| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0016/Э |
| Дугаар | 53 |
| Огноо | 2020-03-16 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Г.Мөнхболд |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 03 сарын 16 өдөр
Дугаар 53
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0016/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Г. Отгонзаяа,
Улсын яллагч Г. Мөнхболд,
Шүүгдэгч С.Э нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Э холбогдох 20390... дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
С.Э нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оол эм” эмийн сангаар үйлчлүүлэхдээ иргэн Н.А-н эзэмшлийн “LG” маркийн гар утсыг тус эмийн сангийн лангуун дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 325.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.Э нь 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оол эм” эмийн сангаар үйлчлүүлэхдээ иргэн Н.А-ийн эзэмшлийн “LG” маркийн гар утсыг тус эмийн сангийн лангуун дээрээс хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 325.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Н.А-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3-р багт үйл ажиллагаа явуулдаг 24 цагийн эмийн сангаас эм авах гээд эхнэр Эрдэнэчимэгийн хамт ороод өөрийн гар утсаа хажуудаа тавиад эм авах гээд зогсож байгаад гар утсаа авах гэсэн чинь алга болсон байсан. Миний гар утас “LG” маркийн гар утас байгаа юм. Цагдаагийн байгууллагад надад гар утсыг маань буцааж олж өгсөн. Надад гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 12-13 тал/
Гэрч Б.Эрдэнэсувдын: “...тэр өдөх туслах ажилтныхаа ажлыг... “Оол эм” эмийн санд хийж байхад гаднаас ногоон дээлтэй эрэгтэй, хар курткатай эмэгтэй хоёр орж ирээд эм үзээд зогсож байсан. Тэгээд би “Хаан” банкны бэлэн мөнгөний машинд орчихоод ирээд байж байхад намайг гарахад үйлчлүүлж байсан эрэгтэй орж ирээд “шар хавтастай утас харсан уу” гэж асуухаар нь хяналтын камерийн бичлэг шүүж, ухрааж өгсөн. Хяналтын камерийн бичлэгийг ... ухрааж харахад ногоон дээлтэй эрэгтэй, хар курткатай эмэгтэйн наана зогсож байгаад лангуун дээр шар хавтастай утсаа орхиод удаагүй байхад гаднаас ногоон дээлтэй, саарал малгайтай, хар цүнхтэй утасных нь урд талд тавиад тэр хоёр руу харж байгаад маск худалдаж аваад цүнхэндээ аваад хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 19 тал/,
Яллагдагч С.Э ийн: “...би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 14 цагийн үед “Монгол банк” дотор байдаг Төрийн банк орж одонтой ээжийн мөнгө авах гээд орсон чинь маск зүүгээгүй байна гэхээр нь маск авах гээд “Сэцэн хан” төвийн баруун талын “Оол эм” эмийн сангаар орж маск авсан. Маск авах гээд ороход эмэгтэй, эрэгтэй хоёр үйлчлүүлээд зогсож байсан. Худалдагч эмэгтэй лангууны цаана үйлчлээд зогсож байсан. Би ороод лангууны зүүн талд очоод зогсоход лангуун дээр шар өнгийн нээдэг гэртэй утас байсан. Тэгээд би маск авъя гээд худалдагч маск авч өгөх гээд цаашаа явах хооронд нь тэр утсыг аваад цүнхэндээ хийсэн...манайд ирсэн цагдаа “Оол эм” эмийн сангаас авсан утсыг хурааж аваад цагдаагийн газарт авч ирсэн ” гэх мэдүүлэг /хх-ийн 33-34 тал/,
Хөрөнгийн үнэлгээний “Фэйр валуэшн” ХХК-ний 2020 оны 02 дугаар сарын 19-ны өдрийн №091 дугаартай эд зүйлийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 23 тал/
Эд зүйл хураан авсан тухай тэмдэглэл,
Эд зүйл хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл,
Камерийн бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 5-7 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч С.Эт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно
Иймд шүүгдэгч С.Э ийг бусдын хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд шүүгдэгч С.Эрдэнцэцэгийн дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Хохирогч Н.А нь “миний хохирлыг барагдуулсан нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” /хх-ийн 12-13 тал/ гэх хүсэлт өгсөн байх тул шүүгдэгч С.Э ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгч С.Э т холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” албадлагын арга хэмжээ авах саналыг гаргажээ. Шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч С.Э Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Э-т хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч С.Э т тэнсэгдсэн 6 /зургаа/ сарын хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтанд хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Э нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Э т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА