Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 72

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0112/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                        Г.Отгонзаяа,

Улсын яллагч                                   Ж.Батбаатар,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч               С.Нарангэрэл, Г.Бадамгэрэл, Б.Болортунгалаг,

Шүүгдэгч                                              О.Л, Т.О, Г.О, Ц.У   нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Г.Мөнхболдоос  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, мөн хуулийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Л, Т.О, Г.О, Ц.У   нарт холбогдох 203900.......... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, О.Л, Т.О, Г.О, Ц.У   

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч О.Л, Т.О, Г.О, Ц.У нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, 2019 оны 02 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө иргэн Ж.Ц-н эзэмшлийн 2 тооны үхрийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг “Хөл нуур” гэх газарт бэлчээрт нядалж, хулгайлан бусдад нийт 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О.Л, Т.О, Г.О, Ц.У нар нь бүлэглэн, тээврийн хэрэгсэл ашиглаж, 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн “Хөл нуур” гэх газарт иргэн Ж.Ц-н 2 үхрийг хулгайлж 2.300.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

1. Хохирогч Ж.Ц-н  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Улаан ухаа гэх газарт мал маллаж амьдардаг юм. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 17-18 цагийн орчимд өөрийн 33 тооны үхэр сүргийг гэрийнхээ тоолж бүртгэхэд бүрэн байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 11 цагийн орчимд дүү Мөнгөнсүх утсаар залгаад хар халзан үнээ, улаан халзан үнээ дутчихлаа хайгаад явж байтал 2 үхрийн сэвс шийр нь Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Хөл нуур гэх газарт байна гэж утсаар ярьсан. Тэгээд би цагдаад хандсан. ... Хар халзан үнээ, хүрэн халзан үнээний шийр мөн байсан. ... Хар халзан бүдүүн үнээ гэдэс нь цагаан, эвэртэй, дөрвөн шийр нь цагаан, хүрэн халзан бүдүүн үнээ зөв талын эвэр нь хугархай үхэр байсан. Зөв чих догол имтэй, буруу чих имгүй 2 үхэр байсан. Өөр содон шинж тэмдэг гэхээр зүйл байхгүй... Надад сэжиглэж байгаа хүн байхгүй... Зул, Байгаль, Дашням, Ж.Цбаяр нарын айл байдаг. ... Манай үхэр улаан ухаа, хөл нуур орчмоор бэлчээрлэдэг юм. ... Зах зээлийн ханшаар үнэлнэ... “ гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 56-57 тал/

            2. Гэрч Ж.Мөнгөнсүхийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг Улаан-Ухаа гэх газарт байдаг юм. Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны орой үхрээ Хөл нуур гэх газрын баруун талд хурааж орхиод тэгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөө гэрээсээ малдаа яваад үхрээ бүрсгэж үзэхэд манай ах Ж.Ц-н үхэр хар халзан үнээ, хүрэн халзан үнээ зөв чих догол буруу чих ар талаасаа ганзага имтэй 2 тооны үхрийг ажиллаад сэвсийг нь Хөл нуурын хойд талд хаясан байхаар нь би ах Ж.Ц-д утсаар хэлээд тэгээд цагдаад гомдол гаргасан. ... Надад сэжиглэж байгаа хүн байхгүй. Намайг үхрээ бөөгнүүлэхэд хүн яваагүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 60-61 тал/

            3. Гэрч Б.Намнансүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Ж.Ц гэх хүнийг танина. Манай гэрээс баруун хойш байдаг айл юм. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Ж.Ц-н дүү Мөнгөнсүх манайхаар ирээд хоёр тооны үхрийг Хөл нуур  гэх газарт ажиллаад аваад явсан байна гэж байсан. Манай урд шөнө буузаа хийсэн шөнө 23 цаг хүртэл энүүгээр машин тэрэг яваагүй. Би сайн мэдэхгүй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-63 тал/

            4. Гэрч Т.Цэрэндэндэвийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Ж.Ц гэх хүнийг танина. Манай урд талд байдаг айл юм. Мал алдсан талаар нь бол өнөө өглөө буюу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өглөө Ж.Ц ахын хүргэн Мандах гэх хүнээс мэдсэн. Хөл нуур гэх газарт 2 үхрийг нь шулсан байна гэж утсаар хэлсэн тэгээд мэдсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 64-65 тал/

            5. Гэрч Б.Нармандахын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 –р багийн харъяат бөгөөд одоо тус багийн Жаргалант гэх газар мал маллан эхнэр хүүхдийн хамт оршин сууж байна. 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнийн 01 цагийн орчим /тухайн үед цаг анзаарч хараагүй/ гэртээ эхнэр хүүхдүүдийн хамт амарч байхад гадаа машин ирэх шиг болоод гэрт хүн орж ирсэн. Би орны хажуу талын гар чийдэнгийн гэрэл асаагаад хэн орж ирэв гээд хартал зүс таних О гэх хүн орж ирсэн байсан. Тэгээд танайх хойд талын Жаргалантын цайны газрыг таньдаг юм чинь ганц нэг архи аваад өгөөч гэж байсан. Тухайн үед О эгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надад үнэртэж байсан. Тэгэхээр нь би та хэнтэй явж байгаа юм бэ гэж асуусан чинь би бойнд ажилладаг Л болон бас нэг эмэгтэй найзын хамт гурвуулаа явж байна. Л зам зааж явна бид хэд танайхаас баруун урагшаа Харгантай гэх газрын ойролцоо мөнгө урулдуулж байгаа гэж хэлсэн. Тэгээд ч цаг орой болсон байсан учир би Жаргалантын цайны газраас архи дарс авч чадахгүй ээ гэж хэлсэн чинь надаас нилээд гуйж байгаад явсан. Явах үед нь би араас нь гарч хараагүй болохоор яг ямар маркийн автомашинтай ирснийг нь хараагүй. О эгч бол өөрөө ноднин жил цагаан өнгийн пробокс машин унаад байдаг байсан. Гэрт О эгчээс өөр хүн хамт орж ирээгүй. Хамт явж байсан Л гэх хүнийг нь бол би гадарлаж байгаа юм. Л гээд аймгийн төв дээр бойнд ажилладаг байсан нэг залуу байдаг тэр юм болов уу гэж бодсон... Т.О эгч ноднин жил манайхаас баруун урагш 1 орчим км газар байдаг Гомбоо гэх айлд мөнгө уралдуулж байсан тэр үед нөхөр нь гэх З гэх хүнтэй хамт явж байсан. Тэгж анх танилцаж байсан. ... О эгчийнх Хэрлэн сумын 5 дугаар баг Дулаанд байдаг. Би хаягийг нь бол мэдэхгүй өөрөө очвол зааж мэднэ. Т.О эгч ямар ажил хийдгийг нь мэдэхгүй ажил бараг хийдэггүй байх. Харин нөхөр З /бүтэн нэрийг нь мэдэхгүй/ нь Баянхутаг сумын 1 дүгээр баг Хутаг уулын ойролцоо мал малладаг байх. Мөрөн сумын гаралтай хүн байдаг... Тэрийг бол би сайн мэдэхгүй...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 66-67 тал/

