Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс:180/2020/0041/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн шүүх  хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Г.Отгонзаяа

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн

Шүүгдэгч                                                          Г.Э, Б.Т, Х.Б  

Шүүгдэгч нарын өмгөөлөгч                            С.Нарангэрэл нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Г.Э, Б.Т, Х.Б нарт холбогдох 19390065..... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар  сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн иргэн Г.Д 46 тооны бог малыг өөрийн хонинд нийлсэн байхад нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг  мэдсээр байж завшиж нийт 4.700.000 төгрөгийн хохирол учруулсан,

Яллагдагч Б.Т нь Г.Энь 2019 оны 10 дугаар сарын 11-13-ны өдрийн хооронд  Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн иргэн Г.Д 40 тооны бог малыг өөрийн хонинд нийлсэн байхад нь бусдын өмчлөл, эзэмшилд байгааг  мэдсээр байж завшиж нийт 4.460.000 төгрөгийг гэмт хэргийн  улмаас олсон мөнгө  гэдгийг мэдсээр байж  түүнийг авсан, эзэмшсэн, ашигласан,

Яллагдагч Х.Б нь 2019 оны 10 дугаар  сарын 11-ний өдөр Г.Э  бусдын алдуул  малыг завшихад нь мэдсээр  байж өөрийн нэр дээр  малын гарал үүслийн бичиг авч өгч  түүний хууль бус эх үүсвэрийг нь нуун далдлах, гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хуралдааны үед дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Мөрдөн байцаалтын үед:

Хохирогч Г.Д өгсөн:..Би Хэнтий аймгийн  Цэнхэрмандал сумын  4 дүгээр  багийн нутаг Худаг  гэх газарт  эхнэрийн хамт  мал маллаж  амьдардаг. 2019 оны 10 дугаар сарын 14-ний  өдөр  манай хониноос  зүсээрээ  хэдэн тооны хонь, ямаа дутаад байсан.  Тэгээд бид  ойр орчмын  айлуудаар  хонио  хайгаад  явтал  манай нутгийн Э хонинд  манай 140 орчим  тооны хонь, ямаа байсныг  нь ялгаж  авсан тэгтэл дахиад 40 гаран тооны  эр ямаа, 2 хонь зүс  болон тоогоороо  дутаж байна...бүгдээрээ эр ямаанууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19 хуу/

Иргэний нэхэмжлэгч Ц.Батбаярын өгсөн:...7803 УНИ улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн  тээврийн хэрэгсэл  миний машин байгаа юм...Дээрх машин маань одоо  Хэнтий аймгийн Цэнхэрмандал  суманд байгаа...машинаар гэмт хэрэг үйлдсэнийг нь би мэдэхгүй...2018 оны 11 дүгээр сард Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын иргэн Г.Эрдэнэжаргал гэх хүнд 12.000.000 төгрөгөөр зарж борлуулсан юм. Тухайн үед Эрдэнэжаргал надад 6.000.000 төгрөг өгөөд үлдэгдэл мөнгийг өгөөгүй байгаа учраас би машинаа Г.Эрдэнэжаргалын нэр дээр шилжүүлээгүй юм...гэх мэдүүлэг /хх-ийн 21, 188 хуу/

Гэрч Д.Алтансүхийн  өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай найз  Эрдэнэсайхан манай  гэр лүү  залгаад “хөгшөөн удахгүй найр болох гээд би жоохон завгүй байна, манайд цуг мал  ажиллаад өгөөч”  гэж хэлсэн. Тэгээд би  хөдөө байдаг гэр  болох Төлөөгийн  буланд байдаг гэр лүү нь 10 цагийн  үед л явж  очсон.  Эн хоттой  хониноосоо  өөрөө уургалаад  2 хонь, 2 ямаа гаргаж  ирсэн.  Тэрнийг Э бид хоёр  ажилласан.  Тэнд тухайн үед  Э гэр бүл  хажуу айлын Б нар байсан...надад тухайн ажиллуулсан малын 4 толгой өгсөн...Нэг алаг ямаа байсан тухайлбар улаан  алаг л гэж хэлдэг,  мөрнөөсөө урагшаа  улаан бусад хэсэг нь цагаан  байсан. Нөгөө ямаа нь халтар  ямаа байсан /имийг нь сайн хараагүй/. Бас  2 хонь байсан имийг нь  бас  анзаараагүй...гэх мэдүүлэг /хх-ийн 26 хуу/

Гэрч Д.Рагчаасүрэнгийн өгсөн:..Би Багануур дүүргийн  1 дүгээр хороонд байх Наран цахиур ХХК-ий  бойн дээр ажилладаг.  2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр   уг бойн дээр  17 цагийн үед 40 тооны  ямааны толгой  худалдаж  авсан.  Уг 40 тооны ямаа нь Цэнхэрмандал сумаас ирсэн гэж байсан. Би ямааны нэг толгой гэдсийг нь 500 төгрөгөөр  бодож  худалдаж авсан. Би толгой гэдсийг нь Еmart  сүлжээ дэлгүүрт  нийлүүлдэг юм...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 хуу/

Гэрч Б.Эрдэнэчулууны өгсөн:...Би Багануур дүүргийн 3-р хороонд  байдаг малын бойнд  мал нядлах ажил хийдэг юм. 2019 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн 17 цагийн орчимд Цэнхэрмандал сумаас  цагаан өнгийн маяти маркийн машинд  40 тооны  ямаа ачиж  ирээд бойнд оруулсан. Бид тэр 40 тооны ямааг  ажиллаж дуусахад  22 цагийн үед  дууссан байх.  Бид маргааш нь ир гэхэд яаруу ажилтай  явж байна мал нядлаад  өг гэхэд нь бид бүгдийг нь нядалсан.  Тэр ямаанууд  бүгдээрээ эр  ямаанууд байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 29-30 хуу/

Гэрч Б.Энхболдын өгсөн:...Би Улаанбаатар хотын  Нарантуул-2 зах дээр  мах авдаг ченж ажилтай...Би дээрх хүмүүсийг танина. Садан төрлийн холбоо байхгүй. Г.Э надад  хааяадаа  Хэнтий аймгаас мах авчирч зарж борлуулдаг мөнгийг нь эхнэрийнхээ  дансаар  авдаг...Дээрх хүмүүс тухайн үед  надад мах л зарж  борлуулахаар  нь би данс руу нь мөнгө  шилжүүлсэн байх. Яг ямар малын мах дээрх хүмүүсээс  худалдаж авсанаа би сайн  санахгүй байна. Яагаад гэвэл би байнга  энд орон нутгаас ирсэн мах авдаг учраас...гэх мэдүүлэг /хх-ийн 188 хуу/

Гэрч Д.Оюунчимэгийн өгсөн:...Дээрх хүмүүсийг  танина. Садан төрлийн холбоогүй. Манай нутгийн хүмүүс байгаа юм...Тухайн үед Х.Б нь надаас  40 гаран  тооны  ямааны  гарал үүслийн  бичиг  авсан шиг санаж байна...Малын бичиг авья гэхээр нь  би өгсөн. Х.Б нь 700 гаран тооны бог  малтай байх... Бичиг  авья  гэхээр нь өгсөн юм...сумын хэсгийн төлөөлөгч уг  бичгийг авчирах  талаар надад хэлсэн. Би гарал үүслийн бичигнээс шүүж үзээд олохгүй байгаа юм... гэх мэдүүлэг /хх-ийн 189 хуу/

Гэрч Г.Эрдэнэжаргалын өгсөн:... Би тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 11 сард Цэвээний Батбаяр гэх хүнээс  12.000.000 сая төгрөгөөр   худалдаж авна гэж бид 2 тохиролцоод 6.000.000 сая төгрөгийг  тухайн Ц.Батбаяр гэх хүнд өгсөн.  Одоо үлдэгдэл 6.000.000 төгрөгийг Ц.Батбаяр гэх хүнд өгвөл 7803 УНИ улсын дугаартай цагаан өнгийн “KIA PAMAX”  маркийн тээврийн хэрэгсэл  миний нэр дээр шилжүүлнэ гэсэн. Гэхдээ тухайн тээврийн хэрэгслийг одоо миний бие  эзэмшиж байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 190 хуу/

