Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол

2019 оны 12 сарын 26 өдөр

Дугаар 9

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 180/2020/0025/Э

 

Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:

 

Нарийн бичгийн дарга                                         Э.Мичидмаа,

Улсын яллагч                                           Б.Бямбасүрэн,

Насанд хүрээгүй шүүгдэгчийн

хууль ёсны төлөөлөгч, иргэний хариуцагч    Д.Өнөрсувд, М.Гандулам,

Шүүгдэгчийн өмгөөлөгч                                      П.Амаржаргал, Б.Болортунгалаг,

Насанд хүрээгүй шүүгдэгч                                 М.Э, Б.О  нарыг оролцуулан

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Э, Б.О нарт холбогдох 1939... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн,

 

 Монгол улсын иргэн,

 

 Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:  /яллах дүгнэлтэд дурдсанаар/

Өсвөр насны яллагдагч Б.О, М.Э нар нь бүлэглэн “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийдийн 76-15 тоот хашаанаас 2019 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Б.Бын улсын дугааргүй, шар өнгийн хайрхан маркийн мотоциклыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан, 

Б.О, М.Энар нь бүлэглэн Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг Сариг 16 дугаар гудамжны 05 тоотоос 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн иргэн Ц.Хэрлэнчимэгийн гэрийн гадаа байсан орон дээрээс цүнхтэй байсан Самсунг эс-6, Самсунг трейнд, Самсунг глакси 2 маркийн 3 ширхэг гар утас, Гоо сайханы хэрэгсэл иргэний үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 481.600 төгрөгний хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Насанд хүрээгүй шүүгдэгч Өсвөр насны яллагдагч Б.О, М.Э нар нь бүлэглэн “Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багийн Хийдийн 76-15 тоот хашаанаас 2019 оны 10 дугаар сарын 05-аас 06-нд шилжих шөнө иргэн Б.Бын улсын дугааргүй, шар өнгийн хайрхан маркийн мотоциклыг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 1.200.000 төгрөгний хохирол учруулсан  болох нь:

 

 Хохирогч Б.Бын 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн”... 2019 оны 05 дугаар сард Хэнтий аймгийн Хэрлэн суманд байрлах Самбуугийн дэлгүүрээс 1.850.000 төгрөгөөр шар өнгийн хайрхан маркийн мотоциклоо худалдаж авсан юм. Тэгээд 2019 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 76-15 тоот хашаанд байрлах гэрийнхээ зүүн талд тавьсан байсан юм. Тэгээд би хөдөө гэртээ очиж хоносон юм Тэгтэл 2019 оны 10 дугаар сарын 06-ны өглөө 09 цагийн орчимд эхнэр залгаад гадаа байсан мотоциклоо алдчихлаа гэсэн. Тэгээд би хөдөөнөөс ирсэн...гэх мэдүүлэг/ХХ-ийн18-19 хуудас/

 

 Иргэний нэхэмжлэгч Б.Бын 2019 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр өгсөн”...Сая мотоциклоо хүлээж авахад миний мотоцикл шар өнгийн Хайрхан маркийн мотоцикл байсан. Тэгсэн банк болон бинзений банкны доод талын хавтас, суудал болон суудалтайгаа арын тооромзоны гэрэл, суудал нь тэр чигээрэй солигдсон байна. мөн арын хоёр дохио нь алга болсон байна...гэх мэдүүлэг/ХХ-ийн 21 хуудас/

 

Гэрч М.Золзаяагийн 2019 оны 10 дугаар сарын 06-ны өдөр өгсөн”... 2019 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн орой 23 цагийн орчимд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 76-15 тоотод байрлах гэрийн зүүн талд нөхөр Б.Бын жолооддог шар өнгийн хайрхан маркийн мотоциклоо байсан. тэгээд өглөө 09 цагийн орчимд гэрээсээ гараад хартал мотоциклоо хулгайд алдагдсан байсан тэгээд цагдаад хандсан....гэх мэдүүлэг/ХХ-ийн 26-27 хуудас/

 

