлэхэд хангалттай. Иймд хуульд зааснаар өмчлөх эрх шилжсэн гэж үзнэ.

УБТЗ-ын харъяа Замын 4-р анги нь тухайн үедээ гэрээний үүргээ биелүүлж багажны сарайнуудыг нэхэмжлэгчдийн эзэмшил, өмчлөлд шилжүүлжээ. Иймд шийдвэрийн үндэслэх хэсгийн “...уг багажны сарайнуудыг хөдлөх эд хөрөнгө гэж үзэх үндэслэлгүй байна” гэсэн нь няцаагдаж байна.

Үндэслэх хэсгийн “...уг сарайнууд бидний өмч гэж мэдүүлж байгаа боловч уг сарай эдгээр хүмүүсийн өмч мөн гэдгийг ямар ч гэрч гэрчилдэггүй” гэжээ. Гэтэл хх-6-р хуудсанд авагдсан УБТЗ-ын харъяа Замын 4-р ангийн 2001.03.08-ны 40/13 тоот “Барилга байгууламж худалдсан тухай” албан тоот, хх-156-157-р хуудсан дахь нэхэмжлэгч Б, хх-20-р хуудсан дахь гэрч Г.Э, хх-102-р хуудсан дахь гэрч Ч.Х, хх-115-р хуудсан дахь гэрч Б.Э, хх-84 дүгээр хуудсан дахь  гэрч Ц, хх-81-р хуудсан дахь  гэрч Т, хх-82 дугаар хуудсан дахь гэрч Г, хх-190 дүгээр хуудсан дахь гэрч О нарын мэдүүлгүүдээр багажны сарайнууд нь худалдан борлуулагдаж нэхэмжлэгч нар нь эзэмшиж байсан нь нотлогдож байна.

Үндэслэх хэсгийн “...нотлох баримтуудаар уг сарайнууд нь одоог хүртэл УБТЗ-ын өмч бөгөөд үндсэн эд хөрөнгийн жагсаалтанд бүртгэлтэй болох нь тогтоогдож байна гэжээ. Гэтэл УБТЗ-ын харъяа Сайншанд сум дахь Замын 4 дүгээр анги нь худалдан авсан багажны сарайнуудыг “...худалдан борлуулж шилжүүлээгүй бөгөөд өнөөдрийн байдлаар тус ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй байгаа болно” гэж хэрэг хх-8 дугаар хуудсанд авагдсан “Албан бичгийн хариу хүргүүлэх тухай” 2014.05.15-ны 58\260 тоотоор үндсэн хөрөнгийн бүртгэл, хх-18 дугаар хуудсанд авагдсан “Хүсэлт тавих тухай” 2014.06.13-ны 58\320 тоотоор хавтаст хэргийн 21-26-р хуудсанд авагдсан үндсэн хөрөнгийн бүртгэлүүдийг “...Дээрх баримтууд нь санхүүгийн үндсэн баримт тул актаар хүлээн авч хүлээлгэн өгнө үү” гээд үндсэн хөрөнгийн бүртгэлүүдийг эх хувиар нь хүргүүлэн маргаан үүсгэсэн байдаг ба шүүхийн архивын хуулбар үнэн гэж баталгаажуулсан нотлох баримтаар хэрэгт авагдсан байгаа. Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016.12.13-ны өдрийн ...магадлалаар ИХШХШТХ-ийн 44-р зүйлийн 44.2-т зааснаар “Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө” гэсэн шаардлага хангаагүй гэдэг үндэслэлээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосонтой холбогдуулан хариуцагч тал анх маргаан үүсгэсэн үндсэн хөрөнгийн бүртгэлүүд болох 2014.05.15-ны 58\260 тоот, 2014.06.13-ны 58\320 тоотоор хүргүүлсэн нотлох баримтуудыг устгагдсан гэдэг үндэслэлээр гаргаж өгөлгүй хх-135-145-р хуудсанд авагдсан 2013-2016 оны үндсэн хөрөнгийн бүртгэлүүдийг гаргаж өгсөн байдаг. Иттгэмжлэгдсэн төлөөлөгч би 1-р хавтасны 21-26-р хуудсанд авагдсан үндсэн хөрөнгийн бүртгэлүүдийг эх хувиар нь гаргуулах хүсэлт гаргасантай холбогдуулан шүүгчийн захирамжаар гаргуулахаар даалгасан боловч Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”-ийг устгагдсан гэдэг үндэслэлээр хэрэгт гаргаж өгөөгүй мөртлөө шүүх хурал дээр хэрэг 2-р хавтаст хэргийн 178-р хуудсанд авагдсан 2014.04.01-нээс 2014.04.30-ны “Үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй бүртгэл”-ийг хуурамчаар шинээр үйлдэн хэрэгт хавсаргасан байдаг ба шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон нь ИХШХШТХ-ийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заалт “... үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэсэн хуулийн заалт зөрчигдсөн. Хариуцагч тал өөрт олгогдсон эрхийнхээ дагуу 2013-2016-ны үндсэн хөрөнгийн бүртгэлийг шинэчлэн нотлох баримтаар гаргаж өгч шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон боловч талуудын хооронд тэртээ 22 жилийн өмнө худалдах худалдан авах гэрээ байгуулагдаж, өмчлөх эрх нь шилжсэн өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нар нь багажны сарайг хууль ёсоор өмчлөлдөө авсан тул УБТЗ-ын харъяа Замын 4-р анги шаардах эрхгүй юм.

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтанд бүрэн дүүрэн үнэлэлт дүгнэлт өгөлгүй хэт нэг талыг барьж өрөөсгөл шийдвэр гаргасан ба үндэслэх хэсэгт “...уг сарайнууд нь нэхэмжлэгч нарын өмч гэдэг нь нотлогдохгүй байна” гэдэг ба тоосгоор өрж барьсан 1 хаалгатай багажны сарай буюу шатах тослох материалын агуулахын хувьд угаасаа тус ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл дээр байхгүй бүртгэгдээгүй байх ба байхгүй байгаа объектийг шүүх яаж үнэлсэн нь ойлгомжгүй байдаг мөн энэ олон жилийн хугацаанд УБТЗ-ын Замын 4 дүгээр анги болон Замын-Үүд сум дахь 11 дүгээр хэсгийн дарга удирдлага, мастерууд нэг ч удаа багажны сарайнуудын өмчлөх эрхийн талаар болон чөлөөлүүлэх талаар маргаан гаргаж байгаагүй. Харин Замын-Үүд сумын Газрын албанаас газрын зөвшөөрөлгүй, буулга, газар чөлөөл гэсэн шаардлага тавьж, мэдэгдэл өгдөг байсан. Иймд дээрхи үндэслэлүүдээр хэргийг бүхэлд нь хянаж үнэн зөв шийдэж өгнө үү гэжээ.   

 

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М давж заалдах шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч талын нотлох баримтын үндэслэл болгосон 2001 оны 3 сарын 8-ны өдрийн 40/13 тоот барилга байгууламж худалдсан тухай Замын 4 дүгээр ангийн албан бичиг нь бичиг баримтын стандартын шаардлагыг хангадаггүй. Замын 4 дүгээр ангийн дарга Гын нэр дээр орлогч дарга О гарын үсгээ зурсан байдаг. Мөн 3 сарын 8 буюу нийтээр амрах баярын өдөр үйлдэгдсэн байдаг. Иймд нотлох баримтаар үнэлэхэд учир дутагдалтай гэж үзэж байна. Мөн УБТЗ-ын Замын 4 дүгээр анги болон иргэн Ч.Бын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулсан эсэх талаар нотлох баримт байдаггүй. Уг хөрөнгө нь одоо ч УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй байна. Нэхэмжлэгч багажны сарайг хөдлөх хөрөнгө гэж маргасан боловч уг хөрөнгө нь УБТЗ-ын дансанд бүртгэлтэй, Иргэний хуулийн 84 дүгээр зүйлийн 84.3 дахь хэсэгт зааснаар үл хөдлөх эд хөрөнгөд хамаарч байна. Ч.Б нь дүрэм журмын дагуу худаллдаж аваад цалингаасаа суутгуулж төлбөрийг барагдуулж байсан гэдэг боловч энэ нь нотлогддоггүй. Үүнд 1-рт төлбөр төлсөн талаар ямар ч баримт байхгүй, гэрч Цийн мэдүүлэг, гэрч Хгийн мэдүүлэг зэрэгт цалингаас суутгуулсан байх л гэж мэдүүлсэн байдаг. 2-рт гэрч В.С, Д.Сандаг нарын м эдүүлгээр 1996, 1998 онуудад ажлаа хүлээлгэн өгөхөд багажны сарай бүртгэлтэй байсан гэх барилга байгууламжийн хийц, хэмжээсийн 2016 оны бүртгэл, 2013-2015 он хүртэлх хөрөнгийн тооллогын бүртгэл, 2002 оны 10 сарын 31-ний өдрийн Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл, 2003 оны Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэл зэрэг нотлох баримтаар уг багажны сарайнууд нь УБТЗ-ын өмч гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

