| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2019/2543/Э |
| Дугаар | 27 |
| Огноо | 2020-01-30 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Бямбасүрэн |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2020 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 27
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2019/2543/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд нээлттэй хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Ж.Мөнхчимэг,
Улсын яллагч Б.Бямбасүрэн,
Хохирогч С.Т- /онлайнаар/
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Батбаяр /онлайнаар/
Шүүгдэгч Н.Ц нарыг оролцуулан
Хэнтий аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Бямбасүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ц-т холбогдох 1939... дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Н.Ц
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Н.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр болох “Номт” гэх газарт 13-92 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж асаах үйлдэл хийсний улмаас уг машин асаж урагшаа хөдлөж иргэн С.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Н.Ц- нь 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумын 1 дүгээр багийн “Номт” гэх газарт 13-92 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд түлхүүр тааруулж асаах үйлдэл хийсний улмаас уг машин иргэн С.Т-ыг мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан болох нь:
Хохирогч С.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Би Дорноговь аймгийн Эрүүл мэндийн газрын нягтлан бодогчийн албан тушаал дээр ажиллаад 5 сар болж байсан юм. Манай ажлынхан бөөндөө 3-н тээврийн хэрэгсэлтэй Хэнтий аймаг руу зугаалахаар 2019 оны 07 дугаар сарын 10-ны өглөө Сайншандаас хөдөлсөн. Тэгээд амарч зугаалж яваад 2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Дадал сумаас буцаж явах замдаа 10 орчим километр зайд түр зогсож амарцгаасан юм. Тэгээд хүмүүс машины сүүдэрт хэвтээд байхаар нь Н.Ц жолоочтой, УАЗ ПУРГОН маркийн саарал өнгийн тээврийн хэрэгслийн урд талд буюу хамар хэсгийн доод талд юм дэвсээд дөнгөж хэвттэл тухайн тээврийн хэрэгсэл өнхрөөд миний дээгүүр гараад явчихсан. Тухайн үед уг тээврийн хэрэгслийн дотор арын заалны суудал дээр 2 хүн байсан. Түүнээс биш жолооч болон жолоочийн хажуу талын суудал дээр огт хүн байгаагүй... Би уг Пургоны хамарных нь урд хэсэгт уртаашаа хэвтэж байсан ба толгойгоо хамар хэсэг рүү, хөлөө гадагш чиглүүлсэн байдалтай хэвтэж байсан. Тийм ч учраас би Пургоны голоор ороод Пургон миний дээгүүр гараад явсан. Түүнээс биш хөндлөн хэвтэж байгаагүй. Тэгээд өнхрөөд явсных нь дараа миний нүүрний зүүн тал голын төмөрт нь цохигдоод язарсан, баруун гар мөр хэсгээрээ хөдлөхгүй болсон, хүзүү эвгүй болсон байсан. Би уртаашаа хэвтэж байсан тулдаа дугуйнд нь дайруулаагүй... Харин эрүүл мэндэдээ зарцуулсан зардлаа нөхөөд авчихвал өөр зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 тал/
Гэрч Н.Насан-Өлзийгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бид нар “Чингисийн гурван нуур” амралтаас буцах гээд Баян-Адрага сум руу явсан. Тэгээд Дадал сумаас 20 гаран км явж байгаад арын хоёр машинаа хүлээгээд зогссон. Тэгээд арын хоёр машин цуваад ирсэн. Тэгээд гурав дахь машин ирээд тэр хоёр машин шууд хөдлөөд явсан. Тэгээд тэр хоёр машин хөдлөөд явсны дараа явах гэтэл машины жолооч “түлхүүрээ машинд орхиод буучихжээ” гэж хэлсэн. Тэгээд араас нь даллаад зогсоогүй. Утасны сүлжээ байхгүй байсан. Тэгээд бид нар 1 цаг гаран хүлээсэн. Гэнэт л түлхүүр тааруулахаар болчихсон, жолооч Цогоо машины рүлний хажууд юм хийгээд зогсож байсан. Тэр үед С.Т- ард зогсож байсан. Би гадаа байж байгаад хартал С.Т- алчуур нөмөрчихсөн машины зүүн талд зогсож байсан. Тэгээд дахиад хартал С.Т- байхгүй байсан. Тэгэхээр нь машины урдуур тойроод хартал С.Т- пургоны доор урд талд нь машины хоншоорны доор хэвтэж байсан. Энд ёстой гоё сүүдэрт сэрүүхэн байна гээд хэвтэж байсан. Тэгээд би жолоочийн талын дугуйны хажуу талд сууж байтал гэнэт машин асаад хөдөлсөн. Тэгээд хүүе хаая гэхийн завдалгүй л машин дээгүүр нь гараад явчихсан. Тэгээд гүйгээд очтол нүүр нь цус болчихсон байсан. Нүүр нь хөмсөгний дээд талд язарчихсан байсан. Тэгээд бид нар яаралтай түргэн тусламжийн арга хэмжээ авсан. Тэгээд хүнээ аваад шууд Дадал сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20- 22 тал/
