Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0106/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү  даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

Нарийн бичгийн дарга                           Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                     Г.Мөнхболд

Хохирогч                                                      А.Б

Шүүгдэгч                                                             Б.Н

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                Б.Жавхлан нарыг оролцуулан

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н холбогдох 203900070........дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

 

 

  Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Яллагдагч  Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Хэнтий аймгийн харьяат иргэн  А.Б  урьдын харилцааны  явцад бий болсон  итгэлийг  урвуулан ашиглаж, банкны зээл хаана гэж хуурч, бодит  байдлыг нуух  замаар  төөрөгдөлд оруулж 2.600.000 төгрөг  залилсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдааны үед:

Шүүгдэгч Б.Н нь: “мөнгө авсан нь үнэн, залилах санаа зорилго байгаагүй, өвчний учир эмчилгээ хийлгэх шаардлагатай болсон, мөн хүүхэд өвдөх зэргээр гэнэтийн зүйлүүд тохиолдсон учраас мөнгийг нь өгч чадаагүй” гэжээ.

Хохирогч А.Б нь: “мөнгө авах үедээ өвчтэй байсан гэдгээ хэлээгүй, дараа нь ч өвчтэй талаараа өөрөө надад хэлээгүй, энэ талаар нь хүмүүсээс сонссон, зээл хаагаад өгнө гэж мөнгө авсан, би хүнээс зээлж мөнгө олж өгсөн бөгөөд анх өгсөн 2.600.000 төгрөгөө авсан, одоо уг мөнгөний хүүнд төлсөн 3.120.000 төгрөгийг нэхэмжилж байна” гэжээ.

 Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч А.Б өгсөн:... Н  нь 2019 оны  07 дугаар  сарын 30-ны өдөр 5 дахь өдөр намайг Хэнтий аймгийн   Хэрлэн суманд гэртээ байхад  утсаар анх холбогдож хадгаламж барьцаалсан зээлээ хаалгачихаад  2 хоногийн дараа  буцаагаад өгье, өдрийн 2 хувийн хүүтэй 2.600.000 төгрөг зээлэе гэж хэлсэн. Би Бэрх  тосгонд  амьдардаг байсан болохоор  хэн нэгнийгээ сайн  таньдаг юм гэж  бодоод  Наранцацралд  итгээд  мөнгө  зээлэхээр болсон. Тэгээд  өдөртөө зээлээ  хаагаад  өгчихөж  болохгүй юм уу? Маргааш,  нөгөөдөр амралтын өдөр таарч  байна шүү дээ  гэхэд Н “тийм ээ нэг, хоёр хоног  байлгахгүй бол  болохгүй байна аа” гэж  хэлж байсан. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 01-ний  өглөө 08 цагийн үед өөрийн 5952078310 тоот данснаас 2.600.000 төгрөгөө Н данс руу  шилжүүлсэн. Тэгээд анх ярьж тохирсон 2 хоног ч  өнгөрсөн,  мөнгөө авах гээд тухайн үед  өөрийнх нь барьдаг байсан 98618117 гэсэн  дугаарын утас руу  нь хэд  хэд залгасан боловч  утсаа авахгүй байна.  Тэгээд нилээн хэд хоногийн дараа  Н  утсаар нь  холбогдсон, тэгсэн Наранцацрал зээлсэн мөнгөө  асуухад надад  мөнгийг чинь хүүтэй нь өгнө гэсэн...Анх хэлсэн 2 хоног өнгөрөөд л би Н луу залгаж эхэлсэн.  Мөнгө шилжүүлсэний маргааш  нь бол  утсаа авч  надтай ярьсан.  Тэр үед одоо зээлээ хаагаад  өглөө гэж  хэлсэн. Тэгээд  үдээс хойш нь утсаа авахаа  байсан, тэгээд  түүнээс  хойш  ер  нь  холбогдож  чадахгүй байгаа... гэх мэдүүлэг /хх-ийн 08 хуу/