                                               ХЯНАВАЛ:

 

Нэхэмжлэгч Ч.Б, Б.Т нар нь хариуцагч * УБТЗ-д холбогдуулан УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 11 дүгээр хэсгээс худалдан авсан багажны сарайг тэргүүн ээлжинд өмчлөх эрхтэй тул өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, хариуцагч * УБТЗ нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч уг багажны сарай нь байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд одоог хүртэл бүртгэлтэй  ба эд хөрөнгийг журмын дагуу худалдан борлуулсан баримт байхгүй тул нэхэмжлэл үндэслэлгүй гэж маргажээ.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 101 дүгээр зүйлийн 101.1-д зааснаар нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Э эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Уг гомдлын дагуу хэргийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т зааснаар  хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх журмыг бүрэн хэрэгжүүлээгүй, нэхэмжлэгчийн шаардах эрхийн үндэслэлийг зохицуулсан хуулийг оновчтой сонгон хэрэглээгүйгээс шийдвэр нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Энэ нь нэхэмжлэгч нар Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлалтай УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 11 дүгээр хэсгээс маргаан бүхий багажны сарайг 1995 онд худалдан авч 20 жил тасралтгүй эзэмшиж ашиглаж ирсэн тул өмчлөгчөөр тогтоолгох давуу эрхтэй гэж үзэж, уг багажны сарайны өмчлөгчөөр тогтоолгохоор нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлээ УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичигт үндэслэжээ.

Зохигчид уг маргаан бүхий эд хөрөнгө буюу багажны сарайг нэхэмжлэгч нарын эзэмшил ашиглалтад байгаа талаар маргаагүй ба харин хариуцагч нь уг багажны сарайг байгууллагын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй, нэхэмжлэгч нарт худалдан борлуулаагүй гэж маргасан байна.

Дээрх маргааны үйл баримтуудын талаарх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг авч үзвэл:

1. Нэхэмжлэгч нар нь уг багажны сарайг худалдаж авсан тухай УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичгийг /хх-6/ ирүүлснийг хариуцагч тал хуурамчаар бүрдүүлсэн гэх боловч энэ нь энэхүү албан бичгийг тухайн үед УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн орлогч даргаар ажиллаж байсан А.О үйлдсэн нь зохигчдын тайлбараар тогтоогдсон, мөн тэрээр шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ /хх-190/ “... энэ албан тоот дээр 1995 оны 09 дүгээр сард төлбөр тооцоо хийгдэж, үндсэн хөрөнгөөс хасагдсан болохыг тодорхойлж гарын үсэг зурсан. ... Ерөнхий нягтлан тооцоог шалгаж гарын үсэг хамт зурсан” гэснээс үзэхэд уг бичгийн нотлох баримтыг хуурамч гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн хариуцагч байгууллага уг албан бичгийг архив албан хэрэг хөтлөх шаардлагад нийцээгүй буюу гэрч А.О өөрийнхөө нэрээр албан бичгийг үйлдэх ёстой байсан гэж тайлбарлах боловч тухайн байгууллагын тамга, тэмдэг дарагдан үйлдэгдэн баталгаажиж байгаа баримт бичгийн үнэн зөв, хүчин төгөлдөр байдлыг нэхэмжлэгч нотлох үүрэггүй.

Харин анхан шатны шүүх УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Эийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн тайлбарыг /хх-20/ үнэлэхдээ уг тайлбар нэртэй бичгийн нотлох баримтанд “1995 онд актлагдаж данснаас хасагдсан хөрөнгийн талаар үйлдэгдсэн бичигт Ч.Бын хүсэлтээр гарын үсэг зурсан. Дээрх хөрөнгийг нүдээр үзээгүй боловч ажил авахаас өмнө данснаас хасагдсан хөрөнгө байсан болно” гэсэн агуулга тусгагдсан байхад түүнийг өөрөөр “Бын хүсэлтээр үйлдэгдсэн баримтанд гарын үсэг зурсан, ... хөрөнгийг нүдээр үзээгүй” гэж баримтын агуулгыг өөрөөр дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасан “ ... тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх ... ” 40.2-д заасан “ ...  хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх” журмыг баримтлаагүй буюу тухайн нотлох баримтанд бүхэлд нь үнэлэлт дүгнэлт өгч чадаагүй байна.

2. Хэрэгт авагдсан гэрч А.Т /хх-81/, Г.Г /хх-82/, Ц.Ц /хх-84/, М.С /хх-88/, Б.Э/хх-115/ нарын мэдүүлэг болон Захиргааны хэргийн анхан шатны 7 дугаар шүүхийн 2014 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 09 дүгээр шийдвэр /хх-28/ зэрэг нотлох баримтаар нэхэмжлэгч нар нь уг маргаан бүхий багажны сарайг 1999 оноос өмнө болон одоог хүртэл эзэмшиж ашиглаж байгаа тухай үйл баримт тогтоогдсон, энэ талаар хариуцагч маргаагүйн гадна хариуцагч тал нэхэмжлэгч нарын эзэмшил, ашиглалтаас тухайн эд хөрөнгийг шаардаж байгаагүй буюу  өөр шинэ байгууламж ашиглалтад орсоноор 1998 оноос хойш ашиглаагүй  болох нь тогтоогджээ.

3. Харин тухайн маргаан бүхий эд хөрөнгө болох багажны сарай нь 1956 онд ашиглалтанд орсон, 15 жил ашиглагдах хугацаа дууссан, одоо * УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгийн бүртгэлд 00 үлдэгдэлтэй бүртгэлтэй болох нь тус байгууллагын 1988 /хх-21,171/, 2002 /хх-170/, 2003 /хх-168/, 2013 /хх-136, 169/, 2015 /хх-141/, 2016 /хх-135/ оны үндсэн хөрөнгийн бүртгэл баримтаар тус тус тогтоогдсон ба хариуцагч * УБТЗ нь ашиглалтын хугацаа дууссан эд хөрөнгийн хувьд худалдах, шилжүүлэх, актлах зэрэг хуульд заасан ажиллагааг хийгээгүй байна.

Эндээс дүгнэж үзвэл  уг багажны сарайг нэхэмжлэгч нарт худалдсан гэх үйл баримт тогтоогдоогүй хэдий ч УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичиг, гэрч А.Оын мэдүүлэг, УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн Ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Г.Эийн Захиргааны хэргийн шүүхэд гаргаж өгсөн тайлбар бичгийн нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь  уг маргаан бүхий багажны сарайг өмчлөгч буюу хариуцагчийн хүсэл зоригоос гадуур хууль бусаар эзэмшиж байсан гэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 Түүнчлэн уг багажны сарай нь * УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй хөрөнгө мөн байх боловч нэхэмжлэгч нар нь  1997 оноос хойш  19 жил тасралтгүй илээр эзэмшиж, ашиглаж байсан болох нь тогтоогдсон, тухайн эзэмшлийг хууль бус болох талаар хариуцагч талаас болон бусад этгээдээс маргаан гаргаж байгаагүй зэргээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа хууль ёсны эзэмшлээс өмчлөл үүсэх давуу эрхэд  үндэслэсэн гэж үзэхээр байна.

Энэ нь Иргэний хуулийн 96 дугаар зүйлийн 96.3-д зааснаар өмчлөгч буюу хууль ёсны эзэмшигч нь үндэслэл бүхий шаардлагыг эд хөрөнгө эзэмшигчид гаргаснаар эд хөрөнгө эзэмшигчийн эзэмшил дуусгавар болохоос гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй тул шүүх нэхэмжлэгч дээрх багажны сарайг 19 жилийн хугацаанд эзэмшиж ашиглаж байсан үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийх, улмаар тухайн багажны сарайг эзэмших эрх нь нэхэмжлэгч нарын хувьд хууль болон гэрээний аль үндэслэлээр үүссэн эсэхийг дүгнэснээр эзэмшил хууль ёсны эсхүл хууль бус болох, энэ нь түүнд өмчлөх эрхийг үүсгэх эсэх, улмаар өмчлөгчийн хуулиар хамгаалагдсан эрх зөрчигдсөн эсэхийг тогтоох боломжтой болох юм.

Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэгч нарын уг багажны сарайг эзэмшиж, ашиглаж байсан үйл баримтанд эрх зүйн дүгнэлт хийгээгүйн гадна Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй байхад тэдний эзэмшлийг хууль бус буюу өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэсэн нь дээрх хуулиудын агуулгад нийцээгүй гэж үзнэ.

Тодруулбал Иргэний хуулийн 83 дугаар зүйлийн 83.1-д зааснаар аливаа этгээд нь хуулиар хориглоогүй, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшлахгүйгээр эдийн баялаг болох эд юмс ... олж авч болох бөгөөд энэ тохиолдолд дээрх баялаг нь хөрөнгө болох ба нэхэмжлэгч нар нь уг багажны сарайг хууль ёсоор эзэмшиж байгаа болох нь  УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн 2001 оны 03 дугаар сарын 08-ны өдрийн 40/13 тоот албан бичиг, гэрч Ц.Ц /хх-84/, Б.Э /хх-115/, А.О /хх-190/ нарын мэдүүлгээр тогтоогдсон тул Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1-д зааснаар хүсэл зоригийн дагуу эд юмсыг хууль ёсоор мэдэлдээ авах замаар нэхэмжлэгч нарт эзэмшил үүссэн гэж үзнэ.

Хэдийгээр маргаан бүхий эд хөрөнгө нь хариуцагч байгууллагын  үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэлтэй боловч ашиглалтын хугацаа дууссан үндсэн хөрөнгийг худалдаж, шилжүүлж, акт тогтоон устгах ажиллагаа нь  Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 1-д зааснаар хариуцагч буюу * УБТЗ-д хамааралтай болно.

Өөрөөр хэлбэл нэгэнт ашиглалтын хугацаа дууссан хөрөнгийн талаар дээрх хуульд заасан арга хэмжээ аваагүй нь нэхэмжлэгчийн хувьд уг эд хөрөнгийг хууль ёсны эзэмшлээс өмчлөх эрх үүсэх давуу эрхийг хязгаарлах үндэслэл болох учиргүй ба Иргэний хуулийн 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар хууль болон гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгийг арав буюу түүнээс дээш жилийн турш хууль ёсоор эзэмшиж ашиглаж байсан эзэмшигч уг эд хөрөнгийг өмчлөх эрхийг тэргүүн ээлжинд олж авах давуу эрхтэй байна.

Иймд нэхэмжлэгч нарын хувьд маргаан бүхий багажны сарайг 19 жил тасралтгүй илээр эзэмшиж байгаа бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтаар тэдний эзэмшлийг хууль бус гэх үндэслэл тогтоогдоогүй тул дээрх хуульд зааснаар 10-с дээш жил эзэмшилдээ байлгасан хугацаа нь өмчлөх эрх олж авах давуу эрхийг үүсгэх бөгөөд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар өмчлөх эрхээ шүүхийн журмаар хүлээн зөвшөөрүүлж зөрчигдсөн эрхээ сэргээлгэхийг хариуцагчаас шаардах эрхтэй.

Энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 137/ШШ2017/00093 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 105 дугаар зүйлийн 105.1-д зааснаар нэхэмжлэгч Ч.Б, Б.Т нарыг * УБТЗ-ын Замын 4 дүгээр ангийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй, Дорноговь аймгийн Замын-Үүд суманд байрлах, багажны сарайны өмчлөгчөөр тогтоосугай.” гэж,

2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эгийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.       

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

 

 

 

 

 

                                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Н.БОЛОРМАА

                                                     ШҮҮГЧИД                                Х.БАЙГАЛМАА

                                                                                                           Н.БАТЧИМЭГ