| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 180/2020/0020/Э |
| Дугаар | 08 |
| Огноо | 2019-12-24 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Батбаатар |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2019 оны 12 сарын 24 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 180/2020/0020/Э
Хэнтий аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Мөнхтулга даргалж тус шүүхийн шүүх хуралдааны "А" танхимд хаалттай хийсэн хуралдаанд:
Нарийн бичгийн дарга Э.Мичидмаа,
Улсын яллагч Ж.Батбаатар,
Өсвөр насны шүүгдэгчийн
хууль ёсны төлөөлөгч О.Батцэцэг,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Баярсайхан,
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан
Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ж.Батбаатараас Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Б т холбогдох эрүүгийн 1939... дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Өсвөр насны шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Монгол улсын иргэн,
Өсвөр насны шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ны үйлчилгээний салбараас “Samsung Galaxy А70” маркийн гар утсыг хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ны үйлчилгээний салбараас “Samsung Galaxy А70” маркийн гар утсыг хулгайлсан болох нь:
Хохирогч Г.А гийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Тэр өдөр манай үйлчилгээний ажилтан Түвшинбаатар бид 2 ажилаа хийгээд хүмүүст үйлчилээд байж байхад үйлчилгээ авч байсан залуу танай үзүүлэнгийн гар утас алга болчихсон байна гэж хэлээд утас алга болсныг мэдсэн. Тэгээд л цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...”Самсунг Галакси A70” маркийн 2019 оны загвар цэнхэр өнгийн утас байсан...” гэх мэдүүлэг,/ХХ-н 09-р хуудас/
Гэрч Б.Түвшинбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны 11 цаг 40-50 минутын үед манайд үйлчилгээ авах гээд зогсож байсан ах танай үзүүлэнгийн гар утас алга болсон байна гэж хэлсэн. Тэгээд манай ахлах Буянжаргал цагдаад дуудлага өг гээд миний бие цагдаад дуудлага өгсөн... “Самсунг галакси A70” маркийн 2019 оны загварын цэнхэр өнгөтэй гар утас байсан. Тэр утас нь манайд 1 сая 289 мянган төгрөгөөр зарагдаж байсан...” гэх мэдүүлэг /ХХ-н 17-р хуудас /
Гэрч О.Батцэцэг мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай хүү 2003 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Хэнтий аймгийн Бэрх тосгонд төрсөн. Тэгээд 9 жилээ Бэрх тосгоны сургуульд төгсөөд энэ жил буюу 2019 оны 09 дүгээр сард Хэнтий аймгийн политехникын коллежын мужааны ангид элсэн суралцаж байгаа...Манай хүүхэд их дуу цөөтэй, бид нараас тэгэж их юм нэхээд байдаггүй хүүхэд байгаа юм. Бүрэнбаяр 8-н сард утсаа хаяхаасаа өмнө гар утасны тоглоомыг маш ихээр донтож тоголдог байсан. Тэгээд утсаа хаячихаар нь би толгой нь амраг гээд гар утас авч өгөөгүй байсан юм. Тэгээд тэрнээс болоод л ийм үйлдэл хийчих шиг боллоо...” гэх мэдүүлэгүүдээр /ХХ-н 19-р хуудас/
Насанд хүрээгүй гэрч Б.Бын мөрдөн байцаалтанд өгсөн: “ ...Сургууль дээрээ 08 цаг 20 минутын үед очоод 2 цагийн хичээлд суугаад буцаад гэртээ 11 цаг 30 минутын үед ирэхэд хаалган дээр ах эгч нь хот явлаа 5 дахь өдөр юм уу 6 дахь өдөр ирнэгээд биччихсэн байсан. Тэгэхээр нь гэрийхээ үүднээс гараад таксины зогсоол дээр очоод Бэрх явах унаа хайсан чинь олдоогүй, тэгээд явж байгаад Шүүхийн зүүн талд нь байдаг Мобикомын салбарлуу ганцаараа орсон. Дотор нь 7-8 минут дулаацаж байх зуураа үйлчилгээний заалны ширээн дээр байсан 6 ширхэг утаснуудын үзүүлэлтүүдийг харсан юм. Тэгээд гоё утаснууд харагдаад байхаар нь шунал хөдлөөд шаргал өнгийн модон ширээн дээр байсан 2 эгнээ ба 3,3 ширхэгээр нь тавьсан байсан 6 ширхэг утаснуудын хойд талын хойд талын эгнээний голд байсан ар талд нь цэнхэр өнгийн, дэлгэц нь хар өнгийн самсунг галакси А70 маркийн гар утсыг цэнэглэгчээс нь салгаад энгэртээ бариад гарсан. Гараад куртикнихаа энгэрийн зүүн талын халаасанд хийсэн. Мобикомоос гараад баруун тийшээ зам дагаад алхсан. Очих газар байхгүй байсан болохоор нь Эвт худалдааны төвийн урдуур гараад зүүн тийшээ өөрийнхөө коллежийн чиглэлтэй явж байсан...Би тэр утсыг өөрөө хэрэглье гэж бодоод авчихсан, надад утас байдаггүй юм...” гэх мэдүүлэг /хх-н 12-р хуудас/
