Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 23 өдөр

Дугаар 86

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 180/2020/0123/Э

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганзориг даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                    М.Долгоржав

Улсын яллагч                                                  Ж.Батбаатар

Шүүгдэгч                                                          Д.Э, Я.З нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Э, Я.З нарт холбогдох 203900..........дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар  хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын  байцаалт: Монгол Улсын иргэн Д.Э

Монгол Улсын иргэн, Я.З

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Шүүгдэгч Д.Э, Я.З нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг “Харгиастай” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, 3.8 метр куб шинэс мод хууль бусаар бэлтгэсэн гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э, Я.З нар нь бүлэглэн 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг “Харгиастай” гэх газраас зохих зөвшөөрөлгүй, 3.8 метр куб шинэс мод хууль бусаар бэлтгэж ойн санд 228.000 төгрөгийн хохирол учруулсан  болох нь:

 

1. Хохирогч Б.Г-н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр миний хариуцан ажилладаг талбай болох Хэнтий аймгийн Дадал сумын Агац багийн нутаг “Харгиастай” гэх газарт зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн байна. Тухайн газар нь мод бэлтгэх зөвшөөрөл олгодоггүй газар юм. Ойролцоогоор 4 куб мерт орчим мод бэлтгэсэн байсан. Ингэснээр байгаль орчинд хохирол учруулж байгаа хэрэг юм. Дадал сумын иргэн Д.Э, Я.З нар бэлтгэсэн байсан. Эдгээр хүмүүс ямар нэгэн зөвшөөрөл эрхийн бичиг аваагүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 29 тал/

2. Иргэний нэхэмжлэгч Э.Мөнхдөлийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... өмнө нь миний автомашин байсан юм. 2018 онд би Чаминчулуун гэх Хэнтий аймгийн Батноров сумын харъяат залууд зарсан юм. Одоог болтол нэрээ шилжүүлээгүй байгаа. 2020 оны өвөл Чаминчулуун Хэнтий аймгийн Дадал сумын харъяат хүнд зарсан гэж байсан. Надад нэхэмжлэх зүйл байхгүй... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 тал/

3. Гэрч Ж.Чаминчулууны  мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би баз хүргэн Эд хөх өнгийн 46-95 ХЭҮ улсын дугаартай портер машинаа 2019 оны 11 сард 2 тооны бяруугаар наймаалцаж өгсөн. Тээврийн хэрэгслийн гэрчилгээ шилжүүлээгүй байгаа. Одоо уг тээврийн хэрэгсэл надад ямар нэгэн хамааралгүй болсон... ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41 тал/

4. Гэрч Р.Болор-Эрдэний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан юм. Тэр үед хойноос бөөр булгаар мод ачсан машин орж ирсэн. Би зогсоон шалгахад 46-95 ХЭҮ улсын дугаартай хөх өнгийн портер маркийн автомашиныг Э гэх хүн жолоодож шинэс мод ачиж авч явж байсныг саатуулан шалгасан юм... Өөрийн хадам дүү болох Я.Зын хамт явж байсан... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 43 тал/

5. “Биндэр-Ой” сум дундын ойн ангийн  2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №07 дугаартай: “... нийт бэлтгэсэн шинэс модны хэмжээ 3.8 м3, ойн санд учруулсан хохирлын хэмжээ 228.000 төгрөг... “ гэсэн дүгнэлт /хх-ийн 53 тал/

