Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2020 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 26

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0046/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                                Г. Отгонзаяа,

Улсын яллагч                                                              Ж. Батбаатар,

Шүүгдэгч                                                                      П.М нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.М-д холбогдох 1935... дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, П.М

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Шүүгдэгч П.М-нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дах Төрийн банкнаас иргэн Г.С нь хугацаагүй хадгаламжийн 162200022336 тоот данснаас Мөнхтуяагийн 106300041741 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлсэн 17.289.280 төгрөг андуурагдан П.М-ын эзэмшлийн Төрийн банкны 106300047410 тоот дансанд орсныг мэдсээр байж завшсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч П.М-нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр Увс аймаг дахь Төрийн банкнаас иргэн Г.С нь өөрийн хугацаагүй хадгаламжийн 162200022336 тоот данснаас Мөнхтуяагийн 106300041741 тоот данс руу бэлэн бусаар шилжүүлсэн 17.289.280 төгрөг андуурагдан Мөнх-Учралын эзэмшлийн Төрийн банкны 106300047410 тоот дансанд орсныг мэдсээр байж завшсан болох нь:

Хохирогч Г.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэгээд би өөрийн хугацаагүй хадгаламжийн данс буюу 162200022336 гэх данснаас эхлээд Цогзолмаа гэх хүний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд дараагаар нь эхнэрийн бичиж өгсөн дансны эзэмшигч Мөнхтуяа гэх хүний данс руу 17.289.280 төгрөг шилжүүлэхээр телерт шилжүүлгийн баримт дээр Мөнхтуяа гэх хүний 106300042741 гэх дансыг бичиж өгсөн. Тухайн үед би телерт итгээд яг ямар хүний данс руу мөнгө шилжүүлсэн талаар асуугаагүй бөгөөд би эзэмшигчийн дансыг шилжүүлгийн хуулга дээр бичсэн байсан болохоор тодруулга хийгээгүй. Тэгээд би хийх ёстой гүйлгээнүүдээ хийчихээд тухайн банкнаас гарсан. Тэгтэл манай эхнэр лүү Улаанбаатар хотоос Мөнхтуяа гэх бизнесийн түнш холбогдоод танайх манайхаас авсан 17.289.280 төгрөгийн үлдэгдэл байна гэж хэлэхээр нь манай эхнэр “Тухайн мөнгийг 2019 оны 06 сарын 28-ны өдөр шилжүүлсэн та дансаа шалгаад үзээрэй” гэж хэлсэн. Тэгтэл манай эхнэр лүү Мөнхтуяа 2019 оны 10 дугаар сарын 19-ны өдөр холбогдоод танайхаас 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ямар нэг мөнгө төгрөг орж ирээгүй байна шүү гэж хэлсэн. Тэгээд эхнэр бид хоёр мөнгө шилжүүлсэн баримтаа харахад Мөнхтуяагийн дансны дугаар биш өөр данс руу мөнгө шилжүүлэгдсэн байдалтай харагдсан. Тэгээд 2019 оны 10 сарын 15-ны өдөр Төрийн банкны захирал Б.Бямбажаргал гэх хүн над руу холбогдооод “Таны гүйлгээ андуурагдаж буруу хийгдсэн байна. Та манай байгууллага дээр ирээд уулзах уу энэ асуудлыг шийдье” гэж холбогдсон. Тэгээд би төрийн банкин дээр очоод тухайн өдөр буюу 2019 оны 06 сарын 28-ны өдрийнхөө гүйлгээг шалгуулахад 17.289.280 төгрөг Мөнхтуяа бус Мөнх-Учрал гэх огт танихгүй хүний данс руу орчихсон байсан. Тэгээд би үүний дагуу гомдол гаргасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15 тал/,

Гэрчээр Ш. Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тухайн өдрийн өглөө эрх зах руу ажилдаа явсан. Сарын сүүл болох дөхсөн байсан бөгөөд Цогзолмаа, Мөнхтуяа гэх Улаанбаатар хот Нарантуул зах дээрээс бараа материал авдаг 2 хүн рүү мөнгө шилжүүлэх ёстой байсан учир нөхөр Сүрэнжавыг тухайн гүйлгээнүүдийг очоод хийгээрэй гээд тухайн 2 иргэний дансыг бичиж үлдээгээд гүйлгээ хийлгэдэг юм. Тухайн өдөр манай нөхөр Сүрэнжав миний хэлсэн хүмүүс рүү мөнгөө хийчихсэн гээд баримтуудыг нь гэртээ аваад ирсэн байсан. Тэр үед би тулгаж шалгасаг зүйл байгаагүй. Тэгтэл 2019 оны 09 дүгээр сарын эхээр Мөнхтуяа гэх Нарантуул зах дээр худалдаа хийдэг хүн “танд 17.289.280 төгрөгний үлдэгдэл өр байна тухайн мөнгөө хийгээрэй” гэхээр нь би өөрийн тэмдэглэлийн дэвтрээ шалгаад “төрийн банкаар 2019 оны 06 сарын 28-ны өдөр гүйлгээ хийсэн байгаа тухайн өөрийн дансаа шалгаж үзээрэй” гэж хэлээд хаясан. Тэрний дараачаар 2019 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Мөнхтуяа надруу яриад “таны хэлээд байгаа өдөр надад ямар нэгэн таниас мөнгө ирээгүй байна” гэхээр нь би тухайн өдөр Төрийн банкны зах дотор байрлах салбарт очоод дансаа шүүлгэж хартал Мөнхтуяа руу бус өөр хүн буюу Мөнх-Учрал гэх хүний данс руу орчихсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16 тал/,

Гэрч Т.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би төрийн банкинд энгийн теллерийн ажил эрхэлдэг. Тухайн өдөр буюу 2019 оны 06 дугаар сарын 24-ний өдөр манай ажлын вип теллер хийдэг Отгонтөгс нь чөлөө аваад би түүний ажлыг орлож вип теллерийн ажлыг хэд хоног хийсэн. Тэгээд 2019 оны 06 сарын 28-ны өдөр Г.С-гэх хүн ирээд өөрийн хугацаагүй хадгаламжийн 162200022336 дугаартай данснаас өөр данс руу шилжүүлэг хийлгэхээр ирсэн. Эхлээд Сүрэнжав өөрийн данснаас нэг иргэний данс руу 10.000.000 төгрөг шилжүүлээд дараа дахин өөр хүний данс руу 17.289.280 төгрөг шилжүүлье гээд шилжүүлгийн баримтан дээр дансны дугаар болон мөнгөн дүнгээ бичээд надад өгсөн. Тэгээд би гүйлгээ хийх явцдаа Г.С-ын бичиж өгсөн дансны дугаараас нэг орон зөрүүтэй хийгээд Мөнхтуяа гэх хүний 106300042471 дансруу явах гэж байсан 17.289.280 төгрөг Пүрэвдорж овогтой  Мөнх-Учрал гэх хүний 106300047410 гэх данс руу оруулсан. Тухайн үедээ би болон харилцагч Сүрэнжав нар нь анзаарч харалгүй гүйлгээ хийгдсэн. Тэгтэл 2019 оны 10 сарын 15-ны өдөр харилцагч Г.С-нь манай байгууллагад өргөдөл гомдол гаргаж ирсэн. Мөнх-Учрал гэх хүний 99300530 гэх дугаар луу холбогдоод 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр таны данс руу өөр данс руу орох ёстой байсан 17.289.280 төгрөг андуурч шилжүүлэгдсэн байна, энэ мөнгийг яаралтай шилжүүлж өгөх шаардлагатай байна гэхэд П.М-надад хэлэхдээ “би тухайн мөнгийг зарцуулчихсан одоо надад мөнгө байхгүй байна, би дансаа шалгаад эргээд холбогдоё” гэж хэлсэн. Түүний дараачаар би тухай хүн рүү удаа дараа залгахад утсаа авахгүй аль эсвэл холбогдохгүй буюу 2019 оны 10 сарын 18-ны өдөр П.М-өөрөө над руу залгаж холбогдоод “дансаа шалгалаа андуурсан гүйлгээ орсон байна. Энэ мөнгийг би тухайн үед аваад зарцуулчихсан одоо надад мөнгө байхгүй. Эхлээд хоёулаа энэ мөнгөө хувааж төлөөд хохирсон хүнийхээ хохирлыг барагдуулья” гэж хэлсэн. Тэрнээс хойш дахин холбогдоогүй...” гэх мэдүүлэг  /хх-ийн 18-19 тал/,