2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн хөрөнгө үнэлгээний Фэйр валуэшн ХХК-ны 372 дугаартай шинжээчийн дүгнэлтээр Самсунг А70 маркийн гар утас зах зээлийн үнэлгээг 900.000 төгрөгөөр үнэлсэн байна/ хх-22-р хуудас/.
Б.Бийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би дахиж муу зүйл хийхгүй гэдгээ амлаж байна. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна..” гэх мэдүүлэг /хх-ийн 115 тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Бын 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Мобиком ХХК-ны үйлчилгээний салбараас “Samsung Galaxy А70” маркийн гар утсыг хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг мөн бөгөөд өсвөр насны шүүгдэгч Б.Быг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн өсвөр насны шүүгдэгч Б.Бт холбогдох эрүүгийн хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, улсын яллагчийн гэм буруугийн талаар дүгнэлт нь хэргийн үйл баримттай тохирсон, шүүгдэгч нь холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар маргаагүй болно.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруу, хэргийн оролцооны хувьд маргаагүй, хохирогч Г.А нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн мэдүүлэг, /хх-ийн 8, 9 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй байна.
Өсвөр насны шүүгдэгч Б.Б нь 16 насанд хүрээгүй болох нь хэрэгт авагдсан нас тоолсон тухай тэмдэглэл /хх-ийн 29 тал/, төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 30 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд насанд хүрээгүй шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахыг тэнсэж, тэдгээрийн гэм бурууг нь ухамсарлуулах, зан үйлээ засах зэргийг сургах, гэмт хэрэг дахин үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үүргүүдээс хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Өсвөр насны шүүгдэгч нар нь энэ гэмт хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл үгүй, тэдгээрээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 36.1 дүгээр зүйлийн 5, 6, 8, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Б ыг Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.Б т ял оногдуулахыг тэнсэж, 01 /нэг/ жилийн хугацаагаар хянан хүмүүжүүлэх албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 8.1 дугаар зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3, 2.5 дахь заалт, 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Бт 01 /нэг/ жилийн хугацаанд зан үйлээ засах сургалтанд хамрагдах, бүрэн дунд эсхүл боловсрол тусгай олгох байгууллагад суралцах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэж байх үүрэг хүлээлгэх, согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан өсвөр насны шүүгдэгч Б.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.
6. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчид авсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Хэнтий аймгийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газарт даалгаж, түүнийг хараа хяналтандаа байлгаж, хүмүүжүүлэхийг эх О.Батцэцэгт үүрэг болгосугай.
7. Энэ хэрэгт эд мөрийн баримт хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, өсвөр насны шүүгдэгч Б.Б нь бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг дурдсугай.
8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш эсвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч Б.Бт авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ Ц.МӨНХТУЛГА