6. Шүүгдэгч Д.Эын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын төвд байх гэртээ байж байхад ойролцоогоор 08-09 цагийн үед манай эхнэрийн төрсөн ах болох Батцогт нь над руу утсаар яриад надад хандан ахдаа өвс татахад туслаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд би гэртээ байж байгаад ойролцоогоор 14 цагийн үед эхнэрийнхээ төрсөн дүү болох З луу утсаар яриад Зт хандан хоёулаа Батцогт ахынх руу яваад өвсийг нь татаад өгье гэж хэлсэн. Тэгэхэд З зөвшөөрөөд бид хоёр миний эзэмшлийн хөх өнгийн 46-95 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинтай Дадал сумын Балж багийн нутаг Мараан гэх газарт нутагладаг Батцогт ахынх руу явсан юм. Тэгээд З бид хоёр Батцогт ахын хөдөө гэрт нь ирээд өвсийг нь татаж өгчихөөд буцаад Дадал сумын төв рүүгээ хөдөлсөн. Тухайн үед ойролцоогоор 16-17 цагийн үе л байсан. Тэгээд дөнгөж хөдлөөд явж байхдаа би Зт хандан цагаан сар болох гэж байна, хоёулаа түлээний модонд явъя гэж хэлсэн. Тэгэхэд З надад хандан мод бэлтгэх эрхийн бичиг чинь байгаа юм уу гэж хэлсэн. Тэгэхээр нь би Зт хандан байгаа, асуудалгүй гэж хэлсэн. Тэгээд З бид хоёр тэндээсээ шууд Дадал сумынхаа Агац багийн нутаг Харгиастай гэх газар луу түлээний модонд явсан. Тэгээд бид хоёр уг газартаа ирээд авч явсан цахилгаан хөрөөгөөрөө босоо 3 ширхэг шинэс модыг хөрөөдөж унагаасан ба бусад моднуудаа бол унанга модноос ялгаж авч машиныхаа тэвшний өргөнд нь тааруулж хөрөөдөж бэлтгэн машин дээрээ ачсан. Тэгээд бид хоёр бэлтгэсэн моднуудаа автомашиндаа ачиж дуусаад тэндээсээ шууд Дадал сумынхаа төв рүү хөдөлсөн. Тэгээд ойролцоогоор 20-21 цагийн үед Дадал сумынхаа төвд орж ирээд гэртээ харих гэж яваад цагдаад баригдсан... Би уг нь 2020 оны 02 дугаар сарын эхээр яг хэдний өдрийг нь одоо санахгүй байна. Дадал сумын захиргаанаасаа мод бэлтгэх эрхийн бичиг авсан, гэхдээ уг мод бэлтгэх эрхийн бичгэн дээр маань Дадал сумын Тариат гэх газраас  3 хоногийн хугацаанд модоо бэлтгээрэй гэж байсан, тухайн үед нь надад цаг зав гараагүй учир би уг газраас нь модоо бэлтгэж авч чадаагүй юм, тэгээд л 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр ямар нэгэн мод бэлтгэх эрхийн бичиггүй мөртлөө Дадал сумынхаа Агац багийн нутаг Харгиастай гэх газраас хууль бусаар мод бэлтгэчихлээ, би ийм асуудал гаргасандаа харамсаж байна... би түлээний модгүй болчихоод л хууль бусаар мод бэлтгэчихлээ, надад өөр ямар нэгэн санаа, зорилго байгаагүй... улсын тусгай хамгаалалттай газарт ордоггүй... З  бид хоёрын хууль бусаар бэлтгэсэн моднууд Дадал сумын цагдаагийн кабон байрны хашаан дотор автомашиныхаа ачаан дээр тоо ёсоороо бүрэн байгаа. З бид хоёр уг хууль бусаар бэлтгэсэн моднуудаа хэрэглэж амжилгүй сумын төв дээрээ дөнгөж орж ирээд харих гэж яваад л цагдаад баригдсан... З бид хоёрын хууль бусаар мод бэлтгэсэн Харгиастай гэх газар нь Дадал сумын төвөөс ертөнцийн зүгээр хойд зүгт ойролцоогоор 20 орчим км-т байдаг... өөрийн хадам дүү Зын хамт мод бэлтгэсэн... цагаан өнгийн цахилгаан хөрөө ашигласан... Би хөх өнгийн 46-95 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинаа 2019 оны 11 дүгээр сард өөрийн баз Чаминчулуун гэх хүнээс 2 тооны бяруугаар худалдаж авсан, гэхдээ би одоогоор уг 2 тооны бяруугаа Чаминчулуун ахад өгөөгүй байгаа, тухайн үед намайг уг автомашиныг Чаминчулуун ахаас худалдаж авахад автомашины маань гэрчилгээн дээр эзэмшигчээр Мөнхдөл гэх хүний нэр байсан, уг Мөнхдөл гэх хүнээс Чаминчулуун ах надад зарсан автомашинаа худалдаж л авсан юм шиг байгаа. Тэгээд Чаминчулуун ах автомашиныхаа гэрчилгээг өөр дээрээ болгохгүй явж байгаад л уг автомашинаа надад зарчихаад байгаа юм, тэгээд би автомашинаа Чаминчулуун ахаас худалдаж авсныхаа дараа тээврийн хэрэгслийн гэрчилгээг нь солиулъя гэж ч явсангүй...  би үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...  ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 62-64 тал/

