| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0051/Э |
| Дугаар | 30 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 30
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/051/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн даргаар Г. Отгонзаяа,
Улсын яллагч Ж. Батбаатар,
Шүүгдэгч Г.У нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.У-д холбогдох эрүүгийн 2039... дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Г.У
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 12 дугаар сарын 18-19 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А55 дугаар байрны 01 тоотод иргэн Л.О ын нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.У нь 2019 оны 12 дугаар сарын 18-19 нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр баг, А55 дугаар байрны 01 тоотод иргэн Л.О ын нүүрэн тус газарт нь цохисны улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Л.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хэнтий аймгийн Галшар сумаас Хэнтий аймгийн Хэрлэн сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Эзэнт гүрэн” ресторанд Галшар сумын Уяачдын шинэ жилийн арга хэмжээнд оролцохоор ирж, арга хэмжээндээ оролцоод шөнө 23 цагийн үед тарсан. Ингээд би Хэрлэн сумын 4 дүгээр багийн А55 дугаар байрны 01 тоотод байдаг гэртэээ найз Шижирбаяр, дүү Тогтохбаяр нарыг гэртээ дагуулж очсон. Тэгээд гэртээ байж байтал манай сумын дүү Г.У-, Тулга, Амбуу, Мөнгөнтулга нар манайд ирж унтахаар болсон... Манай гэрт Мөнгөнтулга орж ирээд шууд унтаад өгсөн. Мөн Тулгааг хүн дуудаад манайхаас гараад явсан. Г.У 2 шил 0.75 литрийн “Экс” нэртэй архи авчирсан байсан. Тэр архинаас Мөнгөнтулга, Тулгаа 2 бол уугаагүй тэр архинаас Г.У, Тогтохбаяр, Шижирбаяр бид дөрөв уусан. Амбуу залуу гэдэг хажууд юм яриад суусан архинаас уугаагүй. Тэгээд 2 дах шил архиа бараг дуусч байх үед Г.У-, Шижирбаяр 2 адуунаас болж маргалдсан. Арай зодолдоогүй, маргалдаад барьцалдаад байхаар нь би та 2 гэр оронд муудлаа гээд гол Г.У-г явуулах гээд хөөсөн. Г.У гол болохгүй байсан юм. Бид 3 ширээ тойроод сууж байсан. Г.У-, Шижирбаяр хоёр зэрэгцээд сууж байсан юм. Ингээд манай 2-ыг муудалцахыг болиулах гээд босоод ойртоод очтол Г.У- тас хийтэл нүүрэн тус газарт маань гараараа цохисон. Тэгээд би арагшаа суун тусаад хэсэг манарч суугаад босож ирэхэд, баруун хөмсөгнөөс цус гойжоод байсан. Тэгээд хэсэг зуур чимээгүй болцгоосон. Тэгээд хэсэг хугацааны дараа би гэр оронд орж ирээд, агсам согтуу тавьж цус нөж гаргалаа гэж Г.У- рүү уурласан. Мөн би арваад жилийн өмнө аавд нь боолгож үхэх шахсан, одоо хүүд нь зодуулж үхэх юм байна л даа гэж хэлсэн чинь, Г.У үүдэнд гутлаа өмсөж байснаа уурлаад над руу дайрч, гараараа дух, урууланд хоёр удаа цохисон. Тэгээд бид хоёр гэрийн үүдэнд коридорт зууралдаж байх үед Амбуу Г.У-г үүдрүү чирч гаргах гэсэн тэр үед миний зүүн гарын бугалганы ар хэсэгт хөхөрсөн байсан ...” гэх мэдүүлэг /хх-ийн 8 тал/
Гэрчээр Г.У-гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Хэрлэн сумын 4 дүгээр багийн А55-р байрны 01 тоотод нутгийн ах Лхагвасүрэнгийн Оюунболдын гэрт, нутгийн ах Шижирбаяртай морь ярьж байгаад хоорондоо маргалдсан. Тэгтэл гэрийн эзэн болох Л.О ах намайг гэрээсээ хөөж уурлаад, гэр оронд маргалдлаа гэсэн. Тэгэхээр би Оюунболд ахтай бага зэрэг маргалдаад байтал Л.О ах миний нүүрэн тус газарт хоёр удаа гараараа цохисон. Тэгэхээр нь зөрүүлээд нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохисон. Тэгээд би явах гээд гутлаа өмсөж байсан чинь танай аав чинь намайг төрсөн өдрөөр маань боож алах гэж байсан юм, одоо хүүгийнх нь гарт үхэх юм байна л даа гээд хорон үгээр идэхээр нь би Л.О ахыг бариад авсан, тэгтэл цуг байсан Амбуу намайг хаалгаар түлхэж гаргаад аваад явсан. Би Л.О ахын нүүрэн тус газарт нь цохиж гэмтэл учруулсан асуудлаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9 тал/
2020 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шүүх шинжилгээний шинжээч эмчийн 26 дугаартай дүгнэлтээр: “...Л.О-н хөмсгөнд шарх, баруун нүдний алимны салс цус хуралт, хамрын таславчийн мурийлт, үүдэн шүдний сулрал, доод уруул, зүүн бугалаг, баруун нүдний доод зовхинд цус хуралт биед гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй...” /хх-ийн 23 тал/ гэх зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Г.У-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Г.У-д холбогдох гэмт хэрэгт улсын яллагчаас Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, сайн дураараа эвлэрсэн хохирол гомдол санал байхгүй гэсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйл үгүй, шүүгдэгчийн гадаадад зорчих эрхийг түдгэлзүүлээгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Г.У-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч Г.У-д оногдуулсан 500 /таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сард 150.000, 150.000, 200.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Г.У- нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 /арван таван мянга/ төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.У-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА