Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 001/ХТ2018/01486

 

Ч.Цгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

        Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн      

         2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэр,

 Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

         2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1166 дугаар магадлалтай,

         Нэхэмжлэгч: Ч.Ц

         Хариуцагч: НШГГт холбогдох       

         Эд хөрөнгийн үнэлгээ хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

      Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбулганы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

         Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018-01-09-ний өдрийн эд хөрөнгийн үнэлгээний талаарх 4/679 тоот мэдэгдлийг хүлээн авч танилцаад гомдлоо 7 хоногийн дотор шүүхэд гаргасан. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-03-ны өдрийн 287 дугаар шийдвэрийг албадан гүйцэтгэхдээ Чингэлтэй дүүрэг, 4 дүгээр хороо, Бага тойруу, 19А байр, 10 тоот  орон сууцыг Сэлэнгэ эстимэйт ХХК үнэлсэн 2018-01- 09-ний өдрийн үнэлгээг  зөвшөөрөхгүй. Албадан дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн талаарх саналыг талуудаас албан ёсоор гаргуулан авч, үнэ тогтоох,тохиролцоогүй бол шинжээч томилж, үнэлгээ хийхээр заасан байдаг. Гэтэл хариуцагч үнийн санал гаргуулаагүй, харилцан тохиролцох арга хэмжээ авалгүй 2018-01-05-ны өдөр шууд шинжээч томилж,шинжээч томилсон, шинжээч эд хөрөнгийг багаар үнэлсэн. Үнэ ханш судалж үзвэл тус үл хөдлөх эд хөрөнгө нь хамгийн багадаа 410 гаруй сая төгрөгөөр үнэлэгдэхээр байна. Гэтэл шинжээч 336,680,000 төгрөгөөр үнэлсэн. Иймд  Сэлэнгэ эстимэйт ХХК-н 2018-01-09-ний өдрийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

        Хариуцагч хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19А байрны 10 тоот хаягт байрлах  Ч.Цгийн өмчлөлийн объектыг Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу албадан дуудлага худалдаагаар худалдан борлуулах үл хөдлөх эд хөрөнгийн үнийн саналыг талуудаас авсан. Ч.Ц  санал өгөх боломжгүй шинжээч томилох хүсэлт гаргасны дагуу  Сэлэнгэ эстимэйт ХХК-г шинжээчээр томилж, үнэлгээ нь 336,680,000 төгрөгөөр тогтоогдсон.Энэ талаар  2018-01-09-ний өдөр мэдэгдсэн. Ч.Ц мэдэгдлийг хүлээн авч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62.2 дахь хэсэгт заасны дагуу 2018-01-10-ны өдөр нэг сарын хугацаатай бие даан борлуулах хүсэлт гаргасан. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан Ч.Цгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 7.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ч.Цгээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

        Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1166 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

        Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Эрдэнэбулган хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой нотлох баримтыг шаардлага хангасан байдлаар гаргаж өгсөн. Мөн шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргийг эх хувиар нь шинжлэн судалсан. Давж заалдах шатны шүүхэд шийдвэр гүйцэтгэлийн хувийг хэргийн хамт хүргүүлсэн байхад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ :        

          Ч.Ц 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр нэхэмжлэл гаргаж, Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, Бага тойруу гудамжны 19А байрны 10 тоотод байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 336,680,000 төгрөгөөр үнэлснийг хүчингүй болгуулахыг хүссэн байна.         

         Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх “...нотлох баримтыг гаргуулах, шинжлэн судлахтай холбоотой...журмыг ноцтой зөрчсөн....Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.3, 51 дүгээр зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн...” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаажээ.

         Хяналтын шатны шүүхэд гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         1. Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгохдоо үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.   

         а/. давж заалдах шатны шүүхийн “....Хэргийн 66 дугаар хуудсанд авагдсан баримтын баруун дээд буланд шүүх хуралдаан дээр шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс эх хувиар нь шинжлэн судлав гэсэн гар тэмдэглэлийг шүүгч хийсэн... хэргийг дагалдаж шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэрэг эх хувиар ирсэн байна. Шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд .., хэрэгт авагдсан нотлох баримтыг бүхэлд нь шинжлэн судлав. Мөн шийдвэр гүйцэтгэлийн хувийн хэргээс гүйцэтгэх хуудас, албадан гүйцэтгүүлэх захирамж, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан талаарх шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлүүд, Ч.Цгийн шинжээч томилуулах хүсэлт, үнэлгээ хийсэн объектын улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэргийг тусгайлан шинжлэн судлав гэжээ. /хх 82 дугаар тал/... шүүх хуралдааны тэмдэглэл нь нотолгооны хэрэгслийн нэг бөгөөд...тэмдэглэлд шинжлэн судалж үзлэг хийсэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичсэнээр тухайн шинжлэн судалсан нотлох баримтыг үнэлэх боломжтой болох юм. Гэтэл үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, нотлох баримтад агуулагдаж буй мэдээллийг тусгаагүйгээс шинжлэн судалсан гэх нотлох баримтуудыг үнэлэх боломжгүй болжээ. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Ч.Цгийн шинжээч томилуулах хүсэлт, эд хөрөнгө битүүмжилсэн, хураасан тогтоол, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл зэрэг нотлох баримтын хэлбэрийн шаардлага хангаагүй баримтуудын агуулгыг зааж шийдвэрийн үндэслэл болгосон нь ИХШХШТХ-ийн 38.5, 116.3-т нийцээгүй...”  гэсэн дүгнэлт үндэслэлгүй байна.   