7. Шүүгдэгч Я.Зын мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн: “... Би 2020 оны 02 дугааар сарын 18-ны өдөр гэртээ байж байхад ойролцоогоор 14 цагийн үед миний хүргэн ах болох Э нь над руу утсаар яриад надад хандан ах нь гэртээ байна аа, чи манай гэрт хүрээд ирэх үү, хоёулаа Батцогт ахын өвсийг нь татаад өгчихье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэгье гээд Э ахын гэрт нь очсон. Тэгээд Э ах бид хоёр Э ахын эзэмшлийн хөх өнгийн 46-95 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашинтай нь Батцогт ахынх руу явсан. Тэгээд бид хоёр Батцогт ахын хөдөө гэрт нь ирж өвсийг нь татаж өгчихөөд ойролцоогоор 16-17 цагийн үед буцаад Дадал сум руугаа явахаар болоод Батцогт ахынхаас хөдөлсөн. Тэгээд хөдлөөд явахад Э ах надад хандан хоёулаа түлээний модонд явъя гэж хэлсэн. Тэгэхээр нь би Э ахад хандан та мод бэлтгэх эрхийн бичгээ авсан юм уу гэхэд Э ах надад хандан авсаан, байгаа гэж хэлсэн, тэгээд Э ах бид хоёр Дадал сумынхаа Агац багийн нутаг Харгиастай гэх газар луу түлээний модонд явсан, тэгээд бид хоёр уг газартаа ирээд босоо 3 ширхэг шинэс мод унанга 2 ширхэг шинэс мод, нийтдээ 5 ширхэг шинэс модыг автомашиныхаа ачаандаа тааруулан хөрөөдөж бэлтгээд автомашиндаа ачсан. Тэгээд бид хоёр бэлтгэсэн моднуудаа автомашиндаа ачиж дуусаад тэндээсээ шууд Дадал сумынхаа төв рүү хөдөлсөн. Тэгээд ойролцоогоор 20-21 цагийн үед Дадал сумынхаа төв рүү дөнгөж орж ирээд явж байгаад сумынхаа цагдаад баригдсан... Э ах маань мод бэлтгэх эрхийн бичгээ аваагүй байж таараад би хууль бусаар мод бэлтгэсэн болчихоод л байж байна... би хүргэн ахдаа туслах санаатай хамт яваад л хууль бусаар мод бэлтгэчихлээ... хүргэн ах Эын хамт хууль бусаар мод бэлтгэсэн... Би үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж байна, ахиж ийм асуудал гаргахгүй... “ гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-67 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгч нарын бүлэглэн зохих зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг байна.

Энэ гэмт хэргийн улмаас ойн санд 228.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нар нь ойн санд учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан болох нь 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 113 тал/-аар тогтоогдож байгаа бөгөөд хохирогч Б.Г  нь шүүгдэгч нарт гомдол санал байхгүй /хх-ийн 112 тал/ гэсэн тодорхойлолтыг мөрдөн шалгах ажиллагааны явцад гаргаж өгсөн, шүүх хуралд оролцуулах зорилгоор хурлын тов мэдэгдэж дуудахад “... нэхэмжлэх зүйлгүй” гэсэн байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон байдал  болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Э, З нарыг бүлэглэж хууль бусаар мод бэлтгэсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1,  7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Э, Я.З нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2-т  заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тус бүр 1 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5, дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Э, Я.З нарт тэнсэгдсэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүргийг хүлээлгэсүгэй.   

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч  Д.Э, Я.З нарт анхааруулсугай.

 

5. Монгол Улсын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185, 186 дугаар зүйлүүдэд зааснаар шүүгдэгч Д.Э, Я.З нарын тэнсэгдсэн хугацаанд болон үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээнд хяналт тавьж ажиллахыг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  46-95 ХЭҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 00842028 дугаартай гэрчилгээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчид буюу иргэний нэхэмжлэгчид буцаан олгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгсэл болох хөх өнгийн 46-95 ХЭҮ улсын дугаартай портер маркийн автомашины үнэ болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Д.Эаас гаргуулж улсын төсөвт шилжүүлж, хууль бусаар бэлтгэсэн 3.8 куб метр шинэс мод, эд мөрийн баримтаар хураагдсан модны цахилгаан хөрөө зэргийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй,тэдний бичиг баримт шүүхэд ирээгүй ба Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатарын эд хөрөнгө битүүмжлэх тухай 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн №17 дугаартай тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй. 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э, Я.З нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                           Д.ГАНЗОРИГ