Гэрч Б.Баясаагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр бид нар “Чингисийн гурван нуур” амралтаас буцах гээд БаянАдрага сум руу явсан. Тэгээд Дадал сумаас 20 гаран км явж байгаад арын хоёр машинаа хүлээгээд зогссон. Тэгээд гурав дахь машин ирээд шууд хөдлөөд явсан. Тэгээд тэр хоёр машин хөдлөөд явсны дараа явах гэтэл машины жолооч түлхүүрээ машинд орхиод буучихжээ гэж хэлсэн. Тэгээд араас нь даллаад зогсоогүй. Утасны сүлжээ байхгүй байсан. Тэр үед их олон машин зөрөөд тоосонд харагдаагүй байх. Тэгээд 1 цаг гаран хүлээсэн. Би тэр үед охинтойгоо машин дотор байсан. Бид нар 1 цаг гарангийн хугацаанд орж гараад л байж байсан. Би бие засчихаад иртэл энэ болох уу гээд түлхүүрний талаар яриад байсан. Би яг яах гээд байгааг нь ойлгоогүй. Тэгээд би охинтойгоо машинд зоонтог хайгаад байж байтал гэнэт машин ассан. Тэгээд урагшаа өнхрөөд явсан. Тэгтэл хүмүүс хашгиралдаад явчихсан. Тэгээд буугаад хартал хамт явж байсан С.Т- газар хэвтэж байсан. Нүүрний дээд хэсгээс цус гарч байсан. Ухаан санаа зүгээр байсан. Их ёолоод байсан. Тэгээд бид нар яаралтай түргэн тусламжийн арга хэмжээ авсан. Тэгээд хүнээ аваад шууд Дадал сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-25 тал/
Гэрч Н.Өлзийжаргалын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд жолооч түлхүүр тааруулахаар рүлнийхээ ойролцоо нэг юм хийгээд байсан. Ойролцоогоор 10 гаран минут юм хийж байгаад гэнэт машин ассан. Тэр үед би машины дунд хаалган дээр ус уугаад зогсож байсан. Тэр үед хүн хашгирах шиг болсон. Тэгээд машин яваад өнгөрсөн. Тэгээд эргээд хартал С.Т- газар хэвтэж байсан. Машины доогуур гарчихсан байсан. Тэгээд очоод хартал нүүрнээс нь цус гарчихсан байсан. Бид нар яаралтай түргэн тусламжийн арга хэмжээ авсан. Тэгээд хүнээ аваад шууд Дадал сум руу явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26-28 тал/
Гэрчээр Н.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 13-ны өдөр 12 цагийн орчимд “Чингисийн гурван нуур” амралтаас БаянАдрага сум руу явахаар манай ажилчид хөдөлсөн. Бид нар Дадалд ирээд 2 хоноод буцаж байгаа юм. Тэгээд бид нар Баян-Адрага явж байгаад Дадалаас баруун зүгт 20 гаран км орчимд явж байгаад би арын 2 машинаа хүлээгээд зогсож байтал миний араас хоёр дахь машин ирсэн. Тэгээд би тэр машинд ороод цай унд уугаад буухдаа өмдний халаасанд байсан автомашиныхаа түлхүүрийг арын суудал дээр унагаад буучихсан байна лээ. Тэгээд буутал араас 3 дахь машин маань ирээд зогсолгүй тэр хоёр машин шууд яваад өгсөн. Араас нь түлхүүрээ байхгүйг мэдээд даллаад сонсоогүй, харалгүй яваад өгсөн. Тэгээд бид нар бараг 1 цаг гаран хүлээгээд ирээгүй. Замын машинаар араас нь хэлүүлсэн. Тэгээд ирэхгүй болохоор С.Т- гэдэг эмэгтэй “түлхүүр тааруулж болдоггүй юм уу, надад түлхүүр байна ш дээ” гээд түлхүүр гаргаж өгсөн. Нийт 4 ширхэг түлхүүр байсан. Түүнээс нэг нь ховилоороо таарсан. Тэгэхээр нь би кундактрынхаа хамгаалалтыг аваад цаана 4 боолтыг тайлж рүлийн түгжээ тайлагдсан. Тэгээд таарсан түлхүүрээрээ машинаа асаах гэж оролдож байтал гэнэт машин ассан. Тэгэхэд миний машин 1 дүгээр араатай, кардан татаатай байсан. Тэгээд түлхүүр түлхэхэд шууд асаад машин урагшаа хөдөлсөн. Би түлхүүрээ буцаагаад хариулах гэтэл гацаад буцаагүй. Энэ үед машин дотор хоёр хүн байсан. Машин асах үед эргэн тойронд байсан хүмүүс хашгиралдаад явчихсан. Тэгээд хартал С.