Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 0970

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Н.Э,

Улсын яллагч Ж.О,

Шүүгдэгч Д.З түүний өмгөөлөгч Э.Т нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар :

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.З-д холбогдох 2008 02338 1187 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.    

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1976 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Төв аймгийн “Эрхэт төв Констракшн” ХХК-нд бригадын дарга ажилтай,  ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүн баян уулын 369-16А гудамж 29 тоотод оршин суух хаягтай, Урьд ял шийтгэлийн хувьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 1999 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 21 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 125 дугаар зүйлийн 1, 123 дугаар зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар  3 жил  6 сарын хорих ялаар шийтгүүлж, 2000 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шүүгчийн захирамжаар хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Б овгийн Д-ийн З  /РД: ............ /.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Д.З нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Зүүнбаян уулын 16 дугаар гудамжинд иргэн Э.Э-тай “чи миний машиныг эвдээд хаячихсан байна” гэж марган, улмаар хүрзний ишээр толгой, баруун гар орчимд цохиж биед нь баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.    

 

ТОДОРХОЙЛОХ нь :  

 

            Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох :   

            Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :

Шүүгдэгч Д.З нь 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн Зүүнбаян уулын 16 дугаар гудамжинд иргэн Э.Э-тай “чи миний машиныг эвдээд хаячихсан байна” гэж марган, улмаар хүрзний ишээр толгой, баруун гар орчимд цохиж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь :      

- хохирогч Э.Э-ын ”...2020 оны 07 сарын 10-ны өдөр Би Нямаагийн хамт Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо Зүүнбаян уулын 16б -29 тоотод Нямкаг хүргэж өгчихөөд байж байтал Заяа ахын потер машин гудамжинд сул шороонд суучихсан байсан ба портер машин барьж байсан Лхагваа залуу портер машиныг түрээд өг гэхээр нь портер машины урд талын хамрын гол хэсгээс машиныг түлхтэл машиных нь будагны цаана байсан замаск цуурчихсан тэгтэл Заяа ах машинаа хараад чи миний машины цуулчихсан байна гээд үглээд байсан...Заяа анх хашаанаасаа зүүн гартаа арматурын төмөр, баруун гартаа мод бариад гараад ирсэн ба намайг миний машиныг эвдээд хаячихлаа пизда минь гэхээр нь би наадахыг чинь янзлуулаад өгчихье гэтэл Заяа ах чам шиг гуйлгачин яаж янзлуулж өгдөг юм бэ гээд баруун гартаа байсан модоор миний баруун гарны үе рүү цохичихоод миний нуруу хэсгээр тойртол таг гээд миний баруун чамархай хэсгээс халуу дүүгээд цус гарсан...гэх мэдүүлэг /хх-12/,      

- гэрч А.Б-ын....Би цагдаа дээр ирээд Заяагаас юу болсон юм бэ гэхэд Заяа надад гэрийнхээ гудамжинд хүний толгой руу модоор цохисон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг / хх-20/   

- гэрч Б.Н-ийн”...Намайг тухайн хашаанаас гараад харахад Э.Э нь газар явган суучихсан толгойн баруун хэсгээс бага цус гарчихсан, Заяа ах Энхжаргалыг модоор цохиод гэмтээсэн гэж тухайн үед ярьж байсан...гэх мэдүүлэг /хх-22/,

 - шинжээчийн 2020.07.20-ны өдрийн дүгнэлт : Э.Э-ын  биед нь баруун чамархайн хуйхны зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.../хх-26-27/,

- шүүгдэгч Д.З-гийн”...2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Энхжаргал гэх дүү ирж портер машиныг урдаас нь түрж байгаад санамсаргүй миний машины урд талын хамрыг жоохон хонхойлгосон байхаар нь яагаад ингээд хонхойлгов гэтэл сүртэй юм бэ хөгшин банди минь гэхээр нь би хашааны гадна талд байсан хүрзний ишийг хашаа руу оруулах санаатай бариад байсан тул Энхжаргалын толгой руу 1 удаа цохиод толгойг нь хагалчихсан...гэх мэдүүлэг /хх-89/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.         

Шүүгдэгчид холбогдох гэмт хэргийг тус тус нотолж буй хэрэгт цугларч, шүүх хуралдаанд шинжлэгдсэн нотлох баримтын шууд ба шууд бус эх сурвалжийг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар илтэд худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй болно.            

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, шүүгдэгчид холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд мөрдөн шалгах, прокурорын хяналтын ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан холбогдох үндэслэл, журмын дагуу хийгджээ.    

Иймд шүүгдэгч Д.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.   

Шүүгдэгч нь хохирогчид 1000,000 төгрөг төлсөн тухай мэдүүлсэн, хохирогч нь гэмт хэргийн улмаас нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй тухай мэдүүлсэн, бичгээр илэрхийлсэн /х-12, 102, 106/ байх тул шүүгдэгчийг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.    

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх :                

Шүүгдэгч урьд нь эрүүгийн хэрэгт ял шийтгэгдсэн байх боловч тухайн ял шийтгэлийн хугацаа дууссан баримтууд байх тул /х-40,43-48/ тус шийтгэгдэж байсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах үндэслэл болохгүй болно.   

Шүүгдэгч нь тус гэмт хэрэг үйлдэгдэхэд хохирогчийн зүгээс шүүгдэгчид хандан “сүртэй юм бэ хөгшин банди минь” гэж харьцсан зэрэг зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг төлсөн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.4-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогджээ.      

Шүүгдэгч нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, “Эрхэт төв”  констракш компанид бригадын дарга ажилтай, автомашины өмчлөгчөөр бүртгэгдсэн, гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэгт хамаарах нотлох баримтууд хэрэгт авагдсан /хх-52-57, 78, 80 / байна.       

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, шүүгдэгчийн хувийн байдал, хөдөлмөр эрхэлдэг зэргийг харгалзан шүүгдэгчид 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.         

Уг хэрэгт эд мөрийн баримтаар 94.5 см урттай 1 ширхэг мод хураагдсан /х-84/, битүүмжлэгдсэн зүйлгүй, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.      

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь  хэсэг, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон  

 

ТОГТООХ нь :      

 

1. Шүүгдэгч Д.З-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр үйлдсэн гэм буруутайд тооцсугай.             

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Д.З-г 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.       

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.З-д оногдуулсан 700.000 төгрөгийн торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.     

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар  торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг Д.З-д мэдэгдсүгэй.    

5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй тус хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

6. Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 94.5 см урттай 1 ширхэг мод уг тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих журмын дагуу устгасугай.

7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй. 

8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.     

9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн  тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол   шүүгдэгч Д.З-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ :                            Г.ГАНБААТАР