Г.Э яллагдагчаар өгсөн:... Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг хөдөө хэсэг “Төлүүгийн  булан”  гэх газарт эхнэр  хүүхдүүдийн  хамтаар мал маллаж  амьдардаг юм.  Манайхтай Б гэх айл цуг нутаглаж байсан.  Б гэх хүний бог мал манай бог малууд нийлээд цуг бэлчдэг байсан. Ингэхдээ би бог  малаа хариулдаг юм.  Тухайн үед би  Цэнхэрмандал сумын төвд байшин сав барьж  байсан учраас  бог малаа сайн хараагүй, бог  мал маань өглөө бэлчээртэй гараад  оройдоо өөрсдөө ирдэг байсан.  Хэзээ бог мал маань  айлын бог малтай   нийлсэн талаар сайн мэдэхгүй байна. 2019 оны 10 дугаар сарын 11-ний  өдөр байшин саванд маань мөнгө дутаад  хот орж мал борлуулья гээд  өөрийн бог малаас  мал ажиллах санаатай  мал дээрээ очиход манай бог малд танихгүй  100 гаран тооны   ямаа нийлсэн байсан. Тухайн үед намайг  Улаанбаатар хот руу  мах борлуулна гэхэд Б та  хот руу мах  ачиж явах гэж байгаа бол  би ч гэсэн малын мах аваад явья  гэж хэлсэн.  Тэгээд  манай бог малд айлын 100 гаран  тооны бог мал нийлсэн байхаар нь түүнээс 40 ямааг нь  зарж борлуулья гэсэн бодол төрсөн.  Тэгээд Б  би манай малд  айлын  100 гаран тооны  бог мал нийлсэн байна гэж хэлсэн.  Тэгээд ачаад явья гэж хэлээд Б өөрийн  бог  малаас 4 тооны ямаа ажиллаад махыг нь ачаад би нийлсэн бог малаас  40 тооны  ямааг   өөрийн төрсөн дүү Эрдэнэжаргалын эзэмшлийн  7803 УНИ улсын дугаартай цагаан өнгийн  ачааны машинд ачаад Улаанбаатар хотын Багануур  дүүрэг рүү явсан.  Би явахаасаа өмнө 16 цагаас 17 цагийн хооронд гэж санаж байна. Б гэрийн суурин  98849361 дугаартай  утсаар эхнэр  Туулын 89724772 дугаартай утас руу залгаж  би Багануур мал ачиж  гарч байна гэж хэлсэн.  Эхнэр Туул  маань  бие муутай хорт хавдартай эмчийн хяналтанд байдаг, энэ өвчнөөр 80 хувийн группд орсон.  Тухайн үед эхнэр маань Багануур дүүрэгт биеэ үзүүлээд  явж байсан.  Манай эхнэр маань 1 сартай хөхүүл хүүхэдтэй. Тэгээд  Багануур дүүрэгт  Тулгаагын бойн дээр  ирээд би  өөрийн эхнэр  Туул руу бойн дээр ирчихлээ  гэж залгахад эхнэр   маань ирсэн.  Тэгээд би эхнэр Туулд хандан манай   бог малд олон тооны  айлын мал  нийлсэн байхаар нь  40 тооны  ямааг авчихлаа, тэгээд манай бог малд олон ямаа үлдсэн гэж хэлсэн. Тэгээд 40 тооны ямаагаа  бойнд оруулж  махлаад махыг нь ачаад шөнө нь эхнэр Туул, Батцэцэг бид 3 Улаанбаатар хот руу  явсан.  Тэгээд өглөө нь буюу 2019 оны 10 дугаар сарын  12-ны  өдөр Улаанбаатар хотод Нарантуул-2 зах дээр ирж махаа  Энхболд гэх ченжид 5.050.000 төгрөгөөр зарж борлуулсан.  Уг мөнгийг би өөрийн эхнэр Б.Туулын ХААН  банкны дансаар шилжүүлж авсан. Дараа нь Цэнхэрмандал суманд ирээд байшингийнхаа найранд ашиглах зорилгоор  нийлсэн бог малаас 2 ямаа, 2 хонийг ажиллаж хэрэглэсэн.  Одоо надаас хохирогч   44 ямаа, 2 хонийг   хохирогч нэхээд байгаа.  Миний хэрэглэсэн 42 ямаа 2 хонь хэрэглэсэн байгаа. Д эхнэр Дуламсүрэн  багш  зүсээр нь 2 ямаа гэлүү, 2 хонь гэл үү дутаж байна энийг нэмж оруулаад 46  болж байгаа шүү  гэж хэлж байсан.  Хохирогч Дэмчигсүрэн нь манай бог малнаас  140 орчим тооны хонь, ямаа  ялгаж авсан байсан...Надад  Д  бог малыг  тууж таслаж  гэрийнхээ  гадна  авчраагүй. Манай хонинд нийлсэн байхад нь авч ашигласан нь үнэн... Надад  хулгай хийж  авчирсан зүйл байхгүй...Миний буруу би хийсэн  зүйлдээ гэмшиж байна...Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг  хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 54-55, 128 хуу/

 

Х.Б яллагдагчаар өгсөн:..Би Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр баг  хөдөө хэсэг “Төлүүгийн  булан” гэх  газарт Г.Э  гэх хүнтэй цуг хөрш айл болж  амьдардаг  юм.  Би 2019 оны 10 сард банкны зээл төлөх  санаатай  цөөн тооны бог   мал ажилах санаатай  байсан.  Тэр үед Э ах  Улаанбаатар хот руу  явж мах  борлуулах  талаар ярихаар  нь тэгвэл  би хамт явья  гэж хэлсэн.  Тэгсэн Эманай бог  малтай айлын 100 гаран тооны  бог мал нийлсэн байна гэж хэлсэн. Нийлсэн бог малыг Э  ах авчираад  юм уу, эсвэл   манай бог малтай  нийлсэн юм уу  би сайн мэдэхгүй байна. Тухайн үед  надаас хэдэн  мал ажиллаж явах юм бэ  гэж Э  асуухад 4 ямаа ажиллаад авч явна  гэж  хэлсэн. Тэгтэл Эрдэнэсайхан ах сумын    төв орж малын  бичиг авахаар  болбол  цуг л  Улаанбаатар хот руу  явах юм чинь 2 бичиг аваад яахав 1 л бичиг  авчихгүй юу  гэхээр нь би  өөрийнхөө нэр дээр  малын бичиг  авчихсан юм...Тэгээд Э ах  бид 2 хөдөө гэрээсээ  40 ямаа, миний 4 ямааны  махыг ачаад  Улаанбаатар хотын Багануур дүүрэг лүү явсан...Э, Т бид  нар Улаанбаатар  хот руу орж  Нарантуул -2   төв дээр махаа ченжид  борлуулсан.  Миний нэг ямаа дунджаар 24.5 кг  болоод нийт 98 кг болж 490 гаран мянган  төгрөг Туул эгчээс авсан.  Тэр ченж нь ямааны мөнгийг  Т эгчийн Хаан банкны  данс руу шилжүүлсэн... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг  хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 57-58 хуу, 133 хуу/

Б.Т яллагдагчаар өгсөн:... 2019 оны 10 дугаар сарын  11-ний өдөр   нөхөр Г.Эрдэнэсайханыг  мал ачихад нь би  хамт байгаагүй. Би  тухайн үед Улаанбаатар хотын  Багануур дүүрэгт байсан.  Харин нөхөр маань хөдөө  Б гэрийн  суурин утаснаас миний  89724772 дугаартай  утасруу залгаад  хэдэн мал ачаад Багануур  дүүрэг рүү  гарах гэж байна чи Багануур дүүргийн ченж  Тулгаагын утсыг  олоод  мал хэдээр оруулж байгааг  мэдчих гэж хэлсэн.  Тэгэхээр нь би утсыг нь олоод Тулга руу  ярихад  1 бог малыг 5000  төгрөгөөр орж байгаа гэж хэлсэн. Тэгэхээр нь би эргэж залгаж   нөхөр лүүгээ хэлсэн.  Тэгээд хэдэн цаг болж байсныг  нь сайн мэдэхгүй байна 2019 оны 10 дугаар сарын  11-ний  өдөр манай нөхөр Багануурын  бойнд ирчихлээ  хүрээд ир  гэж дуудсан.  Тэгээд би бойн дээр очиход нөхөр маань өөрийн  төрсөн дүү Эрдэнэжаргалын эзэмшлийн  7803 УНИ улсын дугаартай цагаан өнгийн  ачааны  машинтай  хөрш айлын Батцэцэгтэй бог  малаа ачаад ирсэн байсан.  Ингээд бид хэд бог малаа бойнд оруулчаад махыг нь ачаад  нөхөр  Б Улаанбаатар хот руу  хамт явсан. Тэгээд Нарантуул -2 зах дээр  ирээд Энхболд  гэх ченжид нийт 44 тооны ямааны махаа борлуулж 5.050.000  төгрөгийг  өөрийнхөө данснаас  шилжүүлж авсан.  Эхлээд 3.050.000 төгрөг ороод дараа нь 2.000.000 төгрөг орсон.  Энэ мөнгөнөөс Б-т  4 ямааны махны мөнгө л өгсөн. Тэгээд махаа зарж  борлуулаад  Цэнхэрмандал суманд хөдөө гэртээ ирсэн.  Тэгээд хэд хоногийн дараа гэдгийг  нь сайн санахгүй байна дахин 2 ямаа, 2 хонь ажиллаад махыг нь өөрсдөө хэрэглэсэн...Багануурт  ирсэн хойноо  намайг   бойн дээр  яваад очиход  нөхөр маань надад хандан манай бог малд 100 гаран тооны   айлын  ямаа нийлсэн байна. Тэгэхээр нь би  тэрнээс нь 40 ямаа аччихлаа, Батцэцэг өөрийнхөө  бог  малнаас 4 ямаа ажиллаад  надтай  цуг явж  байгаа  гэж надад хэлсэн... Надад сонсгосон Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг  хүлээн зөвшөөрч байна.../хх-ийн 60-61, 138 хуу/

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, уг ажиллагааны явцад бэхжүүлж авсан гэрэл зургууд /хх-ийн 12-15 хуу/

7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн ачааны машин нь Ц.Батбаярын эзэмшилд бүртгэлтэй болохыг тодорхойлсон Хэнтий аймгийн Автотээврийн төвийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 204 дугаартай албан бичиг /хх-ийн 118 хуу/

Хохирогч Г.Д алдсан гэх  42 ямаа, 4 хонины үнэлгээг нийтэд нь 4.700.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний Вэндо ХХК-ий шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн №ХЦ19-49 дугаартай дүгнэлт /хх-39-42 хуу/

Г.Э, Х.Б, Б.Т нарын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 62, 81, 95 хуу/

Г.Э, Х.Б, Б.Т нар нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66, 84, 97, хуу/

Б.Т ХААН банкин дахь депозит дансны дэлгэрэнгүй хуулга  /хх-ийн 113 хуу/

Б.Т нь өвчний учир хөдөлмөрийн чадвараа  79  хувиар алдсан болохыг тогтоосон Нийслэлийн Багануур дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны шийдвэрийн хуулбар /хх-ийн 232 хуу/

Хохирогч Г.Д гаргасан 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  Г.Э гэмт хэргийн хохиролд тооцож 7.050.000 төгрөгийг  Хаан банкны дансаар авсан, хохиролгүй тухай  хүсэлт /хх-ийн 144 хуу/ Хаан банкны  мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн  146 хуу/

Ц.Батбаярын эзэмшлийн 7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн ачааны машиныг  битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай тогтоол, битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 180-182 хуу/

Ц.Батбаярын эзэмшлийн “KIA PAMAX”  маркийн ачааны машины үнэлгээг 12.000.000 төгрөгөөр тогтоосон Хөрөнгийн үнэлгээний ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ий шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 28-ны   өдрийн №100 дугаартай дүгнэлт /хх-185-186 хуу/

7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн автомашины тээврийн хэрэгсэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 191 хуу/

 

Оролцогчдод хэргийн материал танилцуулсан тэмдэглэл /хх-ийн 140-142, 192-195  хуу/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Г.Эрдэнэсайхан, Б.Туул, Х.Батцэцэг нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

 

   Шүүх хуралдаанаар шинжлэн судласан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э нь 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төлүүгийн булан гэдэг газарт нутаглаж байхдаа  хохирогч Г.Д 200 орчим  хонь, ямаа  өөрийн хонинд нийлсэн байхад нь  түүнээс 40 тооны эр ямааг авч, 7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн ачааны машинд ачин Багануур дүүрэг рүү оруулж нядалж зарсан,  2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Төлүүгийн булан гэх газар байх гэртээ мөн хохирогч Г.Д  дээрх малаас 2 хонь, 2 ямааг авч нядлаж хувийн хэрэгцээндээ зарцуулсан,

шүүгдэгч  Х.Б нь  2019 оны 10 дугаар  сарын 11-ний өдөр Г.Э  хохирогч Г.Д алдуул малаас 40 тооны  ямааг завшихад нь мэдсээр  байж Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын малын эмчээс өөрийн нэр дээр уг 40 тооны ямаанд мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ  авсан, 

шүүгдэгч Б.Т нь Г.Эг хохирогч Г.Д алдуул малаас 40 тооны ямааг завшсаныг мэдсээр байж уг ямааны махыг бусдад зарж олсон орлого болох 4.560.000 төгрөгийг 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр  өөрийн ХААН банкин дахь 5012035434 дугаарын дансанд шилжүүлж авсан нөхцөл байдлууд тус тус тогтоогдсон бөгөөд эдгээр нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.         

Шүүгдэгч Г.Э, Б.Т, Х.Б нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг  өгсөн бөгөөд тэдгээрийн үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Г.Д, гэрч  Д.Алтансүх,  Д.Рагчаасүрэн, Б.Эрдэнэчулуун, Г.Эрдэнэжаргал, Д.Оюунчимэг, Б.Энхболд нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг  нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч  Г.Э нь мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны үед гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлын хувьд нийт 42 ямаа, 2 хонь буюу нийт 44 бог мал завшсан гэж мэдүүлэг өгсөн бөгөөд 2 хонийг завшаагүй гэж мэдүүлэг өгсөн, шүүгдэгч Б.Т, Х.Б нар нь хэргийн нөхцөл байдал, гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг яллах дүгнэлтэнд 46 бог мал буюу 4.700.000 төгрөгийн хохирол учирсан гэж тусгасан боловч шүүгдэгч Г.Э завшсан малыг 42 ямаа, 2 хонь буюу нийт 44 бог мал завшсан 4.400.000 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Учир нь шүүгдэгч нарын мэдүүлгээс гадна  хэрэгт авагдсан гэрч Д.Рагчаасүрэнгийн өгсөн:.. 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр   уг бойн дээр  17 цагийн үед 40 тооны  ямааны толгой  худалдаж  авсан...гэх мэдүүлэг, гэрч Б.Эрдэнэчулууны өгсөн:...Би Багануур дүүргийн 3-р хороонд  байдаг малын бойнд  мал нядлах ажил хийдэг юм. 2019 оны 10 дугаар сарын 11-ний  өдрийн 17 цагийн орчимд Цэнхэрмандал сумаас  цагаан өнгийн маяти маркийн машинд  40 тооны  ямаа ачиж  ирээд бойнд оруулсан...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 40 тооны ямааг Багануур дүүрэгт бойнд оруулж нядлаж завшсан,

 гэрч Д.Алтансүхийн  өгсөн:...2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр манай найз  Э манай  гэр лүү  залгаад “хөгшөөн удахгүй найр болох гээд би жоохон завгүй байна, манайд цуг мал  ажиллаад өгөөч”  гэж хэлсэн. Тэгээд би  хөдөө байдаг гэр  болох Төлөөгийн  буланд байдаг гэр лүү нь 10 цагийн  үед л явж  очсон.  Э хоттой  хониноосоо  өөрөө уургалаад  2 хонь, 2 ямаа гаргаж  ирсэн.  Тэрнийг Э бид хоёр  ажилласан...гэх мэдүүлэг, Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Баянмод 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Г.Эрдэнэсайханы эзэмшлийн байшинд үзлэг хийж уг байшинд бог малын мах, 2 ширхэг ямааны арьс, 2 ширхэг хонины арьс байсныг тэмдэглэн  авч, гэрэл зургаар бэхжүүлсэн зэргээс үзэхэд  Г.Эрдэнэсайхан нь 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 2 ямаа, 2 хонь нядлаж завшсан болох нь тус тус тогтоогдож байх тул түүний завшсан малын нийт тоог 42 ямаа, 2 хонь гэж үзэн гэмт хэргийн хохирлын хэмжээг 4.400.000 төгрөг /2 хонины нийт үнэлгээг 300.000 төгрөгөөр тооцож хассан болно/  гэж үзлээ.

