Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2022/0189

 

2022.03.10-ны өдөр 221/МА2022/0189

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ц.О-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэсэн шүүгч Б.Тунгалагсайхан

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Ц.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С

Нэхэмжлэгч Ц.О

Хариуцагч Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Ц.О, түүний өмгөөлөгч П.Ө, Н.Э, хариуцагч Д.Э, хамтран хариуцагч Э.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С, гуравдагч этгээд Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 111/2020/0022/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.О-с Баянхонгор аймгийн Сонгуулийн хорооны дарга, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд тус тус холбогдуулан “аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх туахй” 11 дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг хүчингүй болгуулах, 8 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

2. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрээр Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2.4, 73 дугаар зүйлийн 73.2, 73.3, 73.4, 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2 дахь хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Аймаг нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх 8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Ц.О дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. Миний бие Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ны өдрийн 0001 дугаар шийдвэрийн холбогдох хэсэгт дараахь гомдлыг гаргаж байна.

3.1.1. Тус шүүхийн шийдвэрээр Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай 11 дүгээр тогтоолын хавсралтын 14,15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, сонгуулийн санал хураалт буюу дахин сонгууль явуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

3.2. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд Баянхонгор аймгийн Сонгуулийн хороо болон Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны олон удаагийн хууль зөрчсөн, сонгуулийн дүн мэдээ зөрүүтэй нөхцөл байдлууд тогтоогдсон бөгөөд хариуцагч тал ч энэ талаараа нотолгоо бүхий тайлбар буюу хэргийн нөхцөл байдалтай холбоотой тайлбарыг бүрэн өгч чадаагүй, нотлогдоогүй учраас шүүхээс хууль зөрчсөн гэж үзэж нэр дэвшигчийг өргөн мэдүүлсэн тогтоолыг хүчингүй болгосон.

4. Харин дахин сонгууль буюу дахин санал хураалт явуулах нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

4.1. Тухайн шатны сонгуулийн хороо Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлыг сонгуулийн тухай хуулийн 79.1.1, 79.1.2-т заасан үндэслэлээр дахин санал хураалт явуулах талаар хуульчилсан тул дахин санал хураалт явуулах арга хэмжээ хариуцагчид хуулиар олгоогүй байна. Иймд дээрхи заасан нөхцөл байхгүй тул гомдолд татгалзсан хариу өгсөн нь зөв бөгөөд хариуцагчийн эс үйлдэл тогтоогдохгүй байна гэжээ.

4.2. Дээрхи үндэслэл нь зөвхөн сонгуулийн хороонд хамаатай бөгөөд шүүхийн эрх хэмжээнд хамаагүй гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл шүүхээс дахин сонгууль, санал хураалт явуулахыг даалгах бүрэн эрхтэй гэж үзэж байна.

4.3. Миний бие сонгуулийн дүнтэй танилцаад тоон мэдээлэл зөрчсөн тул аймгийн Сонгуулийн хороонд сонгууль хууль бус явагдлаа гэж үзэн гомдлоо гаргасан. Гомдолд хариу өгөхдөө тодорхой тайлбар өгөөгүй бөгөөд дахин сонгууль, санал хураалт явуулах талаархи гомдлыг шийдвэрлэлгүйгээр нэр дэвшигч Б.Б, А.Б нарыг өргөн мэдүүлсэн тогтоол гаргасан байсан. Энэ байдал нь иргэдээс төрийн байгууллагад гаргасан гомдлыг шийдвэрлэлгүй татгалзсан эс үйлдэл гэж үзэж байх тул захиргааны хэргийн шүүхэд хандсан. Шүүхээс дээрхи тогтоолыг хууль бус болохыг тогтоож, хүчингүйд тооцсон тул Аймаг нийслэл сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74.6-т зааснаар төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон бол дахин сонгууль явуулна гэж заасан байна. Иймд дахин сонгууль явуулах нөхцөл бүрдсэн гэж үзэж байна.