Т- миний машины доогуур ороод дайруулаад гарсан байсан. Машинаа зогсоогоод эргээд хартал С.Т- машины ард гарчихсан толгойноос нь цус гарчихсан байсан. Бид нар яаралтай арга хэмжээ авч боолт хийсэн. Тэгээд шууд машинаа асаагаад Дадал сум руу буцаад ирж эмнэлэгт хүргэсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 29-31 тал/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн №9427 дугаартай: 1. С.Т-ын биед хүзүүний 1-р нугаламын зөрөөтэй, 4,5,6-р нугаламын шахагдсан хугарал, баруун дал яс, зүүн нүдний ухархайн доод ханын хугарал, зүүн хөмсөгний шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлийн аль ч үед үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээнээс хамаарна. 5. Уг гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36 тал /
Тээврийн цагдаагийн албаны шинжээч цагдаагийн хошууч Б.Батзориг, цагдаагийн ахмад Д.Батзориг, цагдаагийн ахмад Н.Шинэбаатар нарын бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №331 дугаартай: 2. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд 13-92 ДГА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч Н.Ц- Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 3. Тухайн ослыг зам тээврийн осол гэж үзэх боломжгүй байна. /Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д “зам тээврийн осол гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг” гэж тодорхойлсон байдаг. Мөн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.3-т “жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа хүн, жолоодлогын дадлага хийлгэж яваа багш, замаар ердийн хөсөг унаж, хөтөлж яваа хүнийг” гэж тодорхойлсон. Тухайн ослын хувьд жолооч тээврийн хэрэгслийнхээ гадна талд нь зогсож, асаалтын төв түлхүүрт өөр түлхүүр тааруулан асаах оролдлого хийж байх үедээ болзошгүй аюулаас сэргийлж, аюулгүй байдлаа бүрэн хангаагүйн улмаас (хурдны хайрцаг 1 дүгээр шатлал /байрлал/-д байсан гэх) тээврийн хэрэгсэл нь хөдөлж осол хэрэг үйлдэгдэх үндэслэл болсон нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдож байна./ 4. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд зорчигч С.Т- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна. 5. Үзлэгээр хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал үүсээгүй болно. Хавтас хэрэгт авагдсан материалд үндэслэн дүгнэлтийг гаргасан болно...” гэсэн дүнэлт /хх-ийн 63- 64 тал/
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч Н.Ц-т холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Н.Ц-ын хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч С.Т-ын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй /хх-ийн 17, 93, 165, 166 тал/ гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч Н.Ц-ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Ц-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагар хорих ял оногдуулж, уг оногдуулах ялыг нээлттэй хорих байгууллагад ял эдлүүлэх санал гаргасан бөгөөд шүүгдэгч Н.Ц нь гэм буруугийн хувьд маргаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, түүний хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж зэргийг харгалзан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Н.Ц- нь энэ гэмт хэргийн улмаас 23 хоног цагдан хоригдсон, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Ц-ыг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны журамлан мөн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Ц-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Ц-т тэнсэгдсэн 2 /хоёр/ жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Н.Ц- нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Н.Ц- нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийг хүртэл 23 хоног цагдан хоригдсон болохыг дурдсугай.
6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой баримт ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Ц-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА