Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0118/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                                  Б.Бямбасүрэн,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                 Г.Баярсайхан,

Шүүгдэгч                                                          Л.Б нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Б-д холбогдох 203900...........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Л.Б

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Л.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Т-н малыг хариуцан маллаж байхдаа буюу 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө бусдын итгэмжлэн хариуцуулсан адуунаас 1 тооны зээрд зүсмийн хязаалан гүүг завшиж 800.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Л.Б нь Хэнтий аймгийн Мөрөн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.Т-н малыг хариуцан маллаж байхдаа 2019 оны 12 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө 1 тооны хязаалан гүүг завшиж 800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ц.Т-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын дундуур Бд малаа харуулаад үлдээсэн юм... Явахаас өмнө надад хэлээд 1 даага ажилласан. Тэгээд хотод байхад эхнэр лүү яриад зээл төлөх гэсэн юм нэг адуу өгөөч гээд байсан. Ирэхэд хул азаргатай адуунаас зээрд гүү алга байсан... Би Бд очиж байгаад 1 адуу өгье гэж ярьсан юм. Тэрнээс биш манай адуунаас дур мэдэн зээрд зүсмийн гүүг ав гэж хэлээгүй. Б нь манай адуунаас захиран зарцуулах эрх байхгүй. Улаанбаатар хот руу явах болоод Бийг мал харж бай гээд өөрийнхөө нэр дээр байдаг малаа үлдээсэн... Б хохирлыг маань бүрэн барагдуулсан байгаа... Надад ямар нэгэн санал хүсэлт гомдол байхгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 05, 07  тал/

2. Гэрч М.Сарантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2019 оны 12 дугаар сард хот руу эмнэлэг явахаар болоод Бийг малаа харуулаад үлдээсэн юм. Тэгээд 12 сарын дундуур 1 адуу өгөөч зээл дарах гэсэн юм гэж гуйгаад байхаар нь очиж байгаад болъё гэж хэлсэн юм. Тэгээд 12 сарын 20-ны орчимд ирээд бүртгэхэд хул азаргатай адуунаас зээрд зүсмийн гүү алга байсан. Бийг авсан юм байна л гэж бодсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 8 тал/

3. Гэрч Б.Эрдэнэсайханы мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Б ах 2019 оны 12 дугаар сард Мөрөн сумын Т гэх хүний малыг харж байсан бөгөөд 12 сарын 11-ний орой 16 цагийн орчимд хул азаргатай алаг гүүтэй 30 гаран тооны адуу тууж авчраад хашиж байгаад тэндээсээ зээрд гүү барьж аваад ажилласан. Уг адуунууд нь Т ахын тамгатай буюу задгай 3 нүдний уйл тамгатай байсан. Тэгээд Б ах хэлэхдээ Т ах мал харах хөлсөндөө адуу ав гэж хэлсэн юм аа гэж надад хэлээд намайг хамт ажиллалцаад өг гэж гуйхаар нь би итгээд хамт ажиллалцсан. Тэгээд Б ах өөрийнхөө портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад аймаг руу явсан. Тэгтэл сүүлд Т гуайд хэлээгүй адууг нь ажилласан байсан... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 тал/

4. Шүүгдэгч Л.Бийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2019 оны 11 дүгээр сарын 20-ны үеэр нэг сар мал харах гэж Хэнтий аймгийн Мөрөн сум 1 дүгээр баг Нуруугийн ар гэх газар Ц.Т-н гэрт очсон. Тэнд мал харахаа очиход гэрийн эзэн Т эхнэр Сарантуяа хоёр охин төрөх гээд байна гээд хот явсан. Би гэрт нь ганцаараа үлдсэн. Тэр хоёр хот явахдаа мал сайн харж байгаарай бид хоёр хот явж ирээд нэг адуу өгье гэсэн. Тэгээд би 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Сарантуяа эгч рүү залгаад зээл тулчихаад байна нэг адуу ажилламаар байна гэж хэлэхэд очсон хойно болохгүй юм уу би бас хэдэн юм ажилламаар байна гэсэн. Би утсаар ярьчихаад айхтар юм ярихгүй байхаар нь Овын дэрс гэх газар байх дүү Э.Эрдэнэсайхан дээр хул азаргатай адуу тууж очоод Сарантуяа эгч ажил гэсэн юм гэж хэлээд зээрд гүүг гэрийнх нь гадаа ажилласан. Адуугаа ажиллаад дүүгийн гадаа байсан “Pronter” маркийн 77-15 ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд ачаад Хэнтий аймгийн Хэрлэн сум явсан. Хэрлэн суманд ирээд хорихын байрны урд явж байхад эргүүл хийж байсан цагдаагийн алба хаагч нар зогсоогоод шалгасан. Тэгээд машин, мах хоёроо журамлуулсан... Миний эзэмшлийн машин... Би өөрийн хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/

5. Хөрөнгийн үнэлгээний Фейр Валуэшн ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн №89 дугаартай: “... иргэн Ц.Т-н хулгайд алдсан 1 тооны адууны зах зээлийн үнэлгээг 800.000 /найман зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж тодорхойлж байна... ” гэсэн дүгнэлт /хх-ийн 91 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ц.Тт 800.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /хх-ийн 7, 94 тал/ гэсэн мэдүүлэг болон тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор шүүх хурлын тов мэдэгдэж, дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй... ”  гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн 77-15 ХЭА улсын дугаартай HYUNDAI PRONTER маркийн тээврийн хэрэгслийг ашигласан байх тул хурааж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгчийн  бусдад төлөх хохирол, төлбөргүй байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах  нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1. Шүүгдэгч Бийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бийг 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Бд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Мөрөн сумын Засаг даргын Тамгын газарт өдөрт 8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Б нь оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн 77-15 ХЭА улсын дугаартай HYUNDAI PRONTER маркийн тээврийн хэрэгслийг хурааж улсын төсөвт шилжүүлж, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгийн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн  №16 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол биелэгдэх хүртэл хэвээр үргэлжүүлсүгэй.

 

  6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй бусдад төлөх төлбөргүй ба түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Бд авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