       Хэргийн 66 дугаар талд, хариуцагч байгууллагын “хуулбар үнэн” гэсэн дардас бүхий  2017-08-23-ны өдрийн 779 дугаар гүйцэтгэх хуудас авагдсан байх бөгөөд уг баримтыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаан дээр эхээр нь буюу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-03-ны өдрийн 287 дугаар захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх 81/-т хавсаргасан байдлаар гарган өгчээ.             

        Шүүх бичмэл нотлох баримтын хуулбарыг жинхэнэ эхтэй нь харьцуулж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т нийцсэн ажиллагаа байна. Учир нь бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь өгнө, хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй юм.

        Түүнчлэн, давж заалдах шатны шүүх дүгнэлт хийхдээ талууд энэ талаар маргаагүй байгааг анхаарч үзээгүй нь дутагдалтай болжээ. 

       б/. “...хариуцагч нотлох баримт гаргахдаа өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдгийг дарсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44.4-т  нийцэхгүй байна...” гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт баримтад үндэслэгдээгүй  байна. 

       Төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын хуулбар үнэн гэсэн тэмдэг дарж баталгаажуулна гэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасан бөгөөд энэ нь хэргийн оролцогчид хамаарахгүй юм.

        Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргахдаа Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017-02-03-ны өдрийн 287 дугаар захирамжийн дагуу явуулж буй шийдвэр гүйцэтгэх ажиллагааны хувийн хэрэг /хх 81/-г буюу бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь гаргаж өгсөн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсгийн зохицуулалт энэ тохиолдолд хэрэглэгдэхгүй. 

        Бичмэл нотлох баримтын хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Шүүхийн шийдвэр гарсны дараа бичмэл баримтын эхийг түүнийг гаргаж өгсөн этгээд хүсвэл буцаан өгч, уг баримтын нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг хэрэгт авч үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3-т зааснаар хийгдэж болох ажиллагаа юм.  

        Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгоно.  

         2. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

         Ч.Ц нь 148,300,000 төгрөгийг графикийн дагуу Жи Эс Би Капитал ББСБ ХХК-нд төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны зүйл болох Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, бага тойруу гудамж 19а байрны 10 тоотод байрлах 177,2 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрснийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2017-02-03-ны өдрийн 287 дугаар захирамжаар  баталсан байна.

         Төлбөр төлөгч захирамжид заасан төлбөрийг төлөөгүй тул 287 дугаар захирамжийг  албадан гүйцэтгэх ажиллагаа эхэлж, шийдвэр гүйцэтгэгчийн 2017-09-05-ны өдрийн 125/01 дугаар тогтоолоор дээр дурдсан барьцааны эд хөрөнгийг битүүмжилж, 2017-09-13-ны өдөр 125/02 дугаар тогтоолоор хураан авч, 2017-11-17-ны өдрийн 11/01 дугаар мэдэгдэх хуудсаар үнийн санал өгөхийг нэхэмжлэгчид мэдэгджээ.

         Ч.Ц нь 2017-11-29-ний өдөр “...үнийн санал өгөх боломжгүй... шинжээч томилж үнэлгээ хийлгэнэ үү...” гэсэн хүсэлт гаргасны дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх алба Сэлэнгэ эстимэйт ХХК-ийг шинжээчээр томилж, үнэлгээ хийлгэж, шинжээч эд хөрөнгийг  336,680,000 төгрөгөөр үнэлсэн талаар төлбөр төлөгчид  мэдэгдсэн байна.

         Хариуцагч нь төлбөрт хураасан орон сууцыг үнэлэх ажиллагаа явуулахдаа хууль зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна нэхэмжлэгч шаардлагаа баримтаар нотолж чадаагүй тул “...шинжээч орон сууцыг зах зээлийн ханшнаас бага үнэлсэн...” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байна.

        Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэрийг хэвээр үлдээв. 

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 1166 дугаар магадлалыг хүчингүй болгож, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 182/ШШ2018/00543 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

        2. Хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