4.4. Иймд хэргийг бүхэлд нь хянаж дээрхи шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж өгнө үү.

5. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

5.1. Н.О-ийн гаргасан гомдолд Аймгийн сонгуулийн хороо нь Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороонд явагдсан санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлгүй талаар хуулийн хугацаанд хариу өгсөн.

5.1.1. Тухайн шийдвэрт холбогдуулан Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 81 дүгээр зүйлийн 81.3-т заасны дагуу шүүхэд гомдол гаргасан гэж ойлгож байгаа. Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараах тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно”, 79.1.1-т “байгаль гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.1.2-д “саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол” гэж тус тус заасан байх бөгөөд хуульд заасан нөхцөл байдал үүсээгүй буюу нотлогдоогүй, нэхэмжлэл, гомдлын шаардлагад энэ тухай дурьдаагүй байх тул санал хураалтыг хүчингүй болгох үндэслэлгүй гэж Аймгийн сонгуулийн хороо үздэг.

5.2. Өөрөөр хэлбэл санал хураалтыг явуулсан өдөр, санал авах байр өөрчлөгдөөгүй, саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдаагүй, үрэгдүүлээгүй болох нь сонгуулийн 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны тайлан мэдээ тэмдэглэл сумын сонгуулийн хорооны тайлан мэдээгээр тогтоогдож байгаа юм.

5.3. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 14ны өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэрийн Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын 14,15 дахь хэсгийг хүчингүй болгосон хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.6-д “Нутаг дэвсгэртээ явагдсан аймаг, нийслэлийн Хурлын сонгуулийн дүнг нэгтгэж, дээд шатны сонгуулийн хороонд хүргэх” гэж заасны дагуу 20 сумын сонгуулийн хорооноос мэдээг авч нэгтгэн, Сонгуулийн ерөнхий хороонд мэдээлсэн. Тус мэдээнд Баянхонгор сумын Сонгуулийн хорооноос ирүүлсэн мэдээнээс 10 дугаар хэсгийн хорооны санал хураалтад зарцуулсан саналын хуудасны тоо 1286, үүнээс зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар 18, хүчингүй болсон 79, санал авах өдөр санал тоолох төхөөрөмжөөр 1189, зарцуулагдаагүй үлдсэн 828 саналын хуудас байна гэж мэдээлэгдсэн. Энэ нь баримтын үзлэгээр мөн тогтоогдсон нь Сумын сонгуулийн хороо Аймгийн сонгуулийн хороонд өгсөн саналын хуудасны зарцуулалтын тайлан эцсийн дүнтэй зөрүүгүй буюу зөв мэдээлэгдсэн байдаг.

5.4. Гэтэл хамгийн олон санал авсан гэж А.Б, Б.Б нарын төлөөлөгчийг хүлээн зөвшөөрүүлэхээр Аймгийн ИТХ-д өргөн мэдүүлсэн нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 73.3 дахь заалтыг зөрчсөн гэж шүүх дүгнэх нь үндэслэлгүй гэж үзэж байна.Өөрөөр хэлбэл тус хэсгийн хорооны саналын хуудасны зарцуулалтын тайлан хэдийгээр буруу мэдээлэгдсэн байсан боловч сумын нэгдсэн тайлан аймгийн сонгуулийн хороонд зөв мэдээлэгдсэн нь хамгийн олон санал авсан нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцсон шийдвэрт нөлөөлөхгүй гэж үзэж байна.

5.5. Мөн санал тоолох төхөөрөмжнөөс гарсан саналын хуудасны тоо болон санал тоолох төхөөрөмжний билл дээр гарсан дүн зөрүүгүй байгаа нь Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 70.7 дахь заалтыг зөрчөөгүй гэж үзэхээр байна.

6. Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэрийн Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай ” 11 дүгээр тогтоолын 14,15 дахь хэсгийг хүчингүй болгосон хэсэг ойлгомжгүй, тодорхойгүй , үндэслэлгүй байна. Угтаа шүүх Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 74.3-т “Энэ хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1. 47.5.2, 55.2-т заасныг зөрчсөн болох нь санал хураалтын дүн гарсны дараа шүүхийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн шатны сонгуулийн хороо тухайн этгээдийг Төлөөлөгчөөр сонгогдсонд тооцох тухай шийдвэрээ хүчингүй болгож, нийтэд мэдээлнэ.” гэж заасны дагуу аймгийн Сонгуулийн хорооны шийдвэрийн холбогдох хэсгийг хүчингүй болгох ёстой гэж ойлгож байна. Гэтэл тус хуулийн 34.3, 37.2, 47.1, 47.5.1, 47.5.2, 55.2 дахь заалтууд зөрчигдсөн нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байхад Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын 14,15 дахь хэсгийг хүчингүй болгосон нь үндэслэлгүй байна.

6.1. Иймд Н.О-ийн гаргасан Аймгийн нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай ” 11 дүгээр тогтоолын 14,15 дахь хэсгийг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Баянхонгор аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дугаартай шүүхийн шийдвэрийн Аймаг нийслэл сум дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын 14,15 дахь хэсгийг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.

2. Нэхэмжлэгч Н.О-ээс “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгуулах, 8 дугаар тойрогт дахин санал хураалт явуулахыг даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлжээ.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрөө тодорхойлох эрхтэй бөгөөд шүүх түүний тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, гагцхүү мөн хуулийн 106 дугаар зүйлд заасан шийдвэрийг гаргах үүрэгтэй.

3.1. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолоор тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны ээлжит сонгуульд тойрогтоо хамгийн олон санал авч сонгогдсон нэр дэвшигчдийн нэрсийг хавсралтаар баталж, бүрэн эрхийг зөвшөөрүүлэх саналыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн байх бөгөөд хавсралтын 14, 15 дахь хэсэгт Есөнбулаг суманд Монгол Ардын намаас нэр дэвшигч Б.Б, А.Б нар хамгийн олон санал авснаар бүртгэгджээ.

3.2. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуулийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д “Тухайн шатны сонгуулийн хороо дараахь тохиолдолд санал хураалтыг хүчингүйд тооцно.”, 79.1.1-д “байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон зэрэг хүндэтгэн үзэх шалтгаангүй байхад урьд нь зарласнаас өөр байранд санал авсан, түүнчлэн зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар авснаас бусад тохиолдолд санал авахаар зарласнаас өөр өдөр санал авсан нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол”, 79.1.2-т “саналын хуудас бүхий зөөврийн битүүмжилсэн саналын хайрцгийг алдсан, үрэгдүүлсэн нь сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөхөөр бол” гэсэн 2 үндэслэлээр тухайн шатны сонгуулийн хороо санал хураалтыг хүчингүйд тооцохоор хуульчилсан бөгөөд санал хураалтыг хүчингүйд тооцсон, дахин санал хураалт явуулахаар шийдвэрлэсэн тухайн шатны сонгуулийн хорооны шийдвэргүйгээр дахин санал хураалт явуулах боломжгүй юм.

3.3. Гэтэл нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хороо нь сонгуулийн дүнгээ харилцан зөрүүтэй мэдээлсэн, тус хэсгийн хороо нь хуулийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж чадаагүй гэжээ.

3.4. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл нэхэмжлэгч чухам ямар захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагааны улмаас өөрийн эрх, ашиг сонирхол нь хэрхэн хөндөгдсөн, эсхүл нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэх хууль зүйн үндэслэл бодит байдалд боломжтой эсэх, нэхэмжлэлийн шаардлага хангагдсанаар нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой эсэх нь тодорхойгүй байна.

3.5. Тухайлбал, Баянхонгор аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн хуралдаанаар А.Б, Б.Б нарыг аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчийг сонгох 2020 оны ээлжит сонгуулиар сонгогчдын олонхийн саналыг авч, аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчөөр сонгогдсонд тооцож, бүрэн эрхийг зөвшөөрсөн 1/1 дүгээр тогтоол хүчин төгөлдөр байхад маргаан бүхий “Нэр дэвшигчдийг өргөн мэдүүлэх тухай” 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр тогтоолын хавсралтын А.Б, Б.Б нарт холбогдох хэсгийг хүчингүй болгосноор нэхэмжлэгчийн ямар эрх сэргэх нь ойлгомжгүй байна.

4. Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Захиргааны байгууллага байнгын бус, нэг удаагийн шинжтэй асуудлыг шийдвэрлэж зохицуулахаар байгуулагдаж болох бөгөөд татан буугдсан тохиолдолд түүнийг байгуулсан, томилсон эрх бүхий этгээд эрх зүйн үр дагаврыг хариуцна” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчээс хуулиар олгосон эрхийн хүрээнд хэнд холбогдуулан ямар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа болох, түүний хууль зүйн үндэслэл тодорхой биш тохилдолд анхан шатны шүүхээс үүнийг бүрэн тодруулсны дараагаар маргааныг нэг мөр, эцэслэн шийдвэрлэх байжээ гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

4.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д “Захиргааны актыг гаргахаас татгалзсан шийдвэр, эсхүл гаргахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн бол шаардагдах захиргааны акт гаргахыг тухайн захиргааны байгууллагад даалгах, эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох” гэж заасан.

4.2. Гэтэл анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн “Нэр дэвшигчийг өргөн мэдүүлэх тухай” 11 дүгээр тогтоолын хавсралтын 14, 15 дахь хэсгийг тус тус хүчингүй болгож, үлдэх “8 дугаар тойргийн сонгуулийн санал хураалтыг дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эрх хэрхэн сэргэх нь тодорхойгүй байна.

4.3. Тодруулбал, Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т “Энэ хуулийн 79.1-д заасны дагуу санал авах ажиллагааг хүчингүйд тооцсон бол хүчингүйд тооцсон хэмжээгээр дахин санал хураалт явуулна” гэж заажээ.

4.4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор аймгийн сонгуулийн хорооны 2020 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн “Өргөдлийн хариу хүргүүлэх тухай” 1/а/37 тоот албан бичгээр нэр дэвшигч Н.О-д “...иргэдийн дахин хуудас авч хүчингүй болгосон хуудасны саналын зөрүү нь танд эргэлзээ төрүүлсэн байх магадлалтай бөгөөд энд ямар нэг хууль зөрчсөн үйлдэл гараагүй байна. Мөн тухайн хэсгийн хорооны даргын ёс зүйн талаар гаргасан таны гомдлыг шалгаж үзэх болно” гэж өгсөн хариунаас үзвэл нэхэмжлэгч Н.О Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн Баянхонгор сумын 8 дугаар тойргийн 10 дугаар хэсгийн хорооны сонгуулийн санал авах ажиллагааг хүчингүйд тооцуулж, дахин санал хураалт явуулах талаар Баянхонгор аймгийн сонгуулийн хороонд хандсан эсэх, энэ талаар тодруулах ажиллагааг анхан шатны шүүх огт хэрэгжүүлээгүй байна.

5. Анхан шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д заасан үүргээ биелүүлээгүй, дээрх байдлаар маргааны гол зүйл, нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэлийг бүрэн тодруулаагүй, нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх хууль ёсны эрх, ашиг сонирхол хэрхэн сэргэх боломжтой талаар нягталж дүгнэлт хийгээгүй байх тул давж заалдах шатны шүүхээс үүнийг зөвтгөж, шийдвэр хууль зүйн үндэслэлтэй эсэхэд дүгнэлт хийх боломжгүй.

5.1. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 01 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Д.БААТАРХҮҮ

 

 

            ШҮҮГЧ                                                           Э.ЛХАГВАСҮРЭН

               

 

ШҮҮГЧ                                                           Б.ТУНГАЛАГСАЙХАН