 Гэрч М.Ганбатын 2019 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр өгсөн”...10 дугаар сарын эхээр байх орой намайг гэртээ амарч байхад Оргилпүрэв мотоциклтой нэг хүүхэдтэй ирчихсэн намайг дуудаад байхаар нь би гэрээсээ гараад очсан чинь Оргилпүрэв чи мотоцилоо унаж байгаа юу хөгшин нь энэ мотоциклийн банк, суудлыг чиний мотоциклийн суудал банкаар нь солчихий гээд гуйгаад байхаар нь ....би ямар унах биш солиод унаад явахгүй юу да л гэсэн....би огт мэдээгүй....гэх мэдүүлэг,/ХХ-ийн 28 хуудас/

 

 Насанд хүрээгүй гэрч М.Э-ын 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн”... 2019 оны 10 дугаар сарын 05-ний орой 23 цаг өнгөрч байхад манай ангийн найз М.Э- бид хоёр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7б-15 тоот хашаанаас Шар өнгийн Хайрхан маркийн мотоцикл хулгайлсан. Тэр шөнөдөө Хэнтий аймгийн Бэрх тосгоны хойно байдаг Ганбаа гэдэг найзындаа очиж шар банк суудлыг нь хавтастай нь сольсон Тэгээд Шөнөдөө Хэнтий яваад үүрээр гэртээ ирсэн. Мотоциклоо хашаандаа оруулаад байшингийн хойно тавьсан...Мотоцикл хулгайлах санааг найз Эрхэмбаяр бид хоёр ярилцаж байгаад цуг гаргасан....гэх мэдүүлэг/ХХ-ийн 29-30 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн 2019 оны 10 дугаар сарын 29-ний өдөр өгсөн”...2019 оны 10 дугаар сарын 05-ны орой 23 цаг өнгөрч байхад манай ангийн найз М.Э- бид хоёр Хэрлэн сумын 1 дүгээр баг Хийдийн 7Б-15 тоот хашаанаас шар өнгийн Хайрхан мотоциклийг хулгайлсан тэгээд тэр шөнө дөө Хэнтий аймгийн Бэрх тосгоны хойно байдаг Ганбаа гэдэг найзындаа очиж шар банк суудлыг нь хавтастай нь сольсон. Тэгээд тэр шөнө дөө Хэнтий яваад үүрээр гэртээ ирсэн. Мотоциклийг хашаандаа оруулаад байшингийн хойно тавьсан..гэх мэдүүлэг/ХХ-ийн 31-32 хуудас/

 

Хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 29-ний  өдрийн №329 дугаартай”...хулгайд алдсан мотоциклийг 1.200.000 төгрөгөөр  үнэлсэн шинжээчийн дүгнэлт,/ХХ-ийн 35 хуудас/

 

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /ХХ-ийн 7-10 хуудас/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, /ХХ-ийн 11-15 хуудас/

 

 Б.О, М.Энар нь бүлэглэн Хэнтий аймаг, Хэрлэн сум, 5 дугаар баг Сариг 16 дугаар гудамжны 05 тоотоос 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдөр 18 цагийн иргэн Ц.Хэрлэнчимэгийн гэрийн гадаа байсан орон дээрээс Цүнхтэй байсан Самсунг эс-6, Самсунг трейнд, Самсунг глакси 2 маркийн 3 ширхэг гар утас,  Гоо сайханы хэрэгсэл иргэний үнэмлэх зэргийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч бусдад 481.600 төгрөгний хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Ц.Хэрлэнчимэгийн 2019 оны 10 дугаар 22-ны өдөр өгсөн”...Би 2019 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 17 цагийн хооронд хашаан дотроо гэрээ нүүлгэж бууриа сэлгэсэн юм. Тэгээд орой 20 цагийн үед ор дэрээ янзалж байгаад цүнхээ алга болсныг мэдсэн. Тэгээд Цагдаадад дуудлага өгсөн...Миний цүнхэн дотор гоо сайханы хэрэгсэл, Самсунг эс-6, Самсунг трейнд, Самсунг глакси 2 маркийн 3 ширхэг гар утас, 1 түрийвч иргэний үнэмлэх байсан...Миний эд зүйл бүрэн бүтэн байна. Цагдаа нартаа баярлалаа...гэх мэдүүлэг,/ХХ-ийн 107-108 хуудас/

 

Насанд хүрээгүй гэрч Б.О-ийн 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр өгсөн”...2019 оны 10 дугаар сарын 21-ний орой 18 цагийн үед өөрийн ангийн хүүхэд болох М.Э-ын хамтаар Хэрлэн сумын 3 дугаар баг хойд 1 дүгээр сургуулийн урд талын сагсны талбай дээр хүүхдүүдтэй сагс тоглож байгаад дуусаад М.Э-ын хамтаар Хэрлэн сумын 5 дугаар баг Сариг хорооллын хамгийн хойд талд эгнээнд байдаг хүнсний дэлгүүрээс ундаа авч уугаад гараад Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16 дугаар гудамжинд айлын хашааны гадуур явж байсан чинь М.Э- айлын хашаа руу ороод гэрч ирэхдээ гар утас гаргаад ирсэн. Тэгээд тэр айлын хашаа руу дахиж ороод цүнх гаргаж ирээд цүнхийг нь ухаад дотроос нь гурван ширхэг гар утас аваад цүнхийг нь өөрийн айлын хашаа руу давуулаад чулуудсан...гэх мэдүүлэг,/ХХ-ийн 110 хуудас/

 

 Насанд хүрээгүй гэрч М.Э-ын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр өгсөн”....Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 16 дугаар гудамжинд айлын хашааны гадуур явж байсан. Тэгээд айлын хашаа дамжаад явж байсан чинь хашаан дотор айл нүүгээд юмаа оруулаагүй байсан. Тэгээд орон дээр нь эмэгтэй хүний цүнх байхаар нь авсан. Тэгээд гарч яваад цүнхийг ухаж дотроос нь 3 ширхэг Самсунг маркийн гар утсыг аваад цүнхийг нь өөр айлын хашаа давуулаад чулуудсан...сонирхоод хулгай хийсэн...манай найз Б.О- анх гаргасан...гэх мэдүүлэг,/ХХ-ийн 111 хуудас/

 

Эд хөрөнгийн үнэлгээний 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 317  дугаартай дүгнэлтээр иргэн Ц.Хэрлэнчимэгийн алдсан Самсунг маркийн 3 ширхэг гар утас, цүнх зэргийг зах зээлийн үнэлгээгээр 481.600 төгрөгөөр үнэлсэн  шинжээчийн дүгнэлт,/ХХ-ийн 113-114 хуудас/

 

Эд зүйл хураан авч, хүлээлгэн өгсөн тэмдэглэл/ХХ-ийн 101-102 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Э, Б.О нарын бүлэглэн бусдын эд хөрөнгийг  хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч М.Э, Б.О нарыг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн шүүгдэгч М.Э, Б.О нарт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нар нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно. 

 

Насанд хүрээгүй шүүгдэгч М.Э, Б.О нар нь бүлэглэн дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруу, хэргийн оролцооны хувьд маргаагүй, хохирогч нарт эд зүйлийг нь буцаан өгсөн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон, шүүхийн хэлэлцүүлгээр нотлогдож байх тул өсвөр насны шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.  

Шүүгдэгч М.Э, Б.О нар нь 16 насанд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгч нарын хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, тэдгээрийн гэм бурууг нь ухамсарлуулах, амьдрах зөв арга барилд сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

Насанд хүрээгүй шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                                                                                                                                  

1.  Өсвөр насны шүүгдэгч М.Э, Б.О нарыг бүлэглэн хулгайлах буюу Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч М.Э, Б.О нарт ял оногдуулахыг тэнсэж, М.Э, Б.О нарт тус тус 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ авсугай.  

 

3. Эрүүгийн хуулийн 8.1 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Э, Б.О нарыг 01 /нэг/ жилийн хугацаанд гэмт зан үйлээ засах сургалтанд хамрагдах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч нар нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч М.Э, Б.О нар нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тус тус мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт  зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг эх М.Гандулам, Д.Өнөрсувд нарт үүрэг болгосугай.

 

8. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч М.Э, Б.О нарт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

ДАРГАЛАГЧ                                              Ц.МӨНХТУЛГА