            6. Гэрч Д.Оюунцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар баг Мандах дэлгүүрийн ард талын хашаан дотор мах худалдаж авдаг юм. 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр нэлээн олон хүнээс адуу, үхэр, хонь, ямааны мах худалдаж авсан. Тухайн өдөр миний зүс таних Т.О гэх эмэгтэй саарал өнгийн 28-69 ХЭА улсын дугаартай Пробокс маркийн автомашинтай Баянхутаг сумаас хоёр тооны үхрийн мах авчирсан би Т.Оээс арьс толгойг нь асуухад арьс толгой нь байхгүй гэж хэлээд мал эмнэлэг ариун цэврийн 62002 гэсэн дугаартай бичиг өгсөн. Би мал эмнэлгийн баталгаажуулсан бичигтэй байсан учир тухайн хоёр үхрийн махыг жинлэж үзэхэд нэг үхрийн мах 128 кг, нөгөө үхрийн мах 110 кг болсон болохоор 1 кг махыг 5000 мянгаар бодож 1190000 мянган төгрөгийг Т.О гэх эмэгтэйн хаан банкны 5920222328 гэсэн данс руу 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 16 цагийн үед өөрийн данснаас шилжүүлсэн юм. ... Т.О гэх эмэгтэй өмнө надад мах зарж байгаагүй. Байгаль гэх ченжид зарах махаа өгнө гээд явдаг байсан... Би сайн анзаараагүй. Ямар ч байсан Т.О өөрөө байсан, би дотор мах зарсан иргэдийн махны тооцоо хийж байсан болохоор анзаараагүй юм аа... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 68-69 тал/