Гэрч С.Эрдэнэцэцэгийн өгсөн:.. Намайг гэртээ байхад Н манайд орж  ирээд та 14 хоногийн  хугацаатай мөнгө зээлээч, мөнгөний хэрэг гараад  байна аа гэж  хэлсэн. Тухайн  үед надад  миний охины  сургалтын төлбөрийн  мөнгө бэлэн  байсан болохоор  тэр мөнгөнөөс  2.530.000 төгрөг бэлнээр  Н  ямар нэгэн хүү  энэ тэр гэхгүй өгсөн.  Тэр үедээ хэн хэнээ  мэддэг болохоор  хэн хэндээ хэрэгтэй  байх гэж  бодоод өгсөн.  Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 28-29-ний хавьцаа  хэлсэн 14 хоног  нь болчихоор нь сануулъя гэж бодоод Н утас руу  залгахад холбогдохгүй байсан. Тэгээд 2019 оны 07 дугаар сарын 31-ний  орой  Н өөрөө  над руу  утсаар залгаад  би хотод  байна аа, сүлжээгүй газар  явж  байсан юм. сүлжээ ороод  дуудлага чинь орж ирлээ. Мөнгийг чинь  өгөхгүй удаачихлаа  яана аа  данс руу  чинь мөнгийг чинь  хийчих үү гэхээр нь би  мессежээр  Н руу  өөрийнхөө  дансыг  явуулсан. Тэгээд маргааш  нь буюу 2019 оны 08 дугаар сарын 01-ний  өглөө 09 цагийн үед миний  дансанд 2.530.000 төгрөг орсон талаар мессежээр  банкны  мэдээ ирсэн, Наранцацрал мөн өөрөө над руу утсаар ганц хоёр хоног хэтрүүлчихлээ уучлаарай  гэж  хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 15 хуу/

Гэрч Б.Сүхтөмөрийн өгсөн: ... Би Н гэх хүнийг танина. Манай эгчийн хүүхэд байгаа юм...Наранцацрал Хэнтий аймагт төрсөн Баатар  гэх хүний хүүхэд  байгаа  юм. Н Бэрх тосгоны  ерөнхий боловсролын сургуульд монгол хэл  уран зохиолын  багш ажилтай. Н  гэр бүлтэй  нөхрийг нь Баатар-Эрдэнэ гэдэг хоёр хүүхэдтэй. Том хүүхдийг нь  Хангай гэдэг 12 дугаар ангид сурдаг. Бага хүүхдийг нь Танан гэдэг 7 дугаар ангийн сурагч. Н  их дөлгөөн  хүнтэй  их эвсэг  хүн байгаа юм. Сургуульдаа нэр хүндтэй  багш байгаа юм. Архи тамхи  хэрэглээд  байдаггүй муу  зуршилгүй хүн  байгаа юм. Урьд өмнө нь  гэмт хэрэгт зөрчилд  холбогдож байна гэж  би сонсож байгаагүй. Бэрх тосгонд орон  сууцанд  амьдардаг... гэх мэдүүлэг /хх-ийн 17 хуу/

 

Б.Н яллагдагчаар өгсөн:...А.Б  2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.600.000 төгрөг зээл төлөөд  өгье  гэж хэлээд  авсан. Уг  нь 2-3 хоноод өгье  гэж хэлсэн, тэгсэн чинь  дүү Мөнхцацрал  болон  өөр бас нэг хүнд  мөнгө өгөхөөр  болоод Б мөнгийг нь өгч чадаагүй юм...Би С.Эрдэнэцэцэгт бас мөнгө  өгөх ёстой байсан юм...А.Б авсан мөнгөө бол  Эрдэнэцэцэгийн  данс руу  нь шилжүүлчихсэн юм. Надад бас  тухайн үед  бэлэн мөнгө  байсан юм, тэгээд тэр мөнгөө дүүдээ  өгчихсөн, тэгээд мөнгөгүй болчихсон юм...Надад цалингийн зээлээс өөр  зээл, хадгаламж  ч байгаагүй ээ. Тухайн үед  бол надад  ямар нэгэн  зээл хаах  юм байгаагүй юм...Би хадгаламж барьцаалсан зээл хаана  гэж хэлээгүй, зүгээр зээл  хаана л гэж хэлсэн. Хүнд  өгөөд 2-3 хоноод л өгье  гэж бодож  авсан...Би цалингийн зээлэнд сар болгон 540.000 төгрөг төлдөг...Надад цалингаас өөр орлого байхгүй...Б авсан мөнгөө  эргүүлж төлөх  боломж  бололцоо  надад  байгаагүй ээ... Хүү маань 2020 оны 02 дугаар  сарын 08-ны  өдрөөс бие муудаад  Эх хүүхдийн  эрүүл мэндийн  үндэсний  төвд  идээт менингит  гэсэн оноштой 20 хоног  хэвтэн эмчлүүлж байгаад 2020 оны 02 дугаар сарын 28-ны  өдрөөс эмнэлэгээс гарсан, хүүхдийнхээ эрүүл мэндийн байдлаас шалтгаалаад Улаанбаатар байлаа, тэгээд ерөнхийдөө Б  уулзаж учирч  чадсангүй ээ...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 хуу/

 

Б.Н нь 2020 оны 02 дугаар сарын 05-ны байдлаар Хаан банкинд 17.526.482 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон зээлийн дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 22 хуу/

Б.Н ХААН банкин дахь дансанд 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр А.Б нь 5952078310 дугаарын данснаас 2.600.000 төгрөг шилжүүлсэн, Б.Н нь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 2.530.000 төгрөгийг 5952091091 дугаарын дансанд шилжүүлсэн болохыг тодорхойлсон дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 23 хуу/

ХААН банкин дахь 5952078310 дугаарын дансыг А.Б, 5952091091 дугаарын дансыг С.Эрдэнэцэцэг нь тус тус эзэмшдэг болохыг тодорхойлсон ХААН банкны Хэнтий аймаг дахь салбарын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 01/2125, 2020 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 01/200 дугаартай тодорхойлолт, данс эзэмшигчийн дэлгэрэнгүй мэдээлэл /хх-ийн 26- 29 хуу/

Б.Н иргэний үнэмлэхний лавлагаа  / хх-ийн  41 хуу/

Б.Н нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42 хуу/

Б.Н нь Хэнтий аймгийн Бэрх хотын ерөнхий боловсролын сургуульд монгол хэл уран зохиолын багш ажилтай, 770.545 төгрөгийн үндсэн цалинтай болохыг тодорхойлсон тус сургуулийн захирлын 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 10 дугаартай тодорхойлолт /хх-ийн 47 хуу/

Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 55-56 хуу/

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдааны үед гаргаж өгсөн “Б.Ннь хохирогч А.Б Хаан банкин дахь 5952078310 дугаарын дансанд 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр  2.600.000 төгрөг шилжүүлсэн” тухай мөнгөн шилжүүлгийн баримт, /хх-ийн 76 хуу/ Б.Н нотариатаар гэрчлүүлсэн  амбулаториор эмчлүүлэгсдийн картны хуулбар  / хх-ийн  77-80 хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудын нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Нхолбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.

Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Б.Ннь 2019 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хадгаламж барьцаалсан зээлээ төлөөд 2 хоногийн дараа өдрийн 2 хувийн хүү тооцож эргүүлж өгнө гэж хэлэн хохирогч А.Б-с 2.600.000 төгрөгийг авсан   нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцсон тухай

Шүүгдэгч Б.Н нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө хохирогчоос мөнгө авсан үйлдэл болон мөнгөний хэмжээний хувьд маргаагүй бөгөөд харин залилах санаа зорилго байгаагүй, өвчний учир эмчилгээ хийх шаардлагатай болсон тул хугацаанд буцааж өгч чадаагүй  гэж мэдүүлэг өгч, өмгөөлөгч нь мөн шүүгдэгчийн мэдүүлэгийг дэмжиж уг нөхцөл байдал нь иргэд хоорондын зээлийн гэрээтэй холбоотой асуудал буюу иргэний маргаан  гэж дүгнэлт гаргасан.

Хэрэгт цуглуулсан нотлох баримтууд болох Б.Н нь 17.526.482 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй болохыг тодорхойлсон зээлийн дансны хуулга /хх-ийн 22 хуу/, 770.545 төгөргийн үндсэн цалин авдаг болохыг тодорхойлсон тодорхойлолт /хх-ийн 47 хуу/,  гэрч С.Эрдэнэцэцэгийн өгсөн:...Н манайд орж  ирээд та 14 хоногийн  хугацаатай мөнгө зээлээч, мөнгөний хэрэг гараад  байна аа гэж  хэлсэн. Тухайн  үед надад  миний охины  сургалтын төлбөрийн  мөнгө бэлэн  байсан болохоор  тэр мөнгөнөөс  2.530.000 төгрөг бэлнээр  Н ямар нэгэн хүү  энэ тэр гэхгүй өгсөн...гэх мэдүүлэг, Б.Н яллагдагчаар өгсөн... Би С.Эрдэнэцэцэгт бас мөнгө  өгөх ёстой байсан юм...Надад цалингийн зээлээс өөр  зээл, хадгаламж  ч байгаагүй ээ...Би цалингийн зээлэнд сар болгон 540.000 төгрөг төлдөг...Надад цалингаас өөр орлого байхгүй...Б авсан мөнгөө  эргүүлж төлөх  боломж,  бололцоо  надад  байгаагүй ээ...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь хохирогч А.Б мөнгө авах үедээ банкинд зээл төлдөг, гэрч С.Эрдэнэцэцэгт 2.530.000 төгрөгийн өртэй, А.Б авсан мөнгөөрөө С.Эрдэнэцэцэгийн өрийг төлсөн, банкинд хадгаламж барьцаалсан зээлгүй байсан зэрэг нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд дурдсан хугацаандаа мөнгийг эргүүлж өгөх боломжгүй байсан гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Энэ нь шүүгдэгч нь хохирогчоос мөнгө авахдаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулсан байна гэж  дүгнэв.

Мөн шүүгдэгч нь хохирогчийг өмнө таньдаг байсныгаа ашиглаж, хуурч мөнгө авсан  болох нь хохирогч А.Б өгсөн:... гэртээ байхад  утсаар анх холбогдож хадгаламж барьцаалсан зээлээ хаалгачихаад  2 хоногийн дараа  буцаагаад өгье өдрийн 2 хувийн хүүтэй 2.600.000 төгрөг зээлэе гэж хэлсэн. Би Бэрх  тосгонд  амьдардаг байсан болохоор  хэн нэгнийгээ сайн  таньдаг юм гэж  бодоод  Н  итгээд  мөнгө  зээлэхээр болсон...гэсэн нотлох баримтаар тогтоогдож байх бөгөөд энэ нь урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж хохирогчоос мөнгө авсан, шүүгдэгч нь зээлж авсан мөнгөө хугацаанд нь буцааж өгөх боломжгүйгээ мэдсээр байж өөрөөр хэлбэл өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохиролд зориуд хүргэсэн гэж үзлээ.

Иймд шүүгдэгчийн мэдүүлэг болон өмгөөлөгчийн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байх тул шүүгдэгч Б.Н хохирогч А.Б  мөнгө авахдаа хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашигласан гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Хохирогч нь А.Б-г нь 2.600.000 төгрөг зээлсэн, шүүгдэгч нь 2.600.000 авсан талаараа мэдүүлэг өгсөн, энэ мэдүүлэгүүд нь банкны дансны хуулгаар нотлогдож байгаа бөгөөд  Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно гэж заасан байх бөгөөд гэмт хэргийн улмаас шууд учирсан хохирлын хэмжээг 2.600.000 төгрөг гэж үзлээ.

Шүүгдэгч нь хохирогчид 2.600.000 төгрөгийг төлсөн болон нь банкны баримтаар тогтоогдож байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол төлөгдсөн, шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хохирогч нь шүүх хуралдааны үед мэдүүлэг өгөхдөө шүүгдэгчид өгсөн 2.600.000 төгрөгийг бусдаас зээлж авч өгсөн бөгөөд Б.Н  нь буцааж өгөөгүйгээс шалтгаалан хүү тооцон 3.120.000 төгрөгийг  бусдад төлсөн гэсэн үндэслэлээр  шүүгдэгчээр 3.120.000 төгрөгийг төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан.   Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн  2 дахь хэсэгт Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно гэж заасны дагуу хохирогч зээлсэн мөнгөнийхөө хүүнд тооцож бусдад төлсөн гэх 3.120.00 төгрөгийг  гэмт хэргийн хор уршиг гэж үзэж болох боловч хохирогч нь бусдаас мөнгө зээлсэн, уг мөнгөний хүүнд тооцож мөнгө төлсөнийг нотлох нотлох баримт байхгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул уг нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

  1. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Б.Н эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн цалин хөлс, орлого олох боломжийг харгалзан  зургаан сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл  хэсэгт заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч  Б.Н  залилах гэмт хэргийг  хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 / таван зуун мянга/ төгрөгөөр торгох  ялаар шийтгэсүгэй.  

3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Б.Н нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6   /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай..

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Б.Н нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт  эд мөрийн баримтаар хураагдсан битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг дурдсугай.

 

6. Хохирогч А.Б нэхэмжилсэн 3.120.000 /гурван  сая  нэг зуун хорин мянга/ төгрөгийн нэхэмжлэл нь нотлох баримтгүй, шүүх хуралдааны үед тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул хэлэлцэхгүй орхиж, хохирогч нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                          

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