Аймгийн Прокурорын газраас Г.Э, Б.Т, Х.Б нарын  үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар  зүйлийн 1 дэх хэсэг, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  тус тус зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн нь үндэслэлтэй байна. 

Хохирогч Г.Д нь 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр  Г.Э хохирол 7.050.000 төгрөг  Хаан банкны дансаар авсан, хохиролгүй тухай  хүсэлт гаргасан, /хх-ийн 144 хуу/ энэ тухай Хаан банкны  мөнгөн шилжүүлэгийн баримт /хх-ийн  146 хуу/  хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Хохирогч Г.Д нь ...манай нутгийн Э хонинд  манай 140 орчим  тооны хонь, ямаа байсныг  нь ялгаж  авсан...гэж, шүүгдэгч Г.Э нь ... Хохирогч Д нь манай бог малнаас  140 орчим тооны хонь, ямаа  ялгаж авсан байсан...Надад  Д  бог малыг  тууж таслаж  гэрийнхээ  гадна  авчраагүй. Манай хонинд нийлсэн байхад нь авч ашигласан нь үнэн...гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Г.Э үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжгүй, харин хохирогчийн малыг өөрийн малтай нийлсэний дараа түүнээс авч ашигласан нь алдуул малыг завшсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Б нь шүүгдэгч Г.Э хохирогч Г.Д алдуул малаас 40 тооны ямаа авсаныг мэдсээр байж сумын малын эмчээс өөрийн нэр дээр мал эмнэлэг, ариун цэвэр-гарал үүслийн гэрчилгээ  авсан, шүүгдэгч Б.Т  нь Г.Э хохирогч Г.Д алдуул малаас 40 тооны ямааг авсаныг мэдсээр байж уг ямааны махыг бусдад зарж олсон орлого болох 4.560.000 төгрөгийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр  өөрийн ХААН банкин дахь дансанд шилжүүлж авсан үйлдлүүд нь  тогтоогдсон бөгөөд  шүүгдэгч Х.Б, Б.Т нар нь энэ талаар Г.Э урьдчилан амлаагүй байх тул тэдгээрийг  Г.Э үйлдсэн гэмт хэрэгт хамтран оролцогч гэж үзэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч Х.Б  дээрх үйлдэл нь шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгөө /40 ямааг/  зарж борлуулах үйл ажиллагааг хууль ёсны мэт харагдуулахад чиглэгдсэн байх бөгөөд энэ нь  гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн хууль бус эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор өөрчилсөн буюу  мөнгө угаах гэмт хэргийн шинжтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч нарын мэдүүлэг болон банкны дансны хуулгаас үзэхэд 2019 оны 10  дугаар сарын 12-ны өдөр Б.Т ХААН  банкин дахь дансанд “Энхболд, Туул, Цэнхэр” гэсэн  гүйлгээний утгаар 5.050.000 төгрөгийн орлого орсон байх бөгөөд энэ нь Г.Эрдэнэсайханы завшсан 40 ямааны мах болон шүүгдэгч Х. Б өөрийн малаас нядлан авч яван зарсан 4 ямааны махны үнэ гэж үзэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Х.Т  нь  Х.Б 4 ямааны махны үнэ болох 490.000 төгрөгийг өгсөн, Х.Б нь 4 ямааны махны үнэ 490.000 төгрөгийг Х.Тавсан гэж тус тус мэдүүлэг өгсөн өгөөд уг 490.000 төгрөг нь Х.Б нь өөрийн малыг зарж олсон мөнгө, гэмт хэрэг үйлдэж олсон мөнгө гэж үзэх үндэслэлгүй байх тул 5.050.000 төгрөгнөөс хасаж тооцон шүүгдэгч Б.Т гэмт үйлдэж олсон 4.560.000 төгрөгийг мэдсээр байж авсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Г.Э алдуул малыг бусдын  өмчлөлд байгааг мэдсээр байж  завшсаны  улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан,  шүүгдэгч Х.Б  гэмт хэргийн улмаас олсон  хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг  нуун далдлах зорилгоор өөрчилсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, шүүгдэгч Б.Туулыг гэмт хэргийн улмаас олсон мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э эрүүгийн хариуцлага оногдуулахдаа учруулсан хохирлоо нөхөн төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2  дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шүүгдэгч Х.Б, Б.Т нарын хувьд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1  дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын  хувийн байдал зэргийг харгалзан Г.Э  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан торгох ялыг зургаан  сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр, Б.Т, Х.Б нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн  18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тус тус 1 жилийн хугацаагаар тэнсэж  шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Э нь гэмт хэрэг үйлдэхдээ 7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн ачааны автомашиныг ашигласан болох нь  шүүгдэгч, гэрч нарын  мэдүүлгүүдээр тогтоогджээ. Уг автомашин нь Ц.Батбаяр гэх хүний нэр дээр бүртгэлтэй байдаг болох нь Хэнтий аймгийн Автотээврийн төвийн албан бичиг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар зэргээр тогтоогдсон, Ц.Батбаяр нь Г.Эрдэнэжаргалд зарсан боловч эзэмшигчийн бүртгэлийг өөрчлүүлээгүй байгаа, уг автомашин нь шүүгдэгч Г.Э өмчлөлийнх биш, хураан авах үндэслэлгүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Э уг автомашины үнэ болох 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг түүний хувьд ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Э, Б.Т, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц  7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн ачааны автомашиныг  битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай  тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 183 дугаар хуудсанд “Зоригтсайханаас 50.000 төгрөгийг “машин” гэсэн гүйлгээний  утгаар нэхэмжилсэн” ФЭЙР ВАЛУЭШН ХХК-ий  Хэнтий аймаг дахь салбар төлөөлөгчийн газрын нэхэмжлэх  байх ба энэ нь хэрэгт хамааралтай эсэх нь тодорхойгүй, огноогүй, мөн Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 161 дүгээр тогтоолоор батлагдсан “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-д заасны дагуу баталгаажуулаагүй байх тул  эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх зардалтай холбоотой баримт гэж үзэх үндэслэлгүй байна.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г.Э алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсаны улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан  буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн,

 шүүгдэгч Х.Б мөнгө угаах  гэмт хэргийг,  гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө гэдгийг мэдсээр байж түүний хууль бус эх үүсвэрийг  нуун далдлах зорилгоор өөрчилж үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн,

шүүгдэгч Б.Т мөнгө угаах  гэмт хэргийг, гэмт хэргийн улмаас олсон  мөнгө гэдгийг мэдсээр байж түүнийг авч үйлдсэн буюу  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г.Э 2000 /хоёр мянга/  нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.000.000 /хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Т, Х.Б  нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр  тус тус нэг жилийн хугацаагаар  тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу шүүгдэгч Г. нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш  6   /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт  заасны  дагуу шүүгдэгч  Г.Э  гэмт хэрэг үйлдэхдээ  ашигласан 7803 УНИ  улсын дугаартай  “KIA PAMAX”  маркийн автомашины үнэ болох 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгийг түүний  хувьд  ногдох, хураан авахыг хуулиар хориглоогүй хөрөнгө, орлогоос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.

6. Шүүгдэгч  Г.Э, Б.Т, Х.Б нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрдэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,  шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 7803 УНИ улсын дугаартай,  “KIA PAMAX”  маркийн автомашиныг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай  тогтоолыг хүчингүй болгосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих, иргэний нэхэмжлэгч зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлт түдгэлзэх бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Э, Б.Т, Х.Б нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Э.ОДХҮҮ