            7. Шүүгдэгч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг-Уурын 3б-01 тоот гэртээ нөхөр О-н хамтаар байж байхад О 93290171 дугаарын утсаар залгаад Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Гутлын-Уул” гэх газарт хүмүүс мөрийтэй тоголдог гэнэ. Тэнд очиж мөнгө уралдуулъя гэсэн. Тэгээд бид хоёрт мөнгө байхгүй гэж Од хэлэхэд би та хоёрт мөнгө олж өгье гээд 500.000 төгрөг олж өгсөн. Тэгээд би ээмэг бөгжөө ломбарданд 300.000 мянгад тавьсан. Тэгээд Л, О, манай нөхөр О бид 4 манай нөхрийн жолооддог приус-20 маркийн 83-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад Лгийн таньдаг айлд очсон. Тэр гэрт нилээд олон хүн байсан. Тэгээд О тэр айлд мөрийтэй хөзөр тоглуулж эхэлсэн. Тэгээд манай нөхөр Оыг тэр айлд үлдээгээд О, Л бид 3 гадаа машинд 0.75 литрийн ерөөл нэртэй архийг хувааж уусан. Тэгээд бид 3 Баянхутаг сумын 1 дүгээр баг Жаргалантын гуанз руу пиво авахаар явсан. Цаг хэд болж байсныг сайн санахгүй байна. Шөнө болж байсан. Тэгээд архи хайж явсан боловч олдоогүй. Бид нар замаас гарч яваад цасанд суугаад цас ухаж машинаа засмал зам руу гаргасан. Тэгээд шууд аймаг руу явсан. Тэгтэл гүүрний урд талд тээврийн хэрэгслийн дугуй хагарсан. Тэгээд би аймгийн төвөөс таньдаг хүнээ дуудаж машинаа Хэрлэн гүүрний урд талд үлдээгээд О, Л бид гурав запас дугуй авахаар Хэнтий аймгийн төвд ороод запас дугуй аваад буцаж машин дээрээ очсон. Аймгийн төвөөс архи, пиво олдоогүй. Машиныхаа дугуйг сольчихоод би машинаа жолоодоод буцаад нөгөө Лгийн таньдаг гэх айлд ирсэн. Энэ үед нар мандаж байсан. Манай нөхөр О та нар мөнгөө үлдээсэнгүй гээд бөөн уур байсан. Тэгээд бид нар 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр аймаг руу үдийн үед ирж яваад замдаа О одоо энгээд 610.000 мянган төгрөг алдлаа одоо нөхөртөө юу гэж хэлэх үү гэж ярьж байгаад Лг чи надад өгөх мөнгөө өгсөнгүй танай найз нар юм өгсөнгүй гэхэд “харин тийм ээ би та нарыг хэрэггүй авчирлаа” гэж ярьж байсан. Л замд үхэр байгааг хараад энэ үхрээс хулгайлах уу? надад ийм санал байна. Манай аавын өвөлжөө энэ хавьд байдаг юм. Би хэний үхрээс авахаа мэднэ. Ингэж төлөхөөс өөр арга алга гэж хэлээд аймаг руу буцсан. Тэгээд аймагт ирээд О нөхөр Батзоригтой уулзаад мөрийтэй тоглоомонд хүн 2 үхэр алдсан тэрийг аваад ирнэ гэж хэлээд гэрээс нь гараад манай гэрт ирээд хоол идээд буцаад Баянхутаг сум руу гарсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед Баянхутаг сум руу гараад төв магистрал замаар явж байгаад Жаргалантын гуанз хажуугаар гараад урд өдөр нь очиж тоглосон айлын урд талд очиж зогсож байгаад шөнө эргээд шороон замаар явж байгаад “за энд буулгачих” гээд Л манай нөхөр Отай цуг буугаад үлдсэн. Тэгээд О бид хоёр машинтайгаа /би жолоо барьж явсан/ Жаргалантын гуанзан дээр очиж хоол идээд эргэж О, Л нарын буусан газарт ирэхэд 2 тооны үхэр ажилласан байхаар нь машины ард талаад ачаад шууд аймгийн төв рүү шөнө гүүрээр орж ирсэн. Тэгээд үхрийн махаа Оийн гэрт буулгаад манай нөхөр О бид хоёр Лг гэрт нь хүргэж өгөөд гэртээ хариад унтсан. Өглөө 11 цагийн үед О над руу яриад энэ махаа хурдан борлуулъя гэж хэлээд байж байхад Л манай гэрт ирээд та хоёр ямар их унтдаг юм. Энэ махнаас хурдан салъя гээд бид 3 манай гэрээс гарч О дээр очсон. Тэгээд О “аймгаас зүүн хойд талд байдаг айлаас манай нөхөр бид хоёрын худалдаж авсан үхрийн зураг байгаа. Тэр зургаад Баянхутаг сумаас гарал үүсэл ариун цэврийн бичиг авъя” гэж хэлээд бид нар Баянхутаг сум руу очиж малын гарал үүслийн бичиг аваад Оийн гэрт очсон. Тэгээд махаа зарна гэхээр би нөхөр О-н хамтаар мал дээр нь үлдээд О, Л, Батзориг нар махаа зарахаар Батзоригийн пробокс маркийн саарал өнгийн машинтай яваад махаа 1.190.000 төгрөгөөр зарсан гээд ирсэн. Тэгээд манай нөхөр бид хоёр Оийг 300.000 төгрөг өгөхөөр нь авсан. Тэр үед Лд 400.000 төгрөг бэлнээр өгч байсан. Үлдсэн мөнгийг нь О авсан. Тэгээд нөхөр бид хоёр Лг гэрт хүргэж өгчихөөд гэртээ харьсан... Лг үхэр  хулгайлъя гэж хэлэхэд нь мэдсэн. Тухайн үед Лгийн таньдаг гэх айлаас гараад аймаг руу буцаж явж байсан. Тэгээд аймагт ирээд бид буцаад хулгай хийх зорилгоор Баянхутаг сумын нутаг руу явсан. ... Би тэрийг мэдэхгүй... О, Л нарыг буулгасан газарт ирээд 2 үхрийн мах болон толгой, арьсыг ачсан. Тэгээд бүгдийг нь Оийн гэрт үлдээсэн ... Мөрийтэй тоглоомонд О 610.000 төгрөг алдсан гээд уурлаад байсан. Тэгээд Лгээс урьд зээлсэн мөнгөө авмаар байна гэж хэлэхэд Л “Би та нарыг баллачихлаадаа. Би нэг арга бодож 2 үхэр зохицуулж өгье” гэж хэлсэн. Тэгээд замд таарсан үхрээс ирж авна гэхээр нь хулгай хийх гэж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд О бид хоёр болъё гэсэн боловч Л, О хоёр ятгаад байхаар нь ятгалганд автаад хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон... О махаа зарсны маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 93290171 дугаарын утсаар залгаад “нөгөө хоёр үхэр чинь баригдчихаад байна. Цагдаа малын эмч дээр очиж асуусан байна. Удахгүй манайхыг заалгаад ирнэ байх” гэж утсаар ярьсан. Тэгээд дараа нь Л, О бид нар уулзаад цагдаа ирвэл огт юу ч мэдэхгүй гэж хэлээрэй гэж О, Л нар хэлж байсан. Л хэд хоногийн дараа 97161056 дугаарын утсаар залгаад цагдаад баригдсан байна. Надад өмгөөлөгчийн мөнгө олж өг. Би тамхины мөнгөгүй болчихлоо мөнгө олж өг тэгэхгүй бол та нарыг цагдаад хэллээ гэх зэргээр байнга дарамталж байгаа. Лд нөхөр бид хоёр нилээд хэдэн төгрөг өгчихөөд байгаа... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 70-73 тал/

            Шүүгдэгч Ц.Угийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би О, Л, О нарын хамт бусдын 2 тооны малыг хулгайлсан нь үнэн. Хохирол төлбөрөө төлж барагдуулна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 150-152 тал/