Гэрчээр П.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...би Хэнтий аймгийн Батноров сумын 7 дугаар баг буюу Бэрх тосгоны 57-20 тоотод нөхөр Мэндбаяр, охин Цоморлигийн хамт амьдардаг. Би Бэрх тосгондоо үсчин хийдэг, хааяадаа айлын дотор засал чимэглэлийг хийж амьдардаг. Миний төрийн банкны 106300047410 тоот дансанд охин Цоморлиг, Цэнгүүн нарын хүүхдийн мөнгө болох 20.000 төгрөг сар болгон орж ирдэг, үүнээс өөрөөр орлого орж ирдэггүй юм. 2019 оны 4 сард Улаабаатар хотод Баянзүрх дүүргийн баруун талын Номингийн тодор заслыг барилгын бригадын хамт хийсэн. Улмаар Онон бридж компаний захирал Хэрлэнчимэгээс ажлын хөлс болох 19.000.000 сая төгрөгийг 5 сард авах ёстой байсан ба би хаан банкны данс 5011159927, төрийн банкны 106300047410 тоот дансуудыг өгсөн. Тэгээд 2019 оны 07 сарын сүүлээр хүүхдийн мөнгө авах гээд Хэнтий аймгийн Галшар сумын төрийн банкинд ороход миний 106300047410 тоот дансанд 17.000.000 гаруй төгрөг орсон байсан уг мөнгийг нөгөө Хэрлэнчимэгээс авах ёстой байсан ажлын хөлсний 19.000.000 төгрөг байна гэж бодоод өөрийн Хаан банкны 5011159927 тоот дансанд 2019 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн,  үүний дараа тэр өдрөө Хэрлэнчимэгтэй утсаар яриад нөгөө мөнгөө хийсэн юм уу гэж асуулгүйгээр ярихад өмнөөс мөнгөний хэрэгцээ гараад байна гэхээр нь чи надаас түр 5.000.000 төгрөг авах юм уу гээд асуусан чинь тэгье гээд би 2.500.000 төгрөгөөр 2 удаа Хэрлэгчимэгийн данс руу хийсэн. Тэр үедээ би андуурагдсан гүйлгээ орж ирсэн гэж мэдээгүй. Бас Хэрлэнчимэгт мэдэлгүйгээр мөнгө зээлсэн байсан. 2019 оны 09 дүгээр сарын эхээр төрийн банкны дансны хуулгаа үзэхэд Увс Урнаа гэсэн утгатай 17.000.000 төгрөг орж ирсэн байсныг мэдсэн. Мэдчихээд тэр үедээ цагдаад хэлээгүй байж байтал 2019 оны 10 сард Увс аймгийн цагдаагаас нэг хүн таны дансанд андуурагдсан гүйлгээ хийгдсэн байна. Та тэр мөнгийг ашигласан байна дуудсан цагт бэлэн байгаарай гэсэн...” гэх мэдүүлэг    /хх-ийн 25 тал/

Гэрч С. Хэрлэнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны Номингийн дотор заслыг Мөнх-Учрал гэх хүнээр хийлгэсэн. Ажлын хөлс нь нийт 6 сая  төгрөг болсон. Мөнх-Учралтай нийлээд 5 хүн ажилласан. Ажлаа хийж дуусгахад нь шууд ажлын хөлсийг өгсөн...Би 2019 оны 07 дугаар сард Мөнх-Учрал руу залгаад мөнгөний хэрэгцээ байна гэхэд надаас авах юм уу гээд 2.500.000 төгрөгөөр 2 удаа нийт 5.000.000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэр авсан мөнгөө 8 сард буцаагаад шилжүүлсэн. 7 дугаар сард бид 2-ын дунд ямар ч өр авлагын асуудал байгаагүй. Би тэр хүн лүү Хаан банкны дансаар л мөнгө шилжүүлсэн. Төрийн банкны данс надад огт өгч байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-29 тал/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч П.М-д холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.М-ын дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдаатай гүйлгээ завших гэмт хэрэг мөн бөгөөд П.М-ын уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Хохирогч Г.С-нь “гомдол саналгүй шүүх хуралдаанд оролцохгүй, хохирол барагдуулсан гэх /хх-ийн 66 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч П.М-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч П.Мд 600.000 нэгжээр торгох ял оногдуулах санал гаргасан бөгөөд шүүгдэгчид ял оногдуулахдаа хохирогчид төлөх төлбөргүй, шүүгдэгч нь үйлдсэн хэрэгтээ гэмшсэн байдал зэргийг харгалзан ялын саналын хүрээнд шийдвэрлэж, уг ялыг шүүгдэгчийн саналаар 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоох нь зүйтэй гэж шүүх үзэв. 

Шүүгдэгч П.М-нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч П.М-ыг Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын алдаатай гүйлгээг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай. 

3. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгч П.М нь түүнд оногдуулсан 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд сар бүр 100.000 төгрөгөөр хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.М-нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 01 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогү болохыг дурдсугай.  

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

7. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч П.М-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.     

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ц.МӨНХТУЛГА