            8. Шүүгдэгч О.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн өглөө О, О, У нарын хамтаар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг Гутлын-Уул гэх газраас урьд өдөр мөрийтэй тоглосон тоглоомынхоо мөнгийг Түмэннаст гэх айлд байсан Түмэннаст, Гарваа, Осгоо, Насанбат, Пүүх нараас цуглуулж О эгч авсан. Тэгээд өдөр 13-14 цагйн орчимд О, О, У нарын хамтаар О гэх хүний саарал өнгийн приус-20 маркийн автомашинтай Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах О эгчийн гэрт нь ирсэн. Тэгээд О эгч хэдүүлээ буцаад урагшаа явъя гэж хэлээд О ахын машины ар талд юм ачаад байсан. Би юу ачсан талаар тухайн үед мэдээгүй. Тэгээд О эгч шархаа нөхнө өө гэж яриад байсан. Замдаа дэлгүүрээс 2 том пиво, хэдэн хайрцаг тамхи аваад бид нар Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр багийн нутаг руу явсан. Хэнтий аймгийн төвөөс буцаад Баянхутаг сумын чиглэлд гарахад 17 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд засмал замаар 20 гаран км яваад урагшаагаа шороон зам руу салаад 30 гарсан км яваад Зүйх гэх газарт очиж 2 том пиво уусан. Тэгээд буцаад 20 гаран км зайд шороон замаар явж байтал замын урд талд 20 орчим тооны үхэр бэлчиж байхтай таарсан. Тэгтэл наад үхрээсээ гялс 3 үхэр ажилчих гэж О эгч хэлсэн. Тэгээд О эгч машины ар талаас цагаан өнгийн мяндсан бугуйл гаргаж өгсөн. Тэгээд О ах бид хоёр машинаас бууж үлдсэн. О, У хоёр ойрхон явчихаад ирье гэж хэлээд Огийн машинтай хөдлөөд явсан. Энэ үед цаг 22 цаг болж байсан байх. Тэгээд би улаан халзан үхэр бугуйлдаж аваад нугасалж унагачихаад хар халзан үхэр бугуйлдаж аваад улаан халзан үхрийн хажуу талд нь авч ирээд нугасалж унагасан. О ах бид хоёр хар халзан, улаан халзан 2 тооныы үхрийг ажиллаад дуусаад байж байхад О, У хоёр ирсэн. Тэгээд бид 4 нийлж байгаад үхрийн мах, толгой, ширийг ачсан. Үхэр ажилласан газар гэдэс, 8 ширхэг шийрийг үлдээсэн. Тэгээд шууд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Сангийн аж ахуйд байрлах Оийн гэрт ирээд үхрийн мах, толгой, ширийг амбаарт нь буулгасан. Энэ үед 02-03 цаг болж байсан байх гэж бодож байна. Тэгээд би О ахаар гэртээ хүргүүлсэн. Би хулгайн гэмт хэрэг үйлдэж байгаа гэдгээ хөдөө очоод мэдсэн. Тэгээд би хулгайн гэмт хэрэг үйлдэхгүй гэж хэлэхэд зүгээрээ би мэдэж байна. Шархаа нөхөхгүй бол би нөхөртөө юу гэж хэлэх юм бэ? гэж О хэлж байсан. ... Надад эдгээр хүмүүстэй төрөл садангийн холбоо байхгүй. О ахтай цахилгаан бой нь дээр цуг бойчиноор ажилладаг байсан юм. О ахын эхнэр нь У гэдэг хүн нь байгаа юм. О гэх хүнтэй О ахаар дамжуулж танилцсан. 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр 600.000 төгрөгийг хүүтэй зээлсэн. Тэгж танилцсан өөр харилцаа холбоо байхгүй. ... Сайн мэдэхгүй байна... О-93290171, О-88023445, Угийн утсыг бол мэдэхгүй... Мэдэхгүй... Мэдэж байсан... Ашиг олох зорилгоор О, О, У нарын хамтаар хулгайн гэмт хэрэг үйлдсэн... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 76-78 тал/

            Шүүгдэгч О.Лгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “...  2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр О, О, У бид нар мөрийтэй тоглоом тоглохоор Хэнтий аймгаас зүүн урагш гутлын уул гэх газар нутаглах Гараваа гэх айлынд очсон. Би Гаравааг танидаг учир О, У, О нарыг дагуулж явсан. Эд нар Гаравааг танихгүй. О 2 сая гаран төгрөг уралдуулж хүмүүсийг хөзрөөр мөрийтэй тоглуулсан. 2020 оны 02 дугаар сарын 17-ны шөнө тоглоод өглөө нь тооцоогоо хийсэн О 610.000 төгрөгөөр шатлаа гэж хэлсэн. Би 2 удаа тоглосон. Нэг тоглохдоо 120.000 төгрөг уралдуулж байсан. БИ хоёр тоглохдоо өрөнд ороогүй. О, О, У бид нар О-н приус маркийн автомашинтай явсан. Бид 2020 оны 03 дугаар сарын 17-ны үд гэхэд Хэнтий аймаг руу гарсан замд явж байхдаа манай өвөлжөөний хажуугаар гарсан. Манайх энд өвөлждөг гэж би тэд нарт хэлж байсан. Манай өвөлжөө Хэнтий аймаг Баянхутаг сум 1 дүгээр баг Уртын нуруу гэх газар байдаг. Манай өвөлжөөний хойд ард замын хажууд 30-аад тооны үхэр байсан. О шархаа нөхнө энэ үхрээс хоёр үхэр авъя гэсэн. Би наад үхрээс чинь авч болохгүй гэж хэлсэн. Тэгээд бид Хэнтий аймаг ирсэн. Хэнтий аймагт ирээд О би 610.000 төгрөгөөр шатсан манай нөхөр намайг ална би нөхөртөө хоёр үхэр авсан гэж хэлье тэгээд хэдүүл яваад 2 үхэр авчирах хэрэгтэй байна гэсэн. О, О, У бид нар О-н автомашинтай 2020 оны 03 дугаар сарын 17-ны орой буцаж Хэнтий аймаг Баянхутаг сум 1 дүгээр багт ирсэн. Гараваагийн урд талд зогсож байгаад 2 ширхэг пиво хувааж уусан. Тэгээд би Хэнтий аймаг чигт явсан замд давсангийн гуанзны урд замын хажууд үхэр байсан. О эндээс хоёр үхэр авчих энд буу гэж О бид хоёрт хэлсэн бид хоёр машинаас бууж үлдсэн. О, У хоёр Жаргалантын цайны газар руу явсан. Отгнбаатар бид хоёр үхэр барьж нядалсан. Үхрийг нядлаад махыг эвдсэн. У, О хоёр буцаж ирсэн. Тэр хоёрыг ирэхэд хоёр үхрийг нядлаад дууссан байсан хоёр үхрийн махыг ачаад Хэнтий аймаг 2020 оны 03 дугаар сарын 18-ны шөнийн 02 цагийн орчим Хэнтий аймгийн төвд ирсэн. Оийн хашаанд очиж 2 үхрийн махыг буулгасан тэгээд гэртээ очиж амарсан. 2020 оны 03 дугаар сарын 18-ны өдөр О дуудсан бид бүгдээрээ очсон тэгээд малын гарал үүслийн бичиг аваад Мандах дэлгүүрт 2 үхрийн махыг зарсан. Хоёр үхрийн мах 1.190.000 төгрөг болсон. Мөнгийг О аваад надад 400.000 төгрөг өгсөн. О, У хоёрт 300.000 төгрөг өгсөн. О үлдсэн мөнгийг авсан. Би Оээс авсан 400.000 төгрөгийнхөө 240.000 төгрөгийг буцаагаад Од өгсөн. Би Од өртэй байсан. Үлдсэн мөнгийг би өөрийн хэрэгцээнд хэрэглэсэн... Хар халзан зүсмийн, улаан халзан гэхээр зүсмийн үхэр байсан. Би үхрийн имийг нь хараагүй. Арьс толгойг нь Хэнтий аймагт авчирсан О мэдэж байгаа. ... О өөрөө тоглоом тоглоогүй. Тооцоогоо хийхгүй явж байгаад мөнгөө дутаачихсан юм. ... Би Од 480.000 төгрөгийн өртэй байсан. Би мөнгөө өгөөгүй байсан... О 610.000 төгрөг дутсан шархаа нөхнө гээд хулгай хийсэн... О намайг хулгай хийхэд хамт яваад өрөө өгчих гэж хэлсэн... Би хийсэн хэрэгтэй их гэмшиж байна. Дахиж гэмт хэрэг үйлдэхгүй. Хохирол мөнгөө төлнө...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 157-160 тал/

            9. Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: "... Би 2020 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг-Уурын 3б-01 тоот гэртээ манай эхнэр Угийн хамтаар байж байхад манай эхнэр У руу О 93290171 дугаарын утсаар залгаад Хэнтий аймгийн Баянхутаг сумын “Гутлын-Уул” гэх газарт хүмүүс мөрийтэй тоглодог гэнэ. Тэнд очиж мөнгө уралдуулъя гэсэн. Тэгээд бид хоёрт мөнгө байхгүй гэж Од хэлэхэд би та хоёрт мөнгө олж өгье гээд 500.000 төгрөг олж өгсөн. Тэгээд манай эхнэр У ээмэг бөгжөө ломбарданд 300.000 мянгад миний нэр дээр тавьсан. Тэгээд Л, О, манай эхнэр У бид 4 манай миний жолооддог приус-20 маркийн 83-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад Лгийн таньдаг айлд очсон. Тэр гэрт нилээд олон хүн байсан. Тэгээд О тэр айлд мөрийтэй хөзөр тоглуулж эхэлсэн. Тэгээд би тэр айлд ганцаараа үлдээд О, Л, У нар гадаа машнд байсан 0.75 литрийн ерөөл нэртэй архийг хувааж уугаад хөдлөөд явсан байсан би шөнө дунд гадаа гарахад манай машин байхгүй байсан. Өглөө гэгээ орж байхад ирэхээр нь та нар мөнгөө аваад явчих юм хаашаа яваад ирж байгаа гэж уурлаад би машиндаа ороод суугаад Л мөнгөө аваад орсон тэгээд өдөр 13 цагийн үед бид нар аймгийн төв рүү явж байхад О би хамаг мөнгө алдчихлаа гээд уурлаад үглээд явж байгаад Л, О нар нь хоорондоо эргэж ирээд эндээс үхэр ажиллаж алдсан мөнгөө олж явъя гэж хоорондоо ярьж яваад аймагт ирсэн. Тэгээд О манай эхнэр Уд 300.000 төгрөг өгөөд ломбарданд тавьсан ээмэг бөгжөө ав гэж өгөөд манай гэр лүү очье гэж хэлээд гэрийнх нь гадаа очиход О гэр лүүгээ ороод гарч ирэхдээ бугуйл барьж гарч ирээд намайг машины ард хийчих гэж гэж хэлэхээр нь би машинаас бууж очоод ардаа хийсэн. Тэгээд О, Л нар Баянхутаг сум руу явж алдсан мөнгөө үхэр болгож ирнэ гэхээр нь эхнэр бид хоёр уурласан чинь О би мөнгө алдчихсан тийм болохоор та хоёр заавал яв гэж уурлаад би тар хоёр малчны зээл авч өгч байсан гээд бөөн өр зээл яриад байсан. Тэгээд бид нар 2020 оны 02 дугаар сарын 17-ны орой 16 цагийн үед Баянхутаг сум руу гараад төв магистрал замаар явж байгаад Жаргалантын гуанзны хажуугаар гараад урд өдөр нь очиж тоглосон айлын урд талд очиж зогссон. Шөнө эргээд шороон замаар явж байгаад “за энд буулгачих” гээд Л хэлээд бид хоёр цуг буугаад үлдсэн. Тэгээд О У хоёр машинтайгаа /У жолоо барьж явсан/ хөдлөөд явсан. Тэгээд 20-30 минутын дараа буцаж ирсэн. Тэр үед  Л бид хоёр 2 тооны үхэр бэлчээрт нь ажиллаад дуусаж байсан. Тэгээд О, Л бид нар нийлж байгаад үхрийн мах, арьс, толгойг машины ард талд ачаад шууд аймгийн төв рүү шөнө гүүрээр орж ирсэн. Тэгээд үхрийн мах, арьс, толгойг Оийн гэрт буулгаад манай эхнэр У бид хоёр Лг гэрт нь хүргэж өгөөд гэртээ хариад унтсан. Өглөө 11 цагийн үед О манай эхнэр лүү яриад энэ махаа хурдан борлуулъя гэж хэлээд байж байхад Л манай гэрт ирээд та хоёр ямар их унтдаг юм  энэ махнаасаа хурдан салъя гээд бид 3 манай гэрээс гарч О дээр очсон. Тэгээд О “аймгаас зүүн хойд талд байдаг айлаас манай нөхөр бид хоёрын худалдаж авсан үхрийн зураг байгаа. Тэр зургаар Баянхутаг сумаас гарал үүсэл ариун цэврийн бичиг авъя” гэж хэлээд бид нар Баянхутаг сум руу очиж малын гарал үүслийн бичиг аваад Оийн гэрт эргэж ирээд тэгээд махаа зарна гэхээр би эхнэр Утай хамтаар мал дээр нь үлдээд О, Л, Батзориг нар махаа зарахаар Батзоригийн пробокс маркийн саарал өнгийн автомашинтай яваад махаа 1.190.000 мянган төгрөгөөр зарсан гээд ирсэн. Тэгээд манай эхнэр бид хоёр Оийг 300.000 мянган төгрөг өгөхөөр нь авсан. Тэр үед Лд 400.000 төгрөг бэлнээр өгч байсан. Үлдсэн мөнгийг нь О авсан. Тэгээд эхнэр бид хоёр Лг гэрт хүргэж өгчихөөд гэртээ харьсан. ... Л, О нар нь үхэр хулгайлъя гэж хэлэхэд нь мэдсэн. Тухайн үед Лгийн таньдаг гэх айлаас гараад аймаг руу буцаж явж байсан. Тэгээд аймагт ирээд бид буцаад хулгай хийх зорилгоор Баянхутаг сумын нутаг руу явсан. ... Хар халзан үхэр, улаан үхэр байсан шөнө байсан болохоор содон шинж тэмдэг байсан эсэхийг хараагүй... Л бид хоёр У, О нарыг ирэхээр нь 2 үхрийн мах болон толгой, арьсыг О, Лгийн хамтаар ачсан. Тэгээд бүгдийг нь Оийн гэрт үлдээсэн. ... Оийн гэрт нь байгаа байх гэж бодож байна... Мөрийтэй тоглоомонд О 610.000 төгрөг алдсан гээд уурлаад байсан. Тэгээд Лгээс урьд зээлсэн мөнгөө авмаар байна гэж хэлэхэд Л “Би та нарыг баллачихлаадаа. Би нэг арга бодож 2 үхэр зохицуулж өгье” гэж хэлсэн. Тэгээд замд таарсан үхрээс ирж авна гэхээр нь хулгай хийх гэж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Тэгээд манай эхнэр У бид хоёр болъё гэсэн боловч Л, О хоёр ятгаад байхаар нь ятгалганд автаад хулгайн гэмт хэрэг үйлдэхэд оролцсон... О махаа зарсаны маргааш буюу 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр 93290171 дугаарын утсаар залгаад “нөгөө хоёр үхэр чинь баригдчихаад байна. Цагдаа малын эмч дээр очиж асуусан байна. Удахгүй манайхыг заалгаад ирнэ байх” гэж утсаар ярьсан. Тэгээд дараа нь Л, О бид нар уулзаад цагдаа ирвэл огт юу ч мэдэхгүй гэж хэлээрэй гэж О, Л нар хэлж байсан. Тэгээд аймгаас зүүн тийш гараад миний машины ард хулгайлсан гэх 2 үхрийн арьс, шир, толгойг багаажинд хийгээд хол аваачиж хая гэхээр нь би аймгаас зүүн тийш 30 гаран км газарт аваачиж хаяаад ирсэн...  “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 79-82 тал/

            Шүүгдэгч Г.Оын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би У, Л, О нарын хамт бусдын 2 тооны малыг хулгайлсан нь үнэн хохирол төлбөрөө төлж барагдуулна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 154-155 тал/

            10. Шүүгдэгч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг Цаг-Уурын 3б-01 тоот О-н гэрт очоод тэгээд О, У хоёроос Лг асуугаад та хоёр танина гэж мөнгө зээлүүлсэн тэр мөнгөө авмаар байна гээд тэгээд бид 3 гэрээс гарч Лгийн байгаа газар очиж Лтэй уулзаад тэгээд Лгийн эхнэрийг дуудаж уулзаад нөхрийнхөө зээлсэн мөнгийг өг чи цуг хэрэглэсэн гэж хэлэхэд Лгийн эхнэр өгөхгүй гэж хэлсэн тэгээд Би Лтэй, О, У нартай цугтаа Хэрлэн сумын  2 дугаар баг Булгийн 10-08 тоот Лгийн аавын гэрт очоод тэндээ орой болтол сууж байхдаа Л ааваасаа газрын бичиг баримтаа өгчих энэ хүмүүсд мөнгөний өрөндөө түр өгье маргааш болтол гэж хэлэхэд аав нь өгөхгүй байсан. Тэгээд Л аавтайгаа маргалдаад Дорнод аймгийн Хөлөнбуйр суманд отроор гарсан адуунаас авчирч ажиллана үгүй бол үхэр ажиллана гээд маргалдаад байсан. Тэгээд О, У бид 3 гэрээс гараад гэр гэр лүүгээ явсан. Маргааш өглөө би Лтэй утсаар яриад чи зугтаагүй биз хаана байна гэхэд гэртээ байна гэхээр нь мөнгө төгрөгөө яаж олж өгөх юм бэ гэхэд Баянхутаг сумаас мөрийтэй тоглуулж олсон 3 тооны ямаа байгаа та тэрийг ав гэсэн тэгээд та бас мөнгө уралдуул тэнд тоглодог хүмүүс байгаа гэхээр нь би О, У бид 4 мөрийтэй тоглуулахаар О-н жолооддог Приус-20 маркийн 83-23 УНЕ улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй яваад Лхагвсасүрэнгийн таньдаг айлд очсон. Тэр гэрт нилээд олон хүн байсан болохоор би тэр айлд мөнгөө гаргаад мөрийтэй хөзөр тоглуулж эхэлсэн. Тэгээд Оыг тэр айлд үлдээгээд би Л, У нартай гадаа машинд сууж байгаад машинд байсан 0.75 литрийн архийг Л, У бид гурав хувааж уусан. Тэгээд айлын гаднаас хөдлөөд бид 3 Баянхутаг сумын 1 дүгээр баг Жргалантын гуанз руу пиво авахаар явсан. Цаг хэд болж байсныг сайн санахгүй байна шөнө болж байсан. Тэгээд архи хайж явсан боловч олдоогүй. Бид нар замаас гарч яваад цасанд суугаад цас ухаж машинаа засмал зам руу гаргасан. Тэгээд шууд аймаг руу явсан. Тэгж явж байхад машины дугуй хагараад тэгээд бид 3 бууж дугуйгаа солиод тэгээд У гүүрний урд талд ирээд аймгийн төвөөс таньдаг дүүгээ дуудаж авчираад машинаа бариулж аймаг руу ороод дэлгүүрээс пиво сураад олдохгүй болохоор нь буцаад О-н үлдсэн айлд эргэж очсон тэгэхэд гэгээ орж байсан. Тэгээд бид нар 2020 оны 02 дугаар сарын 17-ны  өдөр аймаг руу үдийн үед явж байхад Л замд манай өвөлжөө энд байдаг гэж заагаад манай аав ээж салсан гээд ярьж яваад аймагт ирээд Л гэртээ хүргүүлээд тэгээд би бас гэр лүүгээ хүргүүлээд О, У нар явсан. Тэгээд орой 17 цагийн үед над руу Л миний 93290171 гэсэн утас руу залгаад би аавтай ярьчихлаа таны мөнгийг өгье гэсэн ингээд хөдөө явъя та О, У нарт хэлээд гуйчих гэсэн тэгээд би О, У нартай уулзаад Лг төвөөс аваад тэгээд бид нар Баянхутаг сум руу гараад төв магистрал замаар явж байхад Жаргалантын гуанз хажуугаар гараад урд өдөр нь очиж тоглосон айлын тэрүүгээр явж байгаад энэ үхэр биш байна гээд заагад яваад байсан тэгж байгаад манай өвөлжөө энд байгаа гээд явж байгаад дэрсэн дотор хэдэн үхэр байхад ингээд зогсчих гээд тэгэхээр нь У бид хоёр уурласан чинь Оыг гуйгаад би аавд хэлсэн байгаа айх юм байхгүй гээд тэгээд бууж үлдээд би Утай машинтайгаа /би жолоо барьж явсан/ Жаргалантын гуанзан дээр очиж хоол идээд сууж байгаад 1 цаг орчмын дараа эргэж О, Л нарын буусан газарт ирэхэд 2 тооны үхэр ажилласан байхаар нь би машинаас бууж машины багаж онгоолгож өгөөд барьж байгаад О, Л хоёр ачаад тэгээд шууд аймгийн төв рүү шөнө гүүрээр орж ирсэн. Тэгээд үхрийн махаа манай гэрт буулгаад Л, О У нар гэр лүүгээ явсан. Өглөө 10 цагийн үед Л ирээд араас нь О, У нар ирсэн. Тэгээд Л би Хэнтий аймгийн харъяат биш болохоор та авчих гэхээр нь би Баянхутаг сумаас гарал үүсэл ариун цэврийн бичиг авъя гэж хэлээд бид нар Баянхутаг сум руу очиж малын гарал үүслийн бичгийг манай нөхөр Батзориг нэр дээр аваад аймагт манай гэрт ирээд тэгээд махаа зарахаар Л бид хоёр пробокс маркийн саарал өнгийн 28-69 ХЭА улсын дугаартай автомашинтай яваад махаа 1.190.000 төгрөгөөр зарсан. Тэгээд би Лгээс би 790.000 төгрөг авсан өөрөө 400.000 төгрөгөө аваад тэгээд бид нар салаад би гэртээ үлдээд О, У, Л гэр лүүгээ харьлаа гээд явсан. ... Би Лг хулгай хийж байна гэдгийг мэдээгүй. Л би аавдаа хэлсэн байгаа одоо мал дэрсэнд хэвтсэн болохоор явахгүй энд нь хийсэн дээр гээд хөдөө хээр хийсэн... Би мэдэхгүй... Л, О хоёр нь тухайн газраас 2 үхрийн мах болон толгой, арьсыг ачсан. Тэгээд бүгдийг нь аймгийн төв дээр манай гэрт үлдээсэн. ... Хэнтий аймгийн Хрлэн сумын 5 дугаар багийн нутаг Дулааны энгэр гэх газарт байрлах манай гэрт байгаа. ... Би 2019 оны 05 дугаар сард Оаар дамжуулж мөнгө зээлж байсан тухайн үед би нэрийг Унгаа гэж сонсож байсан. Би мөнгө өгөөд дараа нь Оаас нэхнэ шүү гэж хэлж өгсөн... Би аав дээр нь мал байдаг талаар сонссон... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 85-88 тал/

            Шүүгдэгч Т.Оийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би мэдүүлэг өгнө. 2020 оны 02 дугаар сарын 18-ны орой 17 цагийн орчим Хэнтий аймгийн төвөөс Баянхутаг сум руу О, У, Л нарын хамт О-н приус-20 маркийн автомашинтай явсан. Хэнтий аймгаас 50 гаран км засмал замаар явсан дараа нь шороон замаар хэсэг явсан. Тухайн үед шөнө болсон гадаа харанхуй болсон байсан. Бид 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр нэг танихгүй айлд очиж мөрийтэй тоглоом тоглосон юм. Тэр тоглоом тоглосон айлынхаа урд талд очиж зогссон. Бид нар 2 ширхэг пиво авсан байсан тэр пивийг хувааж уусан. О, Л хоёр машинаас буугаад үлдсэн. У бид хёр Жаргалантын цайны газар очиж хоол идсэн. Үүнээс хойш цаг гарны дараа буцаж О, Л хоёрын машинаас бууж үлдсэн газар очиход тэд хоёр тооны үхэр нядалсан байсан. Үхрийн махыг машинд ачаад Хэнтий аймагт ирсэн. Ирээд 2 үхрийн махыг манай хашаанд байшинд хийсэн. Манай гэр Дулааны 5-10 тоот хашаанд байдаг. Би гэртээ бууж үлдсэн тэр гурав явсан. 2020 оны 03 дугаар сарын 19-ний өглөө тэр гурав манай гэрт ирсэн. Баянхутаг сум явж малын гарал үүслийн бичиг би авсан. Буцаж ирээд хоёр үхрийн махыг Мандах дэлгүүрт очиж зарсан. Хоёр үхрийн мах 1190.000 төгрөг болсон. Би 490.000 төгрөг авсан, О 300.000 төгрөг, Л 400.000 төгрөг авсан... О манай бэр Алтанчимэгийн төрсөн дүү нь байгаа юм. О-н эхнэр нь У байгаа юм. Л зүгээр таньдаг хүн байгаа юм. ... Л надаас 2019 онд 600.000 төгрөг зээлсэн байсан. Тэгээд 200.000 төгрөгийг өгөөд бусад мөнгөө өгөхгүй байсан. О, У хоёр надад анх Лг танилцуулж тэгээд мөнгө зээлсэн юм. 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр У бид хоёр бэлэн мөнгө уралдуулж тоглоом зохиосон юм. Тэгээд буцаад Хэнтий аймаг явж байхдаа би таниас зээлсэн мөнгөө хулгай хийж төлөхгүй бол өөрөөр төлөх арга алга, надад энэ үхрээс хулгайлна гэж замд байсан үхрийг зааж хэлж байсан. Тэгээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр буцаж явж хулгай хийхээр явсан. Би нөхөртөө 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдөр тоглоом зохион байгуулаад 2 үхэртэй болсон тэгээд 2 үхрээ авчрахаар явлаа гэж хэлээд 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр О, У, Л  нартай хамт хөдөө явсан... Би хулгай хийгээд мөнгө өг гэж хэлээгүй. Л өөрөө хулгай хийж миний мөнгийг өгнө надад нэг санаа байна гэж хэлсэн. ... Л миний мөнгийг өгөхгүй их удсан тэгээд би дахиад худлаа хэлээд дахиад алга болж магадгүй гээд Лг дагаж явсан... Надад тийм асуудал байхгүй. Би Лгээс мөнгө бол нэхсэн гэхдээ хулгай хий гэж хэлсэн удаа байхгүй... Бид нарыг хулгай хийгээд цагдаа дээр ирчихсэн байхад манай нөхөр намайг хэрэгт холбогдсон гэдгийг мэдсэн. ...Би өөрийнхөө авсан 490.000 төгрөгийг төлнө. Отгнбаатар У хоёр 300.000 төгрөг авсан, Л 400.000 төгрөг авсан. Үлдсэн 1110.000 төгрөгийг У, Л, О нартай хувааж төлөх хүсэлтэй байна... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 145-148 тал/

            11. Хөрөнгийн үнэлгээний Фэйр Валуэшн ХХК-ны 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн №096 дугаартай: “... Хэнтий аймгийн Баянхутаг сумын иргэн Ж.Ц нь 2020 оны 02 дугаар сарын 18-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Баянхутаг сумын 1 дүгээр баг хөл нуур гэх газраас алдагдсан 1 тооны үхэрний зах зээлийн үнэлгээг 2.300.000 /хоёр сая гурван зуун мянга/ төгрөг байх боломжтой гэж тодорхойлж байна... ” гэсэн тодорхойлолт /хх-ийн 128 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч О.Л, Т.О, Г.О, Ц.У нарын бусдын малыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12-р зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна.                 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Ж.Ж.Ц-д 2.300.000  төгрөгийн хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгч нарт гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй /2-р хх-ийн 39 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн байх тул шүүгдэгч нарыг  бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэрэгт оногдуулах эрүүгийн хариуцлагыг хүндрүүлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцох, гэм буруутай хүн, хуулийн этгээдэд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээг тухайн гэмт хэргийг үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулиар тодорхойлно ” гэж заасан, мөн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “ ... Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй... ” гэж заасан байх тул хууль буцаан хэрэглэх үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нарын  хөнгөн гэмт хэрэг үйлдэж хохирлоо нөхөн төлсөн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан ял шийтгэл оногдуулах нь  зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч О, О, Л, У нарыг бусдын малыг хулгайлсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 1.9 дүгээр зүйлийн 2, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Оийг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Оыг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Лг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Уг 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Л, Г.О, Г.О, Ц.У нарт оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг Хэнтий аймгийн Эрүүл мэнд нийгмийн даатгалын хэлтэст өдөрт  8 цагаас дээшгүй хугацаагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч .Л, Г.О, Г.О, Ц.У нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан саарал түрийтэй хар өнгийн гутал 1 хосыг шүүгдэгч Г.От, богино түрийтэй хар өнгийн гутал 1 хос, хар өнгийн күртик 1 ширхэгийг шүүгдэгч Ц.Уд буцаан олгож, шар өнгийн бариултай хутга 1 ширхэг, хар өнгийн бариултай хутга 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмцогц устгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 6.500.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн буюу шүүгдэгч Г.Оаас 1.625.000 төгрөгийг, шүүгдэгч Г.Оээс 1.625.000 төгрөгийг, О.Лгээс 1.625.000 төгрөгийг, шүүгдэгч Ц.Угаас 1.625.000 төгрөгийг тус тус гаргуулж улсын төвөт шилжүүлсүгэй.

  7. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй ба тэдний  бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Л, Г.О, Г.О, Ц.У нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